| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2015/1009/Э |
| Дугаар | 466 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Урангуа,
Улсын яллагч Н.Дамбадаржаа,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Равжаа овогт Бат-Өлзийгийн Мд холбогдуулж яллахдүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705002830487 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Зам тээвэр хөгжлийн төв, Замын-Үүд боомтод төлбөр авах цэгийн ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг Сүлд төмөр замчдын өргөн чөлөө гудамж 135-р байр 25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Равжаа овогт Бат-Өлзийгийн М /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “18см” нэртэй бааранд иргэн М.Мөнх-Эрдэнэтэй маргаж улмаар нүүрэн тус газарт архины хундагаар цохиж хагалан биед махбодид нь дух болон зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч М.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 4 цагийн орчим би өөрийн ажилладаг 18 см нэртэй паабдаа Цогтчимэг, Батсайхан, Зориг, М нарын хамт архи ууж байсан чинь би урьд үүссэн харилцаанаас болон Мтай маргалдсан чинь ууж байсан архины шилэн хундагаар миний зүүн дух хэсэг рүү нэг удаа цохьсон чинь миний духнаас цус гарсан. Тухайн өдөр хэн хэн нь согтуу урьдныхаа асуудлыг ярьснаас болон миний нүүр хэсэг рүү шилэн хундагаар цохьсон. М бид хоёр зэрэгцэн сууж байсан. урдаас Батсайхан харан сууж байсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ..” гэжээ. /хх 17-19/
Гэрч Б.Цогтчимэг мэдүүлэхдээ: “...текний орчим цэвэрлэгээ хийгээд зогсож байсан чинь шил хагарах давхар аллаа гэж Мөнх-Эрдэнэ чанга дуугарахаар нь би харсан чинь Мөнх-Эрдэний толгой хэсгээс цус гарчихсан зогсож байсан бөгөөд цаашаа Мгийн баруун гар хэсгээс цус гарчихсан алхаж байсан..” гэжээ. /хх 44-46/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн 9880 дугаар дүгнэлт: “М.Мөнх-Эрдэнийн биед дух болон зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх 21/
Хохирол төлсөн баримт /хх 22/
Гомдол саналгүй гэх баримт /хх 50,53/
Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх 40,42/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41/ зэрэг болно.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “18см” нэртэй бааранд иргэн М.Мөнх-Эрдэнэтэй маргаж улмаар нүүрэн тус газарт архины хундагаар цохиж хагалан биед махбодид нь дух болон зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Мөнх-Эрдэнэ /хх 17-19/, гэрч Б.Цогтчимэг /хх 44-46/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн 9880 дугаар дүгнэлт /хх 21/, хохирол төлсөн баримт /хх 22/, гомдол саналгүй гэх баримт /хх 50, 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх 40, 42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Равжаа овогт Бат-Өлзийгийн Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Равжаа овогт Бат-Өлзийгийн Мг 850 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 850.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.