Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/821

 

 

 

 

 

 

    2024           07           16                                           2024/ДШМ/821        

 

 

Т.Н холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Я.Амарзаяа /томилолтоор/,

хохирогч Д.Б өмгөөлөгч Д.Туяа,

шүүгдэгч Т.Н  /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар, 

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч С.Аюушжав, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/532 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, Т.Н , түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Н холбогдох эрүүгийн 2406 00047 0100 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны ** дугаар сарын **-ны шөнө Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Налайхын зам дээр **** ДГС улсын дугаартай “Вольво” маркийн том оврын тээврийн хэрэгслийн бүхээг дотор тухайн автомашиныг жолоодож явсан Д.Б “танай ах хүн чанаргүй, хүн муутай, хүндээ” гэх шалтгаанаар маргалдаж Д.Б баруун гарын бугалга хэсэгт хутгаар хутгалж түүний эрүүл мэндэд баруун гарын бугалганы артери, вен, булчин болон бугалганы мэдрэлийн бүрэн тасрал бүхий хүнд гэмтлийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокуророос: Т.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Н 7 /долоон/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н оногдуулсан 7 /долоон/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н ийн цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н ээс 8,689,550 /найман сая зургаан зуун наян есөн мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б олгуулж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Н ээс 8.972.430 / найман сая есөн зуун далан хоёр мянган дөрвөн зуун гучин/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ****  дугаартай дансанд тушаахыг даалгаж, хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардал байвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн хураагдаж ирсэн ажлын хэсэг 9 см урттай, бариул хэсэг нь 12 см, нийт 21 см урттай бариул хэсэгтэй улаан өнгийн таван хошууны дүрс бүхий 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Т.Н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Н  гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж гэмшиж байгаа бөгөөд өөрийн буруутай үйлдэл гэм хор, алдаа дутагдлыг маш ихээр ухамсарлан ойлгож байна. Би хөгшин настай эхийн хамт амьдардаг бөгөөд ажил хийж гэр бүлийнхээ амьдралыг авч явдаг байсан. Би өөрийн ухамсаргүй алдаанаас болж хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учруулсандаа үнэн голоосоо харамсаж байна. Хохирогчоосоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн  төлж барагдуулна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 7 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. …” гэв.

  Шүүгдэгч Т.Н ийн өмгөөлөгч Д.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Т.Н  нь өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгаа билээ. Т.Н ийн ар гэрийн амьдралын хувьд настай эх нь үлдсэн бөгөөд өөр асарч хандах хүнгүй, Т.Н ийн асрамжид байдаг байсан. Т.Н  нь хувиараа хөдөлмөр эрхэлж, ар гэрийнхээ амьдралыг залгуулж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд хууль тогтоогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчлан тогтоохдоо “гэмт хэрэгт үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэж заасан. Шүүгдэгч Т.Н  нь анх удаа тохиолдлын чанартайгаар хэрэгт холбогдсон, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан бөгөөд эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдал, ар гэр амьдралын байдлыг харгалзан тал бүрээс нь үзэж шүүхээс оногдуулсан 7 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. …” гэв.

  Хохирогч Д.Б өмгөөлөгч Д.Туяа давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялын санкцтай. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Т.Н  нь хохирол, төлбөр төлөөгүй байсан. Мөн хохирогчийн зүгээс “уучлалт гуйсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж илэрхийлсэн. Учир нь, шүүгдэгч Т.Н  нь хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас эмнэлэгт 2-3 сар хэвтэн эмчлүүлсэн. Гэтэл энэ хугацаанд шүүгдэгч Т.Н  нь хохирогчтой огт холбогдоогүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Н ээс 8.689.550 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч Т.Н  нь хохирогчид 8.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, 689.550 төгрөгийг дутуу төлсөн байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлсөн баримт байхгүй байна. Иймд хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Хохирогч Д.Б нь 24.000.000 төгрөгөөр хагалгаанд орох шаардлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар сувилалд хэвтэж байгаа. Одоо хүртэл хохирогчийн гар бүрэн эдгээгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд нийцсэн гэж үзэж байна. ...” гэв.

  Прокурор Я.Амарзаяа давж заалдах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Н  нь тухайн үйлдлээ хууль бус шинжтэй үйлдэл болохыг мэдсээр байж хүсэж үйлдэж, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Т.Н 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Н холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Т.Н , түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

  Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

  Шүүгдэгч Т.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны ** дугаар сарын **-ны шөнө Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Налайхын зам дээр **** ДГС улсын дугаартай “Вольво” маркийн том оврын тээврийн хэрэгслийн бүхээг дотор тухайн автомашиныг жолоодож явсан Д.Б “танай ах хүн чанаргүй, хүн муутай, хүндээ” гэх шалтгаанаар маргалдаж Д.Б баруун гарын бугалга хэсэгт хутгаар хутгалж түүний эрүүл мэндэд баруун гарын бугалганы артери, вен, булчин болон бугалганы мэдрэлийн бүрэн тасрал бүхий хүнд гэмтлийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

20** оны ** дугаар сарын **-ны өдрийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 3/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 4/, 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн мэдээлэл /1хх 6-11/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн дугаар 383 шинжээчийн дүгнэлт /1хх 30-31/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн дугаар дугаар 02116 шинжээчийн дүгнэлт /1хх 38-39/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн дугаар 468 шинжээчийн дүгнэлт /1хх 50-52/, Д.Б Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1хх 144-203, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн дугаар 196 шинжээчийн дүгнэлт /1хх 240-242, 2хх 17-19/,

хохирогч Д.Б “...машинд Н бид 2-оос өөр хүн байгаагүй, ...ганцаараа архи уугаад явж байсан ба утсаар хүмүүстэй маргалдаж байсан, ...гэнэт барьж явсан хутгаа далайхаар нь баруун гараараа хаасан, тэгээд намайг нэг удаа хутгалсан, ...би машинаа зогсоогоод цагдаа дуудсан, ...одоо миний баруун гар мэдээ орохгүй, ажиллахгүй байгаа, ...би сардаа 3.000.000 төгрөгийн ашиг олдог ба ажилгүй байсан хугацааны орлогоо нэхэмжилнэ, ...би гомдолтой байна. ...” /1хх 16-17/,

  сэжигтэн Т.Н ийн “...миний уур хүрээд цүнхэнд байсан хутгаа гаргаж ирээд Б баруун гарын шуу хэсэгт нь нэг удаа хутгалсан, ...Б“чи намайг хутгалчихлаа ш дээ” гээд машинаас буусан, ...машинаас буугаад газарт уначихсан, ...би сандарсандаа цагдаа дуудсан, ...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” /1хх 19-20,

  хохирогч Д.Б “...би 2, 914, 915 төгрөгийн баримт гаргаж өгсөн, ...цаашдаа гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, ...би сардаа 9.000.000 төгрөг олдог, ...ажилгүй байсан хугацааны орлогоо нэхэмжилж байна. ...” /1хх 27/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Н ийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн ба түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

  Шүүгдэгч Т.Н  “...Би өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж гэмшиж байгаа бөгөөд өөрийн буруутай үйлдэл гэм хор, алдаа дутагдлыг маш ихээр ухамсарлан ойлгож байна. ...Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн  төлж барагдуулна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 7 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар “...Т.Н  нь өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгаа. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар Т.Н ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, ар гэр амьдралын байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 7 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан ба шүүгдэгч Т.Н  нь 20** оны ** дугаар сарын **-ны өдөр хохирогч Д.Б д 8,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн баримтыг гомдолд хавсарган ирүүлжээ.

  Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

  Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Н 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/532 дугаар шийтгэх тогтоолоор Т.Н ээс 8.689.550 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б д, 8,972,430 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэжээ.

  Шүүгдэгч нь дээрх хохирол төлбөрөөс хохирогчид 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 8.000.000 төгрөгийг төлж, 689.550 төгрөгийн хохирол төлбөрийн үлдэгдэлтэй ба иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох 8.689.550 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй болон түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Т.Н  болон түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

  Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дэх зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж хуульчилсан боловч энэ нь давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон зохицуулалт юм.

  Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/532 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н , түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.  

Мөн шүүгдэгч Т.Н  нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/532 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 67 /жаран долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/532 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н  болон түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Т.Н ийг хохирогч Д.Б д 8.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н ийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                        ШҮҮГЧ                                   М.АЛДАР

 

                                        ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ