Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00471

 

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00471

 

 

Г.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2021/02340 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч КК-ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 264,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Г.А- нь КК-ХХК-ийн захиралтай 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Т-20/01 дугаар гэрээгээр өөрийн өмчлөлийн Hyundai 290LC7A маркийн 00-00 УБ улсын дугаартай эксковаторыг 2 сарын хугацаагаар, Т-20/02 дугаар гэрээгээр Hyundai 290LC7A маркийн 00-00 УБ улсын дугаартай эксковаторыг 7 сар 20 хоногийн хугацаагаар, мөн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 20/03 дугаар гэрээгээр 00-00 УНХ, 00-00 УНО улсын дугаар BEIBEN маркийн ачааны 2 ширхэг автомашиныг 4 сарын хугацаатай тус тус түрээслүүлэхээр түрээсийн гэрээг байгуулсан.

Гэрээ ёсоор 00-00 УБ улсын дугаартай эксковаторыг 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс Хэнтий аймгийн Бэрх сум руу, 00-00 УБ улсын дугаартай эксковаторыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс Хэнтий аймгийн Дархан сум руу, харин00-00 УНХ, 00-00 УНО улсын дугаартай 2 ширхэг ачааны автомашиныг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс Хэнтий аймгийн Дархан сум руу тус тус явуулсан. Түрээслэгч дээрх хоёр эксковаторыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 4 сар 18 хоногийн хугацаанд, ачааны автомашиныг мөн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд авч ашигласан. Энэ хугацаанд түрээсийн төлбөрт 31,100,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэх 264,500,000 төгрөгийн төлөөгүй. Талуудын хоорондох гэрээгээр түрээсийг сараар тооцохоор заасан. Мөн цахим зурваст үзлэг хийсэн баримтгүй, гарын үсэггүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй. Машин доголдолтой, ажиллаагүй, мөн жолоочгүй байсан гэж тайлбарласан боловч энэ талаар баримтаар тогтоогдоогүй. Хэрэв техник эвдэрсэн, доголдолтой талаар мэдэгдсэн бол засварлах, мөн жолоочоор хангах боломжтой байсан. Техникийг ашиглаагүй асуудал нэхэмжлэгчээс бус хариуцагчаас шалтгаалсан. Иймд эксковатор болон автомашины түрээсийн төлбөрт КК-ХХК-аас 264,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай компани нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан Hyundai 290LC70 маркийн 00-00УБ, 290LC70 маркийн 00-00УБ улсын дугаартай эксковатор,00-00 УНХ болон 00-00 УНО улсын дугаартай BEIBEN маркийн ачааны 2 ширхэг автомашиныг нэхэмжлэгчийн дурдаж буй хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан.

Дээрх эксковаторуудыг түрээсэлж нэг сард хуанлийн хоногийн дагуу 1 өдөрт 8 цаг ажиллахаар, операторчнийг түрээслүүлэгч тал хангах үүрэг хүлээн (гэрээний 2.5) гэрээ байгуулагдсан. Түүнчлэн, түрээслүүлэгч засвар үйлчилгээг хийх, техникийн бүрэн бүтэн байдлыг хянаж, засвар үйлчилгээг нь цаг алдалгүй хийж, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бололцоог хангаж байх үүрэг хүлээсэн.

Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд эксковаторууд хэсэг ажиллаж байгаад эвдэрсэн. Нэг сарын дунджаар 30 хоногоор тооцоход 1 эксковатор 240 цаг, нийт 480 цаг ажиллах ёстойгоос 2020 оны 04 дүгээр сард нийт 184 цаг, 2020 оны 05 дугаар сард нийт 165 цаг 25 минут, 2020 оны 06 дугаар сард 119 цаг 35 минут, 07 дугаар сард 292 цаг, 2020 оны 08 дугаар сард 88 цаг 30 минут тус тус ажилласан. Иймд ажилласан хугацааны хөлсийг цагаар тооцно.

Автомашиныг уурхайн талбайд авчирсан боловч 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буцаан авсан цаг хугацааны хувьд маргахгүй. Гэхдээ 00-00 УНО улсын дугаартай автомашин жолоочгүй, ажилд бэлэн биш гэсэн шалтгаанаар нэг ч удаа тээвэр хийгээгүй Г.А- аваад явсан.00-00 УНХ улсын дугаартай автомашин Н.Доржсүрэн гэдэг жолоочтой тээвэр хийсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сард 32 цаг 20 минут, 2020 оны 05 дугаар сард 47 цаг 20 минут, 2020 оны 06 дугаар сард 5 цаг 05 минут тус тус ажилласан. Гэвч энэ машин нь нэхэмжлэгчийн өмчлөлийн биш тул түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Иймд энэ машины түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн 16,000,000 төгрөгийг хасч тооцно.

Г.А- тооцоо нийлээгүй атлаа төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчид түрээсийн гэрээний дагуу ажиллах нөхцөлөөр хангах талаар хариуцагч удаа дараа мэдэгдэж байсан. Г.А-т нийт 40,100,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 69,066,666 төгрөг төлөх ёстой тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан КК-ХХК-аас 123,865,006 /Нэг зуун хорин гурван сая найман зуун жаран таван мянга зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.А-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 140,634,994 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,480,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 777,275 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байдлыг ашиглаж болохгүй гэж төлөөлүүлсэн этгээдэд буюу гэрч П.Чинбат, эсхүл тээврийн хэрэгслийн өмчлөгч СБЛЦ ББСБ ХХК-д үүрэг болгосон хэм хэмжээг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан. Гэрч П.Чинбатын ... 2 ширхэг тээврийн хэрэгслийг Г.А-т худалдсан, СБЛЦ ББСБ ХХК-ийн нэр дээр гэрчилгээ байгаа, барьцаанд байгаа... гэх мэдүүлгийг үндэслэж, хариуцагчийг уг нөхцөл байдлыг ашиглаж болохгүй мэтээр үндэслэлгүй дүгнэсэн.

Гэрч П.Чинбат нь уг 2 ширхэг тээврийн хэрэгслийн өмчлөгч байсан боловч СБЛЦ ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Гэрч П.Чинбат нь ... Г.А-ийг тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлөөгүй гэж мэдүүлсэн боловч түүнийг уг тээврийн хэрэгслийг бусдад түрээслүүлэх эрхтэй... гэж мэдүүлсэн. Захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэх эрх нь СБЛЦ ББСБ ХХК-д хадгалагдаж байгаа учир Г.А- нь П.Чинбатыг төлөөлсөн бус өөрийн нэрийн өмнөөс гэрээ хийсэн тул хүчин төгөлдөр бус.

4.2.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрээний 2.5, 5.1-д заасныг тодорхойлж, 5.1-д ажилласан хугацааны хөлсийг цагаар бус сараар тохиролцсон, энэ тухай нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэрч Э.Ариунболд ... цагийн бүртгэлийг н.Өлзийсайхан хийдэг байсан гэж мэдүүлсэн. Түүнчлэн, бусад гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд талууд хэн аль нь хөлсийг цагаар тооцож төлбөр тооцоогоо хийж байсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийн тооцоолсон 165,870,000 төгрөгөөс төлсөн дүнг хасч үлдэх хэсгийг гаргуулах нь зүйтэй ... гэж хариуцагчийн төлсөн 42,004,994 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч үлдэгдэл төлбөр 69,066,666 төгрөг гэдгийг зөвшөөрч үүнээс00-00 УНХ, 00-00 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн түрээслүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу төлсөн 16,000,000 төгрөгийг хасч 53,066,666 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

4.3. Түүнчлэн, нэхэмжлэгчийн илгээсэн 165,870,000 төгрөгийн дүн бүхий тооцоолол нь зөвхөн нэг талын гаргасан тооцоо бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт зааснаар хөдөлбөргүй үнэн зөв гэж үзэх нотлох баримт биш. Үүнээс гадна 2 эксковаторыг түрээслэх гэрээ байгуулагдах үед хариуцагч тус бүр 10,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлсөн. Иймд хариуцагчаас 123,865,006 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 53,066,666 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн. Хариуцагч 2 тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа учраас түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэж гомдолд дурдсан. Г.А- нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан00-00 УНХ, 00-00 УНО дугаартай автомашины зээлийг төлөх зарчмаар худалдан авсан. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр00-00 УНХ, 00-00 УНО дугаартай тээврийн хэрэгсэл Г.А-ийн өмчлөлд шилжиж талаар баримт хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулсан шаардлага хангасан. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хэм, хэмжээг зөрчөөгүй. Түүнчлэн, тээврийн түрээсийн гэрээг хэрэгжих хугацаанд гуравдагч этгээдийн зүгээс түрээсийн гэрээг одоо саатуулах үйлдэл гаргаагүй. Тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлсэн учраас төлбөрийг шаардах эрхтэй гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд тухайн 2 тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа учраас шаардах эрхгүй. Тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Г.А- нь н.Чинбат гэдэг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан00-00 УНХ, 00-00 УНО дугаартай автомашины зээлийг төлөх зарчмаар худалдан авсан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр00-00 УНХ, 00-00 УНО дугаартай тээврийн хэрэгсэл Г.А-ийн өмчлөлд шилжиж ирсэн талаар баримтууд хэрэгт авагдсан. Хариуцагчийн зүгээс хууль бус хэлцэл байгуулсан тул талуудын хооронд байгуулсан тээврийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргадаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулсан шаардлага хангах гэдэг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хориглосон хэм, хэмжээг анхан шатны шүүх зөрчөөгүй. Түүнчлэн хамгийн гол нь тээврийн түрээсийн гэрээг хэрэгжих хугацаанд гуравдагч этгээдийн зүгээс түрээсийн гэрээг одоо саатуулах үйлдэл гаргаагүй. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т зааснаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлсэн учраас манайх шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн талууд гэрээг сараар тохирсон. Гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохирсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч КК-ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 264,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч ... техникийн ашигласан хугацааны хөлсийг цагаар тооцож үлдэгдэл төлбөр 69,066,666 төгрөгөөс00-00 УНХ улсын дугаартай автомашины түрээсийн төлбөрт төлсөн 16,000,000 төгрөгийг хасаж үлдэх хэсгийг төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй ... гэж маргажээ.

 

1.б. Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 20/01, 20/05 дугаартай Эксковатор түрээслэх гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр түрээслүүлэгч /Б тал/ Г.А- нь Hyundai 290LC7A маркийн 00-00 УБ, 00-00 УБ улсын дугаартай 2 ширхэг эксковаторыг түрээслэгч /А тал/ КК-ХХК-д түрээслэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт нэг сарын 25,000,000 төгрөгийг тус бүр төлөхөөр тохиролцсон.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тээврийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч /Б тал/ Г.А- нь00-00 УНХ, 00-00 УНО улсын дугаартай BEIBEN маркийн 2 ширхэг автомашиныг түрээслэгч /А тал/ КК-ХХК-д түрээслэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт 1 нэг сарын 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, (хх-ийн 5-13) гэрээний хэрэгжилт, үүргийн зарим хэсгийг биелүүлсэн байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

1.в. Түрээслүүлэгч Г.А- түрээсийн гэрээний дагуу 2 ширхэг эксковатор болон 2 ширхэг автомашиныг түрээслэгч КК-ХХК-д шилжүүлэн өгсөн болон түрээслэгч нь дээрх тээврийн хэрэгслийг ашигласан үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

Харин 00-00 УНО улсын дугаартай автомашин жолоочгүй байсан учраас тээвэр хийгээгүй,00-00 УНА улсын дугаартай автомашин нь Г.А-ийн өмчлөлийн бус тул бусдад түрээслэх эрхгүй тул энэ автомашиныг түрээсэлсэн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, түрээсийн төлбөрийг тооцох аргын талаар талууд маргажээ. Тодруулбал, түрээслэгч нь ашиглаагүй цагаар хөлс төлөхгүй гэж, түрээслүүлэгч нь талбайд түрээсийн зүйл байршиж байсан, операторууд ээлжлэн ажиллах боломжтой байсан гэх үндэслэл заан маргаж байна.

 

1.г. Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар00-00 УНХ улсын дугаартай BEIBEN маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр СБЛЦ ХХК болох нь тогтоогдсон. Гэвч гэрч П.Чинбат ...00-00 УНХ автомашиныг Г.А-т худалдсан... өөрийн нэрийн өмнөөс ашиглах эрхтэй, гэрчилгээ СБЛЦ банк бусын нэр дээр байгаа... гэж, гэрч Г.Доржсүрэн ...00-00 УНХ автомашиныг барьж Хэнтий аймгийн хажуу улаанд ажилласан... гэж тус тус мэдүүлснээс дүгнэвэл хариуцагч КК-ХХК00-00 УНХ автомашиныг үйл ажиллагаандаа ашигласан гэж үзэх тул түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Иймд Г.А- нь00-00 УНХ автомашиныг бусдад түрээслэх эрхгүй байсан гэх үндэслэлээр КК-ХХК-тай түүний байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй. Уг техник хэрэгсэл барьцаанд байгаа хэдий ч эзэмшил, ашиглалтай холбоотойгоор гуравдагч этгээд шаардлага гаргаагүй, саад учруулсан зүйл байхгүй байна. Иймд бусдын өмчлөлийн зүйлийг түрээслүүлсэн тул гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж уг түрээсийн төлбөрөөс 16,000,000 төгрөгийн төлбөрийг хасч тооцох тухай хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй болно.

 

1.д. Хариуцагч КК-ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт нийт 42,004,994 төгрөгийг нэхэмжлэгч Г.А-т төлсөн болох нь ХААН банк ХХК дахь Г.А-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон тус банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна. (хх 53-57, 85-90)

 

1.е. Талуудын хооронд Эксковатор түрээслэх гэрээний 2.5-д 1 сард хуанлийн хоногийн дагуу ажиллана. 1 өдөрт 8 цаг ажиллана гэж, 5.1-д эксковаторын нэг сарын түрээс 25,000,000 төгрөг байна гэж заажээ. (хх-ийн 9) Анхан шатны шүүх гэрээний уг заалтыг үгийн шууд утга, бусад нөхцөлтэй харьцуулан түрээсийн төлбөрийг ажилласан цагаар бус сараар тооцон төлөхөөр тохиролцсон гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдал, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

1.ё. Мөн түрээслэгч КК-ХХК нь 00-00 УНО маркийн автомашиныг ажиллуулах операторчноор хангаагүйгээс тус тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болсон гэж тайлбарласан боловч энэ талаар түрээслүүлэгчид мэдэгдэж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.6-д эд хөрөнгө ашиглах боломжгүй нөхцөл байдлын талаар түрээслэгч түрээслүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь операторгүйгээс уг тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.1, 290 дүгээр зүйлийн 290.5 дахь хэсэгт заасан түрээсийн төлбөрийг бууруулахаар шаардах эрх хариуцагчид үүсээгүй байна.

 

1.е. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйл хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан хугацаагаар буюу сараар тооцон түрээсийн төлбөрт 264,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч байгууллагын нягтлан бодогч Ө.Алтанзулд 165,870,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцоо ирүүлж байсан нь нягтлан бодогч Ө.Алтанзулын фэйсбүүк мессенжерт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. (хх-ийн 122, 138)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар үзлэгийн тэмдэглэл нь нотлох баримтад хамаарах бөгөөд анхан шатны шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн тооцоолсон 165,870,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцож хариуцагчийн төлсөн 42,004,994 төгрөгийг хасч 123,865,006 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн ба энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

2.Давж заалдах гомдлын талаар

2.1. Түрээсийн гэрээний зүйл болох00-00 УНХ улсын дугаартай BEIBEN маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр СБЛЦ ХХК болох нь тогтоогдсон боловч уг автомашины эзэмшил, өмчлөлтэй холбоотойгоор гуравдагч этгээд шаардлага гаргаагүй учир эрхийн доголдолтой гэж үзэхгүйгээс гадна барьцааны зүйлийг түрээсэлсэн нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул түрээсийн гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн хариуцагчийн гомдол нь үндэслэлгүй болно.

 

2.2. Түрээсийн төлбөрийг ажилласан цагаар бус сараар төлбөрийг тохиролцсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Мөн зохигчид хэн аль нь түрээсийн техникийн бүртгэлийг гэрээнд заасны дагуу хийгээгүй тул анхан шатны шүүх үзлэгийн тэмдэглэлд үндэслэн түрээсийн төлбөрийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй тул ...талууд хэн аль нь хөлсийг цагаар тооцож төлбөр тооцоогоо хийж байсан... гэх гомдлыг хангах боломжгүй юм.

 

2.3 ...2 эксковаторыг түрээслэх гэрээ байгуулагдах үед хариуцагч тус бүр 10,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлсөн... гэж гомдол гаргаж байгаа боловч тус бүр 10,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн гэх байдлыг нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2021/02340 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511,948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ