| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маруушийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 132/2021/00581/И |
| Дугаар | 214/МА2022/00008 |
| Огноо | 2022-02-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 214/МА2022/00008
Д.*******гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Т.*******д холбогдох
иргэний хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.*******д холбогдох,
4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг,
Хариуцагч Т.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Т.*******, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...2020 оны 8 дугаар сарын эхээр Т.*******тэй уулзаад 8,000,000 төгрөгөөр өвөлжөөг нь авахаар тохирсон. Урьдчилгаа болгож 4,000,000 төгрөг өгсөн чинь хадлангаа хадаж авч болно гэхээр нь өвөлжөө тойрсон өвсийг нь хадаж авсан. Өвс хадаж авсны дараа өвөлжөөгөө зарахаа болилоо гэж надад хэлэлгүй манай хүргэнд хэлсэн байсан. Тэгээд үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөх гэтэл наймаа тохирохоо больсон гээд мөнгөө аваагүй. Энэ жилдээ өвөлжөөнд өвөлж гэж хэлсэн болохоор 12 дугаар сар хүртэл өвөлжөөнд нь байж байтал цөөхөн хэдэн хонь, үхрийг маань хашуулахгүй байсан. Манай хүргэн буриадын хороонд өвөлжөөтэй учир манайх очиж өвөлжсөн. Тэгээд нэгэнт наймаа буцсан гэж хэлсэн учир мөнгөө авъя гээд хэд хэдэн удаа *******гийн гэрт нь очсон боловч гэртээ байхгүй байгаад байдаг. Гар утас руу нь залгахаар утсаа огт авдаггүй. Намайг залилаад байна гэж л би ойлгож байна. Мөнгөө авъя гэж хэлэхээр өөрсдөө өвс олигтой хадаж аваагүй худалдаж авсан гээд өөрийнхөө малд идүүлсэн энэ тэндээс өвс авсан гэж хэлээд надаар тэр мөнгөө төлүүлэх гээд яриад байх шиг байсан. Яагаад гэвэл чи манай өвөлжөөний өвсийг хадсан учир чамд мөнгө өгөх шаардлага байхгүй гэсэн хариу өгөөд байдаг. Би өөрийнхөө өгсөн мөнгийг тоо ёсоор нь авахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
2020 оны 8 дугаар сарын дундуур Д.*******тэй өвөлжөөний наймаа хийж 4,000,000 төгрөг авсан. Үлдсэн мөнгөндөө эрлийз туранхай үнээ 2,300,000 төгрөгөөр бодож өгнө гэсэн боловч аваагүй. Улмаар 12 дугаар сард наймаа буцсан. Манай өвөлжөөн дээрээс 18 портер өвс хураан авсан байсан. Би Түлүүгийн даваан дээрээс 2 портер өвс худалдан авч буулгасан. 200 боодол өвс портероор 3 удаа буулгасан. Ингэт толгой сангийн аж ахуйгаас буулгасан. Энэхүү өвс нь тээврийн зардалтайгаа нийт 1,400,000 төгрөгөөр ирсэн бөгөөд 2 портер өвс нь зардалтайгаа нийлээд 600,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг болсон. Хавар ирж хаваржаад өвөлжөө хашаагаа цэвэрлээд үлдэгдэл тооцоогоо хийгээрэй гэсэн боловч ирээгүй, цэвэрлээгүй. Цэцэгээтэй уулзах гэж 3 дугаар сарын 7-ны өдөр хоёр удаа очсон. 3 дугаар сард би 100 боодол өвс 1,000,000 төгрөгөөр авсан. Үлдсэн 1,000,000 төгрөгөөс өвөлжөөгөө хүнээр цэвэрлүүлж зөөлгөсөн. 1,300,000 төгрөг өгчих тохиръё гэж ******* хэлсэн. Би 700,000 төгрөг өгье гэж тохирч дансаа хүнээр бичиж явуулсан байсан. Дансыг нь эгчдээ өгсөн. Нэр ус нь мэдэгдэхгүй данс байсан болохоор хийж чадаагүй байгаа. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс нэхэмжлэл ирэхээр нь би эгч рүү ярьж нэрийг нь данстай нь тодруулж өгснөөр шилжүүлсэн 2020 оны хувьд газрын гарц муу портер өвс 300,000 төгрөгийн ханштай байсан. Түлүүгийн даваанаас авсан 2 портер өвс ялзарсан байсныг өөрсдөө мэдэж байсан гэжээ.
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 78,950 /далан дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 54.950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.******* /рд:ФМ*******/-д олгож,
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Т.******* давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх хуралдааны товыг 01-р сарын 4-ний өдөр багийн Засаг даргаас сонсоод шүүгчийн туслах Ариунжаргалтай утсаар холбогдож дөнгөж өнөөдөр Улаанбаатар хотод ирээд байна. 6-нд хуралд очих боломжгүйгээ хэлж мөн өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэтэл надад одоо цаг нь тулчхаад байна, өмгөөлөгч авахаар хэргийн материалтай танилцана гээд сунжирна нэгэнт шүүх хурлын тов гарсан тул 6-нд ямар ч байсан ир гэсэн. Ингээд би 01-р сарын 08-нд ирээд шүүх дээр очиход таны хурал болсон та 20-нд шийдвэрээ аваад давж заалдаж болно одоо яв гэсэн. Ингээд би шийдвэрээ аваад үзтэл намайг шүүх хуралд оролцсон гэж бичсэн байна. Би учир байдлаа хэлсээр байтал хурлыг намайг байхгүйгээр хийгээд өмгөөлөгч авна гэсэн эрхийг минь хангалгүй хуралд ирсэн мэтээр бичсэнд гомдолтой байна.
Шүүхийн шийдвэрт надаас 3.300.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ******* бид хоёр 2020 оны 12 сард наймаа буцаахдаа та манай өвөлжөөнөөс 18 портер өвс хадаж авсан харин би өөрөө 2.000.000 төгрөгний өвс худалдаж авсан тул таны авсан өвсний үнийг 2.000.000 төгрөгөөр тооцон мөнгөнөөс хасах талаар ярилцахад зөвшөөрч 2.000.000 төгрөг өгөхөөр болсон. Ингэхээр та нар хаваржаад өвөлжөө хашаагаа цэвэрлэж хүлээлгэж өгөөрэй цаг хатуурвал энэ мөнгөнөөс чинь өвс авна шүү гэж гэсэн. Гэтэл тэр айл хавар ирээгүй, өвөлжөөгөө ч цэвэрлэж хүлээлгэж өгөөгүй тул би 300.000 төгрөгөөр өвөлжөө цэвэрлүүлсэн 1.000.000 төгрөгөөр өвс нэмж авсан. Энэ талаар хэлж ярихаар 2 ч удаа очиход өөрөө байхгүй байсан. Ингээд 2021 оны намар 9-р сард уулзахад энэ бүхнээ ярилцаад танд би 700.000 мянган төгрөг өгнө гэхэд 2 лаа айл аймаг хүмүүс 1.300.000 мянган төгрөг өгчих тэгээд тохирье гэхээр би 700.000 мянган төгрөг өгнө гэсэн. Тэгээд дараа нь Дүнгээ гэдэг хүнээр дансаа өгч явуулсан байна. Ингэж ярилцахад Дүнгээ, Д.Энхбат нар байсан. Би өөрөө ганцаараа байдаг тул хэрэгт холбогдолтой материал цуглуулж чадаагүй байхад шууд зарлаж маргаантай асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд намайг хуралд оролцох боломжоор хангаагүй хэрнээ хуралд оролцсон гэж шийдвэр гаргасан дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Өөрийн өгсөн мөнгөө энэ хүнээс гаргуулах саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.*******гээс өвөлжөө худалдан авсны үнэ 4.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3.300.000 төгрөг болгон багасгажээ.
Хариуцагч Т.******* нь 700.000 төгрөгөөр тохирсон мөнгийг нь шилжүүлсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Т.******* нь өвөлжөөгөө 8.000.000 төгрөгөөр зарахаар нэхэмжлэгч Д.*******тэй тохиролцож 4.000.000 төгрөг авсан үйл баримт болжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өмгөөлөгч авах талаар тайлбарласан хүсэлт гаргаж өөрөө шүүх хуралдаан оролцоогүй байхад шүүх шийдвэртээ хариуцагчийн шүүх хуралдаанд оролцсоноор шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2.-т заасныг зөрчсөн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалттай нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч Т.*******гийн давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 67750 /жаран долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР