Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 491

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Хохирогч Ч.Баярхүү,

Шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Мөнхбаатар,

Шүүгдэгч Э.С, Б.Б, тэдний өмгөөлөгч Ч.Баасанжав,

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Засгийнхан овогт Лувсанжамцын Бй, Их Монгол овогт Энхтүвшингийн С, Тайж овогт Батхүүгийн Б, Дархчууд овогт Чулуунбаатарын А нарт холбогдох 1705002380156 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Говь Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, эгчийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 11 дүгээр гудамж 73 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Засгийнхан овогт Лувсанжамцын Бй /РД:/,

 

Монгол улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Эм Си Пи ХХК-нд цагийн ажилтан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцат 14 дүгээр гудамжны 504 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Дархчууд овогт Чулуунбаатарын А /РД:

 

Монгол улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн туслах машиныст мэргэжилтэй, “Ган тулга” ХХК-нд бетоны технологич ажилтай, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг Данзанваанчиг гудамж 7-26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Их Монгол овогт Энхтүвшингийн С /РД:

 

Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Зүүн говь суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, Гоби говь ХХК-нд гэрээт ажилтан, ам бүл 7, эх, эгч ах дүүгийн хамт Сэлэнгэ аймаг Шаамар сум 2 дугаар баг Охиндий гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Тайж овогт Батхүүгийн Б /РД:

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.Б, Ч.А нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кровн баарны орчим иргэн Я.Баярхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.С, Б.Б нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кровн баарны орчим иргэн Ч.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Б, Ч.А, Э.С, Б.Б нар нь 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кровн баарны орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар ярьсан бөгөөд нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар ярьсан бөгөөд нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар ярьсан бөгөөд нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар ярьсан бөгөөд нэмж ярих зүйл байхгүй”  гэв.

 

Хохирогч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бйг хайгаад баарнаас гарсан чинь Баярхүү Бйг өшиглөсөн. Тэгэхээр нь би Баярхүүг би цохьсон. Б С хоёр гарч ирэхээр нь би зугатаасан ба С араас ирээд 2-3 удаа цохьсон. Гомдол санал байхгүй нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Ч.Баярхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Кроун баарны үүдэнд сууж байтал хүмүүс зодолдоод байхаар нь болиоч гэтэл Бй ирээд намайг цохьсон. Тэгээд босож ирээд найз Б С 2 гарч ирээд болиулсан. Тэгээд зодоон салсан ба эд нар зугатаасан. Тухайн үед би Бйг цохисон байж магадгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Баярхүү мэдүүлэхдээ: “...Бй, А бас өөр нэг залуу 3-уулаа нэг хүүхдийг дээрэлхээд байсан тэр хүүхэд нь газар суучихсан байсан. Тэгээд би утсаар яриад сууж байхдаа та нар жоохон байж хүн дээрлэхлээ болиоч гээд ярьсан хэвээрээ байж байтал нэг харсан над дээр Бй тулаад ирчихсэн чи намайг ахын дүү гэж дууддаг болсон уу пизда минь гэсэн. Тэгээд намайг босох гэхэд шууд жийгээд унагаасан. Эхлээд Бй миний нүүрлүү өшиглөсөн. Тэгээд хажууд нь 2 залуу буюу А бас өөр нэг хүүхэд нүүр цээжрүү тал талаас өшиглөсөн ...” гэжээ. /хх 11-15 хуу/

 

Гэрч Д.Билгүүндалай мэдүүлэхдээ: “би тамхи татаад зогсож байтал Бй шатан дээр сууж байсан залуу дээр очоод нүүрлүү 1 удаа өшиглөсөн, өшиглүүлсэн залуугийн гар утас газарт унаж байгаа харагдсан.

С гээд халзан толгойтой залуу Аын нүүрлүү алгадаад үсдээд цохиод байсан. Бй, Тэмүүлэн, А 3 л нөгөө талын хүмүүстэй зодолдоод байсан” гэжээ. /хх 32-33/

              

Хохирогч Ч.А мэдүүлэхдээ: “Баярхүүг Бй бид 2 зодож байхад Б гарч ирээд миний баруун нүдний орчим нэг удаа цохиод би зөрүүлээд Бы нүүрлүү цохьсон чинь хажуугаас С гэх залуу орж ирээд миний нүүрлүү хэд хэдэн удаа цохиод авахаар нь би зугтаасан чинь араас С хөөгөөд цамцны малгайнаас барьж аваад хавирч унагаад миний нүүрлүү 3-4 удаа өшиглөсөн. Манай найзын утас хаана байна гээд миний үснээс зулгаагаад явган хүний цементэн зам дээр чирээд явсан. Бы 1 удаагийн цохилтоос болж баруун нүдний дотор булангийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан бусад гэмтлийг С учруулсан” гэжээ. /хх 20-22/

 

Гэрч Б.Чагдар мэдүүлэхдээ: “...уг 3 залууг зугтаахад манай найз Б, С, Батжаргал нар араас нь хөөгөөд явсан, би Баярхүүгийн гар утсыг хайгаад баарны гадаа үлдсэн, утсыг нь хайж байгаад олдохгүй болохоор нь нөгөө хэдийн араас очтол А гэх залууг манай найз С, Б нар барьчихсан байсан, А хамар амнаас цус гарчихсан байсан. Манай найз нараас Б, С 2 уг гурван залуутай зодолдсон, Батжаргал бид 2 бол салгаад л яваад байсан.

...Баярхүү гурван залуутай зууралдаад муудалцаад байж байсан ба бид нарыг дөхөөд очиход нөгөө гурван залуу цаашаа зайгаа авсан...

...Б С хоёр нөгөө гурван залуутай харилцан зодолдоод байсан яг хэн нь хэнтэй хаана хаанаа цохилцоод байсныг нь анзаараагүй бужигналдаад байхад нь би Батжаргалтай нийлж салгасан юм...” гэжээ. /хх 26-27/

 

Гэрч Т.Тилеубек мэдүүлэхдээ: “..Баярхүү гадаа шатан дээр сууж байсан ба цаад талд нь гурван залуу хоорондоо маргалдаад зогсож байсан юм. Тэгээд Баярхүү та нар битгий маргалдаад бай л даа гэхэд нь нөгөө гурван залуу та ямар олон үгтэй юм бэ? дуугүй байлдаа гээд цагаан өнгийн футволктой залуу ирээд Баярхүүг сууж байхад нь цамцны захаас нь дээш татахаар нь би нөгөө хоёр залууд нь хандан наадахаа аваач гэсэн чинь нөгөө хоёроосоо арай том биетэй залуу нь нөгөө цагаан футволктой залуугаа цааш нь татахаар нь би зодоон гарч магадгүй юм байна гэж бодоод баарлуу ороход манай найз Б надтай зөрөөд баарнаас гарч таарсан ба би Бд Баярхүүг гадаа хүмүүстэй зодолдоод гэж хэлчихээд цаашаа яваад нөгөө хэдийгээ дуудаад дагуулаад гараад иртал Баярхүү Б хоёр нөгөө хэдэн залуутай харилцан зодолдож байсан...” гэжээ. /хх28-29/

 

Гэрч  О.Батжаргал мэдүүлэхдээ: “..намайг Быг салгаж авах үед Аын нүүрлүү С алгадаж байсан. Мөн зугтаахад нь С хойноос нь хөөж барьж аваад газар унагаад чирж байсан..

...Тилеубек над дээр ирээд гадаа Баярхүү зодуулаад байна гэж хэлэхээр нь би гадагшаа гартал Б гурван хүнтэй зодолдоод наад талд нь Баярхүү хамраас нь цус гарчихсан зогсож байсан ба намайг Баярхүү дээр яваад очтол Бтай зодолдож байсан залуучуудыг заагаад миний хамрыг хугалчихлаа миний утсыг авчихлаа гэсэн. Тэгээд би нөгөө хэдэн залуугаас Быг салгаж авч байхад С баарнаас гараад ирчихсэн Бтай зодолдож байсан. А гэх залууг барьж аваад нүүр лүү нь алгадаад байсан...” гэжээ. /хх 30-31/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9378 дугаартай дүгнэлт /хх 36/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9350 дугаартай дүгнэлт /хх 39/

Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 42-43/

Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 44-45/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б, Ч.А, Э.С, Б.Б нарыг 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кровн баарны орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэн тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдал, болсон үйл баримттай тохирохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл тухайн үед шүүгдэгч Л.Б нь Ч.Баярхүүтэй маргалдан түүнийг цохьсон ба Ч.Баярхүүгийн буцаан цохьсон үйлдлийг харсан шүүгдэгч Ч.Аын үйлдэл, мөн шүүгдэгч Э.С, Б.Б нар нь найз Ч.Баярхүүг өмөөрч Ч.Аыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй байна.

Мөн шүүгдэгч нарын бусдын эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн ба энэхүү үйлдлийн улмаас уг хуулийн тусгай ангийн гэмт хэргийн гол шинж болох “...эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан...” ямар нэг үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч нар тус тусын найз нарыг бусдад зодууллаа гэх сэдэлтийн улмаас харилцан зодолдсон үйлдэл гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогджээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтад дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Б, Ч.А нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кровн баарны орчим иргэн Ч.Баярхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.С, Б.Б нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кровн баарны орчим иргэн Ч.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Билгүүндалай /хх 32-33/, Б.Чагдар /хх 26-27/, Т.Тилеубек /хх28-29/, О.Батжаргал /хх 30-31/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9378 /хх 36/, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9350 дугаартай дүгнэлт /хх 39/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 42-43, 44-45/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, шалгавал зохих зүйл шалгагдсан тул шүүгдэгч Л.Б, Ч.А нарыг бүлэглэн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.С, Б.Б нарыг бүлэглэн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч  нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, шалтгааныг харгалзан шүүгдэгч Л.Б, Ч.А нарт нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.С, Б.Б нар нь торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.                                                                        

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Засгийнхан овогт Лувсанжамцын Бй, Их Монгол овогт Энхтүвшингийн С, Тайж овогт Батхүүгийн Б, Дархчууд овогт Чулуунбаатарын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Засгийнхан овогт Лувсанжамцын Бй, Дархчууд овогт Чулуунбаатарын А нарыг бүлэглэн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Их Монгол овогт Энхтүвшингийн С, Тайж овогт Батхүүгийн Б нарыг бүлэглэн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Засгийнхан овогт Лувсанжамцын Бйг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Дархчууд овогт Чулуунбаатарын Аыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Их Монгол овогт Энхтүвшингийн Сг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Тайж овогт Батхүүгийн Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ч.А нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С, Б.Б нар нь торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарын урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

 

                    

                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ