Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/823

 

 

 

 

 

 

    2024           07           16                                          2024/ДШМ/823         

 

 

М.Ө өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  Прокурор Г.Ган-Эрдэнэ /томилолтоор, цахимаар/,

     шүүгдэгч М.Ө ийн өмгөөлөгч Г.Батболд,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/384 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ө ийн өмгөөлөгч Г.Батболдын нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Ө өд холбогдох эрүүгийн 2405 00000 0448 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Ө  нь 2024 оны 03 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л ” гэх газар Б.Т ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокуророос: М.Ө ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

      Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ө ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т  болтол М.Ө өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө өөс 409.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Т т олгож, хохирогч Б.Т  нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.Ө өөс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж, хэрэгт М.Ө  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

         Шүүгдэгч М.Ө ийн өмгөөлөгч Г.Батболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Ө ийн зүгээс анхнаасаа гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч М.Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргаж оролцлоо.  ...Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагчаас гаргасан торгох ял оногдуулах саналыг шүүх хүлээн аваагүй болно. Иймд шүүгдэгч М.Ө өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах” гэсэн гурван ялын төрлийн ялаас хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.” гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэжээ. М.Ө  нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Т ийн хаан банкны ****  тоот дансанд хохирлын төлбөрт 410.000 төгрөгийг төлж барагдуулсан /баримтыг хавсаргав/-аас гадна эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх дараах нөхцөл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Тухайлбал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар  маргаагүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тогтмол ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солбисон тохиолдолд түүнийг бүрэн төлөх чадвартай. Эдгээрийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Ө өд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ө өд оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, түүний хувийн байдал зэрэгт тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Ө өд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч М.Ө ийн өмгөөлөгч Г.Батболдын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч М.Ө  нь 2024 оны 03 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л ” гэх газар Б.Т ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хохирогчийн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх 2/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар 4213 дүгнэлт, /хх 52-53/ М эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 51/,

хохирогч Б.Т ийн “...хоорондоо муудалцаад байсан, ...би үслэг сандлаар цохисон ба миний толгой руу барьж байсан шилээрээ цохисон, ...миний зүүн шанаа хэсэгт зүсэгдэж цус гарсан, ...гэмтлийн эмнэлэг ороод зүүн шанаа хэсэгтээ олон оёдол тавиулсан. ...” /хх 7-8/,

гэрч Т.М гийн “...Т ийн шанаа хэсэгт нэг удаа цохиод цус гарсан, ...Ө  цагдаа дуудчих гээд Т  яах юм бэ гээд байсан, ...Ө  рүү Т  “ах нь уурлаад цагдаа руу явж байна” гэж чат бичсэн байсан. ...” /хх 21-22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч М.Ө ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн ба түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батболд “...410.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн зүйлчлэлд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг Б.Т т 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 410.000 төгрөгийг хохирол төлбөрийг төлж барагдуулсан тухай баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хамт гарган өгчээ.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санкцтай боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ө өд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч М.Ө өд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөлд хамааруулан шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор О ХХК-аас М.Ө ийн 2024 оны 03, 04 дүгээр сарын нийгмийн даатгалыг төлсөн эсэх нь тогтоогдохгүй байх тул түүнийг ажил хөдөлмөр эрхэлдэг эсэхийг бүрэн тодорхойлох боломжгүй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч М.Ө  нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Т т 410.000 төгрөгийг хохирол төлбөрийг төлж барагдуулсан боловч энэ нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дэх зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж хуульчилсан ба энэ нь давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон зохицуулалт юм.

 

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/384 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ө ийн өмгөөлөгч Г.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/384 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ө ийн өмгөөлөгч Г.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч М.Ө өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                        ШҮҮГЧ                         Ц.МӨНХТУЛГА

 

                                        ШҮҮГЧ                         Б.АРИУНХИШИГ