Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 315/ШШ2025/00254

 

 

 

 

 

2025 07 30 315/ШШ2025/00254

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Миний бие 1987 оны 06 дугаар сард хотын худалдааны трестийн харьяа Зотол ресторанд зөөгчөөр ажилд орсон. Тус байгууллагад 1987-1994 он хүртэл ажилласан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн ба аймгийн архивын тасгаас 1987-1994 онуудад ажиллаж байсан үеийнхээ материал, лавлагааг шүүсэн боловч бүрэн гүйцэд гарч ирээгүй. Иймд 1987 оны 7 сараас 1994 оны 2 сарыг дуустал Зотол ресторанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/288 дугаар цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн худалдаа хоолны Баруун-Урт компанийн захирлын 1994 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн даргын 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 232 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн даргын 1987 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 206 дугаар тэтгэмж олгох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн даргын 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, 1990 оны тогоочдын хамт авхуулсан фото зураг, Сүхбаатар аймгийн худалдаа хоолны Баруун-Урт компанийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 131 дугаар ажилд авах тухай тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн харьяа Зотол ресторанд 1987 оны 7 сараас 1994 оны 2 сарыг дуустал  ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн харьяа Зотол ресторанд 1987 оны 7 сараас 1994 оны 2 сарыг дуустал зөөгч, тогоочоор ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/288 дугаар цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн худалдаа хоолны Баруун-Урт компанийн захирлын 1994 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн даргын 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 232 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн даргын 1987 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 206 дугаар тэтгэмж олгох тухай тушаал, 1990 оны тогоочдын хамт авхуулсан фото зураг, Сүхбаатар аймгийн худалдаа хоолны Баруун-Урт компанийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 131 дугаар ажилд авах тухай тушаал,

4. Гэрч *******ын: ...Бид хоёр 1983-1984 оноос эхлэн Худалдааны трест хамт ажиллаж байсан.Би Худалдааны трест худалдагч хийж байсан. ******* Худалдааны трестийн Зотол ресторанд тогооч хийж байсан.Би 1966 оноос эхэлж худалдааны трест ажиллаж, татан буугдах хүртэл буюу 1991 он хүртэл ажилласан. Түүнээс хойш ******* бид хоёр хувиараа дараалсан цайны газар ажиллуулж байсан.******* Зотол ресторанд 1991 оныг хүртэл Худалдааны трест татан буугдах хүртэл ажиллаж байсан гэх мэдүүлэг,

5. Гэрч*******ийн ...Би 1981 оны сүүлчээр Зотол ресторанд тогоочоор ажилд орж, 1994 онд Зотол ресторан татан буугдах хүртэл ажилласан. ******* нь 1987-1994 оныг хүртэл Зотол ресторанд зөөгч, тогооч хийж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

6. Иймд *******ийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн харьяа Зотол ресторанд 1987 оны 7 сараас 1994 оны 2 сарыг дуустал зөөгч, тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн харьяа Зотол ресторанд 1987 оны 7 сараас 1994 оны 2 сарыг дуустал зөөгч, тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР