| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0110/З |
| Дугаар | 128/ШШ2026/0308 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2026/0308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Пи ******* Ти ХХК /РД:*******/,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгийг хүчингүй болгох;
1.2. Сонгон шалгаруулалтын босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн аваагүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн авахыг даалгах.
Хоёр.Маргааны үйл баримт, процессын талаар:
2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгон шалгаруулалт зарлах тухай А/177 дугаартай тушаал[1] гаргаж, тус тушаалын хавсралтаар нийт 20 талбайд сонгон шалгаруулалт явуулахаар зарласан байна.
2.2. Дээрх тушаалын 9 дэх хэсэгт заасан Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах 11358.96 гектар бүхий Х******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 8209 дугаартай талбайн сонгон шалгаруулалтад Пи ******* Ти ХХК оролцжээ.
2.3. Ингээд 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт[2] гарч Пи ******* Ти ХХК нь 86 оноо авснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг гаргасан үнэлгээний хорооноос Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай А/227 дугаартай тушаалаар[3] баталгаажуулж, сонгон шалгаруулалтад оролцогчдод шалгарсан болон шалгараагүй тухай мэдэгдлийг тус тус хүргүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасан.
2.4.Улмаар нэхэмжлэгч Пи ******* Ти ХХК-ыг сонгон шалгаруулалтад шалгарсан болох, сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн санал, босго үнийн зөрүү болох 1,670,487,280 төгрөгийг Ашигт малтмал тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасны дагуу ажлын 10 өдрийн дотор төлөх агуулга бүхий 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 тоот албан бичгийг[4] 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Пи ******* Ти ХХК-д хаяглан М******* ХК-аар хүргүүлжээ[5].
2.5.Улмаар М******* ХК нь дээрх албан бичгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Пи ******* Ти ХХК-ны ажилтан Б*******д гардуулжээ[6].
2.6. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаартай албан бичгээр[7] Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 10/5990 дугаартай Пи ******* Ти ХХК сонгон шалгаруулалтад шалгарсан мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.7.Нэхэмжлэгчийн зүгээс дээрх албан бичгийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газарт 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 219/2025 дугаартай гомдол гаргахад[8], Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/6599 дугаартай албан бичгээр[9] ...Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5 дахь хэсэг, 20.5.6 дахь хэсэгт тус тус заасныг дагуу 10/5990 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй... гэх хариуг хүргүүлжээ.
2.8.Нэхэмжлэгч тус хариуг эс зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгч хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШЗ2026/0609 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэж[10], хэргийг хянан шийдвэрлэв.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийтэд зарласан Б аймгийн Б сумын нутагт 11358.96 гектар бүхий Х******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 8209 дугаартай талбайн сонгон шалгаруулалтад оролцон 86 оноо авч, сонгон шалгаруулалтын босго үнэ болох 79,512,720 (далан есөн сая таван зуун арван хоёр мянга долоон зуун хорин) төгрөгийг байршуулсан болно. Улмаар манай компанийг сонгон шалгаруулалтад шалгарсан тухай мэдэгдэж, босго үнийн зөрүү болох 1,670,487,280 төгрөгийг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасны дагуу төлөх талаар мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 дугаар албан бичгээр 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М******* ХК-иар хүргүүлсэн байдаг.
Бид мэдэгдлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад босго үнийн зөрүүг төлөх гэтэл Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийтэд зарласан Б аймгийн Б сумын нутаг 11358.96 гектар бүхий Х******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 8209 дугаартай талбайд сонгон шалгаруулалтад оролцон 86 оноо авч шалгарсан боловч үнийн санал, босго үнийн зөрүү болох 1,670,487,280 төгрөгийг Ашигт малтмал тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасан хугацаанд төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5, 20.5.6-д заасны дагуу 10/5990 дугаартай шалгарсан мэдэгдлийг хүчингүй болгосон талаар дахин мэдэгдэл ирүүлсэн.
Уг маргаан бүхий мэдэгдэл нь Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дараах зүйл заалтыг зөрчсөн хууль бус захиргааны акт юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3 дахь хэсэгт "геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж шалгарсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай ажлын хоёр өдөрт багтаан мэдэгдэж, сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг ажлын 10 өдрийн дотор төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх" гэж заажээ.
Гэтэл Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 10 дугаар сарын 13- ны өдөр нийтэд зарласан Б аймгийн Б сумын нутаг 11358.96 гектар бүхий Х******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 8209 дугаартай талбайд сонгон шалгаруулалтад оролцон 86 оноо авч шалгарсан боловч үнийн санал, босго үнийн зөрүү болох 1,670,487,280 (нэг тэрбум зургаан зуун далан сая дөрвөн зуун наян долоон мянга хоёр зуун наян) төгрөгийг Ашигт малтмал тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасан хугацаанд төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5, 20.5.6- д заасны дагуу 10/5990 дугаартай шалгарсан мэдэгдлийг хүчингүй болгосон нь хугацааг буруу тодорхойлсон байна.
Өөрөөр хэлбэл, Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 дугаар албан бичгийг 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "М*******" ХК-иар хүргүүлэхдээ босго үнийг зөрүүг төлөх ямар нэгэн эцсийн хугацааг тогтоож өгөөгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасан хугацаанд буюу ажлын 10 өдрийн дотор төлөх мэдэгдлийг ирүүлсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна." гэж заасан ба Ашигт малтмалын тухай хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т "Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. гэж заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэнд тооцохоор байна.
Гэвч Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийтэд зарласан Б аймгийн Б сумын нутаг 11358.96 гектар бүхий Х******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 8209 дугаартай талбайд сонгон шалгаруулалтад оролцон 86 оноо авч шалгарсан боловч үнийн санал, босго үнийн зөрүү болох 1,670,487,280 (нэг тэрбум зургаан зуун далан сая дөрвөн зуун наян долоон мянга хоёр зуун наян) төгрөгийг Ашигт малтмал тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасан хугацаанд төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5, 20.5.6- д заасны дагуу 10/5990 дугаартай шалгарсан мэдэгдлийг хүчингүй болгосон нь хугацааг буруу тодорхойлсон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 дугаар албан мэдэгдлийг 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М******* ХК-аар явуулсныг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. гэж заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс мэдэгдсэнд тооцох хуулийн зохицуулалтай байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасан төлөх сүүлийн хугацаа нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байхаар байна.
Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно." гэж, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтад "Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно." гэж хуульчилсны дагуу бид босго үнийн зөрүү болох 1.670.487.280 (нэг тэрбум зургаан зуун далан сая дөрвөн зуун наян долоон мянга хоёр зуун наян) төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөх гэтэл босго үнийн зөрүүг төлөх хуулийн хугацаа дуусаагүй байхад Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгээр төлөх хугацааг дуусгавар болгож, хуулийн хугацаанд босго үнийн зөрүүг хүлээн авахгүй байгаа нь хууль бус юм.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д "Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана" гэж, 33 дугаар зүйлийн 33.16-д "Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно." гэж тус тус заасан ба бид босго үнийн зөрүүг төлөх хуулийн хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан тул босго үнийн зөрүү төлөх хуулийн хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.
Манай компани Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгийг хүлээн авмагц дээд шатны захиргааны байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан ба гомдлын хариуг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/6599 дугаар албан бичгээр хүлээн авч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ..."Пи ******* Ти" ХХК-ий Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгийг хүчингүй болгох,
Сонгон шалгаруулалтын босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн аваагүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн авахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагч дараах тайлбарыг гаргаж байна.
Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийтэд зарласан Б аймгийн Б сумын нутаг 11358.96 гектар бүхий Х******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 8209 дугаартай талбайд сонгон шалгаруулалтад оролцон 86 оноо авч шалгарсан ба сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн санал, босго үнийн зөрүү болох 1,670,487,280 төгрөгийг Төрийн сангийн MN48*******08 тоот дансанд Ашигт малтмал тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж шалгарсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай ажлын хоёр өдөрт багтаан мэдэгдэж, сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг ажлын 10 өдрийн дотор төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх гэж заасны дагуу төлөх талаар мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 дугаар албан бичгээр "Пи ******* Ти" ХХК-д хүргүүлсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл "Захиргааны актыг мэдэгдэх" гээд 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна", 43.2-т "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна, 43.3-т Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэж тус тус заасны дагуу дээр дурдсан мэдэгдлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шуудангийн ажилтанд хүлээлгэн өгсөн зэргээр захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байна.
"Пи ******* Ти ХХК нь Ашигт малтмал тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.6-д "энэ хуулийн 20.5.3, 20.5.4-т заасан төлбөрийг мэдэгдэлд заасан хугацаанд төлөөгүй оролцогчид босго үнийг буцаан олгохгүй. гэж заасны дагуу босго үнийн зөрүүг төлөөгүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийтэд зарласан Б аймгийн Б сумын нутаг 11358.96 гектар бүхий Х******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 8209 дугаартай талбайд сонгон шалгаруулалтад оролцон 86 оноо авч шалгарсан боловч үнийн санал, босго үнийн зөрүү болох 1,670,487,280 төгрөгийг Ашигт малтмал тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасан хугацаанд төлөөгүй учир мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5, 20.5.6-д заасны дагуу 10/5990 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий захиргааны акт байна.
"Пи ******* Ти" ХХК-ийн зүгээс тус газарт хандаж 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Гомдол гаргах тухай" 219/2025 дугаар албан бичгээр "Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлын хариуг тус газрын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 1/6599 дугаар албан бичгээр "...хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэж хүргүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1.Шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт дурдсанчлан Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах 11358.96 гектар бүхий Х******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 8209 дугаартай талбайн сонгон шалгаруулалтад Пи ******* Ти ХХК шалгарч, энэ талаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 тоот албан бичгээр дээрх талбайд шалгарсныг мэдэгдэж, сонгон шалгаруулалтын үнийн зөрүү 1,670,487,280 төгрөгийг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3 дахь хэсэгт заасан хугацааны дотор байршуулахыг мэдэгдсэн бөгөөд дээрх албан бичгийг 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М******* ХК-д хүргүүлж, улмаар М******* ХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн хаягаар 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч, гардуулан,[11]хожим ...Ашигт малтмалын тухай хуулийн 20.5.3 дахь хэсэгт заасан 10 хоногийн хугацаанд үнийн санал, босго үнийн зөрүүг төлөөгүй... гэж Пи ******* Ти ХХК-г буруутган Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 тоот албан бичгээр ...сонгон шалгаруулалтад шалгарсан талаарх 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 дугаар шалгарсан мэдэгдлийг хүчингүй болгож болгосон үйл баримт байна.
4.2.Нэхэмжлэгчийн зүгээс ...хариуцагчийн зүгээс хугацааг буруу тоолсон, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн тооцох байсан... гэвч 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөлд сонгон шалгаруулалтад шалгарсан 10/5990 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, хуулийн хугацаанд босго үнийн зөрүүг авахгүй байгаа нь хууль бус... гэж, хариуцагчийн зүгээс ...Захиргааны ерөнхий хуульд заасан дагуу 10/5990 дугаар мэдэгдлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шуудангийн ажилтанд хүлээлгэн өгсөн зэргээр захиргааны байгууллага хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн... үнийн санал, босго үнийн зөрүүг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3 дахь хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тул мөн хуулийн 20.5.5, 20.5.6-д заасны дагуу 10/5990 дугаар мэдэгдлийг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргасан.
4.3.Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлыг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход дараах зарчмыг баримтална, 20.5.3 дахь заалтад геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж шалгарсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай ажлын хоёр өдөрт багтаан мэдэгдэж, сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг ажлын 10 өдрийн дотор төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх гэж тус тус заасан.
4.4.Дээрх хуулийн зохицуулалт болон маргаан бүхий актын үндэслэлийг үгчлэн тайлбарлах арга зүйн талаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3 геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж шалгарсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай ажлын хоёр өдөрт багтаан мэдэгдэж,... гээд өгүүлэхүүн төгсөж байх байх бөгөөд үүний дараагаар сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг ажлын 10 өдрийн дотор төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх гэх зэрэгцсэн хоёр гишүүнийг таслал тэмдгээр ялгасан байгаагаас үзэхэд хариуцагч сонгон шалгаруулалтад оролцогч шалгарсан тохиолдолд эхний ээлжид зөвшөөрөл олгох эрх олгосон тухай мэдэгдэж, үүний дараачаар үнийн санал, босго үнийн зөрүүг ажлын 10 хоногт төлөх тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлэхээр байна.
4.5.Харин мэдэгдэх үүргээ Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасны дагуу захиргааны байгууллага хувьд өөрийн гаргасан захиргааны акт, шийдвэрийг мэдэгдэх үүргийг хүлээнэ.
4.6.Гэтэл хариуцагчаас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 дугаар мэдэгдлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр М******* ХК-д хүлээлгэн өгч, баталгаат шуудангаас 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч компанийн ажилтан Б.Б*******д гардуулсан процесс нь өөрөө дээрх хуульд заасан дарааллыг орхигдуулсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл ажиллагаа болжээ.
4.7.Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно, 43.4 дэх хэсэгт Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно гэж тус тус заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад 12 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн гэж үзэж байна гэж тайлбарласан атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 20.5.3 дахь заалтад заасан 10 хоногийн хугацаа дуусаагүй байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 тоот албан бичгээр сонгон шалгаруулалтад шалгарсан талаарх мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
4.8.Товчхондоо тус шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.4-д дурдсанчлан хариуцагчийн зүгээс сонгон шалгаруулалтад шалгарсан талаар мэдэгдээгүй атлаа, дараагийн нөхцөл болох босго үнийн зөрүүг төлөх үүргийг гүйцэтгүүлэх 10 хоногийн хугацааг шууд тооцож улмаар сонгон шалгаруулалтад шалгарсан талаарх мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
4.9.Мөн хариуцагч захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасны дагуу утга агуулгын алдаагүй, хоёрдмол утга агуулгагүй шийдвэрийг гаргах үүргээ биелүүлээгүй.
4.10.Тодруулбал, дээр дурдсанчлан нэхэмжлэгчид хүргүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдлийн агуулга нь нэгдүгээрт, сонгон шалгаруулалтад 86 оноо авч шалгарсан тухай, хоёрдугаарт босго үнийн зөрүү болох 1,670,487,280 төгрөгийг Ашигт малтмалын тухай хуулийн 20.5.3-д заасан 10 хоногийн дотор төлөх тухай байх боловч тухайн хуульд заасан 10 хоногийн хугацааг хэдний өдрөөс, хэрхэн тоолж эхлэх талаар тодорхой тусгаагүй атлаа үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...татгалзсан шийдвэр нь 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу нэхэмжлэгчийг эхний мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6-7 хоногийн дараа гарсан. Энэ үед нэхэмжлэгч компани төлбөр төлөх бүрэн боломжтой байсан, заавал 10 хоногийн хүлээх шаардлагагүй, түүнээс наана өгөх боломжтой ... гэж зөвтгөн тайлбарлаж байгаа шүүх хүлээн авах боломжгүй, уг тайлбар нь үндэслэлгүй.
4.11.Иймд нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Тав.Сонгон шалгаруулалтын босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн аваагүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэлийн шаардлагыг тухайд:
5.1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заажээ.
5.2.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэдэгт иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан хоёр тохиолдлыг хамруулан ойлгоно.
5.3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс ...2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бид уулзалт хийсэн. Ингэж уулзалт хийхдээ ...бид одоо ч хамаагүй төлбөрийг төлөхөд бэлэн байна..., Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нэгэнд 12 дугаар сарын 16-ны өдрийн бичиг явсан учраас танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн... 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан[12] гэх тайлбар болон бичгийн баримтаас үзвэл хариуцагчийг хууль хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс идэвхгүй татгалзсан хууль бус үйлдэл гаргасан байна.
5.4.Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт хүчингүй болгож шийдвэрлэсэн энэ тохиолдолд үнийн санал, босго үнийн зөрүүг төлөх хугацааг хэзээнээс эхэлж тоологдохыг тодотгож өгч, энэ талаар шүүх шийдвэртээ тусгаснаар нэхэмжлэгчийн эрх ашгийг бодитоор сэргэх ач холбогдолтой юм.
5.5.Иймд шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр биелэгдэх зарчмыг баримтлан нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг бодитоор сэргээх үүднээс хариуцагч захиргааны байгууллагыг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3 дахь заалтад заасны дагуу тухайн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.4 дэх хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгэж /мэдэгдэж/, нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтын босго үнийн зөрүүг төлөх 10 хоногийн хугацааг заан өгөх байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүйтэй болохыг тэмдэглэх байдлаар нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 20.5.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Пи ******* Ти ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал газын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтын босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн аваагүй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн авахыг даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР