| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2023/00396/И |
| Дугаар | 307/ШШ2025/01478 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 307/ШШ2025/01478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2023/00396/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* (утас:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* ******* овгийн *******ын ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: )-т холбогдох,
Гараашаа буцаан авч, хариуцагчийн өгсөн 500,000 төгрөгийг буцаан өгөхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: (цахимаар)
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагчийн өмгөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анужин нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
... Хүү ын эзэмшлийн зөөврийн гарааш манай хашаанд байдаг байсан юм. Би тус гараашийг хүүдээ өгсөн юм. Хүү маань 3,000,000 төгрөгөөс яриад зарна шүү, хүмүүст хэлж ярьж байгаарай гэж захисан юм. Тус зөөврийн гараашийг Ш.******* маань ихэд сонирхож авъя гэж надтай ярьж, ирж үзсэн. Тухайн үед Ш.******* манайхаар орж гардаг бид дарга, цэрэг байсан найзын холбоотой хүмүүс байсан юм. Би 3,000,000 төгрөгөөс ярьж, тухайн зөөврийн гараашийг 2,500,000 төгрөгөөр өгч авалцахаар тохиролцсон юм. Тус гараашид портер машин ордог, том гарааш байсан.
Ингээд Ш.******* одоохондоо мөнгөний бололцоо алга, та бид хоёр нэг нэгнээ мэдэхгүй биш, хоёр хүүхдийн сургалтын төлбөр гээд мөнгө хэрэгтэй байгаа тул боломжтой болохоороо өгье гэж хэлээд зөөврийн гараашийг ачаад аваад явсан. Би боломжтой болохоороо мөнгөө өгнө гэж хэлсэнд нь итгээд зөөврийн гараашаа өгөөд явуулсан. Гэтэл мөнгөө огт өгөхгүй байсан тул бараг өдөр бүр шахуу нэхсээр байж нэхсэний хүчинд 500,000 төгрөг авсан, үлдсэн 2,000,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй.
Тэгээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй болохоор нь би ч нэхсэн, эхнэр, хүүхэд ч нэхсэн. Намайг болон эхнэрийг нэхэхээр эхэндээ юун сүртэй юм бэ? өгнө л гэдэг байсан. Сүүлдээ залгахаар утсаа авахгүй, уулзахгүй зугтаад байдаг болсон. Хүү маань гарааш аваад явсанаас хойш хоёр жилийн дараа болон 2022 онд очиж уулзаж мөнгөө нэхэхэд нь ах нь мөнгийг нь өгнө өө, өгье гэж бодоод л яваад байгаа, жоохон хүлээчих гэж хэлээд явуулсан байгаа юм. Тэгээд өгөхгүй байгаа болохоор дахин дахин утсаар залгаж нэхэхээр чамтай ярихгүй, аавтай чинь ярина гээд тоодоггүй болсон байгаа юм. Иймд хариуцагч Ш.*******аас зөөврийн гараашийн үлдэгдэл төлбөр болох 2,000,000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү.
Талуудын хооронд зөөврийн гарааш худалдах, худалдан авах харилцаа үүссэн хэдий ч гэрээ бичгээр байгуулагдаагүй, гэрээний үнийг тохиролцоогүй байдаг. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болсон үнийг тохиролцоогүй байх тул гэрээ байгуулагдаагүй байна. Иймд талууд шилжүүлсэн зүйлсээ харилцан буцааж өгөх буюу нэхэмжлэгч гараашаа буцаан авч, хариуцагчийн өгсөн 500,000 төгрөгийг түүнд буцаан өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв. (хх 1, 89 дэх тал)
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:
...Зохигч 2020 оны эхээр нэхэмжлэгчийн төрсөн хүүгийн эзэмшилд байсан гараашийг Худалдах, худалдах авахаар тохиролцож, урьдчилгаа 500,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлсөн. Үлдэх 2,000,000 төгрөгийг сургалтын төлбөрийн асуудалтай байгаа учраас цувуулж өгөх хүсэлт тавьсны дагуу нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Үүнээс хойш удаа дараа хариуцагчаас үлдэгдэл мөнгөө шаардахад Сургалтын төлбөрийн асуудалтай байна гэж хэлсээр байгаад өдийг хүрсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн хүү нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн маргаан бүхий гараашийг өмчлөгч эрхтэй хүн этгээд биш байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зөөврийн гараашаа буцаан шаардаж, хариуцагчийн зүгээс төлсөн 500,000 төгрөгийг буцааж өгье гэдэг шаардлага гаргаж байна. Өөрөөр хэлбэл өгсөн авснаа буцаах хүсэлтэй байна. Мөн талууд гэрээний гол нөхцөл дээрээ тохиролцоогүй байна гэж үзэж байна. Хэрэгт шинжээчийн дүгнэлтүүд авагдсан. 2020 онд тухайн гарааш Дамо гээр 2,339,000 төгрөг гэж үнэлэгдсэн. Тийм учраас 500,000 төгрөгөөр 2020 онд зөөврийн гараашийг авах боломжгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай холбоотой дараах хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, 500,000 төгрөгөөр зөөврийн гараашийг худалдсан гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт байгаа гэж байна. Ер нь бол хэрэгт авагдсан гэрч нар нь тухайн үед нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд болсон хэлцэл, гэрээтэй холбоотой нөхцөл байдлыг мэдэх гэрчүүд биш. Тухайн нөхцөл байдлыг гэрчлэх шууд гэрчүүд биш. Хариуцагчийн ар гэрийн хүмүүс буюу дан гэрчүүд байгаа юм. Хариуцагчийн амнаас сонссон үгээ шүүхэд илэрхийлж хэлж байгаа гэрчүүд. Хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбар хэлж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа яригдана. Тэгэхээр шаардах эрх хугацаандаа байгаа гэж үзэж байна гэв.(шүүх хуралдааны тэмдэглэлээс)
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
...Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх буюу нэхэмжлэгч шаардлагыг хүлээн авч хариуцагчийн 500,000 төгрөгийг буцаан олгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй буюу тодорхойгүй шаардлага гэж үзэж байна.
Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-т Худалдах, худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2,500,000 төгрөг, хариуцагчийн зүгээс 500,000 төгрөгөөр тус тус тохирсон талаар хэлж байна. Үнийн хувьд харилцан өөр ч гэсэн тохирсон зүйл байгаа юм. Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг зохицуулах практикт анхаарах асуудал зөвлөмж тайлбарт Хэрэв худалдах эд хөрөнгийн үнийг тохироогүй гэж үзвэл гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ гэж заасан. Ямар нэгэн байдлаар тухайн үнийг тодорхойлох боломжтой гэх зөвлөмж гарсан.
Нөгөөтээгүүр Монгол Улсын дээд шүүхийн гэрээний зарим эрх зүйн маргааныг хууль хэргэлээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд, талуудын итгэл найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-т зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзаж, хэрэв гэрээг цуцлах бол нөгөө талдаа мэдэгдэх ёстой зэргээр тайлбарласан. 2018 онд хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ юм. Үүргийг гүйцэтгэлийг 5 жилийн дараа буюу 2023 онд шаардаж байна. Түүнээс өмнө хариуцагчаас нэхэж байсан гэдэг боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Нэгдүгээрт, гэрээний ерөнхий үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан тул хөөн хэлэлцэх дууссан.
Хоёрдугаарт, гэрээний шаардлага гаргах нөгөө талдаа мэдэгдсэн талаар нотлогдохгүй байна. Үнэд орсон үед нь нэхэж байгаа үндэслэлгүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэж байгаа нь үндэслэлгүй. Хурал дээр 500,000 төгрөгөөр худалдаж авсан талаарх гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан. Шинжээчийн дүгнэлтүүд харилцан адилгүй гарсан. Үнэлэх эсэх нь шүүгчийн эрх хэмжээний асуудал. Мөн хариуцагч татгалзлаа нотолсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.(шүүх хуралдааны тэмдэглэлээс)
4. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:
... Нэхэмжлэлийн шаардлагын хүрээд гэрээ байгуулагдаагүй учраас өгсөн авснаа буцаах талаарх хэлж байна гэж ойлгож байна. Эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Харилцан хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээ үүссэн гэж үзнэ. Энэ хөдлөх хөрөнгөд гэрээг бичгээр хийх эсхүл улсын бүртгэлд бүртгүүлэх, нотариатаар баталгаажуулах зэрэг тусгай тусгай шаардлага тавигддаггүй учраас хүсэл зоригоо илэрхийлж нөгөө тал нь хүлээн авч харилцан үнийг төлж, эд хөрөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үздэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа тайлбарлахдаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ямар ч харилцаанд ороогүй байхад миний эд хөрөнгийг аваад явчихсан талаар ярьж байгаа боловч 500,000 төгрөг авсан талаар маргаан байхгүй. Үүнээс харахад талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн. Тухайн эд хөрөнгийг худалдах, худалдан авахдаа 500,000, 2,000,000 эсхүл 2,500,000 төгрөгөөр тохирсон юм уу? үнийн тал дээр маргаан үүсэж байна. Маргаан үүссэн талаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэд хэдэн хууль сануулж авсан гэрч нарын мэдүүлгээр тодорхойлогдож байна. Хөөн хэлэлцэх хугацаа буюу Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т ерөнхий болон тусгай хугацааг зохицуулж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж тайлбарладаг боловч Иргэний хулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. 2018 онд энэ үйл явдал үүссэн учраас 2018 оны үеийн шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасан. 3 жилийн хугацаа буюу нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл гаргасан нөхцөл байдал байна. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Шүүхээс: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн тайлбар, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тогтоолгох тухай хүсэлт, зөөврийн гараашны зураг, бэлэн мөнгөний орлогын баримт, шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, дахин шинжээч томилуулах хүсэлт, шүүгчийн захирамж, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн талаарх баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт, итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах хүсэлт, шүүгчийн захирамж, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрч асуулгах даалгавар, гэрчийн мэдүүлгүүд, 2023 оны 481 дугаартай хавтаст хэргээс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ш.*******ад холбогдуулан зөөврийн төмөр гараашийн үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж хариуцагч Ш.*******аас гараашийн үнэд өгсөн 500,000 төгрөгийг буцаан өгч, гараашаа буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байна.
1. Нэхэмжлэгч Б.******* нь шаардлагын үндэслэлийг ... зөөврийн төмөр гараашийг 1990-д оноос би өмчилж байсан. Ш.*******ыг сайн танина, найз нөхдийн ч холбоотой улс. Уг нь бид ингэж шүүхэдмээргүй л байх юм. Надаас төмөр гараашийг 2,500,000 төгрөгөөр тохироод ачаад аваад явсан. 500,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш мөнгөө үлдэгдэл төлбөрөө шаардахад оюутан хүүхдийн төлбөр төлж байна одоохондоо бололцоогүй байна гэж хэлээд өгөөгүй одоог хүрсэн. Ковидын өмнө л энэ наймааг хийсэн. 2018 оны орчим байхаа одоо цаг хугацааг ер санахгүй байна. Би одоо гараашаа буцаан авч өгсөн 500 000 төгрөгийг нь өгье гэсэн шаардлага гаргасан гэж тайлбарласан.
2. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага ойлгомжгүй тодорхойгүй байна. Нэхэмжлэгч гараашийн үнийг 500,000 төгрөгөөр гэж, хариуцагч 2,500,000 төгрөгөөр тохирсон гэж зөрүүтэй ч тохирсон зүйл байна. Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг зохицуулах практикт анхаарах асуудал зөвлөмж тайлбарт ...хэрэв худалдах эд хөрөнгийн үнийг тохироогүй гэж үзвэл гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ, ямар нэгэн байдлаар үнийг тодорхойлох боломжтой гэж зөвлөмж гарсан. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Дээд шүүхийн гэрээний зарим эрх зүйн маргааныг хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд, талуудын итгэл найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Нэхэмжлэгч нь 2018 онд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг 2023 онд шаардаж байна. Түүнээс өмнө хариуцагчаас нэхэж байсан гэдэг боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэрээ цуцлахыг нөгөө талдаа мэдэгдсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Уг гараашийг 500,000 төгрөгөөр худалдан авсан нь гэрчийн мэдүүлэгээр тогтоогддог гэж маргаж байна.
3. Нэхэмжлэгч талаас тухайн үед зөөврийн төмөр гараашаа 2,500,000 төгрөгөөр худалдсан гэсэн шаардлагатайгаа холбогдуулан 2018 оны байдлаар зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2023 оны 04 сарын 24-ний өдрийн дугаартай захирамжаар шинжээч томилсон байна.
Томилогдсон шинжээч ХХК-аас 2023 оны 10 сарын 12-ны өдөр ний тайлан ирүүлсэн байх ба уг тайлангаар зах зээлийн хандлагыг хэрэглэн үнэлж 2018 оны байдлаар 1,000,000 төгрөгөөр тодорхойлсон байна.
Уг тайлантай зохигчдын хэн алиныг нь танилцуулсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс ХХК нь зах зээлийн ханшийг бодитой тогтоолгүй, автомашины зөөврийн төмөр гараашийг хэт доогуур үнэлж, эд хөрөнгийг нь үнэгүйдүүлсэн үндэслэлээр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн дугаартай захирамжаар шинжээчээр ХХК-ийг томилсон боловч шинжээчээс хэргийн зохигчтой найз нөхдийн харилцаатай үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтээ дэмжиж байгаа талаар тайлбар ирүүлсэн тул тус шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ХХК-ийг томилсны дагуу 2025 оны 04 сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр 2018 оны байдлаар 2,339,040 төгрөгийн үнэ цэнэтэй талаар ирүүлжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч аас талууд гэрээний гол нөхцөл болох зөөврийн төмөр гараашийн үнийг тохироогүй үндэслэлээр гэрээ байгуулагдаагүй тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилийн дотор өгсөн авсан зүйлээ буцаан шаардах эрхтэй гэж тайлбар гаргасан.
Гэвч нэхэмжлэгч Б.******* нь зөөврийн төмөр гараашийн үнийг 2,500,000 төгрөгөөр тохирсон талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан ба уг шаардлагатай холбогдуулан шинжээч томилуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 2018 оны байдлаар 2,339,040 төгрөгийн үнэ цэнэтэй гэсэн дүгнэлтийн талаар хэн аль нь маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгчээс үлдэгдэл төлбөрөө өгөөгүй үндэслэлээр гэрээний зүйл болох зөөврийн төмөр гараашаа буцаан гаргуулахаар төлбөрт шилжүүлсэн 500,000 төгрөгөөр буцаан өгөхөөр шаардлагаа тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхээ алдсан байна.
Улмаар нэхэмжлэгч нь 2018 онд гэрээ байгуулагдсан талаар дурдаж байгаа боловч түүнээс хойш шаардах эрхээ хэрэгжүүлж байсан эсэх нь тогтоогдохгүй байх ба энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэсэн хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.
6. Тодруулбал нэхэмжлэгчийн хүү нь гэрээний зүйл болох төмөр гараашийн үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Ш.*******ад холбогдуулан тус шүүхэд 2022 оны 10 сарын 24-ний өдөр гаргасныг шүүх 2022 оны 10 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад 2023 оны 01 сарын 17-ны өдрийн дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Б.*******ийн өмнөөс шаардах эрхтэй эсэхээ нотлосон баримт ирүүлээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхэд хандсан хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа тоолоход 3 жилийн дотор шаардах эрхэээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон талаар нотлох баримт ирүүлээгүй байх ба улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн нь гараашийн үнийг шаардаж байсан талаар мэдүүлсэн боловч хэзээ шаардаж байсан талаар тодруулж чадаагүй болно.
Хариуцагч талаас гэрээний зүйл болох төмөр гараашийн үнийг 500,000 төгрөгөөр тохирсон болохыг нотлох зорилгоор гэрчээр , , нарыг асуулгасан боловч хариуцагчийн эхнэр ыг асуухдаа гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар хууль сануулаагүй байх тул уг мэдүүлэгийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд бусад гэрчүүд нь төмөр гараашийн үнийг бусдаас дам сонссон талаараа мэдүүлснийг уг үнийн дүнг нотлосон гэж үзэхгүй юм.
7. Иймд нэхэмжлэгч нь дээр дурдсан хуулинд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсны тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус зааснаар Б.*******ийн нэхэмжлэлтэй Ш.*******ад холбогдох гараашаа буцаан авч, хариуцагчийн өгсөн 500,000 төгрөгийг буцаан өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА