Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 133

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Эрдэнэмөнх, шүүгч С.Нолхоосүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

      Улсын яллагч                                                     Д.Нямдэлэг

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Д.Даваасүрэн

      Хохирогч                                                 Ш.Мөнхцэцэг

      Хохирогчийн өмгөөлөгч                         А.Отгонбаяр

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Хайдавын Гансүхэд холбогдох 1831000000068 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Архангай аймгийн Цахир суманд 1963 оны 12 дугаар сарын 01-нд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар, Бүүргийн 1 дүгээр хэсэг, 3-8 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Бэсүд овогт Хайдавын Гансүх, /РД:МЖ63120110/

 

Шүүгдэгч Х.Гансүх нь 2018 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг, Бүүргийн 1 дүгээр хэсэг, 3-8 тоотод гэр бүлийн хамаарал бүхий Ш.Мөнхцэцэгийг зүүн гарыг нь баруун хөлтэй нь гавлан гавны дундаас дээш татаж байгаад зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг, Бүүргийн 1 дүгээр хэсэг, 3-8 тоотод гэр бүлийн хамаарал бүхий Ш.Мөнхцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан,

2015 онд гэр бүлийн хамаарал бүхий Ш.Мөнхцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Х.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын  18-нд  яллагдагчаар  өгсөн:  ...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэр “Оюу” дэлгүүрээс 0,5 литрийн “Монгол стандарт” нэртэй архи авсан юм. Тэр архиа бид 2 гэртээ хувааж ууж байгаад манай эхнэр Отгоо гэх залуутай 2008 оны орчим явалдаад байдаг байсан. Түүнээс хойш утсаар яриад холбоотой байх шиг болохоор нь тэр талаар би ярьж манай эхнэр үгүйсгээд бид 2 хэрэлдэж маргалдсан. Тэгээд би уурлаад баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохичихоод гараад явсан. Маргааш өглөө нь би эхнэрээс “чи шөнө архи уух уу” гээд байсан “мөнгө байгаа юм уу” гэхэд надад 10.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр 0,5 литрийн “Монгол стандарт” архи аваад гэртээ ирсэн. Хариулт 2,500 төгрөгийг хүүдээ өгөөд хичээлд нь явуулсан. Бид 2 архиа хувааж ууж дуусгаад “Оюу” дэлгүүр лүү хамт явж эхнэр дэлгүүр лүү орж 0,5 литрийн “Монгол стандарт” архи, нэг талх авч гарч ирсэн. Тэгээд бид 2 гэртээ харьж архиа ууж байхдаа “чиний тэр Отгоо чинь намайг хөдөө ажиллах болгонд над руу утасдаад чи хэзээ буух юм, хэзээ харих юм” гээд байх юм, “чи тэр явдлаа дуусгаж чадахгүй байна уу” гээд дахиад хэрэлдсэн. Тэгэхэд “намайг шоронд оруулна, харж байгаарай” гээд намайг заамдаж аваад над руу агсам тавьсан. Тэгээд нүүр ам маажих гээд толгой руу хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд би гарч зугтаах гэсэн чинь гаргахгүй зууралдаад байхаар нь баруун гараараа зүүн нүд рүү нь цохичихоод газар унахаар нь бөгс рүү нь 2 удаа өшиглөөд гараад төв зам дээр явж байхад Энхболд машинтайгаа таараад “Сэлэнгэ явах гэж байна” гэхээр нь суугаад Сэлэнгэ явчихсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 88-р ху/,

2.Шүүгдэгч Х.Гансүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэртэйгээ 18 жил ханилсан. Энэ хугацаанд би гэртээ цоожтой амьдарсаар ирсэн. Учир нь манай эхнэр намайг хардаж зоддог байсан. Энэ хардалтаас болж би 8 ажлын байр сольж ажилласан. Нэг ажлын байранд тууштай ажиллаж байгаагүй. Авсан цалингаа бүгдийг нь эхнэртээ авчирч өгдөг байсан. Манай эхнэр архи их уудаг. Харин архи уугаагүй байх үедээ эхнэр маань сайн хүн. Тэр өдөр бид хоёр хоёулаа архи уучихсан байсан тул дараа нь маргалдаад манай эхнэр заазуур бариад над руу дайрахаар нь би эхнэрээ гавлахад эхнэр маань гарч гүйсэн. Манай гэрт цагдаа нар ирж бид 2-ыг авч явсан. Цагдаагийн ажилтан надаас юу болсон талаар асуухад би болсон хэргийн талаар ярьсан. Эхнэр минь миний баруун гарыг заазуураар зүссэн. Миний зүүн талын хөмсгийг сэт цохисон. ...гэх мэдүүлэг,

3. Хохирогч Ш.Мөнхцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нөхөр 2015 оноос хойш маш их архи уудаг болсон. Архи уусан үедээ намайг байнга зоддог байсан. Цахилгаан бороохойгоор миний нүд рүү цохисон. 180.000 төгрөгийг миний эмчилгээнд бус түлээ нүүрс, хоол хүнсэнд хэрэглээд дуусчихсан. Мөн 100.000 төгрөгийг Магнайбаярт өгчихсөн. 2017 оны 1 дүгээр сар, 06 дугаар сар гэх мэт намайг байнга зоддог байсан. Уухаараа намайг зоддог болохоор би хамт архи уудаг байсан. 2018 оны 03 дугаар сарын 19-нд манай нөхөр цэргийн баярыг тохиолдуулан гэртээ нэг шил архи авчирахад нь бид 2 хамт уусан. Тухайн үед намайг Наранцогттой хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. Би нөхрөө архи уулгахгүйн тулд гэртээ цоожилдог байсан. Би маш их гомдолтой байна гэв. ...гэх мэдүүлэг,

4.Хохирогч Ш.Мөнхцэцэгийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 14-15 цагийн хооронд намайг гэртээ ганцаараа байж байхад манай хамтран амьдрагч Гансүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд “өнөөдөр баярын өдөр надад нэг шил архи аваад өг” гэхээр нь би намайг архи авч өгөхгүй байхаар зодно гэж айгаад Гансүхтэй цуг яваад нэг шил архи авч өгсөн бөгөөд тухайн нэг шил архийг аваад бид хоёр гэрлүүгээ орсон. Тэгээд Гансүх намайг “архи хийгээд өг” гэхээр нь би нэг аяга аваад бага зэрэг хийж өгсөн чинь Гансүх “чи 0,5 граммтай архи авсан юм уу яагаад 0,75 граммтай архи аваагүй юм бэ, би чамд мөнгө өгсөн”  биздээ гэхээр нь би “ хоёр охиндоо нийт 40000 төгрөг өгчихсөн юм” гэж хэлсэн чинь Гансүх миний хийж өгсөн архин дээр өөрөө архи нэмж хийж уугаад гэнэт галзуу солиотой хүн шиг над руу чангаар “муу янхан минь, хоёр хошноготой гичий минь” гээд намайг барьж аваад миний хоолойг боогоод газар унагаагаад “би чамайг амьдаар чинь булшлаад өгье” гэж хэлж байгаад миний зүүн нүд орчим руу өшиглөсөн. Тэр үед нь миний ухаан балартаад орж гараад байх үед миний бөгс рүү хүйтэн хүнд төмрөөр цохисныг би мэдсэн. Тэгээд би ухаанд алдсан бөгөөд нэг мэдэхэд манай хүү Төгөлдөр намайг сэрээж байсан. Би гэрийнхээ шалан дээр дээшээ харсан байдалтай байсан бөгөөд би өөрийн хүүдээ хандаж “миний нүд юу ч харахгүй байна, миний хүү эмнэлэг, цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Тэгээд удаа ч үгүй эмнэлэгийн машин ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Гансүх бид хоёр хамтран амьдрагчид байгаа юм. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Гансүх бид хоёр хамтран амьдраад 18 жил болж байна. Тухайн өдөр Гансүх нь намайг боож унагаагаад миний зүүн нүд орчим хэсэгт нэг удаа өшиглөх үед нь миний ухаан балартаад юу болж байгаа талаар мэдэхгүй байсан. Ямар ч байсан миний бөгс рүү хүйтэн хүнд төмрөөр нэг цохисон. Тэгээд би ухаан алдсан учраас юу болсон талаар мэдээгүй. Ямар ч байсан миний хүү Төгөлдөр намайг сэрээсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин хамтран амьдрагч Гансүх маань гаднаас орж ирэхдээ согтуу орж ирсэн. Тэгэхдээ ухаанаа алдтал архи уугаагүй байсан. Ямар ч байсан өөрийнхөө хийж байгаа зүйлийг мэдэх чадвартай байсан гэж бодож байна. Гансүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга л намайг хэл үгээр доромжилж, хэрүүл маргаан үүсгэж, зодож цохидог байсан. Би он сар өдрийг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2018 оны 1 сард намайг гэртээ байж байхад Гансүх нь согтуу орж ирээд бас л намайг “гичий, янхан”-аар минь дуудаж байгаад миний зүүн гарыг минь баруун хөлтэй цуг гавлаж байгаад гавныхаа дундаас нь дээшээ татаж байгаад намайг зодож байсан. Тэр үед миний гар хөл маш их өвдсөн учраас би чангаар орилж хашгарах үед гаднаас миний том эгч Түшигсайхан нь бага хүү Улсболдтой цуг орж ирээд цагдаа дуудаж миний гавыг тайлуулж байсан. Тэгээд манай хамтран амьдаргч Гансүхийг аваад явсан.

Мөн 2015 оны 10  дугаар сард гэж санаж байна. Би Гансүхтэй цуг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг салхитын аманд амьдарч байсан. Тэр үед Гансүх мөн л адил согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ миний баруун нүд рүү цахилгаан бороохойгоор цохиж байсан. Тэгээд миний баруун нүдийг хараагүй болгож байсан. Тэгээд Гансүх нь байхгүй байсан учраас би цагдаагийн байгууллагад хандаагүй. Тэгээд би өөрийн бага хүү Төгөлдөрийг бодоод төрсөн эцэг нь юм байна гээд дуугүй өнгөрөөсөн. Мөн надад мөнгөний боломж байхгүй байсан учраас эмчлүүлж чадаагүй. Гансүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх үедээ гайгүй байдаг юм. Тэгээд намайг “архи олоод өг” гээд гуйгаад байдаг юм. Харин архи уусан үедээ маш хэрцгий, догшин, галзуу хүн шиг л байдаг. Тийм учраас Гансүхийг архи уусан байх үед нь маш их айдаг, тэгээд ийшээ, тийшээ явья гэхээр нь хамаагүй явуулчихдаг юм. Мөн Гансүхийг ажилдаа яваад ирэх үед нь архи битгий уусан байгаасай гэж бодож, битгий ажлаасаа ирээсэй гэж боддог байсан. Одоо миний 2 нүд ямар ч зүйл харахгүй байна. Би маш их харамсаж өөртөө гутарч байна. Сэтгэл санааны хувьд маш их хэцүү байна. Би Гансүхэд маш их гомдож байна. Гомдож байна гэж хэлэх үг багадаж байна. Үнэхээр надад хэлэх муу үг алга байна. Миний мэдэж байгаагаар Гансүхэд өөрийн гэсэн ямар ч зүйл байхгүй. Болдог бол Гансүхийн төрөл садангийн хүмүүсээс өөрийн эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Миний нүд зүгээр болж байвал надад өөр гомдол алга. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 26-р ху/,

5. Гэрч Ш.Оюунцэцэгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Нөхөр бид 2-г гэрт нь ороход Гансүхийн том өрөөний шал нь хэсэг газар цус болсон, ор дэрээ ч хураагаагүй байсан мөн Гансүхийн өмсөж байсан майк нь энгэр хэсэгтээ цус болчихсон байсан. Мөнхцэцэгийн нүд нь жаахан бүлцийсэн, хувцас нь бол зүгээр байсан. Хоорондоо зодолдсон байдалтай байсан. Гансүх манайх 2 хоорондоо зайтай байдаг болохоор тэр болгон архи уудгийг мэдэхгүй. Ер нь бол тэр 2 2-лаа архи уух дуртай, Гансүх уухаараа агсам зантай. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

6.Гэрч Г.Отгонпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: ...Уг хүмүүсийн ахуйн амьдрал нь хүнд амьдралын түвшин доогуур өрхийн тоонд ордог айл. Мөнхцэцэг эгч ажил төрөл хийх гэж байнгын асууж явдаг. Зан байдлын хувьд Мөнхцэцэг эгч гайгүй хүн зуны цагт ногоо тарина, ногоо тарьсан айлд зэрлэг зулгаах зэрэг хар бор ажил хийж амьдралаа залгуулдаг их хөдөлмөрч хүн харин нөхөр нь болох Гансүх гэдэг хүн архи ер нь байнгын хэрэглэдэг, архи уусан үедээ авир ааш ихтэй, хүнтэй маргаж муудалцах байдал их гаргадаг хүн. Хүнийг үг хэлээр их доромжилдог авир ааштай хүн би хэрүүл маргаан хийж байхыг нь ганц биш удаа харж байсан. Гансүх ах хөдөө гадаа байнгын ажлаар явчихдаг, байнгын гэртээ суурин байдаггүй хүн. Мөнхцэцэг эгч бол суурин байдаг бага хүүтэйгээ хамт байж харагддаг хүү нь одоо 6-7 дугаар анги юм. Надад тодорхой мэдэх зүйл алга байна. Эхнэрээ зодож байсан талаар нь сонсож байсан. Тэгэхдээ харж байгаагүй, цагдаа нар мэдэж байгаа байх. Гансүх олон удаа цагдаад баригдаж байсан. Архи уухаараа эхнэртэйгээ маргалдаж муудалцдаг юм шиг байгаа юм. Сая айхтар зодсон байхыг нь мэдээд сумын комисс хуралдаад Мөнхцэцэг гэх хүнийг хот руу авч явж биеийг нь үзүүлэхээр болсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,

7. Гэрч Г.Отгонпүрэвийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Гансүхэд өөрийн гэсэн гэр орон байхгүй. Айлын хашаа байшин хөлсөлж нэг хүүхдийн хамт 3-лаа амьдардаг. Надад тэдгээр хүмүүстэй төрөл садангийн ямар нэг холбоо хамаарал байхгүй. Манай суманд лав Гансүхийн хамаатан садны хүмүүс гэж огт байхгүй. Х.Гансүх нь манай сумын хүн биш бөгөөд Мөнхцэцэг эгчийг дагаж л Шаамар суманд ирсэн. Харин эхнэрийнх нь талын хамаатанууд бол олон байгаа. Би Гансүхийг хаанахын хүн болохыг мэдэхгүй. Ах дүү хамаатан садан нь хаана байдаг гэдгийг сайн мэдэхгүй байна. Гансүх нь архи их уудаг. Уусан үедээ авир муутай хүн юм шиг санагддаг. Үе үе ийш тийшээ яваад алга болчихдог. Яг хаашаа ямар ажлаар явдгийг нь би сайн мэдэхгүй байна. Мөнхцэцэг гэх иргэн нөхөртөө зодуулсан талаар ямар нэг гомдол, мэдээлэл гаргаж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

8. Гэрч Б.Гантуулын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр сумын цагдаа а/а Г Мөнхбаатар над руу яриад “2 дугаар багт гэр бүлийн хүчихийлэлтэй холбоотой хэрэг гарсан тул гэрт нь очиж нөхцөл байдалтай нь танилцъя” гэж хэлсний дагуу би сумын цагдаа болон сумын их эмчийн хамтаар эмнэлгийн машинаар 2 дугаар багт байх Х.Гансүхийнх гэдэг айлд очсон. Бид хоёрыг очиход Ш.Мөнхцэцэг гэх хүн орон дээрээ хэвтчихсэн нүүр хэсэг нь битүү хавдчихсан байдалтай хүү Төгөлдөртэй хамт гэртээ байж байсан бөгөөд сумын эмч биед нь дахин үзлэг хийж эмнэлэгийн анхны тусламж үзүүлсэн. Хүчирхийлэл үйлдэгч Х.Гансүхийг хэсгийн төлөөлөгч барьж аваад эрүүлжүүлэхээр аймгийн төв рүү аваад явсан байсан тул бид нар хохирогчийг тусгаарлаж хамгаалалтанд авах ямар нэг арга хэмжээ аваагүй. Маргааш аймаг орж нарийн мэргэжлийн эмчид үзүүлье гэж ярилцаж тохиролцоод тухайн өдөр тарцгаасан. Тэгээд маргааш нь сумын ЭМТ-н ерөнхий эмч М.Цэцэгээ хохирогчийг өөрийн биеэр авч явж аймгийн эмнэлэгт үзүүлсэн бөгөөд аймгаас ирээд 18:00 цагийн орчим над руу залгаж Ш Мөнхцэцэгийг үзүүлээд ирлээ “нүд нь хараа орох боломжгүй болсон байна, Яаралтай ирж уулзаж, хуралдах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би сумын эрүүл мэндийн төв дээр очиход эмч, хэсгийн төлөөлөгч нар байсан бөгөөд бид гурав ЗДТГ-н дарга М.Ганболдод мэдэгдэж сумын гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан багийг яаралтай хуралдуулан Ш.Мөнхцэцэгийг оройн суудлаар эмчийн хяналтанд Улаанбаатар хот руу явуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг нөхөж бөглүүлэн замын зардалыг шийдэхээр тохиролцож уг асуудлуудыг шийдвэрлэн оройн суудлаар Улаанбаатар хот руу явуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

9.Гэрч Х.Гэрэлмаагийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... Бид эцэг эхээс 6-лаа. Х.Ганүсх дээрээсээ 4 дэх ах маань байгаа юм. Би 8 дугаар анги төгсөөд Сэлэнгэ аймагт ТМС-д ирээд түүнээс хойш ойрхон байхаа больсон. 1989 онд ээж маань өнгөрөөд бид нар уулзалдахаа больсон. Ер нь сонсоход архи их уугаад байгаа сурагтай байсан. Сүүлд зан авир нь хэр их өөрчлөгдсөн болохыг сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,

10.Гэрч И.Наранцацралын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... Х.Гансүх, Ш.Мөнхцэцэг нартай төрөл садангийн холбоо байхгүй. Манай хаяган дээр 2 жил болж байгаа боловч энэ хугацаанд зодолдож хэрэлдэж байхыг нь хараагүй. Хааяа гудамжинд мод үүрчихсэн, эсвэл хамтдаа их д эвтэй найртай явж байж л харагддаг. Надад өөрөө мэдэх зүйл алга байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/,

11.Гэрч Х.Нарангийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...Би Мөнхцэцэгийн бага байхын мэднэ. Хөрш зэргэлдээ байдаг гэдгээрээ нөхрийг нь харж байсан. Тэр 2 байнга л архи дарс ууж хоорондоо зодолдож байдаг. Өнгөрсөн намар нэг зодолдож байхад нь би орж салгасан. Мөнхцэцэгийн нүд нь байнга л хөхөрчихсөн явж байсан. Ш.Мөнхцэцэг бол ажил, төрөл зан ааш сайтай, энэ тэнд айлд ногооны ажил хийгээд түлээ мод түүгээд л байдаг. Нөхрийг нь бол мэдэхгүй уусан үедээ их л догшин хүн шиг байна лээ. Би 2015-2016 онуудад 3 удаа цагдаад дуудлага өгч байсан. Тэр 2 цагдаа ирэхээр 2-лаа зугтаагаад явчихдаг бөгөөд би сүүлд нь худлаа дуудлага өгсөн болоод дуусдаг байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху/,

12. Гэрч Д.Магнайбаярын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Гансүх нь “Хар луу” ХХК-нд 6-7 сарын хугацаанд ажилласан. Ажиллах хугацаандаа архины хамааралтай нилээн архи уух дуртай байсан. Архи уусан үедээ ямар зан авир гаргадаг байсан талаар хэлж мэдэхгүй байна. Илээр ямар нэгэн зан авир гаргаж байгаагүй. Далдаар ар гэртээ ямар зан гаргадаг байсан талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй байна. Архи уугаагүй байх үедээ хамт олон дундаа нийтэч гайгүй сайн залуу байсан. Х.Гансүх нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд эхнэрийн хамт амьдардаг. Ямар ч байсан миний мэдэж байгаагаар Мөнхцэцэг, Гансүх хоёр дундаасаа нэг эрэгтэй хүүхэдтэй өөр надад мэдэж байгаа зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р ху/,

13. Гэрч Ш.Түшигсайханы 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ш.Мөнхцэцэг бол миний төрсөн дүү, хувь хүнийхээ хувьд их дуулгавартай сайн эмэгтэй байсан. 2003-2004 оны үед Гансүхтэй суусан бөгөөд сууснаасаа хойш нөхөртэйгээ нийлж үе үе архи уудаг болсон байсан. Гансүх бол ажилд их хойрго, архи уух дуртай, уусан үедээ догшин авиртай хүн байсан. Уусан үедээ дүүг маань зодож цохидог гэж сонсогддог боловч Мөнхцэцэг нөхрөө байнга өмөөрч хамгаалдаг, бидэнд болон цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй явдаг байсан нь өнөөдрийн ийм байдалд хүрлээ. 2017 оны 8 дугаар сард Мөнхөө “намайг аллаа, цагдаа дуудаарай” гээд орилохоор нь хүү Улсболдын хамт очиход Гансүх Мөнхцэцэгийн гарыг нь гавлачихсан гавнаас нь чангаагаад өшиглөөд зодож байсан. Манай хүү Гансүхийг хорьж болиулахаар нь би багийн засаг даргаар дамжуулан цагдаад дуудлага өгөөд хэсгийн төлөөлөгч цагдаа нар ирээд 2-ланг нь аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх 48-р ху/,

14.Насанд хүрээгүй гэрч М.Төгөлдөрийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цэргийн баярын өдөр байсныг санаж байна. Би  өдөр хичээлээ 14 цаг 10 минут гэж тараад шууд гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ 15 цагийн үед ороход манай ээж орон доогуур орсон, хөдлөхгүй байхаар нь ээжийг орон доороос гаргаж ирэх үед ээж амьсгалж байсан хэрнээ ухаангүй байсан. Мөн нуүр нь тэр чигтээ цус болсон байсан. Тэгэхээр нь би ээжийг дуудаж сэрээгээд юу болсон талаар асуухад “ээжийг нь хоол хийх гэж байхад нь аав чинь зодчихлоо” гээд “ээж нь юу ч харж чадахгүй байна” гэж уйлаад байсан. Тэгэхээр нь би өөрийн төрсөн эгч рүүгээ залгаад “эмч дуудаад өг” гэж хэлсэн. Тэгээд удаа ч үгүй цагдаа ирээд манай аавыг хайхаар гарсан. Түүний дараа Шаамар сумын эмч ирээд яаралтай аваад явсан. Намайг гэр лүү ороход ээж орон доор орсон ухаангүй байдалтай нүүр, амнаас нь цус гарсан байсан. Тэгээд би ээжээс юу болсон талаар асуухад ээж хэлэхдээ “аав нь зодчихлоо” гэж хэлж байсан. Мөн ээж “юу ч харж чадахгүй байна” гээд л уйлж байсан. Манай ээжийн баруун талын нүд нь юм хардаггүй, зүүн тал зүгээр байсан. Би хэзээ гэдгийг нь санахгүй байна юм. Тэр үед манай гэр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхитын аманд байдаг байсан. Тухайн үед манай аав согтуу байсан. Тэр өдөр аав, ээж хоёр хэрэлдэж байгаад аав ээжийн өөдөөс харж байгаад халааснаасаа цахилгаан бороохой гаргаж ирээд ээжийн баруун талын нүдийг цахилгаан бороохойны тогоор цохиулсан. Тэрнээс болоод ээжийн баруун талын нүд юм харахаа байсан. Тэр үед ээжийг “миний баруун талын нүд юм харахгүй байна” гэхээр нь “битгий худлаа яриад бай” гээд ээжийг зодож байсан. Тэр үед би яг хажууд хараад байж байсан. Өөр ямар нэгэн хүн хажууд байгаагүй. Мөн 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдөр буюу цэргийн баяраар намайг гэртээ орох үед аав ээжийг маань зодож зүүн талын нүдийг нь хараагүй болгосон. Тэгээд одоо манай ээжийн хоёр нь хараагүй болсон. Ер нь бол аав ээжийг байнга зоддог байсан. Манай аав ямар нэгэн шалтгаанаар ээжийг зоддог байсныг би мэдэхгүй байна. Миний өөрийн ойлгож байгаагаар бол аав маань ээжийг зодохдоо ямар ч хамаагүй зүйлээр шалтаглаад зоддог байсан. Манай эцэг, эх хоёр 2-лаа архи уудаг. Тэгэхдээ ээж, аавыг бодвол бага зэрэг уудаг байсан. Ээжийг архи уухгүй гэхлээр аав, ээжийн ам руу архи цутгаж, дээрээс нь архи асгаад л байдаг байсан. Манай аав архи уусан үедээ яагаад байгаа нь мэдэхгүй ганцаараа яриад, сонин зан авир гаргаад байдаг. Мөн ээжийг зоддог. Манай аав ээжийг зодох үед нь би өмөөрөөд боль гэхээр нь аав намайг ганц нэг удаа цохиж байсан. Тэрнээс бол байнга зоддоггүй байсан. Ээжийг бол байнга зоддог байсан. ...гэх мэдүүлэг, /хх 50-р ху/,

15. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн № 3995 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.3 Ш.Мөнхцэцэгийн биед зүүн нүдний салстын урагдал. цус хуралт, өмнөд хоргын цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн бугалга, баруун ташаа, бүсэлхий нуруу, хоёр өгзгөнд цус хуралт, тархи доргилт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 57-р ху/, 

16. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн № 490 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.ШШҮХ-н шинжээчийн 2018 оны 3995 тоот дүгнэлт үндэслэлгүй байна.

2.Ш.Мөнхцэцэгийн биед баруун нүдний хуучин гэмтлийн гаралтай болорын мултрал, шиллэг эдийн цайлт, хамрын яс, 2 нүдний ухархайн дотор хана, зүүн хацар ясны нум хуучин хугарал, зүүн нүдний салст, эвэрлэгийн урагдал, болор мултрал, шилэнцэр гоожилт, цус хуралт, нүдний дотоод даралт багасалт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зүүн бугалга, баруун ташаа, бүсэлхий нуруу, хоёр өгзгөнд цус хуралт, тархи доргилт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

3 4.5 Ш. Мөнхцэцэгт дээрх гэмтлийн улмаас 2 нүдний хараагүйдэл үүссэн нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-д зааснаар хүнд зэргийн гэмтэл бөгөөд цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдал 100% байна.

6.Ш.Мөнхцэцэгийн мэдүүлэгт өгүүлж буй зовиур оноштойгоо тохирч байна.

7.8 Баруун нүдний гэмтэл, хамрын яс, 2 нүдний ухархайн дотор хана, зүүн хацар ясны нум хуучин хугарал хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Зүүн нүдний гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэх дүгнэлт, /хх-ийн 66-р ху/, 

17. Шинжээч Б.Ариунзулын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... Ш.Мөхцэцэгийн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зүүн нүдэндээ авсан гэмтэл нь хараа бүрэн алдагдуулахаар хүнд гэмтэл байсан. Мөн Ш.Мөнхцэцэгийн баруун нүд хараагүй байсан. Энэ гэмтэл нь мөн хүнд гэмтэлд хамаарах бөгөөд хуучин гэмтэл байсан. Ш.Мөнцэцэгийн 2 нүд хүнд гэмтэл, зүүн хацар ясны хугарал нь хүндэвтэр, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 67-68-р ху/,

Шүүгдэгч Х.Гансүхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 100-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17-р ху/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20-р ху/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 70-74-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, /хх-ийн 89, 95-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 86-88-р ху/, согтуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, /хх 05–р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт, /хх 12-17-р ху/, хүний биед үзлэг хйисэн тэмдэглэл, /хх 18-20-р ху/,шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, / 53-р ху/, дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, /хх 61-63-р ху/,  шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 58,-р ху/,  хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 59, 75-р ху/, хохирогчийн эмнэлэгт хэвтсэн тухай өвчний түүх, /хх-ийн 70-74-р ху/, хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 105-106-р ху/, шүүгдэгчийн шийтгүүлж байсан тухай шийтгэх тогтоолуудын хуулбар, /хх 108-113-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Гансүхийг 2018 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг, Бүүргийн 1 дүгээр хэсэг, 3-8 тоотод гэр бүлийн хамаарал бүхий Ш.Мөнхцэцэгийг зүүн гарыг нь баруун хөлтэй нь гавлан гавны дундаас дээш татаж байгаад зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг, Бүүргийн 1 дүгээр хэсэг, 3-8 тоотод гэр бүлийн хамаарал бүхий Ш.Мөнхцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан,

2015 онд гэр бүлийн хамаарал бүхий Ш.Мөнхцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, согтуурсан хүнийг саатуулах тухай тогтоол,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хйисэн тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол,  шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл,  хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчийн эмнэлэгт хэвтсэн тухай өвчний түүх зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч  Х.Гансүхийг 2018 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг, Бүүргийн 1 дүгээр хэсэг, 3-8 тоотод гэр бүлийн хамаарал бүхий Ш.Мөнхцэцэгийг зүүн гарыг нь баруун хөлтэй нь гавлан гавны дундаас дээш татаж байгаад зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг, Бүүргийн 1 дүгээр хэсэг, 3-8 тоотод гэр бүлийн хамаарал бүхий Ш.Мөнхцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн нүдийг нь хараагүй болгон биед нь хүнд хохирол санаатай учруулсан, 2015 онд гэр бүлийн хамаарал бүхий Ш.Мөнхцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож баруун нүдийг нь цахилгаан бороохойгоор цохиж хараагүй болгон биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “..Х.Гансүхийн 2015 онд Ш.Мөнхцэцэгийн нүдийг цахилгаан бороохойгоор цохиулж баруун нүдийг нь хараагүй болгосон үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: Х.Гансүхийн 2015 онд гэр бүлийн хамаарал бүхий этгээд Ш.Мөнхцэцэгийн эрх чөлөөнд халдаж зүүн нүдийг хараагүй болгосон үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй харин мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг агуулсан өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж уг гэмт хэргийг үйлдсэн байна.

Энэ зүйл анги нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлээс илүү хүнд байх тул хуучин хуулийг хэрэглэж түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь түүний эрх зүйн байдал дээрдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Шүүгдэгч Х.Гансүх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 53 хоногтой, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

Шүүгдэгч Х.Гансүхэд ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.4-р зүйлийн 1, 36.6-р  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1.2-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бэсүд овогт Хайдавын Гансүхийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1-д заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Бэсүд овогт Хайдавын Гансүхийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1-д зааснаар  05 /таван/ жил 06 /зургаан/ сар хорих, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 05 /таван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гансүхэд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 11 /арван нэгэн/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гансүхэд оногдуулсан 11 /арван нэгэн/ жилийн  хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Х.Гансүх нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Гансүхийн цагдан хоригдсон 53 хоногийг ялд нь оруулан тооцсугай.

7.Шүүгдэгч Х.Гансүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

Шүүгч                                       С.Нолхоосүрэн