Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/824

 

 

 

 

 

 

    2024           07           16                                        2024/ДШМ/824           

 

 

С.Б д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  Прокурор П.Итгэл,

  шүүгдэгч С.Б ,  

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/446 дугаар дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2405 01109 0244 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Б  нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны
зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн
14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох
эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 03 дугаар сарын 06-ны оройн 19
цагийн үед Хаягт
арын замд “Тоуоta prius” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг
согтуугаар жолоодсон
гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокуророос: С.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Б д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

              Шүүгдэгч С.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би тээврийн хэрэгсэл  жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед хаягт замд “Тоёота приус” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодсоноо хүлээн зөвшөөрч, гэм буруугийн хувьд тухайн  хэрэгт маргадаггүй. Өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Тухайн үед жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь байрны зогсоолд байршсан байсан. Над руу хүн залгаад “хажуугаар нь машин тавья” гээд ярихаар нь “тэгье” гээд архи уусан орон зайн мэдрэмж алдагдсан ч гэсэн тухайн машинд зай тавьж өгье гэж бодоод буудлаасаа гарсан юм. Хэдий ийм байдалтай буудлаасаа гарсан боловч согтуугаар машин хөдөлгөсөн нь  миний буруу гэдэгтэй бүрэн санал нийлж байна. Гэхдээ би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тодорхой орон зайд буюу замд зорчоогүй. Зогсоолд хөдлөөд согтуу учраас хажуу талын машинаа шүргэсэн юм. Мөн миний бие одоо 48 настай, тээврийн хэрэгсэл жолоодож амьдралаа залгуулдаг. Би буруу зүйл хийснээ ухамсарлаж байна. Иймд 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг тодорхой хэмжээгээр хасч, торгох ял оногдуулж өгнө үү. …” гэв.

    Прокурор П.Итгэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулсан. Шүүгдэгч С.Б  нь тухайн үед 2.53 хувийн хүнд зэргийн согтолттой байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсон. 2.53 хувийн согтолтын зэрэгтэй жолооч бодит байдалд үнэн, зөв дүгнэлт хийх боломжгүй, орон зайн баримжаагүй байхаас гадна аливаа үйлдэлд хариу үйлдэл үзүүлэх чадвар муу байдаг. Мөн шүүгдэгч С.Б  урьд нь 1.93 хувийн согтолтын зэрэгтэй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулж байсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Б ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч С.Б  нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны
зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн
14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох
эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 03 дугаар сарын 06-ны оройн 19
цагийн үед Хаягт
арын замд “Тоуоta prius” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг
согтуугаар жолоодсон
болох нь:

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 1/, согтуурлын зэрэг шалгасан “...2.53 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл /хх 7/, “Кости-Эстимейт” ХХК-н 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 41867 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 15/, 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0570783 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар /хх 43/, жолоочийн лавлагаа “...Эрх хасагдсан... Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт 2023-06-24, 2024-06-24...” /хх 75/,

шүүгдэгч С.Б ын “...Би 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эгчийнхээсээ өглөөний 9 цагт гараад Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр очоод миний машиныг шүргээд зугтаасан байсан асуудал дээр өдөржин байж байгаад 16-17 цагийн үед тэндээс гараад Гэгээ гэх зочид буудлын замын эсрэг талд эгчээрээ машинаа тавиулчхаад Гэгээ гэх буудал руу орж найзтайгаа 0,5 литрийн хараа гэх архи уусан ба 2 дахь шил архиа ууж байхад хүн залгаад машинаа жоохон холдуулаад, шахаад тавиад өгөөч гэсэн. Тэгээд би гараад ухарсан чинь арынхаа машиныг мөргөсөн. Цагдаа ирээд намайг драгерь багажаар шалгахад 2 гаруй бүхэлтэй гарсан. ...Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь миний төрсөн эгч С.Туяагийн эзэмшилд байдаг машин. ...Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” /хх 86/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч С.Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүх, шүүгдэгч С.Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б  нь “...3 жилийн эрх хассан хугацааг тодорхой хугацаагаар хасаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.   

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж,  хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Өөрөөр хэлбэл, С.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хэдий ч  2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2.53 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон байх ба түүний согтуурлын зэрэг өндөр хувьтай мөн өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө дүгнэлт хийгээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч С.Б ын “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг багасгаж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/446 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/446 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ 

 

                         ШҮҮГЧ                                   Ц.МӨНХТУЛГА 

 

                                    ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ