Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/822

 

 

 

 

 

 

    2024           07           16                                            2024/ДШМ/822       

 

 

Б.Д , О.Б , Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Сүхчулуу,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/1467 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлээр яллагдагч Б.Д , О.Б , Б.Б нарт холбогдох эрүүгийн 2306 00000 1806 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Яллагдагч Б.Д , Б.Б, О.Б  нар бүлэглэн 20** оны **
дүгээр сарын **-**-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “*******"
хотхоны ** дүгээр байрны гадна талын автомашины зогсоолоос хохирогч Г.Г
өмчлөлийн **** УБЦ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийн 4
ширхэг дугуй, 4 ширхэг обуд зэрэг 920.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан
хулгайлан
авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

      Баянзүрх дүүргийн прокуророос: Б.Д , О.Б , Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүх өөрийн санаачилгаар талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасныг тодруулах нь зүйтэй гэж үзэж, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоож, оролцогч нарыг оролцуулан хэлэлцүүллээ.

 

     Тус шүүхэд анх яллагдагч Б.Д , Б.Б, О.Б  нарт холбогдох эрүүгийн 2306 00000 1806 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3380 дугаартай захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. “...яллагдагч нар нь өөр хэрэгт шалгагдаж байгаа эсэхийг тодруулах, хэрэгт холбогдсон бол нэмж нэгтгэх ..." гэж заасан. Хэрэгт нэмэлт ажиллагааг хийхдээ дээрх ажиллагаатай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2/3473 дугаар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2/2274 дугаар “тус цагдаагийн хэлтэст Б.Д , О.Б , Б.Б нарт холбогдох гомдол, мэдээлэл хэрэг шалгагдаагүй байна” гэх албан тоотын хуулбарууд тус тус авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохыг тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус зааж, мөрдөгч, прокурорт тусгайлан хуулиар үүрэг хүлээлгэсэн. О.Б  гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Мөн тухайн дугуйг хулгайлахаас өмнө Сонгинохайрхан дүүргээс мөн адил 4 дугуй хулгайлж авсан...” /1хх 26/, Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...20** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, *** цэцэрлэгийн баруун талаас цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн ВВS загварын R16-тай 4 ширхэг дугуй хулгайлаад...” /1хх 34/, Б.Д  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 16-тай 4 ширхэг дугуйг хулгай хийж авсан...” /1хх 90/, Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн ВВS загварын R16-тай
4 ширхэг дугуйг хаанаас хулгай хийж авсан болохыг зааж өгч чадах боловч ямар өнгөтэй
машин байсан болохыг санахгүй байна. ...ямартай ч тоёота приус 20 маркийн тээврийн
хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгай хийж авсан. Уг тээврийн
хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгай хийж авахдаа доод талд нь ойролцоо байсан тоосго,
чулууг эвсэн ба тодорхой сайн санахгүй байна...” /1хх 102/, О.Б  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...уг тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйнаас өөр зүйлийг хулгай хийж аваагүй...” /1хх 96/ гэж тус тус мэдүүлэг өгсөн.

Яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүдээс 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр **
цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, *** цэцэрлэгийн баруун талаас
цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн ВВS загварын R16-тай 4 ширхэг дугуй хулгайлсан талаар удаа дараа мэдүүлж байхад мөрдөгч, прокуророос уг үйлдэлтэй
холбоотой хангалттай мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй байна. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын
** хэлтсээс яллагдагч нарт холбогдох хэрэг шалгагдаагүй талаар албан бичиг авснаас өөрөөр шалгах ажиллагаа явуулаагүй. Яллагдагч нарын мэдүүлэг хэзээ, хаана үйлдсэн талаар тодорхой хэлсэн байх
бөгөөд уг өдөр болон ойролцоох өдрүүдэд цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл,
өргөдөл гомдол гаргасан эсэх, хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзсан эсэх, эзэн
холбогдогч тогтоогдоогүй байгаа хэрэг байгаа эсэх, мөн уг үйлдлийн хохирогчийг олж
тогтоох зэргээр хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох мөрдөн шалгах
ажиллагааг шуурхай явуулж, хэргийн бүрэн гүйцэд шалгаж эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн, мөрдөгч, прокурор хуулиар хүлээсэн
үүргээ хэрэгжүүлж хуульд заасан бүх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул
яллагдагч Б.Д , О.Б , Б.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Б.Б  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Б.Д , О.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Сүхчулуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3380 дугаартай захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дагуу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг
хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг тогтоох
ажиллагааг хийсэн бөгөөд уг ажиллагааны үр дүнд тогтоогдсон үйл баримт, нотлох
баримтад тулгуурлан прокуророос яллах дүгнэлтийг үйлдэхдээ хууль зүйн дүгнэлтийг хийж, 3 яллагдагчийн хувьд өмнөх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг өөрчилж, хүндрүүлэн зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгчийн захирамжийн дагуу яллагдагч Б.Д , Б.Б, О.Б  нарт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа өөр гэмт хэрэг байгаа эсэх лавлагааг холбогдох цагдаагийн байгууллагаас авахад тэдэнд холбогдуулан шалгаж байгаа хэрэг байхгүй гэсэн хариуг ирүүлсэн байна. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудыг ямар үндэслэлээр няцааж үгүйсгэж байгааг дурдалгүй, өмнөх шүүгчийн захирамжид заасан зарим ажиллагааг хийгээгүй гэж дүгнэн, хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг дахин буцаасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр дан ганц яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэн тэдний үйлдсэн өөр гэмт хэрэг байгаа эсэхийг шалгаж ирүүл гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлүүдэд заасан анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд явагдах хуулийн заалтыг зөрчиж, хэрэг хянан хэлэлцэх хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн гэж үзнэ. Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч дотроос гэмт хэрэг үйлдсэн байдал болон өөрийн гэм бурууг нотлох, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй онцлог бүхий субъект болох яллагдагч нарын мэдүүлэгт үндэслэн бусад баримтаар нотлогдоогүй асуудлаар хийсвэр дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж байгаа хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/1467 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Яллагдагч Б.Д , Б.Б, О.Б  нар бүлэглэн 20** оны **
дүгээр сарын **-**-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “*******"
хотхоны ** дүгээр байрны гадна талын автомашины зогсоолоос хохирогч Г.Г
өмчлөлийн **** УБЦ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийн 4
ширхэг дугуй, 4 ширхэг обуд зэрэг 920.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан
хулгайлсан
гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүхээс яллагдагч Б.Д , Б.Б, О.Б  нарт холбогдох хэрэгт “яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүдээс 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, *** цэцэрлэгийн баруун талаас цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн BBS загварын R16-тай 4 ширхэг дугуй хулгайлсан талаар удаа дараа мэдүүлж байхад мөрдөгч, прокуророос уг үйлдэлтэй холбоотой хангалттай мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй байна. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын * дугаар хэлтсээс яллагдагч нарт холбогдох хэрэг шалгагдаагүй талаар албан бичиг авснаас өөрөөр шалгах ажиллагаа явуулаагүй. Яллагдагч нар мэдүүлгээрээ хэзээ, хаана үйлдсэн талаар тодорхой хэлсэн байх бөгөөд уг өдөр болон ойролцоох өдрүүдэд цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл, өргөдөл гаргасан эсэх, хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэхээс татгалзсан эсэх, эзэн холбогдогч тогтоогдоогүй байгаа хэрэг байгаа эсэх, мөн уг үйлдлийн хохирогчийг олж тогтоох зэргээр хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хэргийг бүрэн гүйцэд шалгах шаардлагатай” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заажээ.

 

1 дүгээр хавтас хэргийн *** дүгээр талд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн * дугаар хэлтсийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 30з-4-2/2274 дугаар  “тус хэлтэст Б.Д /РД:*********/, О.Б /РД:**********/, Б.Б /РД:**********/ нарт холбогдсон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг бүртгэгдэн шалгагдаагүй болно.” гэх баримт, мөн яллагдагч нарын хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан байх тул хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/1467 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Мөн яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/1467 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Яллагдагч Б.Д , Б.Б, О.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ  

 

                     

                                                       ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

 

 

                                            ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ