Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 214/МА2022/00007

 

Д.*******, Т.******* нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Булган аймгийн орон нутгийн өмчийн газарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.*******, Т.******* нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймгийн орон нутгийн өмчийн газарт холбогдох,

 

Өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Д.*******, Т.******* болон тэдний өмгөөлөгч Б.******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, Т.*******, тэдний өмгөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.*******, Т.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Д.******* гэр бүлийн хамт 1977 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэл Хялганат тосгонд ажиллаж, амьдарсаар даруй 44 жил болжээ. Хань Адъяагийн ******* маань МУИС-ыг цахилгааны инжинер мэргэжлээр төгсөж ирээд Ой модын аж үйлдвэрийн яамны томилолтоор 1977 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс Хялганатын ой мод бэлтгэлийн аж ахуйд цахилгааны инженерээр ажлын гараагаа эхэлсэн.

Бидний амьдарч байгаа Хялганат хорооны ОСГ-ны 1 хороо, * дугаар байр, * дугаар орц, * тоот /хуучин хаяг/ байрыг Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйгаас яамны томилолтоор ирсэн боловсон хүчин гэж ханьд минь шууд олгосон.

Анх бид гэр бүлээрээ Улаанбаатар хотоос ирж, А.******* гэх айл гал голомтоо бадраасан. Хань минь 2000 онд өндөр насны тэтгэвэрт гарч, хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байгаад 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан.  1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаагаар бидний амьдарч байгаа 6 дугаар байр, 2 дугаар орц, зургаан айлын орон сууцыг хувьчлалын 36 ширхэг ягаан тасалбараар өмчлөн авсан. Өмчлөн авсан айлуудаас 1991 оны байдлаар Б.******* * тоот, ******* буюу манайх * тоот, ******* * тоот байруудад амьдарч байлаа.

Энэ байрандаа амьдарч байгаа ч Д.******* би хүү Т.*******ын хамт үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд хамрагдаагүй. Өөрийн байраа өмч хувьчлалын ягаан тасалбараар авснаа баталгаажуулж, бүртгэлжүүлээгүй өдийг хүрлээ. Бид 44 жил амьдарч сууж байгаа Хялганатын 107 дугаар байр, 9 тоот байрны өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг  гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Манай албан нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Иймд дээрх иргэний өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байшинг хувьчилсан, худалсан тухай тогтоол шийдвэр бусад нотлох баримт манай газар байхгүй бөгөөд дээрх иргэний нэхэмжлэл манай газарт хамааралгүй гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******, Т.******* нарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орон нутгийн Өмчийн газарт холбогдох, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******, Т.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдажшийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүх "Хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар нь нэхэмжлэлийн шаардлага болж буй үл хөдлөх эд хөрөнгийг хувчилсан тухай тогтоол, шийдвэр болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь орон нутгийн өмчийн газрын бүртгэлд байхгүй гэжээ..." дүгнэлт хийгээд ямар үндэслэлээр хариуцагч биш гэж үзсэн талаар огт дурьдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлага болж буй Эрдэнэт хотын Хялганат хорооны ОСГ-ны 1-р хороо, * дугаар орц, * тоот 3 /гурав/ өрөө орон сууцыг миний хань Адъяагийн *******д Ой модны аж үйлдэрийн яамны томилолтоор ирсэн боловсон хүчин гэж шинэ байр шууд олгож байсан. Энэ байрандаа 1977 оны 07 дугаар сарын 05 ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа" гэсэн нэхэмжлэгч Д.*******гийн тайлбарт шүүх дүгнэлт хийсэнгүй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2021 оны 12 дүгаар сарын 15 ны өдрийн 829 дугаартай албан бичигт  "...Архивын тасгийн 1991 оны 12 дугаар сарын 01 ний өдөр явагдсан дуудлага худалдааны протоколын 27 дугаарт 6 дугаар байрны 02 дугаар орц, амбаартай 36 ширхэг тасалбараар Ч.******* авсан" хэмээн шүүх үндэслэх хэсэгтээ тэмдэглэсэн боловч бусад баримтуудыг дурьдаагүй юм. Тухайн үед мөрдөгдөж байсан БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийн 13 дугаар зүйл "...томоохон үйлдвэрийн үйлдвэрлэлийн бие даасан салбар нэгжийн эд хөрөнгө хамрагдана."Мөн хуулийн 14 дүгээр зүйл Бага хувьчлалыг хэрэгжүүлэх арга" Бага хувьчлалд хамрагдах эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах замаар хувьчилна..." Мөн хуулийн 15 дугаар зүйл Хөнгөлөлт давуу эрх"-ийн 1-т " Хувьчлах эд хөрөнгийг тухайн үйлдвэрийн газрын ажилтан дуудлага худалдаагаар худалдан авбал түүнд худалдан авсан үнийн 10 хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэжээ.

Хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчооны 30 дугаарт "Зарлагдсан үнэ- 36. Тушаасан -32, Тайлбар 10 % хөнгөлөлт" гэснээс үзэхэд Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн ажилчдын орон сууцыг өмч хувчлалын ягаан тасалбараар, ажилчдын давуу эрхийн дагуу оршин суугчид нь байраа хувьчлан авсан байх үндэслэлтэй.

2 дугаар орцны маргаан бүхий 9 тоот байрнаас бусад байруудыг н.******* нь талийгаач нөхөр Ч.*******аас Өвлөх эрх үүсгэж, гэрчилгээ олгосон наториатчийн үйлдлийг хууль бусад тооцуулахаар Булан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа.

ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ.", 40.3-т "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн зөв гэж тогтоогдсон ямарч нотлох баримт байж болохгүй." гэснийг зөрчиж, хэрэгт авагдсан бүх нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой алдаа гэж үзнэ. Маргаан бүхий 9 тоот байр улсын бүртгэлд бүртгэгдээгүй талаар Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, мөн энэ байранд 1977 оноос хойш нэхэмжлэгч нар амьдарч байгааг тодорхойлсон гэрчүүдийн мэдүүлэг зэрэгт шүүх дүгнэлт хийсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:  

        Нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хамгийн гол нь шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг үнэн зөв бодитой байдлыг үнэлэх ёстой байсан. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтыг үнэлэх ёстой.  Маргаан бүхий 9 тоот байр улсын бүртгэлд бүртгэгдээгүй талаарх лавлагаа, үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан. Үүнд анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. Энэ байранд 1977 оноос хойш амьдарч миний үйлчлүүлэгч амьдарч эхэлсэн. Одоог хүртэл энэхүү байранд амьдарч байгаа. 1977 оноос хойш амьдарч байгаа гэдгийг нотолсон гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай болон хэрэгт авагдсан баримт дээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд алдаа гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг үнэлж, дүгнэх ёстой. Миний тодруулсан баримтууд дээр ямар ч дүгнэлт хийгээгүй. Энэ маргаанаар зөвхөн миний үйлчлүүлэгч яваагүй. Өөр маш олон хүмүүс явж байгаа. Өмчийн асуудлыг орон нутгийн өмчийн албатай тохирно. Үүний дараа маргаан үүсч байгаа процесс явж байгаа.  Энэ байдалд ямар ч дүгнэлт хийхгүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон. Анхан шатны шүүхээс гарсан 24 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.*******, Т.******* нар нь Булган аймгийн орон нутгийн өмчийн газарт холбогдуулан Булган аймгийн Хялганат баг найрамдлын гудамж 107 тоот 9 дүгээр байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хариуцагч Булган аймгийн орон нутгийн өмчийн газар нь “... иргэний өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байшинг хувьчилсан, худалдсан тухай тогтоол шийдвэр бусад нотлох баримт манай газарт байхгүй” тул манай газарт хамааралгүй гэжээ.  

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.*******, Т.******* нар нь Булган аймгийн Хялгант баг найрамдал гудамж 107 тоот 9 дүгээр байранд 1977 оноос эхлэн амьдарч байгаа  болох нь нотлогджээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Булган аймгийн орон нутгийн өмчийн газар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд тэдний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч нар нь Булган аймгийн орон нутгийн өмчийн газарт холбогдуулан нэхэмжэлэлийн  шаардлага гаргасныг анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1872 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хариуцагчаар Булган аймгийн орон нутгийн өмчийн газрыг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атлаа шүүхийн шийдвэрт  тухайн эрх зүйн харилцаанд хариуцлага хүлээх эсэхийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26  дугаар зүйлийн 26.3.-т заасныг зөрчжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ”  гэснийг зөрчснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.3. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Д.*******, Т.*******, тэдний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Нэхэмжлэгч Д.*******, Т.******* нарын давж заалдах журмаар гомдол  гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР

                                                                                    

                                           ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР