Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00466

 

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00466

 

МАГАДЛАЛ

2022.03.

 

Г.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/02400 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ж-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө Х- ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 796,342,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагчийн төлөөлөгч П.Амартүвшин, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Г.Ж- 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ш.нгаас газар худалдах, худалдан авах гэрээний дагуу ......дүүргийн 1 хороо, Ойн-3 гудамжны 221 тоот хаягт байрлах 581 м.кв талбай газрыг, мөн гудамжны 220 тоот хаягт байрлах 617 м.кв талбайтай газрыг тус тус худалдан авч газар өмчлөх эрхийн 000130051, 000130052 дугаар гэрчилгээг авсан. ш.н уг газарт барилга барих зөвшөөрлийг авсан байсан нь газар өмчлөх эрхийн хамт шилжин бүртгэгдсэн. Тус зөвшөөрлийн дагуу 12 давхар орон сууцны зориулалттай барилга барихаар төлөвлөгдсөн байсан бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2013/47 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож улмаар холбогдох техникийн нөхцөлүүдийг авсан. Г.Ж- барилгын хэмжээг багасган 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 467 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан. Үүний дараа 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 400/2014 дугаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авч сунгалт хийлгэн барилгын ажлаа гүйцэтгэсэн. Барилгын ажил эхлүүлэх үеэс Ө Х- ХХК-ийн зүгээс ажлыг саатуулах, зогсоолгох, өмчлөх эрх бүхий газартаа нэвтрэх эрхийг хязгаарлах зэргээр хууль бус үйлдлийг гаргаж байсан.

Ө Х- ХХК нь Г.Ж-ийн өмчлөлийн газрыг өөрийн эзэмшлийн газартай давхацсан гэх үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж уг маргаан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улсын дээд шүүхийн 442 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж Ө Х- ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тус компанийн нэхэмжлэлийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд Барилга хүлээн авах улсын комисс ажиллахаас татгалзаж 1 жил гаруй хугацаанд ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Барьсан орон сууцыг бусдад худалдан борлуулах боломжгүй болсон бөгөөд 1 м.кв талбайн үнэ 1,000,000 төгрөгөөр буурсан.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан барилгын ажил зогсоолгох талаар нэхэмжлэл гаргаж шүүхээс захирамж гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр барилгын ажлаа зогсоож шүүгчийн захирамжийг биелүүлэх талаар шаардлага хүргүүлж байсан. Уг захирамжид миний зүгээс гомдол гаргаж хууль бус болохыг тогтоолгон захирамжийг хүчингүй болгуулсан. Ө Х- ХХК нь 2014 оны 05 дугаар сараас эхлэн орох замыг хууль бусаар хаах, зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам дээр хязгаарлах, төмөр шон зоож өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан.

Ө Х- ХХК-ийн үйлдлээс болж ихээхэн хэмжээний хохирол учирсан. Үүнд:

1. Барилгын газар шорооны ажил эхлэх үөд нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар хааснаас болж суурийн шороо ачих том оврын автомашин ажлаа хийж чадалгүй сул зогсож, газар ухаж байсан эксковатор хашаанд түгжигдэн сул зогсож улмаар нийт 27,280,000 төгрөгийн хохирол учирсан.

2. Барилгын ажилтай холбоотой бараа материалыг шууд нэвтрүүлэх боломжгүй болгон саатуулснаас барилгад ашиглах материалыг бэлтгэхийн тулд бусдын эзэмшлийн талбайг түрээслэх, тээвэр хийх, материал зөөх тэрэг худалдан авах зэргээр нийт 119,820,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан.

3. Барилгын ажлыг гүйцэтгэх кран Ө Х- ХХК-ийн хууль бус үйлдлээс болж нэвтрэх боломжгүй болж подем ажиллуулж нийт 32,760,000 төгрөгийн зардал гарсан.

4. Барилга угсралтын ажил удааширч нэмэлт ажиллах хүч авах шаардлага үүсч 9 сарын хугацаанд нэмж ажилтан авч ажиллуулсны улмаас тэдэнд төлсөн ажлын хөлс 6,452,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан. Мөн барилгын бараа материал хадгалалт хамгаалалтыг нэмэгдүүлэх үүднээс нэмэлтээр харуул, хамгаалалтын ажилтан авч нийт 9,000,000 төгрөгийн хөлс төлсөн.

5. Бест чойс ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж цемент авсан бөгөөд төлбөрт барьж буй орон сууцнаас өгөхөөр тохиролцож 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон. Тус компани нь хугацаандаа цементээ нийлүүлсэн боловч Ө Х- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс шалтгаалан хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулж чадаагүй. Бест чойс ХХК-аас Г.Ж-т албан шаардлага ирүүлсэн бөгөөд дээрх хугацаанд орон сууцны м.кв-ын үнэ 2,500,000 төгрөг болсон. Бест чойс ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулж орон сууцны 1 м.кв талбайн үнийг 2,500,000 төгрөг болгон бууруулж өгөхөөр тохиролцсон. Үүний зөрүүд 74,400,000 төгрөгийн шууд хохирол учирсан.

6. Хөтөл тэлмэн ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр арилжааны гэрээ байгуулж 631,990,000 төгрөгийн бетон зуурмаг авахаар тохиролцож төлбөрт орон сууц өгөхөөр тохиролцсон. Гэтэл орон сууцыг хугацаанд ашиглалтад өгч чадаагүйн улмаас 1 м.кв 3,500,000 төгрөгийн үнэтэй байрыг 2,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцож 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулсан. Үүний зөрүүд надад 180,560,000 төгрөгийн шууд хохирол учирсан.

Дээрх зардлуудаас зарим нэгэн барилгын ажлын явцад зайлшгүй гарах байсныг хасаж тооцвол, эксковатор, ховр машин сул зогсолт, сул явалт 27,280,000 төгрөг, нэмэлт тээвэр болон түрээсийн зардал 119,820,000 төгрөгөөс бодит гарах зардал 9,000,000 төгрөгийг хасч 110,820,000 төгрөг, подем ажиллуулах 32,760,000 төгрөгөөс бодит гарах зардал 19,500,000 төгрөгийг хасч 13,260,000 төгрөг, туслах ажилчдын хөлс, 1 харуул хамгаалалтын хөлс 176,452,000 төгрөгөөс бодит гарах зардал 28,800,000 төгрөгийг хасч 47,652,000 төгрөг, Бейст чойс ХХК-ийн нэмэлт төлбөр 74,000,000 төгрөг, Хөтөл тэлмэн ХХК-ийн нэмэлт төлбөр 180,560,000 төгрөг, нийт 453,972,000 төгрөг болно.

2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Буяндэлгэрэх цамхаг ХХК-тай барилгын гадна фасадны ажил гүйцэх бараа материал нийлүүлэх гэрээг байгуулж тус компани барилгын гадна фасадны материал нийлүүлж, фасадны ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд Г.Ж-ийн зүгээс ажлын хөлс болон материалын үнэд нийт 166,250,000 төгрөгт 47.5 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ын үнийг 3,500,000 төгрөг тооцож өгөхөөр,

Г.Ж- нь Алтайн гуулин констракшн ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр цонхны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу 166,250,000 төгрөгийн ажил хийлгэж миний зүгээс 47.5 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ын үнийг 3,500,000 төгрөг тооцож өгөхөөр,

Мөн Тул-Эрд ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хаалга нийлүүлж угсарч суурилуулах ажлын гэрээг байгуулсан бөгөөд нийт 191,205,000 төгрөгийн хаалга нийлүүлж суурилуулахаар тохирч төлбөрт 54,63 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр,

Эн ти эм ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр салхивч агааржуулалтын ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулж 125,370,000 төгрөгийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ авахаар болсон. Гэрээний төлбөрт 35,82 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр,

Гейт сөрвис провайдер ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр цахилгаан холбоо дохиоллын бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 291,620,000 төгрөгийн төлбөрт 2 орон сууцыг өгөхөөр,

Гейт сервис провайдер ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сантехникийн бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 260,400,000 төгрөгийн төлбөрт 2 ширхэг орон сууцыг өгөхөөр тус тус тохиролцсон боловч Ө Х- ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас хугацаандаа барилгаа ашиглалтад оруулж шилжүүлэн өгч чадаагүй болно.

Барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс гадна фасадны ажилд нэмж 43,700,000 төгрөг, цонхны ажилд нэмж 47,500,000 төгрөг, хаалганы ажилд нэмж 54,630,000 төгрөг, салхивчид нэмж 35,820,000 төгрөг, цахилгааны ажилд нэмж 83,320,000 төгрөг, сантехникийн ажлын хөлсөнд нэмж 74,400,000 төгрөг, нийт 339,370,000 төгрөг төлсөн. Иймд Ө Х- ХХК-аас 793,342,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Г.Ж- нь 2014 онд Ө Х- ХХК-ийн газар руу барилгын сууриа оруулан барьж эхэлсэн. Ө Х- ХХК-ийн барилгын ажил явагдаж нэг блок барилга баригдаж дууссан байсан. Манай эзэмшлийн талбай руу оруулж барилга барьж байгаа талаар хэлж, барилгын ажлаа өөрсдийн эзэмшлийн газраа барихыг шаардаж байсан боловч хүлээж аваагүй учраас өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хууль бус үйлдэл хийсэн гэж үзэхгүй. Мөн хууль бус үндэслэлээр шаардлага гаргасан бол Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хууль бус шаардлагыг хүлээн авч шийдвэрлэхгүй байсан. Мөн Г.Ж-ийн барьж буй барилгын ажлыг зогсоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж шүүхээс захирамж гаргасан боловч Г.Ж- гомдол гаргаж тухайн захирамж хүчингүй болж хэрэгжээгүй тул барилгын ажилд саад болж, хохирол учруулаагүй.

Мөн манай компани хуулийн дагуу холбогдох байгууллагуудад хандан зөвшөөрлийн үндсэн дээр тэмдэг, тэмдэглэгээ тавиулсан бөгөөд Г.Ж-ийн барилгын ажилд саад учруулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Манай эзэмшил газрын зүүн талд буюу Олимпын гудамжны 50 дугаар байрны баруун талд Г.Ж- нэгж талбарын 18644310126361 дугаартай газар болон нэгж талбарын 18644310125325 дугаартай газруудыг өмчилж авсан. Г.Ж- нь 2014 оноос уг газар дээр 15 давхар барилга барьж уг барилга ашиглалтад орсон. Анх Г.Ж-т барилгын суурь, зоорь, 1 давхрын угсралтын ажил хийж байхад манай эзэмшлийн нэгж талбарын 11844310102377 дугаартай, 18644310106340 дугаартай газруудтай нийт 6.35 м.кв /баруун хойд хэсгээрээ 0.25м, дунд хэсгээрээ 0.23м, баруун урд хэсгээрээ 0.22м/ хэмжээгээр бусдын эзэмшил газар руу давж зөрчсөн болохыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/173 дугаар албан бичиг, мөн газрын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1/347 дугаар албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 02-03/3742 дугаар албан бичиг, Ширээгийн шугуй недра ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14/10 дугаартай кадастрын хэмжилт хийсэн акт, Геоид ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сард хийсэн 1:500-ны маштабтай байр зүйн зураг зэргээр тогтоосон бөгөөд уг зөрчлөө арилгахыг удаа дараа шаардсан боловч манай компанийн газар эзэмших эрхийг зөрчин 15 давхар барилга барихдаа Ө Х- ХХК-ийн эзэмшил газрын хил хязгаарын бэхлэгдсэн цэг болох хашааг эвдэн манай газар дээр давуулан барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хөрш хил залгаа газар эзэмшигч, эд хөрөнгө өмчлөгч Ө Х- ХХК-тай зөвшилцөөгүй. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02.07.84/178 дугаар актаар Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ны 1.6, НИТХ-ын 2014.04.10-ны 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 8 1.16-г зөрчсөн тул зөрчлийг арилгаж, норм дүрэмд нийцүүлж хангахыг шаардсан боловч зөрчлийг арилгаагүй. Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 8/2685 дугаар албан бичигт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн Г.Ж-ийн орон сууцны барилгатай холбоотой зөрчил, дутагдал, барилгын холбогдох, норм дүрмийг зөрчсөн болохыг удаа дараагийн шалгалтаар тогтоож, холбогдох улсын байцаагчийн акт, дүгнэлт гаргаж байсныг дурдаж Ө Х- ХХК-ийн эд хөрөнгө, иргэдийн амь насанд аюул учруулж болох эрсдэлийг бий болгож байгаа талаар тусгасан. Иймд Г.Ж-өөс манай газар дээр баригдсан барилгын үнэлгээгээр учирсан гэм хорын хохирлыг арилгуулна. Үнэлгээг Г.Ж-ийн барьсан барилгыг хэмжээгээр нь тооцвол, талбайн зөрүү 6,279.6м.кв-6,171.54 м.кв=108.06 м.кв, 108.06 м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр тооцож 270,150,000 төгрөгийн үнэ бүхий барилгыг илүү барьж барилгын дотор талбайн архитектур орон зайн төлөвлөлтийг хийж Ө Х- ХХК-ийн эзэмшил газар дээр оруулж барьсан барилгаас ашиг олж манай компанийг хохироосон тул хохиролд 270,150,000 төгрөгийг гаргуулна.

3.2. Г.Ж-ийн барьсан барилга хоорондын зай хэмжээний зөрчилтэй 15 давхар орон сууцны барилгаас 2015 оны 08 дугаар сарын 16-ны шөнийн 02-03 цагийн үед барилгын Фасадны дулаалгын хөөсөнцөр нь шавардлагатайгаа хийсч, 3 давхар шил нь хагарсан учраас 2,684 x 3= 8,052 м.кв талбайтай шилний үнэ 523,380 төгрөгийг гаргуулна.

3.3. Г.Ж-ийн барилга баригдсанаар манай компани барилгын ажлаа хэвийн явуулах, туслан гүйцэтгэгч бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хамтрагч байгууллагуудын ажлыг саатуулах зэргээр, шударгаар эд хөрөнгө бий болгон өмчлөх, үр шимийг нь хүртэх зарах болон хуулиар олгогдсон бидний эрх ашгийг зөрчсөн. Бама пундам ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрүүдийн барилгын дотор цахилгаан холбооны ажил гүйцэтгэх гэрээг байгуулж төлбөрийг бэлэн төлж байгаад гэрээний төлбөрийн үлдэгдэл төлбөрт орон сууцнаас өгөхөөр тохиролцож 107,88 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 331,731,000 төгрөгт бартер тохирон 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 122-14 дугаар бүхий албан хүсэлт ирүүлж бартерын гэрээг цуцалж ажлын хөлсийг барагдуулахыг шаардсан тул 331,683,000 төгрөгт илүү том буюу 142,1 м.кв орон сууц өгсөн. Манай компани аргагүй байдалд орж 34,22 м.кв (1 м.кв х 2,687,500 төгрөг) 91,966,250 төгрөгөөр хохирсон.

3.4. Уярал трейд ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Шилэн хийц, хуванцар цонх, тагтны шилэн хийцийн ажил гүйцэтгэж, материалаа нийлүүлж, төлбөрт нь орон сууцнаас өгөхөөр тохиролцож 142,1 м.кв талбайтай сууцыг 612,000,000 төгрөгөөр бартерлахаар тохиролцож гэрээ байгуулсан боловч 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Уярал трейд ХХК-аас өглөөний нар үзэхгүй, өндөр барилга баригдаж эхэлсэнтэй холбоотой бартерласан орон сууцыг борлуулах боломжгүй болж бартерын гэрээг цуцлах хүсэлт гаргаж, бид ажлаа явуулахад хүндрэлтэй болсон тул 142,1м.кв-ыг 176.6 м.кв орон сууцаар сольж, 34,5 м.кв (1 м.кв х 3,834,500 төгрөг/ 132,290,250 төгрөгөөр хохирсон.

3.5. Эс Ти Эй ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх 2 гэрээ хийж 2 гэрээний үнэд тус тусад нь 2 байр өгөхөөр тохиролцсон 107,88 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв үнийг 3,200,000 төгрөгөөр тооцож нийт 345,216,000 төгрөг, 130,54 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв үнийг 3,200,000 төгрөгөөр тооцож нийт 433,088,000 төгрөгөөр тус тус тохирсон. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус компанийн захирал ... хажуудаа ийм ойрхон барилгатай, хохиролтой байна... гээд гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Бартерын 2 орон сууцны 1 м.кв-ын үнийг 2,100,000 төгрөгөөр тооцохоос өөр аргагүй болж хохирсон. 107,88 м.кв орон сууцны үнийн зөрүүд 118,668,000 төгрөг, 130,54 м.кв байрны үнийн зөрүү 148,874,000 төгрөг, нийт 267,542,000 төгрөгөөр хохирсон.

3.6 Г.Ж- нь 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө ажилчид болон хөлсний бөхчүүдээ зохион байгуулалттайгаар авчирч танхайрч, манай барилгын бетон зуурмагийг манай хашаа руу оруулахгүй болгож, цутгалтын ажлыг саатуулсны улмаас зуурмагийн зөөгч машинууд асаалттай удаан хугацаанд зогсож, 27 машинтай бетон зуурмаг ашиглах боломжгүй болж, буцаагдсан, үйлдвэр дээр хий ажилласан, бид төлсөн хохирсон, 34,000,000 төгрөгөөр хохирсон.

Иймд Ө Х- ХХК-д дээрх байдлаар бодитоор учирсан хохирол 796,471,880 төгрөгийг Г.Ж-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Г.Ж- нь 50 дугаар байрны гараашийн үүдэнд барилгын орц нь таарч байхаар барилгын сууриа тавьж биднийг хохироосон гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан уг талбай руу манай барилга нэвтрээгүй болох нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар тогтоолоор тогтоогдсон тул дахин нотлохгүй юм. Ө Х- ХХК-ийн эзэмшлийн газар дээр давхардуулж барилга бариагүй, холбогдох хууль тогтоомж зөрчин, хууль бусаар барилга бариагүй гэдэг нь захиргааны хэргийн гурван шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдоно.

4.2.Манай барилга дээрээс шавардлагатай дулаалгын хөөсөнцөр салхинд хийсэн цонхны шил, машин гэмтээсэн талаар дурдан хохирол нэхэмжилсэн байна. Энэ асуудал тухайн үедээ ярилцаад барилгыг барьж байсан компани Ө Х- ХХК-ийн хохирлыг барагдуулсан.

4.3. Нөгөө талаар тэдний барилгын үнэ цэнийг унагаахаар зүйл хийгээгүй. Манай барилга эхлээд сууриа тавьсан. Ө Х- ХХК гомдол гаргаж өөрчлүүлж дахин ажил болгон барилгын холбогдох бүх зүйл өөрчлөгдөөд зардал гарсан. Мөн хэд хэдэн гэрээ хэлцэл өөрчлөгдөж нэмэгдэл зардал гарсан гэж хохирлоо төлүүлэхээр нэхэмжилсэн. Эдгээр гэрээ хэлцэл нь Г.Жавхалантөгстэй хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй байна. Уг гэрээг анхныхаас нь өөрчилсөн, барилга барьж дууссанаас 5-6 жилийн дараа нотариатаар батлуулсан нь хохиролтой холбоогүй байна.

4.4. Ө Х- ХХК нь сөрөг нэхэмжлэлтэй ижил утга бүхий нэхэмжлэлийг 2020 онд ......Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Цутгалтын ажлыг саатуулсны улмаас зуурмаг зөөгч машинууд хий асаалттай удаан хугацаанд зогссоны улмаас зуурмаг ашиглагдахгүй болсон гэж хохирол нэхэмжлээд түүнийхээ нотолгоо гэж өөрсдөө манай цутгалтын машинуудыг саатуулсан зургаа хавсаргаж өгсөн.

Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувьд санхүү тооцооллын талаас бодоход өндөр байна. Зам хааж шүүхийн тогтоолоор ажил зогссон байлаа ч ийм үр дүнд хүрэхгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хувьд дүгнэлт өгөх боломжгүй байна. 0.25 м нийт 6,5 м газар гэдэг үнэлгээ өндөр байна. Шүүхээр нэгэнт тогтоогдсон асуудал гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө Х- ХХК-аас 74,932,000 төгрөг гаргуулан Г.Ж-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 718,410,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ж-т холбогдох, Барилга албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх, газрын болон барилгын өмчлөгч компанийн эрх ашгийг зөрчиж, барилгын үнэ цэнийг унагасан, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж барилгын ажлыг саатуулсны улмаас учирсан хохирол 796,471,880 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,427,900 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 1,855,000 төгрөг, нийт 4,282,900 төгрөгийг, хариуцагчаас 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 4,140,310 төгрөг, нийт 4,210,510 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ө Х- ХХК-аас 532,610 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ж-т олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх ...Ө Х- ХХК нь нийтийн эзэмшлийн талбайд өндрийн хязгаарлалт тавьснаас Г.Ж- барилгын ажлаа гүйцэтгэхдээ нэмэлт зардал гаргасан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Ийнхүү тэмдэг, тэмдэглэгээг хууль бусаар тавьсан үйлдэлдээ Ө Х- ХХК гэм буруутай тул хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид дараах гэм хорын хохирлыг учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Үүнд: нэхэмжлэгчийн барилгын ажил гүйцэтгэж байсан эксковатор, хово машин орж гарах боломжгүй болсны улмаас нэмэлт зардал 27,280,000 төгрөг, туслах ажилтан, харуул хамгаалалтын хөлсний нэмэлт зардал 47,652,000 төгрөг тус тус гаргасан болох нь хэрэгт авагдсан Суурийн нүх ухах ажил гүйцэтгэх гэрээ, С.Отгонбатын нэхэмжлэх, бэлэн мөнгөний зарлагын баримт, харуул хамгаалалтын хамтарсан гэрээ болон уг гэрээний нэмэлт, цалингийн хүснэгт зэрэг бичгийн баримтаар нотлогдож байх тул нийтдээ 74,932,000 төгрөгийн хохирол учруулсан... гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан ямар бичгийн нотлох баримтаар хариуцагчийг 3амын хөдөлгөөний дүрэмд заагдсан Хориглох тэмдэг-ийн Ачааны автомашины хөдөлгөөн хориотой, бодит жингийн хязгаарлалт болон өндрийн хязгаарлалтын хориглох тэмдгийг тавьсан гэж үзээд байгаа тухайгаа огт тайлбарлаагүй бөгөөд хэзээ ямар байдлаар хариуцагч Ачааны автомашины хөдөлгөөн хориотой Жингийн хязгаарлалт өндрийн хязгаарлалтын хориглох тэмдэг тавьсан болох талаар тогтоож дүгнэлт хийгээгүй, нөгөө талаар уг хориглох тэмдгийг Ө Х- ХХК тавиагүй, төрийн чиг үүргийн байгууллага нь тавьсаар байтал ямар үндэслэлээр Ачааны автомашины хөдөлгөөн хориотой, бодит жингийн хязгаарлалт, өндрийн хязгаарлалтын хориглох тэмдгүүдийг хариуцагч тавьсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Замын тэмдгийг Нийслэлийн авто замын газар болон Замын цагдаагийн газрын захиалга зөвшөөрлөөр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ-аас тавьсан бөгөөд 2014 оны 05 дугаар сараас Бүх жин нь 5 тонноос дээш жин-гийн том оврын тээврийн хэрэгсэл явах боломжгүй байсан болох нь Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4/521 дугаар албан бичиг, Замын цагдаагийн газрын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12-2/43 дугаар албан бичиг, Замын цагдаагийн газрын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12-2/161 дугаар албан бичиг, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12-2/177 дугаар албан бичиг, Нийслэлийн Авто замын газрын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/652 дугаар албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-107/1500 дугаар дүгнэлт, Нийслэлийн Онцгой байдлын газрын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 107/47 дугаар албан бичиг, уг зам нь Стар апартмент дипломат ажилтны хотхон орон сууцны зүүн талын болон Ө Х- ХХК-ийн 63 айлын Юнайтед апартмент хотхоны орон сууцны баруун талаар гарах Хорооллын дундах зам нь 3.2 метр өргөнтэй нарийн автозамын норм хангаагүй, нэг урсгалтай, явган хүний замгүй, буцаж эргэх талбайгүй бөгөөд автозамын трассын дагуу доогуур 6,000 вольтын өндөр хүчдэлийн 4 тэжээлийн кабель шугам, гудамжны 2 талаар өндрийн салбар шугам явдаг. Ө Х- ХХК нь орчны аюулгүй байдлыг хангаж замыг сайжруулж замыг бетондож хучсан.

Нийслэлийн авто замын газар 2014 оны 05 дугаар сард Бодит жингийн хязгаарлалт 5 тн-ын хориглох тэмдэг тавьж 5 тн-оос дээш жинтэй машин орохыг хориглосон.

Замын цагдаагийн газар 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Бодит жингийн хязгаарлалт 5тн тэмдгийн бодит жин нь 5 тн-оос илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох тэмдгийг мөрдүүлэх нь тэр бүр боломжгүй байгаа тул 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ЗХД-ийн 2.4 Ачааны автомашины хөдөлгөөн хориотой 2.5 тн тэмдгийг байрлуулсан, өндрийн хязгаарлалтыг өндөрсгөнө гэдгээ тус тус илэрхийлж Г.Ж-т ч албан тоотоор хүргүүлсэн. 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өндрийн хязгаарлалт механик хаалтын хэмжээг жийп суудлын автомашин зорчихоор 2.3 м хүртэл өндөрсгөх гэж мэдэгдсэн. Дээрх төрийн байгууллагуудын албан тоот бичгүүдэд энэ замаар ачааны автомашин, том оврын машин явахгүй, боломжгүй гэсэн байдаг.

Г.Ж- нь анхнаасаа том оврын автомашин явах боломжгүй, ачааны автомашин орох хориотой болохыг мэдэж байсан нь Нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагын албан бичгээр нотлогдож байна. Гэтэл шүүхээс ямар баримтыг үндэслэн Ачааны автомашины хөдөлгөөн хориотой, бодит жингийн хязгаарлалт-ын болон өндрийн хязгаарлалт-ын хориглох тэмдгийг Ө Х- ХХК тавьсан гэж дүгнэсэн нь тодорхойгүй, хэргийн бодит байдлаас зөрүүтэй байна.

Анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг тогтоохдоо үнэлсэн суурийн нүх ухах ажил гүйцэтгэх гэрээ, С.Отгонбатын нэхэмжлэх, бэлэн мөнгөний зарлагын баримт, харуул хамгаалалтын хамтарсан гэрээ болон уг гэрээний нэмэлт, цалингийн хүснэгт зэрэг баримтууд нь үнэн зөв болох нь эргэлзээтэй бөгөөд Барилгын тухай хуулиар барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж гүйцэтгэх ёстой байхад 2 иргэний хооронд хийсэн гэрээ, бэлэн мөнгөний баримт, цалингийн хүснэгт зэргийг үнэлсэн нь нотлох баримтыг үнэлэх талаар хуульд заасан шаардлагад нийцээгүй.

Түүнчлэн, Г.Ж- нь барилгын үйл ажиллагаа явуулж улмаар ажилчдад цалин өгч байсан бол татвар төлөгчөөр бүртгэгдсэн байх ёстой. Гэвч ийм баримт байхгүй, мөн гэрээнд дансаар шилжүүлнэ гэсэн ч дансаар шилжүүлээгүй, банкны дансны хуулга байхгүй байна. Мөн 5,949.7 м.кв талбайтай 15 давхар, 7,38 тэрбум төгрөгийн өртөгтэй үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьсан талаарх санхүү бүртгэлийн байхгүй.

Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтэд ...харуул хамгаалалтын зардал нь төсөвт өртгийн нэмэгдэл зардалд туссан тул нэмэлт зардал биш гэж дүгнэсэн байхад нэмэлт зардал гаргуулсан нь үндэслэлгүй. Г.Ж- нь барилгын үйлдвэрлэл ажлыг зохион байгуулахдаа Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт-ын БНбД 12-01-09 норм дүрмийн дагуу зохион байгуулж мөрдөж Ажил гүйцэтгэх төсөл, Барилгын талбайн зохион байгуулалтын зураг гаргаж барилгын менежментийн зохион байгуулалтыг норм дүрмийн дагуу хийх үүрэгтэй. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдах авто зам орц гарцыг болон барилгын талбайн зохион байгуулалтын зургийг өөрчлөхгүйгээр мөрдөх үүрэгтэй. Дээрх зардал нь бодит байдалд гаргасан, төлсөн эсэх нь эргэлзээтэй, санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 09 дүгээр сард зөвшөөрөлгүй байсан гэх талаар дурдаж байна. Барилгын тухай хуульд зааснаар Г.Ж- барилгыг захиалагч юм. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс нь тусгай зөвшөөрөлтэй компани байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Мөн замын тэмдгийг байршуулаагүй гэж гомдолд дурдсан байна. Хэргийн 201 дүгээр талд энэ талаар баримт авагдсан. Замын цагдаагийн газраас зөвшөөрөлгүйгээр 1.6 тэмдэг байршуулсан албан бичиг явуулсан. Энэхүү үйл баримтаар 1.6 метртэй жижиг машин багтах зайгүй тэмдэг байршуулаад дээд талд нь замын өндрийн хязгаарлалт тавьчихлаа гэдэг. Зөвхөн тэмдэг байсан бол нэвтрээд явах боломжтой. Гэтэл хязгаарлалт байршуулаад машин орох боломжгүй болсон. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн хариуцагч Буян ХХК талаас орох ёстой байсан гэж тайлбарласан. Буян ХХК-ийн талаас гарц байгаагүй. Г.Ж- сүүлд СӨХ-той харилцан тохиролцож нээлгэсэн. Газрын давхцлыг Захиргааны хэргийн шүүхээс тодорхой дүгнэсэн. Г.Ж- нь Ө Х- ХХК-ийн газар руу давхцаагүй гэж дүгнэсэн. Ө Х- ХХК тэмдэг байршуулсны улмаас хохирол учирсан нь шалтгаант холбоотой. Гурван шатны шүүхээр хэрэг шийдвэрлэх хүртэл хугацаа алдсаны улмаас Улсын комисс барилгыг хүлээж аваагүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч Г.Ж- нь Ө Х- ХХК-д холбогдуулж 793,342,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулах нэхэмжлэлдээ Хариуцагчийг зам хаасан, нийтийн эзэмшлийн зам дээр зөвшөөрөлгүйгээр жингийн болон өндрийн хязгаарлалтын тэмдэг, тэмдэглэгээ тавьж барилга барихад саад учруулсан, Өмчлөлийн газартаа орох замыг хууль бусаар хаасан, Үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж улсын комисс барилга ашиглалтад хүлээн авах хугацааг алдагдуулсан, Шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барилгын ажил зогсоож байсан зэрэг үндэслэлүүдийг заажээ.

 

3. Нэхэмжлэгч тал барилгыг 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2013/47 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан барилгын эх загвар зураг (эскиз)-ын дагуу барьж эхэлсэн талаар тайлбарласан боловч уг 2013/47 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, анх батлагдсан барилгын эх загвар зураг хэрэгт авагдаагүйгээс тухайн барилга руу орох, гарах гарц Г.Ж-ийн орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан нь тодорхойгүй бус байна.

 

Хариуцагч 2013/47 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн м38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна. (хх-ийн 185, 2хх-ийн 10)

 

Тодруулбал, иргэн Г.Ж-ийн орон сууцны барилга баригдаж эхлэх үед 50 дугаар байрны хойд талаар өөрийн барилга руу нэвтрэх боломжтой байсан эсэх нөхцөл байдлыг, анхны 2013/47 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт тухайн барилгын орц, гарц нь хэрхэн тусгагдсаныг тус тус хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэх боломжгүй байна.

 

Энэ талаар анхан шатны шүүх тодруулаагүй, ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, хариуцагчийн тэмдэг ,тэмдэглэгээг хууль бусаар тавьсан гэх үйлдэл нь ямар хугацаанд үргэлжилснийг тодорхойлж чадаагүй байхаас гадна

 

4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 40577 дугаартай захирамжаар ......дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын хойно байрлах хариуцагч Г.Ж-ийн барьж байгаа 15 давхар барилгын тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/43579 дугаар албан бичиг хэрэгт авагджээ. (1хав-46)

 

Нэхэмжлэгч дээрх захирамжийн биелэлтийн улмаас барилгын үйл ажиллагаа зогсож хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд уг захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба барилгын ажлыг зогсоож, ажиллагаа хийгдсэн эсэх, захирамж хүчинтэй байсан хугацааг тодруулах нь талуудын маргааны үйл баримтад ач холбогдолтой байна.

 

5. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ гэж, мөн хуулийн 66.7 дахь хэсэгт Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана гэж заасан.

 

Гэвч анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн зарим хэсэг нь үндэслэлтэй гэж үзсэн боловч уг дүгнэлтийн аль хэсгийг яагаад үндэслэлтэй гэж үзсэн зарим хэсгийг үндэслэлгүй гэж үзэх ямар үндэслэл байгаа талаар шийдвэрт тодорхой тусгаагүй нь хуульд нийцээгүй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хууль буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. ......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/02400 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 533,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Н.БАТЗОРИГ