Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/846

 

 

 

 

    2024           07          23                                            2024/ДШМ/846

 

О.Г холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ч.Батбаатар /томилолтоор/,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/370 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар эсэргүүцэлд үндэслэн О.Г холбогдох эрүүгийн 2303 00510 0432 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

шүүгдэгч О.Г  нь 20** оны ** дугаар сарын **-ний өдөр ** цаг ** минутын орчимд Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Механик тээврийн сургуулийн хойд замд “******” маркийн ****УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 3.Э /эмэгтэй, ** настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Г оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.Г сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г ас хохирол 5.564.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт, эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирол 4.540.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З нөхөн төлснийг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч З.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Агар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:  “...Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.” гэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч О.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус.” гэж дүгнэн шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад эрх хасах нэмэгдэл ялыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуульд оруулж өгсөн ба шүүгдэгч О.Г  нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх хасах ялыг хэрэглэсэн байтлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтад О.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/370 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Ч.Батбаатар давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн гэмт хэрэг 20** оны * дугаар сарын **-ны өдөр үйлдэгдсэн. Анхан шатны шүүх ял Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Д.Агарын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч О.Г  нь 20** оны ** дугаар сарын **-ний өдөр ** цаг ** минутын орчимд Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Механик тээврийн сургуулийн хойд замд “*********” маркийн  ****УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 3.Э /эмэгтэй, ** настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /хх 6-11/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг зөвшөөрсөн маягт /хх30/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9622, 2024 оны 04 дүгээр  сарын 24-ний өдрийн 430 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх44-45, 130-131/, техникийн үзлэгийн төвийн дүгнэлт /хх54-61/,

насанд хүрээгүй хохирогч З.Э “...би гарцаараа гарч байсан. ...намайг мөргөсөн ах утас нь болохгүй байна гээд би дуудлага өгсөн. ...нуруу их өвддөг болсон. ...эмчилгээтэй холбоотой гарч байгаа бүх зардлаа нэхэмжилнэ...” /хх17/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн н.З “...манай охин утсаараа цагдаа руу залгаж хэлсэн. ...охин маань одоо эмчилгээ хийлгэж байгаа. ...ганцаараа гарцаар гарахаас айдаг болсон. ...нуруу нь их өвддөг, чилдэг болсон...” /хх13-14/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б “...машин миний машин дүүдээ өгөөд барилгын материал авахаар явж байсан. ...нэхэмжлэх зүйлгүй...” /хх22-25/,

иргэний нэхэмжлэгч Д.Г “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.564.000 төгрөгийн зардал гарсан ба үүнийг төлүүлнэ...” /хх34/,

гэрч Ө.Ц “...замын хөдөлгөөн зохицуулж байхад осол гарсан. Хүүхдийг яг яаж мөргөснийг хараагүй. ...жолооч ** орчим насны залуу, явган зорчигч ** орчим насны хүүхэд байсан. ...явган зорчигч нуруугаар өвдөж байна гэсэн. ...түргэний машин эмнэлэг авч явсан...” /хх36/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч О.Г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүх, шүүгдэгч О.Г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокурор Д.Агар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад эрх хасах нэмэгдэл ялыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуульд оруулж өгсөн ба шүүгдэгч О.Г  нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх хасах ялыг хэрэглэсэн байтлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтад О.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/370 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тус тус хуульчилсан тул гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Г дээрх хуулийн заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж” шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд прокурорын бичсэн “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/370 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, 2 дахь заалтад өөрчлөлт орсонтой холбоотой 4 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/370 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн

 2 дахь заалтын “...Шүүгдэгч О.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй...” гэснийг, “...Шүүгдэгч О.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт орсонтой холбоотой 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА 

 

                         ШҮҮГЧ                                   Л.ДАРЬСҮРЭН 

 

                                    ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ