Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 477

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Отгонжаргалын Бод холбогдох эрүүгийн 1805012830447 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Ашигт малтмалын баяжуулалтын 2 дугаар курсын оюутан, ам бүл 5, эмээ, эх, 2 дүүгийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум Баруунсайхан 13-04 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 75 дугаар байр 141 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайжууд овогт Отгонжаргалын Б /РД: /.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 2 дугаар сарын 28-наас 2018 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 102 дугаар байрны 1 дүгээр орцны 3-н давхарт Г.Быг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “2018 оны 2 дугаар сарын 28-наас 2018 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө найз Хашчулууны гэрт очсон. Хашчулуун 00 өрөө ороод цаг гаран болоод гарахгүй байсан ба би багадаа гэмтэл авч байсан тул гадаа гарч байгаад 3 давхарт шээсэн. Б ах гарч ирээгүй бол би буцаж гараад арчих байсан” гэв.

 

Хохирогч Г.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 28-наас 2018 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 102 дугаар байрны 26 тоот гэрээсээ гараад машин холдуулж өгчихөөд эргээд гэртээ орохоор шатаар өгсөж явж байхад 3-н давхарын урууддаг шатан дээр нэг эрэгтэй шээгээд зогсож байсан би наанаа шээж яаж байгаа юм бэ наадах чинь жорлон биш гэж хэлэхэд нөгөө залуу өмдөө татаад хажуугаар дээшээ гараад шатны дээд хэсэгт зогсоод миний хэвлий хэсэгрүү нэг удаа өшиглөсөн тэгээд найзуудыгаа тухайн үед хэнч гэлээ ямар ч байсан орилж дуудсан тэгээд өөрийгөө би Өмнөговийн Барсаа байна гэж хэлж байсан. /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн/ би өшиглүүлээд шатны бариулаас татаад зогсож байхад миний нүүр лүү гараараа цохиж эхэлсэн...” гэжээ. /хх 9-10/

 

Гэрч У.Шинэбаяр мэдүүлэхдээ: “...Б 30 орчим насны залуутай барьцалдаад зогсож байхаар нь Өлзийжаргал бид хоёр салгах гээд байж байтал, уг залуугийн эхнэр гарч ирээд хэрэлдэж байгаад цагдаад дуудлага өгсөн юм.Өлзийжаргал бид хоёрын хувьд зодоонд оролцоогүй уг залуутай Б барьцалдаад авчихсан байхаар нь салгасан юм... ” /хх 13-14/

 

Гэрч Б.Өлзийжаргал мэдүүлэхдээ: “...тэгээд орцонд орилоод хашгираан болоод байхаар нь сандараад Шинэбаяр гарсан. Би араас нь гутлаа өмсөөд гарсан чинь Быг Шинэбаяр бариад авсан. Араас нь би Быг бариад авсан юм. Б тэр ах руу дайраад зодох гээд байсан. Тэр ахын нүүр ам нь улайсан байдалтай байсан юм. Тэр үедээ айж сандарсан байсан болохоор яг юу болсоныг сайн санахгүй байна..” /хх 15-16/

 

Гэрч Э.Тэмүүжин мэдүүлэхдээ: “...Төд удалгүй орцонд чанга дуу гараад эхэлсэн тэгсэн Өлзийжаргал, Шинэбаяр хоёр Барсаа хаана байна гээд орцруу гүйгээд гарсан. Араас нь би гутлаа өмсөөд гарсан чинь шатны доод хэсэгт нь нэг залуу бөхийгөөд зогсож байсан чинь Барсаа зүүн талын ташааны хэсэгт өшиглөж байгаа харагдсан. Тэгсэн хажуу талын хаалганаас эмэгтэй хүн гарч ирээд болиочээ гэж хашгарч эхэлсэн. Тэр эмэгтэй хашгарч эхэлсний дараа Өлзийжаргал, Шинэбаяр бид гурав Барсааг салгаад гэрлүүгээ оруулсан..” гэжээ. /хх 17-19/

 

Гэрч Б.Отгонцэцэг мэдүүлэхдээ: “...Өөрийгөө Өмнөговийн Барсаа гэдэг залуу нь зодоод байсан намайг салгах гээд очсон чинь намайг хүртэл ална шүү, бүгдэнг чинь ална шүү, тэгээд манай нөхрийг зодох гээд дайрах үед нь Өлзийжаргал, Тэмүүжин, Шинэбаяр гурав салгаад орцноос авч гарсан...Манай нөхрийг Өмнөговийн Барсаа гэх залуу нь ганцаараа зодож байсан...” гэжээ. /хх 20-21, 22/

 

Шинжээч Б.Ганзориг мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн. 6,7,8 дугаар хавирганы хугарал гэж гаргасан нарийн шинжилгээ биш рентген зурагт тухайн хүний хавирга цуурсан харагдсан эсэх нь сайн харагдахгүй давхацаж харагдсан гэсэн үг 2018.3.01-ний өдөр Натур эмнэлэгт үзүүлсэн КТГ-д нарийн шинжлүүлсэний үндсэн дээр 8, 9, 10-р хавирганы хугарал гэдгийг гаргуулан дүгнэлт гаргасан юм. 8, 9, 10-р хавирганы хугаралд мөр өгзөг хэсэгт цохиход нөлөөлөхгүй...” гэжээ. /хх 29/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3151 дугаар дүгнэлт: “Г.Бын биед зүүн 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, тархи доргилт зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод 2 дугаар шүдний сулрал буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх 28/

Натур эмнэлэг компьютер томографийн оношлогоо /хх 33/

Гомдол саналгүй гэх баримт /хх 59,67/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 2 дугаар сарын 28-наас 2018 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 102 дугаар байрны 1 дүгээр орцны 3-н давхарт Г.Быг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Б /хх 9-10/, гэрч У.Шинэбаяр /хх 13-14/, Б.Өлзийжаргал /хх 15-16/, шинжээч Б.Ганзориг /хх 29-30/, гэрч Э.Тэмүүжин /хх 17-19/, Б.Отгонцэцэг /хх 20-21,22/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3151 дугаар дүгнэлт /хх 28/, Натур эмнэлэг компьютер томографийн оношлогоо /хх 33/, гомдол саналгүй гэх баримт /хх 59, 67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, мөрдөн байцаалтанд хохирогч Г.Б шүүгдэгч О.Б нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 59, 67/ байх зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч О.Бод холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Тайжууд овогт Отгонжаргалын Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайжууд овогт Отгонжаргалын Быг 1500  нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Бод урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ