Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2025/00451

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б****** аймаг, Т******* сум, ** дугаар багт оршин суух Ц.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б*** аймаг, Т******* сум, ** дугаар багт байрлах Т*******-******* ОНӨААТҮГ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай 304/2025/00587/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.*******

Хариуцагчийн төлөөлөгч Э.*******-*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Уурын зуухны галчаар ажилд орсон. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс *******т хотод Тайхар эмнэлэг, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс биеийн байдал сайжирч байгаа тул хөнгөн ажил хийх боломжтой гэсэн эмнэлгийн бичиг өгсөн. Эмнэлгээс гарч ажилдаа орсон ч даралт ихсэж биеийн байдал муудсан. Ажиллаж байхад Э.*******-*******, М******* нар намайг хөнгөн ажил гарангуут ажилд эргүүлэн авна гэж хэлээд ажлаас халсан. Намайг ажлаас халахдаа хөнгөн ажил гарсны дараа эргүүлэн ажилд авна гэсэн боловч ажил гарахад намайг аваагүй. Ажлаас гарснаасаа хойш ажил хөдөлмөр эрхлээгүй хэцүү байдалтай байна. Би халагдах тушаалаа авъя гэхэд та халагдаагүй гээд өгөхгүй байна. Ажлаас хадагдаагүй бол цалингаа авъя гэхэд бас өгөхгүй байна. Тухайн хүмүүс намайг группд байдаг гэж ажлаас халах болсон байх. Би өвчний улмаас 50-60 хувийн групп тогтоолгосон. Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Э.*******-******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажилд орсон. Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон. Ц.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулагдсан. Би ажилчдынхаа ажлын байрыг хэвээр хадгалах зорилготой ажиллаж байсан. Ц.******* нь 2025 он гаргаад эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэж хэлсэн. Удалгүй 2025 он гарсны дараа эмнэлэгт явах хэрэгтэй байна, ажлын байранд биеийн байдал дийлэхгүй байна гэж удаа дараа санал тавихад нь эмнэлэгт үзүүлж эмчилгээ үйлчилгээ ав гээд явуулсан. Эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ үзүүлж ирснийхээ дараа энэ ажилд ажиллаж чадахгүй, хөнгөн ажлын байр гаргаж өг гэсэн. Би ТУЗ-өөс баталж өгсөн ажлын байрны сул орон тоонд хүн авч ажиллуулах эрхтэй, ажлын байрны сул орон тоо байхгүй байхад хүн авч ажиллуулах боломжгүй юм. Би дулаан орж байгаа тул ажилчидтайгаа зохицож ажиллах саналыг тавихад хөнгөн ажилд орно гээд сул орон тоо байхгүй ажлын байрыг нэхсэн. Ц.*******ад хөнгөн ажлын байранд сул орон тоо байхгүй талаар удаа дараа хэлсэн. Ц.*******ын хэлж буй худгийн ажил гэдэг нь цэвэр усны байгууламж буюу онцгой объект буюу хэвийн бус нөхцөлтэй, халуун хүйтэн харшилдаг, 40 тонны ус хадгалах сав руу орж цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг ажил юм. Ц.******* тухайн ажлын байранд ажиллаад биеийн байдлаас шалтгаалсан ямарваа нэгэн асуудал гарвал яах талаар бодож үзээд түүнийг энэ ажлын байранд аваагүй. Манай захирлын зөвлөл өргөдөл өгсөн 3 хүний дундаас сонгон шалгаруулалт явуулж, хуралдаж шийдвэр гаргасан. Ажилд авсан гэх хүнийг хурлын зөвлөлийн шийдвэрээр олонхын саналаар ажилд томилсон. Манай байгууллагад Ц.*******ад тохирох ажлын байр нэмэгдвэл ажилтай байлгах үүднээс ажлын байрны сул орон тоо гартал ажлаас халалгүй түр хугацаанд ажилгүй байлгах, биеийн байдалд тохирсон ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд эргүүлэн ажилд авахаар бичиг үйлдэж, цалингүй чөлөө олгосон бичгийг Ц.*******ад өгсөн гэв.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-Иргэний үнэмлэхийн хуулбар

4.Хариуцагчаас нотлох баримтаар

-Булган аймгийн Т******* сумын Т*******-******* ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 1 тоот Т*******-******* ОНӨААТҮГ-ын 2025 оны төсөв батлах тухай тогтоол,

-Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл/эх хувь, тамгагүй/,

-Нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б**** аймгийн Т******* сум Т******* ус ОНӨААТҮГ-ын захирал санхүүд гаргасан хүсэлт,

-О******* бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмнэлгийн магадалгаа,

-Бүртгэлийн дэвтрийн хуулбар,

-Т******* ус ОНӨААТҮГ-ын захирлын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай албан бичиг/хүсэлтийн хариу/,

5.Шүүхээс нотлох баримтын шаардлага хангуулан хариуцагчаас дараах баримтыг гаргуулсан.

-Т******* ус ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам,

-Т******* ус ОНӨААТҮГ-ын захирлын Ц.*******ыг ажилд томилсон тушаал,

-Хөдөлмөрийн гэрээ,

-Т******* ус ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн даргын албан бичигтэй, цалингийн тодорхойлолт,

-Т******* ус ОНӨААТҮГ-ын ажилтнуудын 2024 оны 10, 11, 12 сарын НДШ ногдуулалтын тайлан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулна гэжээ.

3.Хариуцагч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй, эрүүл мэндэд нь тохирох ажлын байр гарангуут буцааж дуудна гээд цалингүй чөлөө олгосон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Ц.******* нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар Т******* ус ОНӨААТҮГ-т машинист ажлын байранд ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэг сарын 1,125,000 төгрөгийн үндсэн цалинтай ажилласан. 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн О******* аймаг, Б** аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээнээс буцаж ирээд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч өөрийн эрүүл мэндийн байдалд таарах хөнгөн ажилд ажиллах хүсэлт гаргажээ.

4.2.Хариуцагч Т******* ус ОНӨААТҮГ-аас захирлын зөвлөлийн хурлаар 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцсэн үйл баримт хурлын тэмдэглэл, хариуцагчийн ...зөвлөлийн хурлаар манай цэвэр усны байгууламжийн ажлын байр хүнд хортой нөхцөлд ордог тул боломжгүй гэж шийдвэрлэсэн, мөн өдрийн 01 тоот албан бичгээр ...тодорхойгүй хугацаагаар цалингүй чөлөө олгохоор боллоо. Таны биеийн нөхцөл байдалд тохирох сул орон тоо гарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно гэсэн хариуг өгсөн, чөлөө олгосон тушаал гаргаагүй гэж тайлбарлаж байна.

4.3.Т******* ус ОНӨААТҮГ-ын захирал нь Захирлын зөвлөлийн шийдвэрээр ажилтан авах, халах, чөлөө олгох асуудлыг шийдвэрлэдэг гэсэн хариуцагчийн тайлбар нь тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 1.2 Журмын хэрэгжилтэд зөвлөлийн гишүүд хяналт тавина, 4.1....шинээр ажилд авах, чөлөөлөх, халах асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн тушаалаар тус тус шийдвэрлэнэ. гэж заасантай нийцэж байна /хэргийн 50-51х/.

4.4.Нэхэмжлэгч Т******* ус ОНӨААТҮГ-ын машинист ажлын байранд сарын 1,125,000 төгрөгийн цалинтайгаар 2024 оны 10, 11, 12 дугаар сард ажилласан нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын тодорхойлолтоор нотлогдож байна./хэргийн 64-67х/ Тэрээр 2024 оны 10 сард 880,435 төгрөг, 11 сард 1,250,000 төгрөг, 12 сард 1,250,000 төгрөгийн цалин хөлс авч ажилласан ба өөрийнх нь нэхэмжлэлд тодорхойлсон хугацаа болох 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс ажилгүй байсан хугацааг тооцохоор байна. Учир нь ажил олгогчоос хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ямар нэг шийдвэр гараагүй байна.

4.5.Ц.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаагаар байгуулагдсан, талууд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, сунгах эсэх талаар харилцан тохиролцоогүй нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах үеэр өвчтэй гээд эмнэлэгт явсан байсан. гэх тайлбараар нотлогдож байна.

5.Нэхэмжлэгчийн эмчилгээнд явсан, зүрхний өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагын хяналтад байдаг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгогдсон зэрэг үйл баримттай зохигч маргаагүй. Харин хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон эсэх нь тодорхойгүй, цалингүй чөлөө олгоод байгаа нь хуульд нийцээгүй, ажлын байр гарангуут эргэж дуудна гэсэн боловч гарсан ажлын байранд авч ажиллуулаагүй, цалин хөлсөөр хохирч байна гэж талууд маргасан.

6.Т******* ус ОНӨААТҮГ-ын орон тоог Удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний тогтоолоор ...8 машинист, 1 цэвэр усны оператор зэрэг нийт 16 орон тоотой байхаар баталж, уг тогтоолд хариуцагчийн тайлбарласнаар 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрчлөлт оруулж цэвэр усны операторын орон тоог 1-ээр нэмэгдүүлж, үйлчлэгчийн орон тоог хассан зохицуулалтаар ажиллажээ. Нэхэмжлэгч уг нэмэгдсэн цэвэр усны оператор гэх орон тоонд өөрийгөө дуудаж ажиллуулна гэсэн хүлээлттэй байсан, уг ажлын байр надад тохирох ажлын байр, би өмнө нь хийж байсан гэж, хариуцагч шинээр бий болсон ажлын байранд ажиллах нь Ц.*******ын эрүүл мэндэд тохирохгүй, хүнд хортой нөхцөлд ордог, ваакум орчинд цэвэр усны чайн цэвэрлэдэг тул зүрх муутай хүнд тохирохгүй гэж мэтгэлцсэн.

7.Хариуцагчаас тодорхойгүй хугацаагаар цалингүй чөлөө олгохоор боллоо гэж албан бичгээр мэдэгдсэн боловч Хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д заасны дагуу тушаал гаргаж Ц.*******ын хөдөлмөрийн харилцааг төгс зохицуулалгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах эрхийг зөрчжээ.

8.Нэхэмжлэгч өөрийгөө зүрх судасны өвчний улмаас эмнэлгийн хяналтад байдаг, хөнгөн ажлын байранд ажиллах ёстой гэсэн эмчийн магадалгаа гарсан тул хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байгаа ч эмнэлгийн хянан магадлах комиссын шийдвэр, магадалгааг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, хариуцагчаас хариу тайлбарын хамтаар гаргаж ирүүлсэн эмнэлгийн магадалгаа нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн огноотой, нотлох баримтын хуульд заасан шаардлага хангахгүй баримт ирүүлсэн тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

9.Хариуцагч Т******* ус ОНӨААТҮГ-аас Ц.******* нь зүрхний өвчний улмаас хөнгөн ажлын байр хүссэн. Түүний эрүүл мэндэд тохирох ажлын байр байхгүй тул ийм ажлын байраар хангах боломжгүй, ТУЗ-өөс бүтэц орон тооны асуудлыг шийдвэрлэхэд хөнгөн ажлын байр бий болговол эргэж дуудна гээд тодорхойгүй хугацаагаар цалингүй чөлөө олгосон гэх хариуцагчийн шийдэл нь хүсэлт гаргагч эрүүл мэндийн хувьд тухайн ажлын байранд тохирохгүй талаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон байх хууль зүйн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчийн хөнгөн ажлын байранд ажиллах хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхдээ ажил олгогч Ц.*******ын эмнэлгийн магадалгаанд тулгуурлан машинист эсхүл цэвэр усны операторын ажлын байранд аль алинд нь эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэх дээр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, дүгнэлтийг гаргуулж шийдвэртээ үндэслэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3-т эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн эрүүл мэндэд нь харшлахгүй ажилд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл хугацаагаар, 80.1.3-т ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй,... гэж заасан байх тул ажилтны эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөрийн харилцаанд өөрчлөлт орох тохиолдлуудад эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт үндэслэн шийдвэрлэсэн байх ёстой.

10.Ажилтны ...биеийн эрүүл мэндэд тохирох хөнгөн ажлын байранд ажиллуулах хүсэлт-ийг ажил олгогчоос шийдвэрлэхдээ тодорхойгүй хугацаагаар цалингүй чөлөө олгосон нь хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно, 100.2-т Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж, Т******* ус ОНӨААТҮГ-ын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12.2.1 Ажилтанд цалинтай болон цалингүй чөлөө олгож болно, 12.2.3-т Ажилтанд ажлын 5-аас дээш хоногийн цалинтай болон цалингүй чөлөөг захирал энэ тохиолдолд ажилтан чөлөө авах шалтгаанаа Чөлөөний хуудас/хавсралт 4/-г бөглөн олгоно гэж заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч эрүүл мэндийн хувьд тохирох хөнгөн ажлын байранд ажиллах хүсэлт гаргасан бөгөөд түүний гаргасан хүсэлтийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөний хуудсаар гаргасан хүсэлт гэж үзэх боломжгүй. Иймд хариуцагчийн гаргасан шийдвэр нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос өөрөөр шийдвэрлэж, ажил хөдөлмөр эрхлэх болон цалин хөлс авах эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5-д заасан эрхийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлжээ.

11.Нэхэмжлэгч Ц.******* нь машинист буюу галчийн ажлын байранд туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэдий ч гэрээний хугацааг дуусгавар болгох талаар ажил олгогчоос мэдэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт Улирлын шинжтэй ажлыг байнга эрхэлдэг ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж заасны дагуу Ц.*******ын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусаагүй гэж гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч Ц.*******ыг машинистын ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахыг Т******* ******* ОНӨААТҮГ-т даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

12.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан. Энэхүү журмаар 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг сүүлийн 3 сар /бүтэн ажилласан/ буюу 2022 оны 10-12  сарын цалин хөлсөөр тодорхойлвол /3,130,435 : 3 сар = 1,043,478 төгрөг : 21 ажлын өдөр= 49,689 төгрөг, 49,689 төгрөг х 54 /ажилгүй байсан хугацаа/ = 2,683,229 төгрөг болж байна. Дээрх тооцоог нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, нийт олговол зохих цалин хөлснөөс тодорхойлсон тул уг дүнгээс дээрх суутгалуудыг сар бүрээр тооцон төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.4 дэх хэсэгт Улирлын шинжтэй ажил үүрэг гүйцэтгэдэг, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож ажил олгогч төлнө. гэж заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 15-наас 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртлэх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэв.

Цалин хөлс тооцох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцох хугацааг тодорхойлохдоо Эрчим хүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаартай Халаалтын улирал эхлэх дуусах хуагцаа тогтоох тухай тушаалаар ...тухайн оны 09 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ныг хүртэлх гэж тогтоосон хугацааг үндэслэл болгосон болно.

Нэхэмжлэгч Ц.*******ын шүүхэд гаргасан гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс төрийн санд тушаасан 70,200 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хангагдсан дүнд ногдох 57882 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 42 дугаар зүйлийн 42.1.5, 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******ыг Т******* ус ОӨНААТҮГ-ын машинистын ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулсугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 116 дугаар зүйлийн 116.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т******* ус ОӨНААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинд 2,683,229 /хоёр сая зургаан зуун наян гурван мянга хоёр зуун хорин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******ад олгож, 2025 оны 02 дугаар сарын 28-наас 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай. 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Т*******-******* ОНӨААТҮГ-аас 57882 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА