Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/847

 

 

 

 

 

    2024           07           23                                               2024/ДШМ/847    

 

 

Б.Г холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  Прокурор Д.Энхбаяр,

  шүүгдэгч Б.Г  /цахимаар/,

           нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Г холбогдох эрүүгийн 1706 00000 0070 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Баянзүрх дүүргийн прокуророос: Б.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

      Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г ийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Г оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 641 /зургаан зуун дөчин нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Г тус шүүхээс авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  110.931.568 төгрөг гаргуулж: хохирогч Б.Б 2.758.800 төгрөг, хохирогч С.М 29.460.000 төгрөг, хохирогч Ө.М 1.540.000 төгрөг, хохирогч М.Н 3.098.000 төгрөг, хохирогч С.Б 3.470.000 төгрөг, хохирогч П.М 3.418.000 төгрөг, хохирогч Д.Ц 12.405.008 төгрөг, хохирогч С.Т 383.000 төгрөг, хохирогч Ц.М 365.000 төгрөг, хохирогч О.Х 212.000 төгрөг, хохирогч Н.Д 24.170.000 төгрөг, хохирогч Б.О 4.125.000 төгрөг, хохирогч Б.Б 8.220.000 төгрөг, хохирогч Б.Ц 195.000 төгрөг, хохирогч Я.Б 1.661.760 төгрөг, хохирогч В.Б 5.610.000 төгрөг, хохирогч Б.О 4.270.000 төгрөг, хохирогч О.Б 2.370.000 төгрөг, хохирогч Э.Б 650.000 төгрөг, хохирогч Б.О 2.550.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

         Шүүгдэгч Б.Г  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...20 удаагийн үйлдэлтэй гэх 14 хавтастай бүхий уг хэрэг 2016 оноос хойш 8 жилийн хугацаанд олон алба дамжин явсаар хэргийн бодит байдал, сэдэл оролцоо нь нотлох баримтаар эцэслэн тогтоогдохгүй байсаар ирсэн. Миний бие сэжигтнээр татагдан 2016 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл тасралтгүй 19 сар цагдан хоригдсон бөгөөд эхний өдрөөсөө эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж ирсэн. Энэ хэрэгт зөвхөн хохирогчдыг олж тогтоох, хохирлын хэмжээ, үнэлгээ гаргахад 2 жил шахам хугацаа шаардсан боловч зайлшгүй шаардлагатай нотлох баримт болох хяналтын камерын бичлэг, гар утасны болон данс гүйлгээний картын хуулга, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг олж бэхжүүлээгүй. Миний зүгээс хохирлыг төлж барагдуулах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар удаа дараа хүсэлтийг хяналт тавьж байсан боловч хүлээн авч шийдвэрлээгүй бөгөөд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгүүдээр 3 удаа мөрдөн байцаалтад буцаагдаж байсан ч өнөөдрийг хүртэл шүүхийн мэтгэлцээний хариулт болох нотолгоо цуглуулах ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт тусгагдаагүй.

Би бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулах санхүүгийн үүсвэртэй болох боломжгүй, сарын цалингийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж ирсэн бөгөөд эцэст нь хэргээ шуурхай шийдвэрлүүлж зохих ял шийтгэлээ эдлэн цаашид сонгосон салбараар шургуу хөдөлмөрлөн нэн тэргүүнд хохирлоо барагдуулах, хөдөө орон нутагт аж ахуй эрхлэх багахан туршлага боломжоо ашиглан нийтэд тустайгаар амьдрахыг хүсч хэрэгт цугласан баримтын хүрээнд хэргээ тусгаарлуулан шийдвэрлүүлэхийг хүссэн. Харин хэргийн хамтрагчаар татагдан шалгагдаж байсан Б.Б хэргээс тусгаарлан хэрэгсэхгүй болгохдоо аль прокурорын хяналт, үүрэг болгосноор аль хэлтсийн ямар мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйлдэлд холбогдолгүй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүйгээр хэргийг ийнхүү эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүх нь прокурорын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл журмын дагуу бодитой хяналт хэрэгжүүлсэн эсэхийг давхар хянаж, дүгнэлт хийх гэсэн заалтыг бүрэн хангаж шийдвэр гаргасан эсэх нь эргэлзээтэй байна.

 Шүүгдэгчийн өмнө ял шийтгэл эдэлсэн байдлын талаар өмнөх гурван шийтгэх тогтоолын нэгд нь 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 205 дугаар шийтгэх тогтоолоор 6 жил хорих ял шийтгүүлж, Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 400 дүгээр шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийг өршөөн хассан гэж тусгасан атлаа үлдсэн ялыг хэрхэн яаж эдэлж суллагдсан тухай шийтгэх тогтоолд орхигдуулсан.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж зааснаар бусад тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнгүй болж, шүүгч шийдвэр гаргахдаа прокуророос гаргасан хэргийн зүйлчлэл гэм буруугийн байдалд тохирсон, өөр хүндрүүлэн үзэх нөхцөлгүй гэж дүгнэсэн атлаа улсын яллагчаас санал болгосон 4 жилийн хорих ял дээр  нэмж 7 жилийн хорих ял болгож шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолд тайлбарлахдаа “…гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго гэсэн нь нийгэмшүүлэх талыг нь орхигдуулсан цээрлүүлэх талыг нь голчилсон, шүүгчийн итгэл үнэмшил шүүгдэгчийн өмнөх ял шийтгэл эдэлсэн нөхцөлд тулгуурласан өрөөсгөл шийдвэр гэж үзэж байна. Одоогийн хэрэгжиж буй Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмнөх хуулийн урьд ял шийтгэл эдэлсэн байдлыг хүндрүүлэх нөхцөл болгодог заалтууд үгүй болсон билээ. Миний бие 2016 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл, мөн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсоноос бусад цаг хугацаа буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэг болох хүртэл энэ бүх хугацаанд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд хөдөлмөр эрхлэн нийгэмшин амьдрах тэмүүлэлтэйгээр 2016 оны 06 дугаар сараас 08 дугаар сарыг дуустал Баянзүрх дүүргийн Ногоон төгөл хотхоны тохижилтын ажилд туслах ажилчин, тогооч, 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл Баянхонгор аймагт бог мал маллах, 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл Төв аймгийн Батсүмбэр суманд саалийн үнээний фермд, 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл Төв аймгийн Б суманд ногоон тэжээл, хүлэмжийн аж ахуй, мод үрслүүлэн тариалах ажил орон нутагт зорчих эрх хязгаарлагдсанаар 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл Шангрилла төвийн европ ресторанд, 2024 оны 03 дугаар сараас 05 дугаар сарыг дуустал “*****” ХХК-ийн ноосны үйлдвэрт ажилласан ба газар тариалан, мал аж ахуй хослуулсан чиглэлд багагүй туршлага, дадал олж өргөжүүлэн хөдөлмөр эрхлэх боломж өгөөжийг мэдэрснээр өөрт холбогдох энэхүү хэргийг түргэн шуурхай шийдүүлэхийг хүсч байна. Цаашид хувь хүн болон нийгэмд аливаа хохирол учруулахгүйгээр амьдарч, бусдад учруулсан хохирлоо түргэн барагдуулах хүсэлтэй байна. Бусад учруулсан хохирлын 50 хувийг буцаан өгч барагдуулсан бөгөөд үлдсэнийг бүрэн төлөхөө илэрхийлсэн ба гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, багагүй хугацаанд нийгэмшсэн, хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг байдлыг минь харгалзаж үзэж заавал удаан хугацаагаар нийгмээс тусгаарлан цээрлүүлэх бус улсын яллагчаас санал болгосон шийтгэлээс хүндрүүлэн нэмсэн шийдвэрийг хянан хүнлэг, хуульд заасан шийтгэл оноож хохирогчдын хохирлыг төлж барагдуулах боломжоор хангаж өгнө үү.

Миний бие албан ёсны бүртгэлд ганц бие гэж явдаг ч тусдаа амьдардаг гэрлэлтийн баталгаагүй эхнэр, хоёр хүүтэй байсны том нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Япон улсад сурч байгаад зуурдаар 23 насандаа нас барж хүнд гарз тохиосон бөгөөд бага боловч шүүх хурлаас өмнө хохирлоо барагдуулахаар хуримтлуулсан мөнгөө өгөх боломжгүй болсон билээ. Одоогийн бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 21-5 тоотод 87 настай аав Батын Бямбаа 84 настай ээж Дашзэвэгийн Цагаан, тэтгэврийн насны нэг эгчийн хамт амьдардаг ба аав түрүү булчирхайн эмгэгээс үүдэлтэй альцгэймерын шинж гүнзгийрсэн, ээж өвдөгний үе, нүдний насжилтаас хамаарсан бэрхшээлтэй, таягтай хөдөлгөөн хязгаарлагдмал тул аль аль нь байнгын асаргаа шаардах өндөр настнууд билээ. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Б.Г ийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэргийг орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, нийт 20 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 20 хохирогчид их хэмжээний хохирол болох 211.295.568 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Б /3хх 112-115/, С.М /3хх 21-29/, Ө.М /3хх 157-160/, М.Н /3хх 192-195/, С.Б /3хх 226-227, 230-231/, П.М /5хх 18-19/, Д.Ц /5хх 237-238/, С.Т /6хх 134-136/, Ц.М /6хх 140-142/, О.Х /6хх 146-148/, Н.Д /3хх 67-72/, Б.О /4хх 14-16/, Б.Б /4хх 66-73/, Б.Ц /6хх 170-109/, Я.Б 4хх 129-134/, В.Б /6хх 97-101/, Б.О /4хх 154-158/, О.Б /4хх 185-187/, Э.Б /4хх 240-242/, Б.О /4хх 207-210/, гэрч Б.Ц /3хх 116-117/ гомдол мэдээл хүлээн авсан тэмдэглэлүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаа нэвтрэн орсныг, орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл хэрэгслийг тус тус ойлгоно. 

Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Г  хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Шүүгдэгч Б.Г  “...ар гэрийн нөхцөл байдлыг маань харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Шүүгдэгч Б.Г  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, нийт 20 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 20 хохирогчид их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, мөн шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол нь шалтгаант холбоотой байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Г оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Б.Г ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г  нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 47 /дөчин долоо/ хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Г  нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 47 /дөчин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ