Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00510

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00510

 

МАГАДЛАЛ

2022.03М.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/04225 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.А-, Н.Г,, Д.О- нарт холбогдох 30,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.А-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, хариуцагч Ц.А-, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 81 дүгээр байр, 00 тоот 2 өрөө, 8 хувийн зээлд хамрагдсан орон сууцыг зарна гэсэн зарын дагуу 2018 оны 07 дугаар сард Д.О-, Н.Г, нартай холбогдож уулзахад ... уг орон сууцны эзэд боловч өмчлөх эрхийн гэрчилгээг төрсөн дүүгийнхээ нэр дээр гаргуулсан. Солонгос улс руу түр хугацаагаар явсан, удахгүй ирэхээр нь гэрчилгээг гаргуулж өгнө. Худалдан авах тохиолдолд урьдчилгаа 30,300,000 төгрөгийг өгч, банкны төлөлт сар бүр 435,000 төгрөг төлнө... гэсэн. Д.О-, Н.Г, нарт 30,300,000 төгрөгийг төлж, 2018 оны 08 дугаар сараас эхлэн банкны сар бүрийн төлбөр 435,000 төгрөгийг Д.Оюунбайгалийн дансаар тогтмол шилжүүлсэн. Орон сууцны төлбөрт 7,692,000 төгрөгийг төлсөн. Гэтэл Ц.А- ... Д.О-, Н.Г,, нарын дүү биш, тэдний орон сууц биш, худалдан авах санал тавьж цөөхөн хэдэн төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй, орон сууцны зээлийн төлбөрийг би төлдөг... гэж маргаан үүсгэсэн.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс Д.О-, Н.Г, нарт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч тус дүүргийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3737 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Ц.А- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01311 дугаар шийдвэрээр М.М-ыг орон сууцнаас албадан гаргасан. Орон сууцны ашиглалтын зардал төлж Ц.А-д хүлээлгэн өгсөн. Иймд Ц.А-гаас 7,692,000 төгрөг гаргуулна. Шкафны үнэ 300,000 төгрөгийг хасаж Д.О-, Н.Г, нараас 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.А-гийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол Нарны зам гудамж, 81 дүгээр байрны 00 тоот хаягт байршилтай 49,53 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 7 дугаар сард Н.Г,д зээлээр худалдахаар тохиролцож хүлээлгэн өгсөн. Гэтэл Н.Г, нь Ц.А-д мэдэгдэлгүйгээр М.М-д худалдсаныг мэдээд М.М-аас албадан гаргуулсан. М.М-ыг танихгүй, түүнээс орон сууцны төлбөрт мөнгө аваагүй. Хэрэгт авагдсан дансны хуулга, Прокурорын газраас ирүүлсэн баримтуудаар М.М- нь Д.Оюунбайгалийн данс руу мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон. Д.О- нь Ц.А-гийн ипотекийн зээлийг төлдөг. Ц.А- Д.Оюунбайгалийг төлж байна гэж ойлгосон. Тухайн орон сууцыг М.М-д худалдах үед 50 м.кв орон сууцны зах зээлийн ханш 1 м.кв-ийг 1,750,000 төгрөгөөр тооцоход нийт 85,000,000 төгрөг байсан. Хариуцагч Д.О- 28,000,000 төгрөгөөр тохирсон. Ц.А- 7,692,000 төгрөг авсан талаар маргахгүй. Ц.А- 7,692,000 төгрөгийг М.М-д төлөх хууль эрх зүйн үндэслэлгүй гэжээ.

3. Хариуцагч Д.Оюунбайгалийн тайлбар, татгалзлын агуулга:

Ц.А-гаас орон сууцыг 28,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Төрийн банкны данснаас 435,000 төгрөг шилжүүлж, байрандаа бүрэн засвар хийж нүүн орсон. Сар бүр төлөх орон сууцны зээл 435,000 төгрөгийг төлж байхаар тохиролцож худалдан авсан. Ц.А-гийн ах болон эхийнх данс руу мөнгийг шилжүүлсэн. Орон сууцыг худалдахаар зар тавьсан. М.М-тай уулзаж орон сууцыг 8 хувийн зээлтэй нь авахаар тохиролцож гэрчилгээ Ц.А-гийн нэр дээр байгаа, байрны төлөлтөө зогсоож болохгүй талаар хэлсэн. 2018 оноос хойш төлж байгаад 2019 оны 10, 11, 12 саруудын төлбөрийг төлөөгүй. Төлбөрийг төлөхийг удаа дараа мэдэгдэхэд орон сууцыг буцааж өгөх санал гаргасан. 2020 оны 02 дугаар сард Ц.А-тай уулзаж энэ талаар хэлсэн. Үүнээс хойш Ц.А-тай холбогдоогүй. М.М-аас 30,000,000 төгрөгийг дансаар авсан. Энэ мөнгийг Ц.А-гаас аваад М.М-д өгнө. Нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Унтлагын өрөөнд 300,000 төгрөгийн шкаф хийлгэсэн, үүнийг авч явах боломжгүй тул үлдээсэн. М.М-аас авсан 7,692,000 төгрөгийг Ц.А-д шилжүүлж өгсөн нь баримтаар нотлогдоно гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.А-гаас 7,692,000 төгрөг, Н.Г,, Д.О- нараас 30,000,000 төгрөгийг тус тус гаргуулж М.М-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,910 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.А-гаас 138,022 төгрөгийг, Н.Г,, Д.О- нараас 307,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.М-д олгож, нэхэмжлэгч М.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 98,062 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Ц.А-гийн давж заалдах гомдлын агууга:

Анхан шатны шүүх М.М-ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Ц.А-гаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь орон сууцыг жинхэнэ эзнээс нь биш өөр этгээдүүдээс зээлээр худалдаж авахаар тохирч сар бүр ипотекийн зээлийг төлөхөөр харилцан тохиролцсон, зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарласан. М.М- нь Ц.А-гийн орон сууцанд үнэ төлбөргүй суусан ба энэ хугацааны мөнгийг түүнд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Ц.А- нь Н.Г,, Д.О- нарт орон сууцыг худалдахаар тохиролцсон гэрээ байгуулж төлбөрөө төлөх хугацааны явцад Н.Г,, Д.О- нар орон сууцыг М.М-д худалдсан. М.М- нь орон сууц худалдан авахаар төлсөн төлбөрөө Н.Г,, Д.О- нараас нэхэмжилэх нь зүйтэй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулах шаардлагыг хангаагүйг анхаараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Ц.А-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Д.О- М.М-аас авсан 7,692,000 төгрөгийг Ц.А-гийн дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон. Ц.А- энэ мөнгийг авсан гэдгээ зөвшөөрсөн. Ц.А- орон сууцыг чөлөөлүүлэхээр М.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр М.М-ыг орон сууцнаас албадан гаргаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч Ц.А-, Н.Г,, Д.О- нарт холбогдуулан орон сууцны үнэд урьдчилан төлсөн 30,000,000 төгрөгийг Н.Г,, Д.О- нараас, орон сууцны зээлийн төлбөрт төлсөн гэх 7,692,000 төгрөгийг Ц.А-гаас гаргуулах нэхэмжлэл гаргаснаас Н.Г,, Д.О- нар 30,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин Ц.А- ... М.М-аас уг мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй, түүнтэй орон сууц худалдах, худалдах авах гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан байна.

1.б. Хариуцагч Ц.А- Баянзүрх дүүргийн 00 хороо, 00 дүгээр хороолол, 81 дугаар байрны 00 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Г,, Д.О- нарт худалдаж, Н.Г,, Д.О- нар нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 28,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөр буюу 8 хувийн зээлийг үргэлжүүлэн төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

Мөн Хариуцагч Н.Г,, Д.О- нар дээрх орон сууцыг нэхэмжлэгч М.М-д худалдахаар тохиролцож түүнээс урьдчилгаа төлбөр 30,300,000 төгрөгийг ХААН банк ХХК дахь Н.Гантулгын эзэмшлийн 5024358611 тоот дансанд, мөн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг 16 удаа 435,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 367,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 365,000 төгрөгөөр нийт 7,692,000 төгрөгийг ХААН банк ХХК дахь Д.Оюунбайгалийн эзэмшлийн 5039208432 тоот дансанд шилжүүлсэн болох нь депозит дансны хуулгаар тогтоогдсон байна. (хх-ийн 29-30, 008-174)

Хариуцагч Н.Г, Д.О- нар нэхэмжлэгч М.М-аас орон сууцны төлбөрт шилжүүлэн авсан 7,692,000 төгрөгийг хариуцагч Ц.А-д шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

1.в. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01311 дугаар шийдвэрээр ... Ц.А- нь өөрийн орон сууцыг Н.Г,, Д.О- нарт худалдахаар төлөвлөж эзэмшүүлсэн, Н.Г,, Д.О- нар Ц.А-гийн зөвшөөрөлгүй М.М-д эзэмшүүлсэн... М.М- уг орон сууцыг хууль болон гэрээнд заасны дагуу эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр М.М-ыг Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, Нарны зам гудамж 81 дүгээр байрны 00 тоот орон сууцнаас албадан гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 13-00/

1.г. Зохигчдын хоорондын орон сууц худалдах худалдан авах тохиролцоо нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хэдийгээр талууд хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргаагүй ч шүүх энэ талаар зайлшгүй дүгнэх учиртай.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх эрх зүйн үр дагавар мөн зүйлийн 56.4,56.5, 56.6 дахь хэсэгт тусгагджээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч М.М- нь орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 30,300,000 төгрөгийг хариуцагч Н.Г,, Д.О- нараас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч М.М- нь орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 30,300,000 төгрөгөөс шкафны үнэ 300,000 төгрөгийг хасаж 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан ба хариуцагч Н.Г,, Д.О- нар дээрх төлбөрийг буцаан төлөхийг зөвшөөрсөн байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч Н.Г,, Д.О- нараас 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.М-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Энэ талаар зохигчид гомдол гаргаагүй.

2. Хариуцагч Ц.А-гийн давж заалдах гомдлын талаар.

2.а. Нэхэмжлэгч М.М- нь орон сууцны төлбөрт 7,692,000 төгрөгийг хариуцагч Н.Г,, Д.О- нарт шилжүүлэн өгсөн болох нь талуудын хэн алины тайлбар ХААН банк ХХК Д.Оюунбайгалийн эзэмшлийн 5039208432 дансны хуулгаар тогтоогдсон байна. Иймд М.М- нь Ц.А-д орон сууцны үнэд 7,692,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үзэх үндэслэлгүй.

 

М.М-, Ц.А- нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдээгүй, мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан этгээдээс буцаан гаргуулахаар шаардах эрхтэй талаар зохицуулсан. Гэвч Н.Г,, Д.О- нар дээрх мөнгөн хөрөнгийг М.М-аас авч Ц.А-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

2.б. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт Гэрээ хүчингүй болсны улмаас уг гэрээгээр олж авсан зүйлээ буцааж өгөх үүрэг бүхий тал нь биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр буцааж өгөх бололцоогүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэл, түүний үр дагаварт шууд хамааралтайгаас бусад тохиолдолд уг хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй гэж заасан. Нэхэмжлэгч М.М-ын хариуцагч Ц.А-гаас 7,692,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй үзэв.

 

2.в. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Г,, Д.О- нараас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.М-д олгож, нэхэмжлэгч М.М-ын хариуцагч Ц.А-д холбогдуулан гаргасан 7,692,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/04225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Г,, Д.О- нараас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Ц.А-д холбогдох 7,692,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... хариуцагч Ц.А-гаас 138,022 төгрөгийг... гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.А-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,022 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 00 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 00 хоног өнгөрснөөс хойш 00 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ