Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 476

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Б.Бямбадагва /томилолтоор/,

Шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянсанж овогт Төмөрийн Од холбогдох 1805000980385 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 2 ой 6 сараас 11 насны 4 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 17 дугаар баг, Эрдэнийн 6а дугаар гудамжны 18 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл ухаан бүрэн,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаатай ял хойшлуулсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг 2 жил хойшлуулсан, Баянсанж овогт Төмөрийн О /РД: /.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.О нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин худалдааны төв” дотор иргэн С.Нандинчимэгийн цүнхтэй /биет 290,000 төгрөг, гоо сайхны хэрэгсэл, контейнерийн түлхүүр, түрийвчинд 60,000 төгрөг, иргэний үнэмлэх, хаан банкны 2, Төрийн банкны 1 виза карт, Номин дэлгүүрийн хөнгөлөлтийн карт, монетон ээмэг, гинж, 3 ширхэг бөгж/ эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 1,280,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин худалдааны төв” дотор куртик авах гээд явж байгаад хүний лангуунаас цүнх авсан. Цүнхэн дотор цэнхэр өнгийн загасны арьсан түрийвч бэлэн 60,000 төгрөг, гоо сайхны хэрэгсэл, машин болон байрны түлхүүр, виза карт зэрэг байсан ба 32-ын автобусны буудлын орчим монетон эдлэл мөнгийг аваад бусад зүйлийг хаясан. Монетон эдлэлийг алт монетон эдлэл авдаг хүмүүст 500.000 төгрөгөөр зараад гэртээ харьсан” гэв.

 

Хохирогч С.Нандинчимэг мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн 5 давхарын 9 лангуун дээрээ байж байгаад 15 цаг 30 минутын үед урд талын лангууныхаа Дулмаа гэх хүнд тусалж байгаад буцаад лангуу руугаа ортол цүнхээ хийсэн байсан шүүгээний хаалга бага зэрэг онгойчихсон байхаар нь нээгээд хартал миний цүнх хулгайд алдагдчихсан байсан. миний цүнхэн дотор түрүүвч гоо сайханы хэрэгсэл 290,000 төгрөг, контейнерын түлхүүр, түрүүвчинд 60,000 төгрөг, иргэний үнэмлэх хаан банкны 2, төрийн банкны 1 виза карт Номин дэлгүүрийн хөнгөлөлтийн карт, монетон ээмэг, гинж, 3 ширхэг бөгж байсан. Сүүлд нь дан бичиг баримтууд болох миний өөрийн иргэний үнэмлэх, Хаан банкны 2, Төрийн банкны 1 виза карт, Номин дэлгүүрийн хөнгөлөлтийн картыг нэг хүн нэгдүгээр хороолол хаячихсан байхад нь олж өгсөн юм ...” гэжээ. /хх 10-11/

 

Гэрч О.Алтанхуяг мэдүүлэхдээ: “...манай эхнэр О бид хоёр 2007 онд анх танилцаад гэр бүл болсон, одоо 12 настай охин Солонго, 10 настай охин Нарангарав, 8 настай хүү Гэрэлт-Эрдэнэ, 2 нас 7 сартай хүү Батболор нарын хамт амьдардаг. Би Орхон аймагтаа “Хаан хүнс” ХХК-д мах шулагч хийдэг. Эхнэр О нь одоогоор эрхэлсэн ажилгүй гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг юм...” /хх 16/

Эд зүйлийн үнэлгээ /хх 20/

Хохирол төлбөрт 360,000 төгрөг авсан гэх баримт /хх 129/

Шийтгэх тогтоол /хх 52-55,57-63/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 46,47, 48/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.О нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин худалдааны төв” дотор иргэн С.Нандинчимэгийн цүнхтэй /биет 290,000 төгрөг, гоо сайхны хэрэгсэл, контейнерийн түлхүүр, түрийвчинд 60,000 төгрөг, иргэний үнэмлэх, хаан банкны 2, Төрийн банкны 1 виза карт, Номин дэлгүүрийн хөнгөлөлтийн карт, монетон ээмэг, гинж, 3 ширхэг бөгж/ эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 1,280,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Нандинчимэгийн /хх 10-11/ мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 20/, хохирол төлбөрт 360,000 төгрөг авсан гэх баримт /хх 129/, шийтгэх тогтоол /хх 52-55, 57-63/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 46, 47, 48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Од холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.О нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялтай байдал дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч Т.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид 372.000 төгрөгийн хохирол төлсөн, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.

 

Шүүгдэгч Т.Огээс 908,700 төгрөг гаргуулан хохирогчид олгуулах, шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Баянсанж овогт Төмөрийн Од нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баянсанж овогт Төмөрийн Ог 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлангийн арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

3. Шүүгдэгч Т.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож энэ хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогчид 372,000 төгрөгийн хохирол төлөгдсөн зэргийг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Огээс 908,700 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд рапид 23-144 тоотод оршин суух Гэгээнтэн овогт Сэрээнэнгомбын Нандинчимэг /РД:ИУ79062501/-т олгосугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Од урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ