Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 485

 

                                               

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Хохирогч Б.Э,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Ганцэцэг,

Шүүгдэгч М.Эн,

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөхөм овогт Манлайбаатарын М, Буурал богд овогт Нямсүрэнгийн Э нарт холбогдох эрүүгийн 1805008260388 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Билэгт салонд ажилладаг, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 4-26 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дөхөм овогт Манлайбаатарын М /РД: /,

 

Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Гааль татварын байцаагч мэргэжилтэй, Гандан тэгчлэн хийдэд бичээчээр ажилладаг, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 2-14 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Буурал богд овогт Нямсүрэнгийн Э /РД: /

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.М нь бусадтай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны гадаа иргэн Б.Эг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны гадаа иргэн Б.Эг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө бид тавуулаа Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд орсон. Удалгүй тайзны орчим найз Энхбаясгаланг хүмүүс зодолдож байсан. Тэгээд хамгаалагч нар бид нарыг гаргасан ба араас Эг найз нарынх нь хамт гаргасан. Э Мтай маргалдаад дайраад байсан. Араас улаан малгайтай залуу гарч ирээд Энхбаясгалан руу дайрахаар нь бид салгасан ба хамгаалагч нар нь гарч ирээд боль яв гэхээр нь бид нар явж байхад араас Эгийн найз нар нь ирээд манай найз охины толгой хагарсан гээд цагдаад дуудсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ажлын газрын Даваадулам бид хоёр уулзаад найз Э Энхбаясгалан нарыг дуудаад Наранчимэг нарын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд орсон. Тэгтэл удалгүй зодоон болоод бид нарыг баарнаас гаргасан. Тэгээд гадаа хохирогч Э намайг доромжлоод байхаар нь бид хоёр маргалдсан. Улаан малгайтай залуутай Энхбаясгалан маргалдсан. Би хохирогч Эг маргалдаж байгаад нүүрэн тус газар нь өшиглөсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “2018 оны 2 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө нөхөр Нанзаддоржийн хамт караокед сууж байхад улаан малгайтай гэх Маргад-Эрдэнэ дуудсан. Тэгээд бид хоёр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд ирсэн. Наранчимэг Малчинбаяр нөхөрийн хамт бүжиглэж байтал Энхбаясгалан гэх зауу нь Наранчимэгийг өдөөд байсан. Тэгээд Энхбаясгалан маргалдаж байхад Малчинбаярыг шууд цохиод зодоон болсон ба намайг салгаж байхад Э нь ирээд учрыг нь ойлгоогүй байж  над руу дайраад байсан. Э ирээд үснээс зулгаасан. Тэр үед хамгаалагч нар бид нарыг бүгдийг гаргасан. Гадаа Э дахин үсдээд доошоо дарах үед дух руу хэн нэг нь өшиглөх шиг болсон. Тэгээд цагдаа түргэн дуудсан. Эмчилгээний төлбөр 200,000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “...би 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 01 цагийн үед өөрийн нөхөр Нанзаддорж түүний найз Маргад-Эрдэнэ, Батзолбоо, Мачинбаяр, Наранчимэг, Оюунаа нартай хамт модны 2-н “+25” бааранд орж 0,5 литрийн 1 шил архи, ундаа ус авч уусан. .. тэгээд бид нар ширээндээ суух гээд би хажууд нь зогсож байхад араас нөгөө маргалдаж байсан өндөр эмэгтэй нь үсдэж татсан. Тэгэхэд баарны хамгаалагч нар болон манай найзууд ирж салгасан. Тэгээд бид нарыг хамгаалагч нар гарцгаа гээд хөөгөөд гаргасан. Бид нар үүдэнд зогсож байтал нөгөө эмэгтэй дахиж ирээд намайг үсдэж доошоо дарсан үед миний нүүр лүү нэг юмаар цохих шиг болсон. ..Гэмтлийн эмнэлэг орж духандаа 7,8 оёдол хийлгэсэн.. би тухайн үед өндөр эмэгтэйд нь үсдүүлээд доошоо даруулсан байсан болохоор хэн юугаар цохисныг нь харж чадаагүй. Харин хажууд байсан баарны хамгаалагч залуу манай нөхрийн найз Батзолбоо 2 хараад салгасан. Тэд нар хэлэхдээ үсээ шууж боосон намхан эмэгтэй нь доошоо тонгойсон байхад хөлөөрөө 1 удаа өшиглөсөн гэж хэлсэн. Би духандаа 7,8 оёдол тавиулж, хамар хэсэгтээ арьс зулгарч сорвитой болсон. Уг эмчилгээний зардал хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Хохирлын мөнгөө нэхэмжилж байна..” гэжээ. /хх 6-7, 14-15 хуу/

 

Гэрч Э.Маргад-Эрдэнэ мэдүүлэхдээ: “би тэгэхэд тэнд байсан нэг залуутай юм яриад хэрэлдээд зогсож байхад манай найз Заяагийн толгой хагалчихлаа наадуулаа битгий явуулаарай гэсэн.. баарны гадаа манай найзууд Заяаг цагаан куртиктэй эмэгтэй нь үсдэж байхад хажуунаас нь хар куртиктэй эмэгтэй нь өшиглөсөн гэж хэлсэн. Тухайн үед хажууд нь Батзолбоо хараад зогсож байсан гэсэн ..” гэжээ. /хх 25-26/

              

Гэрч Б.Батзолбоо мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 02 дугаар сарын 05-ний өдөр 21 цагийн үед гэртээ байхад манай найз Малчинбаяр өөрийн эхнэр Наранчимэгийн хамт ирээд төрсөн өдөр болж байна найзуудаараа гарья гээд хамт гарсан. ...тэгээд тэндээсээ гараад модны 2-н “+25” бааранд орж бүжиглэж байгаад 1 шил 0,5 литрийн Хар Чингис, 2 цэвэр устай захиалж аваад уусан. ...Тэгэхэд манай найз Наранчимэг, Э 2 түрүүлж гарсан чинь цаана нь зогсож байсан нөгөө залуутай хамт явж байсан саарал хувцастай богино үстэй эмэгтэй нь Эг үснээс нь зулгаагаад цааш нь чирээд аваад явсан. Тэгэхэд Наранчимэг араас нь салгах гээд очиход баарны хамгаалагч Наранчимэг 2-н голоор үсээ дээрээ боосон хар хувцастай эмэгтэй нь Эгийн нүүрлүү 1 удаа өшиглөж харагдсан. Тэгээд бид нар хамгаалагчийг түлхээд гадаа гарахад Эгийн духнаас цус гарч байсан. Тэгээд би 102 луу залгаж дуудлага өгсөн. Тэгэхэд нөгөө залуучууд 2 эмэгтэйгээ аваад явах гээд байхаар нь бид нар хориглож байгаад явуулаагүй үлдээсэн. Тэгээд удалгүй цагдаа түргэн тусламж ирээд Эг түргэн авч яваад, нэг залууг 2 эмэгтэйн хамт цагдаа нар аваад явсан...” гэжээ. /хх 31-32/

 

Гэрч Б.Нанзаддорж мэдүүлэхдээ: “...тэр залуутай манай Малчинбаяр муудалцаад зогсож байхад нэг эмэгтэй ирээд манай эхнэр Эг үсдээд татсан. Тэгээд би очоод салгасан. Тэгэхэд баарны хамгаалагч нар бид нарыг хөөгөөд гар гэхээр нь би хувцасаа аваад гартал манай эхнэрийг нөгөө эмэгтэй баарны гадаа үсдээд зогсож байсан. Тэгээд би очоод салгах гээд зогсож байтал хажуунаас нь бас нэг эмэгтэй ирээд манай эхнэрийн нүүр лүү нь өшиглөсөн. Тэгээд салгахад манай эхнэрийн духнаас цус гараад байсан. Тэгээд манай найз нар цагдаа түргэн тусламж дуудсан...” гэжээ. /хх 38-39/

 

Гэрч А.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “ ...Э гэх эмэгтэйтэй уулзаж болсон явдлыг асуухад хамт байсан эрэгтэй нь гадаа байгаа хар куртиктэй, саарал куртиктэй 2 эмэгтэй үсдэж байгаад толгойруу өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд бид 2 тэнд байсан М, Э гэх 2 эмэгтэйг машиндаа суулгачаад би дотогш баарлуу орж хяналтын камерыг шүүж үзэхэд баарны үүдэнд хэсэг хүмүүс зодолдож бужигнаж байгаа бичлэг дээр өндөр хар куртиктэй эмэгтэй нь нэг эмэгтэйг үсдээд чирээд явж байгаа бүдэг бичлэг байсан. Тэгээд би уг 2 эмэгтэйг Төмөр зам дахь саатуулах байранд хүлээлгэж өгөхөд Э гэгчийн согтолтийн хэмжээ 1,10% -тай, нөгөө эмэгтэй нь бас 1,08%-н согтолттой байсан. Тэгээд саатуулах байранд хүлээлгэж өгсөн.. уг хоёр эмэгтэйн өндөр нь буюу Э нь хар богино куртиктэй, хар өмдтэй өндөр өсгийтэй урт түрүүтэй гуталтай байсан, нөгөө эмэгтэй М гэгч нь урт саарал куртиктэй, доогуураа ботинкон гуталтай  харагдсан... дараа нь хар куртиктэй эмэгтэй нь би өшиглөсөн юм байна гэж хэлж байсан...“ гэжээ. /хх 44-45/

 

Гэрч  А.Давааням мэдүүлэхдээ: “..би 2018 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Модны 2-н “+25” бааранд хамгаалагчаар бааран дотор ажиллаж байсан. Тэгэхэд шөнө 02:30 минутын үед үүдний 2 ширээний хүмүүс хоорондоо муудалцаад эмэгтэйчүүд нь хоорондоо үсдэлцсэн. Тэгэхэд баарны хамгаалагч нартайгаа хамтран уг хүмүүсийг салгаад үүдрүү бүгдийг нь гаргахад үүдний хаалган дээр уг хүмүүс бие биенийгээ хэл амаар доромжлоод хараагаад хэрэлдээд байсан. Тэгээд тэнд байсан нэг эмэгтэй гадуураа хар куртиктэй эмэгтэй үсдээд толгойг нь доош нь дарсан байсан. Тэгэхэд би очоод уг эмэгтэйг салгах гээд очтол хажуу талаас саарал куртиктэй, хар элгэн гуталтай хамт явж байсан эмэгтэй нь толгойруу нь өшиглөсөн. Тэгэхэд би тэр өшиглөсөн эмэгтэйг боль гээд цааш нь түлхэхэд нөгөө үсдэж байсан эмэгтэй нь найзыгаа авсан. Тэгээд бид нар бүгдийг нь салгаад баарны үүднээс холдуулсан. Тэгэхэд нөгөө өшиглүүлсэн эмэгтэйгийн толгойноос цус гарсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэнд байсан 2 эмэгтэйг, 1 залуугийн хамт аваад явсан. Тэгэхэд 103 бас ирээд толгойгоо хагалуулсан эмэгтэйг аваад явсан ...” гэжээ. /хх 46-47/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2321 дугаартай дүгнэлт: “1.Б.Эгийн биед духанд шарх, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 54/

 

Компьютерт томографийн шинжилгээ /хх 55,56/

120,000 төгрөгийн хохирлын баримт /хх 57/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 84, 85/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 88, 89,90/

Шүүгдэгч Н.Эгын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх91-96/

Шүүгдэгч М.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх97-100/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.М, Н.Э нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны гадаа иргэн Б.Эг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эгийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Эгийн мөрдөн байцаалт /хх 6-7, 14-15/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Э.Маргад-Эрдэнэ /хх 25-26/, Б.Батзолбоо /хх 31-32/, Б.Нанзаддорж /хх 38-39/, А.Мөнх-Эрдэнэ /хх 44-45/, А.Давааням /хх 46-47/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2321 дугаартай дүгнэлт /хх 54/, компьютерт томографийн шинжилгээ /хх 55, 56/, 120,000 төгрөгийн хохирлын баримт /хх 57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 84, 85/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 88, 89, 90/, шүүгдэгч Н.Эгын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх91-96/, шүүгдэгч М.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх97-100/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э “хохирогч Б.Эг зодоогүй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт оролцоогүй” гэх боловч барны хамгаалагч гэрч А.Даваанямын  “..би 2018 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Модны 2-н “+25” бааранд хамгаалагчаар бааран дотор ажиллаж байсан. Тэгэхэд шөнө 02:30 минутын үед үүдний 2 ширээний хүмүүс хоорондоо муудалцаад эмэгтэйчүүд нь хоорондоо үсдэлцсэн. Тэгэхэд баарны хамгаалагч нартайгаа хамтран уг хүмүүсийг салгаад үүдрүү бүгдийг нь гаргахад үүдний хаалган дээр уг хүмүүс бие биенийгээ хэл амаар доромжлоод хараагаад хэрэлдээд байсан. Тэгээд тэнд байсан нэг эмэгтэй гадуураа хар куртиктэй эмэгтэй үсдээд толгойг нь доош нь дарсан байсан. Тэгэхэд би очоод уг эмэгтэйг салгах гээд очтол хажуу талаас саарал куртиктэй, хар элгэн гуталтай хамт явж байсан эмэгтэй нь толгойруу нь өшиглөсөн. Тэгэхэд би тэр өшиглөсөн эмэгтэйг боль гээд цааш нь түлхэхэд нөгөө үсдэж байсан эмэгтэй нь найзыгаа авсан. Тэгээд бид нар бүгдийг нь салгаад баарны үүднээс холдуулсан. Тэгэхэд нөгөө өшиглүүлсэн эмэгтэйгийн толгойноос цус гарсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэнд байсан 2 эмэгтэйг, 1 залуугийн хамт аваад явсан. Тэгэхэд 103 бас ирээд толгойгоо хагалуулсан эмэгтэйг аваад явсан ...” /хх 46-47/ гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нар бүлэглэн бусдын биед хөнгөн хохирол учруулсан нь нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.М, Н.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.М, Н.Э нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.М үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээж байгаа байдлыг харгалзан ялгамжтай оногдуулах, хохирогчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч М.М, Н.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах, хохирогч Б.Эгийн эмчилгээний төлбөр баримтаар 173,350 төгрөг болсон ба уг төлбөрийг шүүгдэгч М.М, Н.Э нараас хуваан гаргуулан хохирогчид олгуулахаар тус тус шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дөхөм овогт Манлайбаатарын М, Буурал богд овогт Нямсүрэнгийн Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дөхөм овогт Манлайбаатарын Мыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар,

Буурал богд овогт Нямсүрэнгийн Эг 850 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 850.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.М, Н.Э нарыг хохирогчийн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлангийн арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож энэ хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Н.Э нар нь торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч М.М, Н.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Маас 86675 төгрөг, Н.Эас 86675 төгрөг тус тус гаргуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо бага тойруу гудамж 6 байр 71 тоотод оршин суух Мянгатан овогт Баатархүүгийн Эд /РД:НИ96101301/ олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг сануулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.М, Н.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ