| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00295/И |
| Дугаар | 304/ШШ2025/00531 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 304/ШШ2025/00531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б***** аймаг, Б***** сум, * дугаар баг, ***-** тоотод оршин суух, Д******* овогт Э******* О******* /рд:Г*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б****** аймгийн Б****** сумын Е******* б******* * дугаар сургууль, з******* Б.М******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Булган сумын Е******* б******* 3 дугаар сургуулийн з******* Б.Мөнхжаргалын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаартай Э.О*******д сануулах арга хэмжээ авах тухай, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дугаартай Э.О*******д сахилгын арга хэмжээ авах тухай, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай Э.О*******ийн хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн бичиж олгохыг даалгуулах тухай шаардлагатай 304/2025/00295/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.О*******,
Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхжаргал,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б,
Хариуцагчийн өмгөөлөгч О.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбагэрэл нэр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.О******* хариуцагч Булган аймгийн Булган сумын Е******* б******* 3 дугаар сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаартай Э.О*******д сануулах арга хэмжээ авах тухай, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дугаартай Э.О*******д сахилгын арга хэмжээ авах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай Э.О*******ийн хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан үеийн цалин 17,661,706 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичиж олгохыг даалгах нэмэгдүүлсэн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Э.О******* нь Булган аймгийн Булган сумын Е******* б******* 3 дугаар сургуульд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажилласан. Тус сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалаар ажлаас халж, би шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 147 дугаартай шийдвэрээр намайг Булган аймаг, Булган сумын Е******* б******* 3 дугаар сургуулийн нягтлан бодогчийн албан албан тушаалд эргүүлэн тогтоож, ...ажилгүй байсан хугацааны цалин 8,719,810 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.О*******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, ажилдаа эргэн орсон.
Гэтэл сургуулийн з******* Б.Мөнхжаргал намайг дахин 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалтыг баримтлан байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах арга хэмжээ авсан.
Би ямар ёс зүйн зөрчил гаргасны улмаас сануулах арга хэмжээ авагдсанаа мэдээгүй, 7 албан хаагчаас гомдол ирсэн гэхээр нь би тэдгээр гомдолтой танилцмаар байна гэсэн хүсэлтийг з*******д тавьсан боловч хүлээн авахгүйгээр шууд сануулах арга хэмжээ авсанд гомдолтой байна. Би энэ сануулах арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэж аймгийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан, гэтэл з******* 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б/31 дугаартай тушаалаар надад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалт, дотоод журам болон ёс зүйн хорооны дүгнэлтүүдийг үндэслэн ёс зүйн зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр үндсэн цалингийн 20 хувиар хасах сахилгын арга хэмжээ авсан.
Мөн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/78 дугаартай тушаалаар мөн сануулах арга хэмжээ авсан бөгөөд 2025 оны 01 сарын 16-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар цуцалсан байсан.
Эдгээр тушаалаас дүгнэхэд намайг ажлаас заавал халах гэсэн хувийн бодол, өш хонзонгийн шинжтэй гэж үзэхээр үйлдлийг удаа дараа гаргаж, үндэслэлгүйгээр сахилгын болон ёс зүйн арга хэмжээ авч байгаад би гомдолтой байна. Би өөрийн хариуцсан ажилдаа идэвх, санаачилгатай, хуульд заасны дагуу шударгаар гүйцэтгэдэг бөгөөд хууль бус үйлдлийг нь хэлсний төлөө надад үндэслэлгүйгээр арга хэмжээ авч байгаа нь шударга бус байна.
Надад арга хэмжээ авахдаа намайг ямар зөрчил гаргасан, хэнээс ямар гомдол ирснийг надад мэдэгддэггүй, тухайн гомдол нь үндэслэлтэй эсэхийг шалгасан эсэх, надаас бусад холбогдох хүмүүсээс хариу тайлбар нотолгоо авахгүйгээр хууль бус, үндэслэлгүй тушаал гарган сахилгын болон ёс зүйн арга хэмжээ авч байна.
Эдгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай маргаан шүүхээр хянагдах явцад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б/48 дугаартай тушаалаар намайг ажлаас халсан. Урд нь авсан сахилгын арга хэмжээг шүүх шийдвэрлээгүй байхад дахин зөрчил гаргасан гэж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байна. Намайг ажлаас халах гэж байгаа талаар надад мэдэгдээгүй бөгөөд түүний хууль журмыг уландаа гишгэж, заавал намайг ажлаас халж байж зорилгоо биелүүлэх ёстой юм шиг аашилж байгаад би маш их гомдолтой байна.
Иймд Булган аймаг, Булган сумын Е******* б******* 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 06 сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн цалин 17,661,706 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичиж олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн сургуулийн ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн захирлын дэргэдэх хурлаар сонсгох ажиллагааг явуулсан. Гэвч нягтлан бодогч Э.О******* нь буруугаа үл хүлээн зөвшөөрөхөөс гадна зөвлөлийн гишүүдийг доромжилсон. Миний бие сургуулийн ёс зүйн дэд хорооны дүгнэлт, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалтаар байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах арга хэмжээ авч ёс зүйн хариуцлага тооцсон болно. Э.О******* нь сануулах арга хэмжээ авсаар байтал алдаагаа дахин давтаж ёс зүйн алдаа, дутагдал гарган байгууллагын ажилтнуудаас гомдол гаргасны дагуу сургуулийн ёс зүйн дэд хороо ажиллаж 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус тус гаргасан дүгнэлтүүдтэй танилцаж, захирлын дэргэдэх зөвлөлөөр сонсгох ажиллагаа явуулсан. Гэвч нягтлан бодогч Э.О******* нь мөн л ёс зүйн хорооны гишүүдийг доромжилсон. Миний бие сургуулийн ёс зүйн дэд хорооны дүгнэлт, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.3 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4.5 дахь заалтаар үндсэн цалингийн 20 хувийг 1 сар хасах хөдөлмөрийн сахилгын хариуцлага тооцсон болно. Бид бүхэн төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ, хууль журмаа хэрэгжүүлж, хариуцлагатайгаар хийхийн зэрэгцээ төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн хууль, дүрмийг чанд баримтлан ажиллах үүрэгтэй.
Иймд миний бие хүлээсэн үүргээ хууль журмын дагуу гүйцэтгэж, сургуулийн ёс зүйн дэд хороо ажиллаж, гомдол үндэслэлтэй эсэхийг шалгаж, тайлбар, нотлох баримттай эсэхэд дүгнэлт гаргасны дагуу захирлын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж нягтлан бодогч Э.О*******д сонсгох ажиллагаа явуулж шийдвэр гаргасан. Харин Э.О******* нь сонсгох ажиллагаа явуулахад хүлээцтэй хандан, буруу зөвөө ойлголцохын оронд тэнд байлцсан гишүүдийг доромжлон, басамжлах, гүтгэх зэргээр авирладаг нь нэг биш удаа. Мөн сургуулийн ёс зүйн дэд хороо Э.О*******д ирсэн гомдлуудыг танилцуулж тайлбар авах гэхээр хойшлуулан аргацаах, шалтаг тоочих, ажил дээрээ байхгүй байх зэргээр зориудаар бултаж зугтааж ёс зүйн дэд хорооны ажилд хүндрэл учруулсан байдал нь энэ хүний ёс зүйгүй, дүрэм журмаа хэрэгжүүлэхгүй байгаагийн илрэл юм.
Нэхэмжлэлд Эдгээр тушаалаас үзэхэд намайг ажлаас халах гэсэн хувийн бодол, өш хонзонгийн шинжтэй гэж үзэхээр үйлдлийг удаа дараа гаргаж, үндэслэлгүйгээр сахилгын болон ёс зүйн арга хэмжээ авч байгаад гомдолтой байна... гэжээ. ... хувийн бодол, өш хонзонгийн шинжтэй гэхээр үйлдлийг удаа дараа гаргаж... гэсэн нь намайг гүтгэсэн өөрийнх нь хувийн бодол юм. Гэтэл миний зүгээс Э.О*******тэй хувийн өш хонзонгийн ямар ч бодол, үйлдэл гаргадаггүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Үүнд:
-Миний бие ажилтнуудын гомдлыг хууль, журмын дагуу шат дараалан нягтлуулж, ирсэн дүгнэлтийг захирлын зөвлөлөөр хэлэлцдэг. Үүнд би хувийн бодол, өш хонзонгийн үйлдэл гаргах боломжгүй.
-2024 оны 11 сарын 20-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар авсан сануулах арга хэмжээг Булган сумын хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хорооны зөвлөмжөөр цаашид алдаа зөрчил гаргалгүй, үндсэн ажлаа хариуцлагатайгаар хийх тухай хэлэлцэж, ярилцаад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.9 дэх заалтын дагуу сануулах арга хэмжээг цуцалсан бөгөөд энэ нь Э.О*******тэй эвлэрч, хамтарч ажиллах санаа бодол байгааг илэрхийлж байна.
Харин нягтлан бодогч Э.О******* нь дээрх зүйлийг бичсэн нь хамт олноос ирж байгаа гомдол, мэдээллийн дагуу өөртөө дүгнэлт хийхгүй, ойлголцохыг хүсэхгүй бусдад хувийн бодол-оор ханддагийн илрэл гэж үзэж байна.
Э.О******* нь ажилд орсноос хойш ёс зүйн алдаа зөрчлүүдийг байнга гаргаж, хамт олонтой таагүй харилцаа үүсгэж, өөрийн хариуцсан ажлын хүрээнд багш, ажилтнаас өөрсдийн санхүү, ажилтай холбоотой зүйлийг асууж тодруулахаар үгээр доромжлох, гүтгэх, дарамтлах зэрэг үйлдлүүдийг гаргаснаар хамт олноос болон албан хаагчдаас Э.О*******ийн талаар удаа дараа гомдол гаргасан байдаг. Тухайлбал 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөн л ёс зүйн алдаа зөрчлийг гаргасан учир сануулах арга хэмжээ авагдаж байсан ба шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгч шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын Е******* б******* гуравдугаар сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаартай Э.О*******д сануулах арга хэмжээ авах тушаалын хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын Е******* б******* гуравдугаар сургуулийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дугаартай Э.О*******д сахилгын арга хэмжээ авах тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 61-62-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын Е******* б******* гуравдугаар сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай Э.О*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар /хэргийн 63-р хуудас/,
-ЦНБ аудит ХХК-ийн ахлах аудитор Ш.Ганчимэгийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тайлбар /хэргийн 64-р хуудас/,
-2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Э.О*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хэргийн 78-79-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын 3 дугаар сургуулийн е******* нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт /хэргийн 80-82-р хуудас/,
-Е******* б******* 3 дугаар сургуулийн 2024 оны хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хэргийн 83-90-р хуудас/,
--Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас /хэргийн 91-р хуудас/,
-Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Албан шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 92-р хуудас/,
-Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/127 дугаар Зөрчил арилгах тухай албан шаардлага /хэргийн 93-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын Е******* б******* гуравдугаар сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай Нягтлан бодогч Э О*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн94 -р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын Е******* б******* гуравдугаар сургуулийн захирлын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаартай Э.О*******ийг ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 95-р хуудас/,
-Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Төрд учирсан хохирлыг барагдуулах тухай арга хэмжээг эрчимжүүлэх тухай тогтоол /хэргийн 96-р хуудас/,
-Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хэргийн 97-98-р хуудас/
-Төрийн үйлчилгээний төлбөр төлсөн баримт /хэргийн 99-р хуудас/,
-Энгийн эмийн жорын бичиг /хэргийн 100-104-р хуудас/,
-Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлбөрийн баримт /хэргийн 104-р хуудас/,
-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо /хэргийн 105-р хуудас/,
-Монгол Улсын Б******* яамны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн албан тоот /хэргийн 106-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын Е******* б******* гуравдугаар сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/44 дугаартай Багш, ажилтан, ажилчдын ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 107-110-р хуудас/,
-Булган сумын Е******* б******* 3 дугаар сургуулийн нягтлан бодогч Э.О*******ийн ажилгүй байсан хугацааны 2025 оны 7-8 дугаар сарын цалингийн тооцоо болон хууль бусаар олгогдоогүй үеийн урамшуулалт цалингийн тооцоо /хэргийн 193-р хуудас/,
-Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 292 дугаар Өөрчлөлтгүй дүгнэлт гэх албан тоотын хуулбар /хэргийн 177-178-р хуудас/,
-Е******* б******* 3 дугаар сургуулийн үйл ажиллагаанд зөвлөн тусалсан ажлын хүрээнд цаашид хэрэгжүүлэн ажиллах зөвлөмж /хэргийн 183-184-р хуудас/,
-Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 158/ШШ2025/0024 дугаартай шийдвэр /хэргийн 185-192-р хуудас/,
4.Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбар ирүүлсэн байна. /хэргийн 18-23-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын Е******* б******* гуравдугаар сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/19 дугаартай Сургуулийн дотоод журамд өөрчлөлт оруулах тушаалын хуулбар /хэргийн 140-р хуудас/,
-Е******* б******* 3 дугаар сургуулийн 2025 оны хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хэргийн 141-151-р хуудас/,
-Булган сумын Е******* б******* 3 дугаар сургуулийн Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт /хэргийн 35-36-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын Е******* б******* гуравдугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаартай Э О*******д сануулах арга хэмжээ авах тушаалын хуулбар /хэргийн 37-р хуудас/,
-Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 132/ШШ2024/00147 дугаар шийдвэрийн хуулбар /хэргийн 38-45-р хуудас/,
-Е******* б******* 3 дугаар сургуулийн Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт /хэргийн 46-47-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын Е******* б******* 3 дугаар сургуулийн Ёс зүйн зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хэргийн 48-49-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын Е******* б******* 3 дугаар сургуулийн Ёс зүйн зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай Ёс зүйн зөрчил гаргасан тухай дүгнэлт /хэргийн 50-51-р хуудас/,
-Захирлын дэргэдэх зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл /хэргийн 52-54-р хуудас/,
-Сонсох ажиллагааны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл /хэргийн 55-57-р хуудас/,
-Е******* б******* 3 дугаар сургуулийн захирлын албан даалгаврын хуудас /хэргийн 208-212-р хуудас/,
-Булган аймгийн Б******* газрын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/220 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан тоотын хуулбар /хэргийн 214-р хуудас/.
-Булган аймгийн Булган сумын Засаг дарга 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0/399 дугаар албан тоотын хуулбар /хэргийн 213-р хуудас/,
-Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17/02 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамжийн хуулбар /хэргийн 201-р хуудас/,
-Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/218 дугаартай Даалгавар хүргүүлэх тухай албан тоотын хуулбар /хэргийн 202-р хуудас/,
-Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгаврын хуулбар /хэргийн 204-р хуудас/,
-2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай Эрх бүхий албан тушаалтны мэдэгдэх хуудасны хуулбар /хэргийн 203-р хуудас/,
-2025 оны 06 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хэргийн 195-197-р хуудас/,
-2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хэргийн 198-200-р хуудас/,
-2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хэргийн 205-207-р хуудас/,
5.Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж хэрэгт авагдсан аудио бичлэгт үзлэг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.О******* Е******* б******* 3 дугаар сургуульд холбогдуулан Булган аймаг, Булган сумын е******* б******* 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар үндсэн цалингийн 20 хувиар 1 сар хасаж сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2.Нэхэмжлэгч Э.О******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Булган аймаг, Булган сумын е******* б******* 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн Б/48 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн цалин 17,661,706 төгрөг гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичиж олгохыг даалгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан.
3.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Булган аймаг, Булган сумын е******* б******* дугаар сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар үндсэн цалингийн 20 хувиар 1 сар хасах сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж, нэмэгдүүлсэн шаардлага болох тус сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн Б/48 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн цалин 17,661,706 төгрөг гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичиж олгохыг даалгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Э.О******* нь Булган сумын Е******* б******* 3 дугаар сургуулийн нягтлан бодогчийн ажилд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажилласан бөгөөд хөдөлмөрийн маргааны улмаас хөдөлмөрийн харилцаа тасалдаж Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 132/ШШ2024/00147 дугаар шийдвэрээр нягтлан бодогчийн ажлын байранд эгүүлэн тогтоогдож, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, Булган сумын 3 дугаар сургуулийн е******* нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтод талууд гарын үсэг зурсан байна./ХХ-ийн 78-82/.
Уг хөдөлмөрийн гэрээ нь талууд гэрээний гол нөхцөлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ болно.
4.2.Булган аймгийн Булган сумын Е******* б******* 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаартай Э.О*******д сануулах арга хэмжээ авах тухай тушаалаар ёс зүйн хариуцлага, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дугаартай Э.О*******д сахилгын арга хэмжээ авах тухай тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг тус тус Э.О******* ногдуулж, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай Э.О*******ийн хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаалаар Э.О*******ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ.
5.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага тус бүрээр дүгнэвэл:
5.1.Булган аймгийн Булган сумын Е******* б******* 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаартай Э.О*******д сануулах арга хэмжээ авах тухай, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дугаартай Э.О*******д сахилгын арга хэмжээ авах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай үндсэн шаардлагын тухайд:
5.1.1.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт энэ хуулийн үйлчлэлд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн ..., төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг албан хаагч ... хамаарна, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ гэж төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг, 5.1.2 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага гэж энэ хуульд заасан ёс зүйн зөрчилд хүлээлгэх арга хэмжээг хэлнэ гэж заасан.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг дараах харьяаллын дагуу шалгаж, шийдвэрлэнэ, 14.3.1 дэх хэсэгт Ёс зүйн дэд хороо өөрийн байгууллагын албан хаагчийн ... , 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт энэ хуулийн 14.3-т заасан эрх бүхий этгээд гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгах ажиллагааг дараах журмаар гүйцэтгэнэ, 15.1.5 дэх хэсэгт төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон, дүгнэлт гаргах, үндэслэлийг тусгах, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ.
5.1.1./а/. Нэхэмжлэгчээс Ёс зүйн дэд хорооны дарга болон з******* өөрөө оролцоод нийт 7 хүний гомдол ёс зүйн дэд хороонд ирсэн гэж байгаа ч нэгбүрчлэн надад танилцуулаагүй, надтай холбоотой хэн гэдэг хүнээс ямар гомдол ирсэнтэй танилцаж, хариу тайлбар гаргах эрхийг эдлээгүй, ямар зөрчилд буруутгагдаж байгаагаа мэдээгүй тул 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн ёс зүйн хариуцлага хүлээлгэж байгаад гомдолтой байна гэж, хариуцагчаас Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул эрх хэмжээний хүрээнд ёс зүйн хариуцлага ногдуулсан шийдвэр гаргасан. Ёс зүйн хороонд З******* ордоггүй тул би төрийн албан хаагч, иргэнийхээ хувиар гомдол гаргасан. Уг гомдлыг хянан шалгахад би оролцоогүй. Ёс зүйн дэд хорооны дарга өөрийн гаргасан гомдлыг хянан шалгахад оролцоогүй талаар тэмдэглэлд туссан байсан. Ёс зүйн дэд зөвлөл бие даасан, хараат бусаар ажилладаг бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтны хувьд дэд зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасан гэж маргаж байна.
Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтэд Э.О******* нь сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.3.а, 3.1.3.б, 3.1.4.д, 3.1.7.ж, Сургуулийн өмнөх болон е******* б******* сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс дүрмийн 4.4.1, 4.4.5 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн.
Мөн дүгнэлтэд Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзулаас Э.О*******д өөртэй нь холбогдуулан багш, ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл гомдлыг танилцуулах, хариу тайлбар авахаар уулзах ажиллагааг хэд хэдэн удаа явуулахад ...өнөөдөр маш их ажилтай байна, амжихгүй, аудит дээр ажилтай тул 2 сарын 13 хүртэл ажилдаа очих боломжгүй зэргээр хариу өгөх, албан өрөөндөө байхгүй байсан зэрэг шалтгаанаар өргөдөл, гомдолтой биечлэн танилцахаар Ёс зүйн дэд хороонд ирээгүй байх тул Сургуулийн өмнөх болон е******* б******* сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.4.9-т Албан үүргээ гүйцэтгэхэд нь бусдад саад учруулах, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхгүй байх гэснийг зөрчиж байна гэж дурдсан нь үндэслэл бүхий байна.
Эндээс нэхэмжлэгч өөрт холбогдуулан багш ажилтнуудаас гаргасан өргөдөл, гомдлын агуулгыг мэдсэн байх бөгөөд өргөдөл, гомдолтой нарийвчлан танилцаж, хариу тайлбар нотолгоог Ёс зүйн дэд хороонд гаргах боломжтой байсан байна. Өөрөөр хэлбэл Ёс зүйн дэд зөвлөлийн нарийн бичгийн даргаас Э.О*******д өргөдөл, гомдлыг танилцуулах, тайлбар нотолгоо гаргуулах ажиллагааг хийж мэдэгдсэн байх тул Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 5.8-д заасан Гомдол, мэдээллийг хянан шалгахдаа тухайн албан хаагчид мэдэгдэн тайлбар, нотолгоо гаргуулна. Төрийн албан хаагч нь хууль тогтоомжид заасан хугацаанд тайлбар, нотолгоо ирүүлээгүй тохиолдолд гомдол мэдээллийн үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч өөртэй нь холбогдуулсан өргөдөл, гомдолтой Ёс зүйн дэд хороон дээр байхад нь танилцаж, хариу тайлбар, нотолгоо гаргах эрхтэй боловч тухайн үедээ уг эрхээ эдлээгүй өнгөрүүлж, дүгнэлт гарсны дагаа буюу Ес зүйн дэд хорооны дүгнэлтийг танилцуулах хурал дээр өргөдөл, гомдолтой танилцахаар хариуцагчаас шаардаж буй нь буруу юм.
Нэхэмжлэгч шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан болон ёс зүйн дэд хорооны дарга нар өөрсдөө өргөдөл, гомдол гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан. Тус сургуулийн з******* буюу хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...би албан хаагч, иргэнийхээ хувиар өргөдөл гомдол гаргах эрхийнхээ дагуу гомдол гаргасан.Би ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд ордоггүй учраас сонирхлын зөрчил бүхий нөхцөл үүсэхгүй гэж тайлбарласан. Мөн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Захирлын зөвлөлийн дүгнэлт танилцуулах хурлын тэмдэглэлд Ц.Мөнх-Ирээдүй ...Би өргөдөл гаргасан бол өөрөө оролцохгүй. Бусад 4 гишүүн тодруулаад явна. гэж өөрийн гомдлыг шалгаж, дүгнэлт гаргах үйл явцын талаар тайлбарласан нь тусгагдсан байна.
Энэ нь дээрх албан тушаалтнуудаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. хязгаарлалтыг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Захирлаас Ёс зүйн дэд хороонд нэхэмжлэгчтэй холбогдуулан өргөдөл гаргасан үйл баримтын хувьд Булган сумын е******* б******* 3 дугаар сургуулийн нягтлан бодогчтой холбоотой өргөдлийг иргэнийхээ хувиар гаргах эрх нь нээлттэй бөгөөд гагцхүү дэд зөвлөлөөс шалгах, дүгнэлт гаргахад нөлөөлөөгүй байвал зохино. Учир нь нэхэмжлэгчээс хариуцагч буюу з*******тай харилцахдаа доромжлох, мушгин гуйвуулах зэргээр зүй бус харилцсан гэдгийг үгүйсгээгүй болно.
Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 158/ШШ2025/0024 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 37 дугаарт ...Г.Ундармаа, .... нарын цалин, нэмэгдлийг гүйцэд олгоогүй эс үйлдэхүй гаргасан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа ч... гэсэн дүгнэлт хийсэн нь гомдол гаргагч Г.Ундармаа, нэхэмжлэгч Э.О******* нарын дунд цалин хөлсний дутуутай холбоотой харилцаа үүсэж байсан, зохисгүй харилцааны улмаас Г.Ундармаа нь Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан үйл баримт байгаа болохыг харуулж байна.
Э.О******* нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаартай Э.О*******д сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах гомдлыг Булган сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасныг 04 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцээд шүүхэд болон ёс зүйн асуудал хариуцсан дээд шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байна. /хх-ийн 97-98/
Нэхэмжлэгч 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчиж хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.1.1./б/. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, Сургуулийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4.6-т Ёс зүйн зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон, Булган сумын е******* б******* 3 дугаар сургуулийн Ёс зүйн дэд хорооны 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар дүгнэлт, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтүүдийг тус тус үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дугаар тушаалаар Э.О*******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт .Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно., 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна., 154.2.2. дахь хэсэгт энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор, 154.5 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно., 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж хуульчилсан.
Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах салбар хороо нь Э.О*******ийн гомдлоор 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, тэмдэглэл гаргасан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 16-ны Б/31 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулах гомдлыг хэлэлцэх боломжгүй тул шүүхэд хандахыг зөвлөсөн хариуг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Э.О*******д өгсөн үйл баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 175/
Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасны дагуу байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын Долоо.Хөдөлмөрийн сахилга гэсэн зүйлийн 7.4.6 дахь хэсэгт Ёс зүйн зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон гэж хөдөлмөрийн сахилгын зөрчлийн төрлийг нарийвчлан зохицуулжээ. Э.О*******д холбогдуулан Бямбасүрэн, Пүрэвжаргал гэх албан хаагчдаас гаргасан гомдлыг Ёс зүйн дэд хороо хүлээн авч шалгаж, хуралдан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, үүрэг болгосон, хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэж тус бүр дүгнэлт гаргасан үйл баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 157-160/
Ёс зүйн зөрчил давтан гаргасан гэдэг нь зөрчлүүдийн хооронд ёс зүйн хариуцлага хүлээсэн бол нэг жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрэхгүй байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дүгээр тушаалын үндэслэлд тусгасан тус сургуулийн Ёс зүйн дэд зөвлөлийн 02, 03 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон ёс зүйн зөрчлүүд хоорондын хугацаа 6 сараас хэтрээгүй тул Э.О*******ийг ёс зүйн зөрчил давтан гаргасан гэж үзнэ.
Тус сургуулийн Ёс зүйн дэд зөвлөлд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн Пүрэвжаргалын гомдлыг шалгаж 03 дугаар сарын 25-ны өдөр 03 дугаартай дүгнэлт, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн Бямбасүрэнгийн гомдлыг шалгаж 03 дугаар сарын 06-ны өдөр 02 дугаартай дүгнэлтийг тус тус гаргасан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт тогтоосон гомдол, мэдээллийг шалгах хугацааны дотор багтсан бөгөөд удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан гэсэн нөхцөл байдлыг бий болгож байх тул хөдөлмөрийн дотоод журмын 7.4.6 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил ногдуулах үндэслэл болсон гэж дүгнэв.
5.2.Булган аймгийн Булган сумын Е******* б******* 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичиж олгохыг даалгуулах нэмэгдүүлсэн шаардлага гаргаж шүүх хуралдаан дээр ажилгүй байсан хугацааны цалин 17,661,706 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодотгосон.
5.2.1.Хөдөлмөрийн тухай 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй. 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж заасан.
5.2.2. Булган аймгийн Булган сумын е******* б******* 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.5.6-т Багш, ажилтныг ажилд авах, чөлөө олгох, чөлөөлөх, гэрээ цуцлах, ...асуудлыг зохих хууль тогтоомж, журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээг үндэслэн шийдвэрлэнэ, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.3-т Эрх бүхий албан тушаалтан, байгууллагын удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй, хугацаатай мэдээ тайланг хугацаа хоцроох үйлдлийг 2-оос дээш удаа гаргасан бол, 4.3.6-т Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчилтэй байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргасан, 4.3.11-т Монгол улсын холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баталсан дүрэм журам, эрх зүйн актуудыг зөрчсөн бол гэсэн заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.
2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт Ажилтан дараах хэлбэрийн зөрчлүүдийн аль нэгийг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална. гээд 11 төрлийн зөрчил тодорхойлжээ.
Нэхэмжлэгч өмнө авсан сахилгын арга хэмжээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад, эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа, ингэхдээ надад мэдэгдээгүй бөгөөд удаа дараа хариуцлага тооцож ажлаас халах зорилгоо биелүүлж, өөрийн үзэл бодлоор ялгаварлан гаргаж байгаад гомдолтой байна гэж, хариуцагчаас удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчил давтан гаргасан, эрхлэх асуудлыг хүрээнд хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг болгосон, хориглосон хэм хэмжээг зөрчсөн тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж маргаж байна.
Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай нэхэмжлэгч Э.О*******ийг дуудаж уулзсан, энэ тухай уулзалтын тэмдэглэлийг бичиг хэргийн ажилтан хөтөлсөн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар нотлох баримт хэрэгт ирээгүй байна.
5.2.2/а/.Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалт нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан байхыг ойлгоно. Нэхэмжлэгч Э.О******* нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээж, шүүх түүнийг хэвээр үлдээсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны Б/78 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, түүнийгээ сумын Хөдөлмөрийн эрхийн гурван талд хорооны хурал дээр эвлэрснээр з******* Б.Мөнхжаргал хүчингүй болгосон, 2025 оны 02 дугаар сарын 21-ний Б/20 дугаартай тушаалаар хамт олны дунд нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар ёс зүйн зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэсэн үйл баримт хэрэгт авагдсан.
Б.Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг хэлэх бөгөөд зөрчил тус бүр тогтоогдсон байхыг шаардана. Маргааны үйл баримтаар Э.О*******д сахилгын шийтгэл ногдуулсан Б/31 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаан үүссэн байсан тул хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх боломжгүй.
Иймд Э.О*******ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Б/48 дугаарын үндэслэл болох хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, сахилгын зөрчилтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
5.2.2/б/. Булган сумын 3 дугаар сургуулийн захирлаас нягтлан бодогч Э.О*******д хугацаатай үүрэг даалгавар өгсөн хуудас, баримт бичиг хүлээлгэн өгсөн бүртгэлээр 4 удаагийн үүрэг даалгавар гаргаснаас эхний буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний үүрэг даалгаврыг хүлээн авч гарын үсэг зурж баталгаажуулсан, бусдыг хүлээн авсан гарын үсэг зураагүй, бүртгэлээр өгсөн боловч хүлээж аваагүй гэсэн тэмдэглэл нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэг, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.3 дахь хэсэгт заасан зөрчилд ажил олгогчоос ...өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, хугацаатай мэдээ тайланг хугацаа хоцроох үйлдлийг 2-оос дээш удаа гаргасан бол гэх ноцтой зөрчил нотлогдоогүй гэж дүгнэв.
Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.10 дахь хэсэгт заасан Монгол улсын холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баталсан дүрэм, журам эрх зүйн актуудыг зөрчсөн бол гэсэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг хариуцагч талаас ...нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.12, 20.2.13 дахь заалт, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалаар баталсан Сургуулийн өмнөх болон е******* б******* сургалтын байгууллагын багш ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 1.3, 2.1.2, 2.1.3, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 4.3.7, 4.3.8, 4.4.2, 4.4.3, 4.4.5, 5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.8, 6.4, 6.5 дахь заалтыг зөрчсөн. Мөн Б******* е******* хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль зэргийг зөрчсөн. гэж тайлбарлаж байгаа ч энэхүү маргааны үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын зөрчил ногдуулснаас өөр хууль, дүрэм журамд заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан, тэр нь шалгагдаж, зөрчил мөн гэдэг нь тогтоогдсон үйл баримт хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Хариуцагчаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийн үндэслэлтэй холбогдуулан Булган сумын Засаг даргын 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/399 тоот албан бичиг, Б******* газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/220 тоот албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн боловч Э.О******* ...шүүх хуралдаан дээр л олж мэдлээ, надад зөрчил гаргасан байна гэдгийг огт танилцуулж, тайлбар аваагүй гэж байх тул ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаатай мэдээг байршуулаагүй тасалсан байдал, ёс зүйн зөрчил гаргасан байдал зэрэг нь шалгагдаж тогтоогдсон байх шаардлагыг хангахгүй байна.
Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна. Хөдөлмөрийн хариуцлага алдаж буй үйлдэл эс үйлдлийг шалгаж, зөрчил гаргасан үйл баримтыг нотолсны үндсэн дээр сахилгын зөрчил тогтоогдсон байхыг хуулиар шаарддаг. Өөрөөр хэлбэр хөдөлмөрийн харилцаа бол ажилтан, ажил олгогчийн хооронд үүсдэг тэнцвэргүй харилцаа бөгөөд талуудын тэгш байдлыг хангах зарчмын хангах үүднээс ажилтанд хариуцлага ногдуулахтай холбогдсон зохицуулалтад заавал мэдэгдсэн байх, шалгаж нотлогдсон байхыг шаарддаг онцлогтой тул аль нэг газрын албан бичгээр ажилтныг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй юм.
Иймд Булган аймгийн Булган сумын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгох нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч Э.О******* хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох тушаал гаргах үед би өвчтэй байсан гэж тайлбарлаж байгаа нь Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулториор ердийн өвчний/J34.2 оноштой/ улмаас эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн чөлөөтэй байсан байдал нь 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эхэлж, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусах хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар тогтоогдсон. Гэхдээ энэ нь хөдөлмөрийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүй байх нөхцөл байдалд /маргаан бүхий тушаалын үндэслэл буюу 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт/ хамаарахгүй болно./хх-ийн 105х/.
Маргаан бүхий тушаалын үндэслэл болсон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.3, 4.3.6, 4.3.10 гэсэн заалтууд нь тушаал дээр 6.3.3, 6.3.6, 6.3.10 гэж бичигдсэн техникийн алдаа гаргасан үндэслэлийг байгууллагаас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж, зүйл заалтын дугаарлалт өөрчлөгдсөн гэж тайлбарлаж, нотлох баримтаар бусад 3 ажилтны хөдөлмөрийн гэрээг гаргаж ирүүлсэн нь хуульд заасан нотлох баримтын шаардлага зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.
Энэ алдаа нь хэлбэрийн төдий байх тул маргаан бүхий тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болоогүйг дурдвал зохино.
5.2.2.в.Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн шаардлагад ажилгүй байсан хугацааны цалин 17.661.706 төгрөг гаргуулахаар тодотгож нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 7,8 сарын цалингийн тооцоолол, хууль бусаар олгогдоогүй үеийн урамшуулалт цалингийн тооцоог хүснэгтээр гаргаж ирүүлсэн байна.
Хариуцагчаас дээрх тооцоололтой холбогдуулан хариу тайлбар гаргаагүй болно.
Нэхэмжлэгчийн гаргасан Булган сумын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Э.О*******ийн тооцоолж ирүүлсэн 7.8 сарын цалин, урамшуулалт цалин болон 17,661,706 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
6. Зохигчоос шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тодорхойлолт, хувь хүний гараар бичсэн тайлбар, өөрт байгаа баримтыг нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулж өгсөн баримт зэргийн нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Мөн оролцогчийн хүсэлтээр гар утасны ярианы бичлэг болох СД -нд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу үзлэг хийсэн боловч уг ярианы бичлэг нь хуульд заасан аргаар хийгдээгүй байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж шүүх дүгнэв.
7.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 246,258 төгрөг гаргуулж, төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2, 158.2.2-т заасныг баримтлан Булган аймаг, Булган сумын е******* б******* 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар үндсэн цалингийн 20 хувиар 1 сар хасаж сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн Б/48 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 17,661,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.О*******д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч Булган аймгийн Булган сумын 3 дугаар сургуульд даалгасугай.
3.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 246,258/хоёр зуун дөчин зургаан мянга, хоёр зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА