Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 123/ШШ2026/0031

 

  2026      03      23                                                  123/ШШ2026/0031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар, шүүгч Б.Одонтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: М.Ц,

            Хариуцагч: Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч В.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, өмгөөлөгч Ж.А, иргэдийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч М.Ц-ээс Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад холбогдуулан “сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/24 дүгээр “Албан тушаалаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  

1.2. нэхэмжлэлийн шаардлагаа ”сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 24,840,743 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр тодруулсан байна.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар:

2.1. Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар М.Цийг тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд түр томилсон[1].

2.2. Тус сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар М.Ц нь удаа дараа албан тушаалын тодорхойлолтын дагуух чиг үүргээ хэрэгжүүлээгүй, сумын шуурхай штабыг мэдээллээр хангаагүй, төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан[2] гэх үндэслэлээр ажлаас нь халж шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгч нь сумын Засаг даргын захирамжийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлийн талаар,

3.1. Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анх фейсбүүкийн зарын дагуу Төв аймагт байдаг Б гэдэг таньдаг хүнтэй уулзсан. Б нь эрчим хүчинд байсан. Би мэдээлэл авч очиж уулзсан. Маргааш Засаг дарга дуудаж уулзсан. Үндэслэлгүй шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, орон байраар хангагдаагүй нөхцөл шалтгааныг хуулийн дагуу шийдвэрлүүлэх, ...тус сумд 2 сар ажиллах хугацаанд дотор, хэвлийн эход 264 хүнийг үнэ төлбөргүй харсан, дотрын эмчийн оношилгоо, эмчилгээ үзлэгийг 325 хүнд үзүүлсэн, хавдар өвчнийг эхогоор 6 хүнд онош тодруулж, хагалгаанд оруулсан, алслагдсан 3 багаар явж 70-80 өрх айлаар явж, үзлэг оношилгоо, зөвлөгөө өгсөн, лабораторийн кабинетын багаж, тоног төхөөрөмжийг засварлаж, уусмалаар хангаж, хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Сумаас гамшгаас хамгаалах бэлэн байдлыг 2-3 хоног зарлаж, 3 удаа цугларалт болж, би 1 удаа өглөө 7 цагт бүрээ дуугаргах үед нь 1 цаг хоцорч 8 цагаас хуралд нь сууж, мэдээг нь 8-11 цаг хүртэл өгснийг захиргаа, Тамгын газрын хамт олон мэдэж байгаа. Би удаан жилийн нэмэгдэл, эхо харсны 40 хувийн нэмэгдэл авъя гэсэн, нэмэгдэл олгох шийдвэр гарсан үгүйг манай нягтлан мэдэж байгаа... Засаг дарга нь 11 удаа дуудаж, ажлын байрны дарамт үүсгэж чи эмнэлгийн төсвийг хэтрүүллээ, үр дүнгийн мөнгийг хүн бүрд 40 хувиар өгсөн байна. Чи олон газар ажилласан муу хүн байна гэж удаа дараа загнасан. 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр цайны цагаар дуудаж, та ажлаа өг, би А.С эмчийг томиллоо гээд 5 сарын 19-ний өдөр гэнэт ажлаас үндэслэлгүй халах тушаал гаргаж, ажлаа өг гэсэн...

...Энд ёс зүйн зөрчил гаргаж хүнтэй маргалдаж, хэрэлдэж зодолдсон зүйл байхгүй. Надад орон байр гаргаж өгөөгүй, хотоос ажилдаа яв гэсэн. Улаанбурхан өвчнөөр 45 настай Г гэж эрэгтэй өвчилсөн, харьцангуй хөнгөн туссан байсан. Монгол улсын хэмжээнд нуун дарагдуулсан зүйл байхгүй. Харьцангуй хөнгөн байсан тул орой 7, 8 цагийн үед би Засаг даргад мэдээлэл өгсөн. Би Засаг даргад сенсаци үүсгэхгүйгээр дарах уу гэж хэлсэн. Би сумын Засаг даргыг болон сумынхаа эрүүл мэндийн төвийн нэр төрийг бодож хэлсэн болохоос биш хуулийн өмнө кордсон 45 настай хүнийг би дарж байгаад ингэе гэсэн сэтгэгдэл надад байгаагүй. Би мэдээллэх ёсгүй, халдварт хариуцсан эмч очих ёстой. Э.Д-г халдвартын өрөө  суллаад өг гэж шаардсан. Б түрүүлж ярьсан байсан, би орой нь ярьсан нь нуун дарагдуулсан болж байна. Би элэг, цөсний яаралтай тусламжаар анагаах ухааны магистр, клиникийн профессор хамгаалсан. Ихэнх ажилласан жил маань нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжид ажилласан. Намайг анкетаа бөглөөд өргөдлөө бичээд өг гэсний дагуу өгсөн. Би удаан жилийн нэмэгдэл, эхо харсны 40 хувь, клиникийн профессорын нэмэгдлийг авъя гэсэн. Хавсран гүйцэтгэсэн ажил нь эхо харсных, би сайн мэдэхгүй байна. Б эмч 40 хувиар эхо харж гэсэн. Би 35 хувиар харъя гэсэн. Тушаал гарсныг мэдэхгүй, нягтлан мэдэж байгаа байх. Би сар гаруй хугацаанд эхо харсан. Эхог үнэгүй үзсэн. Үнэтэй үзвэл би 40 % авахгүй. Би элэг, цөс, бөөр харж байсан, бүртгэлийн цаасаар хөтөлж байсан...Миний эсрэг н.Б, нягтлан хүүхэн байсан. Би бүх ажилчид надтай хамтарч ажиллаж байсан. Тамгын газрын дарга С.С нь Ц даргаа хэнтэй зодолдож байгаа юм бэ гэж орж ирсэн. Тэнд хоёр хөлтэй хоёр эмэгтэй хүн зодолдож байхад би ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэр үед миний эсрэг н.Булганчимэг болон нягтлан хоёр л байсан. Шал худлаа моргийн асуудал яригдаж байна. В.Б гэдэг хүн бол хүндрэлтэй, Төв аймгийн фейсбүүкээр явж байдаг хүн. Хэдэн хүүхнүүд нь подвалд шалдан суугаад хувцсаа солиод байдаг, тэнд би шкаб аваад хулдаасыг нь сольё гэхэд чи дандаа ашиг сонирхолтой гэдэг. Цаг ашиглалтын тухайд би өглөө хамгийн эхэнд ирдэг. Манайх таван шард байдаг, 6 цагт гараад ирдэг.  Халдвартынхаа өрөөнд сувилагч Э.Д нь амьдардаг. Кордсон хүнийг ирэхэд бид нар шүдний өрөөнд эмчилгээ хийгээд гаргасан. Энийг Засаг дарга мэдэхгүй. Засаг даргатайгаа хэрүүл хийгээд яах вэ гэсэн. Ийм л зүйл болсон. Өөр ноцтой зүйл болоогүй......Борнуур сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 24,840,743 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Ц нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон.  Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Борнуур сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, хоёр дахь шаардлагын тухайд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, гуравт ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 24,840,743 төгрөг нийт 212 хоног ажилгүй байсан гэж үзэж байна. Дөрөвт эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. М.Ц нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Борнуур сумын эрүүл мэндийн төвийн даргаар түр орон тоонд ажилласан. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ажилд авсан болон ажлаас халсан тушаалуудыг үндэслэж үндэслэлгүйгээр ажил албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байхад ажлаас халсан гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эрүүл мэндийн төв нь иргэдийн эрүүл мэнд амь насыг хамгаалах, эмчлэх үүрэг бүхий газар. Эрүүл мэндийн төвд халдварт өвчин гарсан тохиолдолд тусгаарлах өрөө байгаагүй. Тэр өрөөнд нь сүүлд Засаг даргын гар дээр байж байгаад ёс зүйн хорооны шийдвэр гарсан Э.Д амьдарч байсан. Улаан бурхан өвчин гарсан чинь тэр 45 настай хүнийг нуугаад өнгөрье гэсэн. Яах юм бэ тусгаарлах өөрөө байхгүй юм чинь, тэр хүнийг эмнэлэг дээрээ хүлээж аваад ердийн иргэдтэй адилхан нэг өрөөнд орж үзлэг хийдэггүй юм, өрөөгөө суллаж өг гэсэн шаардлага тавьсан. Б.Батчулууны хувьд Засаг даргын тайлбарт дурдагдаж байна. Нэмэгдлийг авах ёстой, Засаг дарга шийдвэр гаргасан, гаргаагүй гэсэн. Эрүүл мэндийн тухай хуульд заасан байгаа, энэ нэмэгдлүүд төсөвтөө төсөвлөгдөөд ороод ирсэн байдаг юм. Клиникийн профессор хүн өөрийн авах ёстой нэмэгдэл урамшууллаа авъя гэж байна. Энийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ёстой. Хэдийгээр ажилд авах тушаал гарсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хүнийг чи нэмэгдэл авах ёсгүй гэх эрх байхгүй. Хууль дүрмийнхээ дагуу авна. Авах ёстой зүйлээ авсан. Аудитын шалгалтаар авах ёсгүй 10 хувь авсан гэсэн акт баримт байхгүй. Харин эсрэгээрээ В.Б дарга хуурамч нотлох баримт гаргаж шүүхэд өгсөн болох нь н.Ш, С.С нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд н.Ганзориг шүүгч Ёс зүйн зөрчил гаргаад ажлаас халсан байна, ёс зүйн хороогоор орсон уу гэхэд байхгүй гэж хариулсан байсан. Давж заалдах шатны шүүхээс хэрэг буцаад ирэнгүүт ёс зүйн хорооны шийдвэр гээд гаргаад ирсэн байна.  В.Б дарга өргөдөл өгсөн шүү гээд хоёр өргөдөл өгсөн. Тэрүүгээр хурал хийгээгүй. Яагаад М.Ц-ийг дуудаагүй вэ гэж асуусан чинь хоёр удаа залгаад утсаа аваагүй гэж байна. Хуульд хэрхэн яаж мэдэгдэх вэ гэдгийг зааж өгсөн. Хариуцагч мөн М.Ц ам нээх тусам ашиг сонирхол илэрхийлдэг гэж байна. Эрүүл мэндийн салбар, ариун цэврийн, эрүүл ахуйн дээд цэгтээ байх ёстой. Тэнд байгаа хүн урагдсан шал нь дээр унаад тээглэж унах ёс байхгүй. Урагдсан хулдаасыг сольё, ажилчдын эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг энэ төв байгуулна. Ажилчдаа хувцасны шкафтай болгоё гэдэг нь ямар ашиг сонирхол байгаа вэ. Нэг ч бай хоёр ч бай хөргүүр энэ төвд байх ёстой. Угаасаа журмаараа байх ёстой. Байх ёстой зүйлийг авъя гэдэг нь ямар ашиг сонирхол байгаа юм бэ… Яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээ нь байхгүй, ажил үүргийн тодорхойлолт нь байхгүй вэ, ямар ажил үүрэгтэй вэ гэдгээ тодорхойлох боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр эсвэл цахимаар үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн ажиллагаа эхэлсэнд тооцно. Хоёр сар ажилласан ажлын цаг ашиглалт дээр бүгд гараар бичсэн 8 цаг гэж байна. Засаг даргын Б/25 тушаалд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зан харилцаа, үг үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэх, 8.2-т албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргалтад саад учруулах гэж байна. Тэгэхээр Улаан бурхан гарсныг Засаг даргад хэлсэн. Нэг тохиолдол гарсан. Таныхаар таны хүлээн зөвшөөрөхгүйгээр хоёулаа энийг энэ хавиараа нуун дарагдуулаад өнгөрье гэснийг та хүлээн зөвшөөрөөд байна. Та үгүй байх ёстой. Энэ хүн хэлсэн бол та энийгээ нотлох ёстой. 45 настай нэг удаагийн тохиолдол эмчлэгдээд эрүүл саруул болоод явсан. Энийг нуун дарагдуулснаас хойш хэчнээн хүн халдвар авсан юм бэ. Онцгой байдлын албанаас, онцгой байдлаас, Засаг даргын ямар захирамж гарсан бэ. Энд байхгүй. Нэг ийм тохиолдол гарсан гэж танд хэлсэн. Та энэ мэдээллийг цааш нь хэлэх ёстой. Энэ бол таны үүрэг. Тухайн сумын ард иргэдэд ямар хор хохирол учруулах байсан бэ. Энэ нэг тохиолдлоос өөр хэдэн тохиолдол гарсан, тайлбараа нотлох үүрэг нь байгаа шүү...

...Аливаа байгууллагад санхүүгийн нууц гэж байдаг. Хэдийгээр Засаг дарга та зуун сая төгрөг төсөвлөж өгсөн ч гэсэн санхүүгийн хүн чинь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар тангараг өргөсөн хүн байдаг. Үнэхээр тэр хүн өгөх ёсгүй зүйлийг бодоод өгсөн бол төрийн аудит улиралдаа ордог, гэтэл энэ хугацаанд Төрийн аудит орсон зүйл алга байна. Төрийн аудитаар 10 хувийн нэмэгдэл бодож өгсөн нягтлан бодогчийн үйлдэл буруу байна гэсэн төрийн аудитын хяналтын байцаагчийн дүгнэлт байхгүй байна. Эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэнд, эмнэлгийн орчны төлөө шаардлага тавьсныхаа төлөө өнөөдөр энэ хүн ажилгүй болоод байж байгаа. Энэ хүн хууль зөрчөөгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д ёс зүйн хариуцлага хүлээсэн этгээдийн шийдвэрийг бүртгэлд бүртгэж бүртгэл хөтөлнө гэсэн байдаг. Одоо ёс зүйн шийдвэр гаргалаа. Бүртгэл хөтөлнө. Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Ц нь ийм ёс зүйн зөрчил гаргасан учир гээд бүртгэлийг хөтөлдөг. Бүртгэл байхгүй. Энэ хүн ёс зүйн хороонд тайлагнадаг. Дээш тайлагнадаг байтал баримт байхгүй. Хоёр өргөдөл ирээд өргөдлийг шийдэх хүртэл Засаг даргын өрөөнд яагаад хадгалагдаад байж байдаг юм бэ. Энэ бол эргэлзээтэй нотлох баримт. Ёс зүйн дэд хороо хуралдаагүй байхад хуралдсан гэж, ёс зүйн дэд хороо нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хуралдаад байгаа юм. 05 дугаар сарын 19-ний өдөр тушаалаа гаргаад байгаа юм. Ядахдаа 7 хоногийн өмнө хуралдсан бол ёс зүйн хороо ийм зүйлийг ингэж тогтоосон юм байна. Тогтоосон учраас энэ шийдвэрийг хүлээж авах эсэх нь Засаг даргын эрх хэмжээнд байгаа. Ийм байдлаар эрүүл мэндийн байгууллагын чухал салбарыг ялангуяа орон нутагт ажиллаж амьдарч байгаа ард түмний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдах хүнгүй болгож байгаа нь туйлын харамсалтай байна...

…М.Ц-д цалин олгох шийдвэрийг Борнуур сумын Засаг дарга гаргадаг юм гэхэд эмнэлгийн ажилтнуудын тушаал шийдвэрийг М.Ц гаргадаг. Эрүүл мэндийн төвийн дотоод ажилд Засаг дарга өөрийн эрх хэмжээнд оролцох болохоор биш өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай, онцгой байдлын хуралд оролцох боломжгүй бол хүн томилж болно. Эрүүл мэндийн төвөөс н.Булганчимэг хуралд суусан нь үнэн. М.Ц тодорхой хариугаа өгсөн.  Халдварт өвчин гарсан бол мэдээллийг халдвартын эмнэлэгт өгдөг. Удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан бол ёс зүйн хороо ямар дүгнэлт хийсэн бэ. Дүгнэлт гарсан бол Засаг дарга ямар арга хэмжээ авсан бэ. Иймд тушаал гарсан нь хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. Тухайн хүнд ажлын байрны тодорхойлолтыг танилцуулах ёстой. Өнөөдөр ажлын байрны тодорхойлолт байхгүй зүйл дээр та шуурхай хурал дээр очих ёстой гэдгийг шаардаж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан. Хөдөлмөрийн гэрээтэй холбогдсон арга хэмжээ гэж байна. Зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулна. Ёс зүйн дүгнэлт байхгүй. Хуульд зааж өгсөн. Эцэст нь энэ хүн түр орон тоонд ажилласан. Дараагийн хүн томилогдох гэсэн заалт байгаа. Одоо бүтэн 10 сар болж байна. Энэ хүний дараагийн хүн томилогдох гэдэг хугацаанд 10 сар 4 хоногт хүн томилогдоогүй байгаа. Гаргаж байгаа нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй. М.Ц энэ хугацаанд 7,481,919 төгрөг авсан. Үндсэн цалин 1,559,000, 60 хувийн нэмэгдэл орж ийм цалин авсан. 21 хоногт хуваахад нэг өдрийн 117,173 төгрөг гарсан. Ажилгүй байсан 212 хоног буюу өнөөдрийг хүртэл хугацааны цалин, хөлсөд 24,840,743 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр тодруулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэрэгт цугларсан баримт нэг бүрийг үзэж судалж хууль зүйн дүгнэлтээ өгч, М.Ц-ийн шүүхэд гаргасан 4 шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.4. Хариуцагч Борнуур сумын Засаг дарга В.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, түүний өмгөөлөгч Б.А нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

М.Ц 2025 оны 02 дугаар сард сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах хүсэлтэй байгаа тухай өргөдөл ирүүлсний дагуу тухайн үед Эрүүл мэндийн төвийн дарга С.Булганчимэг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байсан ба даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр их эмч А.С хавсран ажиллаж байсан тул ажлын ачаалал их байсан. Эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалт зарлуулах гээд аймгийн Ц дарга руу хандахад байлгаж бай гэсэн. Одоо хүртэл түрээр хүн ажиллаж байна. М.Ц танайд орон тоо байна гэж ирсэн. Тухайн үед н.Мөнхтуяа дарга руу залгахад утсаа аваагүй. Өргөдөл болон ажлын туршлагыг харгалзан үзэж, Авлигатай тэмцэх газарт М.Ц-ийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газрын 05/4764 тоот албан бичгийг үндэслэн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б/21 тоот захирамжаар Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд түр томилсон, ажиллах хугацаандаа дараах асуудлыг үүсгэсэн. Үүнд: 1-рт, Эрүүл мэндийн төвийн ажил байдалтай танилцахад эмнэлгийн бүх шалны хулдаасыг солих талаар ярихад нь энэ жилийн төсөвт тусгагдаагүй тул боломжгүй гэхэд та мөнгийг нь олоод өгвөл миний таньдаг хүн байгаа. Түүгээр дамжуулаад авбал хэдэн төгрөг унагах боломжтой гэж ярихад ашиг сонирхолтой хүн байна гэж бодсон тул үүнийг ямар ч байсан шийдэх боломжгүй гэж хэлсэн. 2-рт, Эрүүл мэндийн төвийн нягтлан Б.Батчулууныг надтай хамтарч ажиллаж чадахгүй байна. Тийм учраас Улаанбаатар хотоос өөрийн нягтлан бодогчоо авч ирж ажиллуулах хэрэгтэй байна гэсэн. Чи түр тушаалтай тул хүн халж болохгүй, зохицож ажиллах ёстой, ямар шалтгааны улмаас халах нь тодорхойгүй учир боломжгүй гэсэн. Нягтлан Б.Б-с тайлбар авахад дарга намайг бэлэн мөнгө гаргаж өгч чадахгүй бол хууль бус урамшуулал олго гэж дарамт үзүүлсэн талаар ярьсан. 3-рт, сувилагч Э.Д удаа дараа дарамталж байна гэсэн өргөдөл ирсэн тул дуудан ажил дээрээ ёс зүйтэй, ажилчидтайгаа эвтэй ажиллах талаар зөвлөсөн. 4-рт, Эрүүл мэндийн төвд моорогын хөлдөөгч авах санхүүжилтийг олгохоор Борнуур сум “Бороо гоулд” ХХК-ийн Хамтын ажиллагааны хорооны гишүүдтэй ярилцаж байх үед надтай жич уулзъя гээд манай өрөөнд орж ирсэн. Дарга энэ хөлдөөгч нь 1 хаалгатай нь 8 сая, 2 хаалгатай нь 10 сая гэж байна аа хоёулаа 2 саяыг нэмээд хуваагаад авъя гэж ярьсан түүнийг нь би огт хүлээн зөвшөөрөөгүй. 5-рт 5 дугаар сарын 12-ны өдөр тус суманд 15:30 цагт Улаан бурхан өвчин шинжилгээний хариу батлагдан ирэх үед албан ёсоор хэлээгүй. Би хүмүүсийн ярианаас Улаан бурхан өвчин илэрсэн тухай сонсож М.Ц-ээс тодруулахад яаралтай арга хэмжээ аваад яах вэ, түр хүлээж байя аа гэсэн нуун дарагдуулах тухай мессеж бичсэн. Тархалттай үед нь мэдэгдээгүй. Би орой 20 цагийн үед сумын Онцгой комиссыг хуралдуулж яаралтай арга хэмжээ авч 7 хоног хорио цээр тогтоосон. 6-рт, 5 дугаар сарын 17-ны өдөр дуудан уулзаж ажлаа хийж чадахгүй хэт их ашиг сонирхол гаргаж байна. Ажилчдадаа ажлын байрны дарамт үүсгэн даргын ажлыг хийж чадахгүй байгаа тул эмчээр ажиллах талаар ярилцахад уурлаж дарга хийнэ ээ эмч хийхгүй гээд орилоод хэл амаар доромжлон гарсан. 7-рт, 5 дугаар сарын 19-ний өдрийн Шуурхай дээр зарчмын асуудал, шаардлага тавих үед уурлан төрийн албан хаагчдын өмнө...хашхирсан, хол явахыг чинь харна аа гэхчлэн занал хийсэн. Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлыг 2 сар хүрэхгүй түр томилогдон ажиллаж байх хугацаанд дээрх асуудлаас харахад төрийн албан хаагчийн ёс зүйгүй, авлига ашиг сонирхолтой байсан тул 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн...нягтлан бодогч Б.Батчулууны өргөдөлд "төсөв захиран зарцуулах хууль дүрэм мэддэггүй, тушаал шийдвэр албан ёсоор гаргаж мэддэггүй, 2-3 хүнийг дэмжээд бусад хүмүүсийн үг хэлэх эрхийг хааж албан тушаалаар нь дарамталсан...." гэж бичсэн. ...Цалингийн нэмэгдлүүд дээр Засаг даргын тушаал гарах ёстой. Нэмэгдэл авах тушаал авч ирүүлээгүй. Тушаал гараагүй байж нэмэгдэл аваад байна гэж нягтлан нь өргөдөл бичсэн. Би М.Цийг, та ирээд уулз дээд байгууллагаас асуусан, ажилд түр авсан юм чинь нэмэгдэл авахгүй, ингэж болохгүй юм байна гэж би өөрт нь хэлсэн. Хэрвээ аймгаас Саруул дарга ирээгүй бол хэдий болтол энэ хүн нэмэгдэл авах байсныг мэдэхгүй...Гоц халдварт өвчинтэй холбоотой нэхэмжлэгч ярихдаа тус орон нутгийн нэр хүндийг бодсон гэж байна. Гоц халдварт өвчин бол нуугаад өнгөрүүлчих гэдэг зүйл биш. Энэ бол захирамжийг гаргах гол үндэслэл болсон. Засаг даргын хувьд яаралтай арга хэмжээ авсан, хүн амд нөлөөлөөгүй. М.Ц хуульд заасан мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргасантай холбоотой гэрчээр сумын ёс зүйн дэд хороо, дарга нь Шинэбаяр, нарийн бичгийн дарга нь С гэдэг хүмүүсийг шүүхэд гэрчээр дуудаж мэдүүлэг авсан. Санхүүгийн асуудлыг шийдвэрлэх буюу хууль бус шаардлага тавьдаг, зориулалтын бус мөнгөн хөрөнгө гаргахыг даалгадаг. М.Ц-ийн удаа дараагийн үйлдлүүд нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан 7 дугаар зүйл Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ 7.1.2, 7.1.7, 7.1.8 дахь заалт, Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага 8.1.4, 8.2.4 дахь заалтыг тус тус зөрчсөн учир М.Ц-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

3.5. Иргэдийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сумын Засаг дарга яагаад гэрээ байгуулаагүй ажилд авсан юм бэ, хаа хамаагүй хүн тэнд ажиллана гээд очдог нь буруу гэж дүгнэж байна. Миний хувьд Засаг дарга талдаа буруутай гэж үзсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.Ц-н “Борнуур сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 24,840,743 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Нэг. Маргаан бүхий захиргааны акт: 

   Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2.4, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтуудыг үндэслэн “... удаа дараа албан тушаалын тодорхойлолтын дагуу чиг үүргээ хэрэгжүүлээгүй, сумын шуурхай штабыг мэдээллээр хангаагүй, төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан”[3] хэмээн М.Цийг Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас халж шийдвэрлэжээ.

 

      Хоёр. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар

2.1. Борнуур сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар М.Ц-ийг Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд түр томилжээ.

2.2. Тус суманд 2025 оны 05 дугаар сарын 02, 08, 11-ний өдрүүдэд улаан бурхан өвчнөөр 3 хүн өвчилж, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч Д.С, Б.М нараар эмчлүүлсэн тухай Улаан бурхан өвчний мэдээлэл хуудаст тэмдэглэсэн[4],

2.3. гэрч, сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.С “...манай суманд 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд нарийвчилсан шинжилгээгээр батлагдсан. Улаан бурхан гарсныг Эрүүл мэндийн төвийн дарга М.Ц сумын удирдлагуудад мэдээлэх үүрэгтэй. Гэтэл би өөрөө Эрүүл мэндийн төвийн эмчээр ажилладаг н.Булганчимэг эмч рүү залгаж Улаан бурхан өвчин гарсан талаар олж мэдсэн...” [5] гэж шүүхэд мэдүүлсэн,

2.4. Борнуур сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дугаар захирамжаар[6] ...суманд 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаан бурхан өвчний тохиолдол батлагдсантай холбогдуулан халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог хангах мэдээ мэдээллийг нэгтгэх үндсэн чиг үүрэг бүхий сумын онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүн, ажиллах чиг үүрэг...”-ийг баталсан[7],  

2.5. Хариуцагчаас, “2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ц эмч УБ...Дарга маргааш өглөө хүнээ харж байгаад цуглавал яасан юм бол бас нэг их сенсацгүй дарвал зүгээр болов уу гээд л...” гэсэн бичилттэй  баримтыг шүүхэд ирүүлсэн[8],

2.6. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[9] “..5 дугаар сарын 12-ны өдөр тус суманд 15:30 цагт Улаан бурхан өвчин шинжилгээний хариу батлагдан ирэх үед албан ёсоор хэлээгүй. Би хүмүүсийн ярианаас Улаан бурхан өвчин илэрсэн тухай сонсож М.Ц-ээс тодруулахад яаралтай арга хэмжээ аваад яах вэ, түр хүлээж байя аа гэсэн утгатай мессежийг утсаар бичсэн, би орой 20 цагийн үед сумын Онцгой комиссыг хуралдуулж яаралтай арга хэмжээ авч 7 хоног хорио цээр тогтоосон” гэсэн, 

2.7. Борнуур сумын Шуурхай штабын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлд “...Эрүүл мэндийн төвийн дарга М.Ц-тэй... дугаарын утсаар ...холбогдож Шуурхай штабын хурал зарлагдаж буйг хэлэхэд: М.Ц: би өөрөө Улаанбаатар хот руу явж байна, ажлаа А.С эмчид хүлээлгэж өг гэсэн…өнөөдрийн хуралд оролцох боломжгүй байна гэсэн тайлбар өгсөн...Сумын шуурхай штабын хуралдаанаар олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээг 7 хоногоор хойшлуулсныг мөрдөж ажиллах...” гэж тэмдэглэсэн,

2.8. Нэхэмжлэгч нь, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн “2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр М.Ц эмч УБ...Дарга маргааш өглөө хүнээ харж байгаад цуглавал яасан юм бол бас нэг их сенсацгүй дарвал зүгээр болов уу гээд л…” гэх баримтыг  үгүйсгэж маргаагүй байна.

2.9. Дархлаажуулалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Монгол Улсын хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, дархлаажуулалттай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.” гэж, 10 дугаар зүйлийн 10.1-т “Заавал хийх дархлаажуулалтад ... улаан бурхан...-ны эсрэг сэргийлэх тарилга орно” гэж,

 Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-т “Хүн амыг олноор хамарсан халдварт өвчний дэгдэлт, аюулт үзэгдлийн үед голомтыг хязгаарлах, цомхотгох, хохирлыг багасгахад чиглэсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран үзүүлэх гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу байгуулагдсан гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба мөн хуульд заасны дагуу зохион байгуулна.” гэж,

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2."аюулт үзэгдэл" гэж…хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, ...тархах зэргийг ойлгоно" гэж тус тус зааснаар “Улаанбурхан” өвчин нь хүн амын эсрэг халдварт өвчин бөгөөд аюулт үзэгдэлд хамаарч байна.

2.10. Дээр дурдсан үйл баримтуудаар,  нэхэмжлэгч М.Ц нь Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа, буюу 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус суманд “аюулт үзэгдэл” болох улаан бурхан өвчнөөр 3 хүн өвчилж, онош нь батлагдан улмаар тус сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлэх үед, тодруулбал, халдварт өвчин гарсан нь батлагдсан өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд сумын Засаг даргад болон төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

2.11. Үүнээс гадна, хариуцагч нь 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар М.Цийг тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд түр томилж,  үндсэн цалинг нь ТҮЭМ-6 буюу 1,559,000 /нэг сая таван зуун тавин есөн мянган/ төгрөгөөр тогтоон, Төрийн албаны тухай хууль, тогтоомж, эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажиллахыг түүнд үүрэг болгожээ.

2.12. Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Б.Б-с 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус сумын Засаг даргад гаргасан өргөдөлд “...М.Ц нь сумын Засаг даргын захирамжид тусгагдаагүй хавсран ажилласны 40%, клиник профессорын 10% авах ёстой... олгохгүй гэхэд шахалт үзүүлж эхэлсэн, би өөрөө тушаал нөхөн гаргуулж өгнө гэх мэтээр...хэлсэн” гэж бичсэн[10],

2.13. гэрч, Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Б.Батчулуун “......даргад нэмэгдэл олгох тушаалыг Засаг дарга гаргадаг. М.Ц дарга миний зэрэг дэвийн нэмэгдэл, хавсран болон илүү цагийн нэмэгдлийг цалин дээр нэмж олгоорой гэсэн, би  даргын зэрэг дэв, хавсран болон илүү цагийн нэмэгдлийг 3, 4 дүгээр сард бодож олгосон...2025 оны 03 дугаар сард 1 ажилтанд 35 хувь, бусад ажилтанд 45 хувийн нэмэгдэл олгосон. Тайлангийн хурал болон үр дүнгийн хурал хийгээгүй, тайлан дүгнээгүй...манайх 3 асрагчтай байсан. Асрагч нар 24 цагийн сувилагч нартай хонож байсан. Хоож ажилладаг асрагч нарыг 8 цаг болгож хассан, асрагч нар гомдол гаргахад  нягтлан хассан гэж М.Ц дарга хэлсэн байсан. Сувилагч нар орж ирээд чи яагаад дураараа илүү цаг хассан бэ гэж  дайрсан...эмнэлэг дээр үүсэж байсан асуудлыг өргөдөл дээр тусгасан, би Засаг даргад гомдол гаргасан...” гэж шүүхэд мэдүүлсэн[11],

2.14. тус сумын Эрүүл мэндийн төвийн “Цалин олгох хүснэгт”[12]-д “2025 оны 04-р сарын 2-р хагас-М.Ц: үндсэн цалин: 1,559,000, ажилласан өдөр:22, хавсран гүйцэтгэсний нэмэгдэл: 40.00-623,600, хавсран гүйцэтгэсний нэмэгдэл олгох цаг:176, алба хаасан хугацааны нэмэгдэл: 20.0-311,800 төгрөг, цалингийн зөрүү-185,306.25, орон нутагт ажилласны нэмэгдэл:40,0-623,600, нийт нэмэгдэл цалин:1,744,306, олговол зохих цалин-3,303,306.25 төгрөг...” гэсэн,

мөн, “Цалин олгох хүснэгт”[13]-д “2025 оны 03-р сарын 2-р хагас-М.Ц: үндсэн цалин: 1,559,000, ажилласан өдөр:11,...цолны нэмэгдэл:10.0-81,661.91...” гэсэн зэрэг баримтуудаар нэхэмжлэгч М.Ц нь сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 дугаар захирамжид “хавсран гүйцэтгэсний нэмэгдэл”, “цолны нэмэгдэл”, “алба хаасан хугацааны нэмэгдэл” олгох тухай заагаагүй байхад, “хавсран гүйцэтгэсний нэмэгдэл-40 хувь, алба хаасан хугацааны нэмэгдэл-20 хувь,...цолны нэмэгдэл-10 хувиар тооцуулан авч байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “...: Би удаан жилийн нэмэгдэл, эхо харсны 40 хувийн нэмэгдэл авья гэсэн, нэмэгдэл олгох шийдвэр гарсан үгүйг манай нягтлан мэдэж байгаа...” гэсэн тайлбар гаргасныг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, хариуцагчаас М.Цийг тухайн албан тушаалд түр томилж, олгох цалингийн хэмжээг 1,559,000 төгрөгөөр тогтоожээ.

Иймд, “албан тушаалд түр ажиллах хугацаандаа эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр нэмэгдэл цалин, хөлс авсан” нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:7.1.8-т заасан “байгууллагын соёл, дэг журам...г чанд сахих”  гэж заасанд нийцээгүй байна.

Гурав. Маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд авч үзвэл:

3.1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна: 16.1.4.Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах” гэж заажээ.

3.2. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, Борнуур сумын Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан  С.Сарангэрэлийн “...ёс зүйн хорооны 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг би бичсэн, 2025 оны 06 дугаар сарын сүүлээр хэвлэж гаргасан...” гэсэн мэдүүлгээр тус сумын Ес зүйн дэд хорооны “...М.Ц ёс зүйн зөрчил гаргасан...” гэсэн дүгнэлт нь түүнийг ажлаас халах шийдвэр гарах үед буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргаагүй байсан болох нь тогтоогдсон.

3.3. Гэвч, нэхэмжлэгч М.Ц нь Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа, тус суманд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрүүдэд гамшгийн “аюулт үзэгдэл” болох улаан бурхан өвчнөөр 3 хүн өвчилж, онош нь батлагдан улмаар тус сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлэх үед, тодруулбал, халдварт өвчин гарсан нь батлагдсан өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд сумын Засаг даргад болон төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй, улмаар 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “...нэг их сенсацгүй дарвал зүгээр…” гэсэн утга бүхий хариуг сумын Засаг даргад өгсөн болох нь тогтоогдсон тул түүнийг

Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасан “Хүн амыг олноор хамарсан халдварт өвчний дэгдэлт, аюулт үзэгдлийн үед голомтыг хязгаарлах, цомхотгох, хохирлыг багасгахад чиглэсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран үзүүлэх гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах” үүргээ биелүүлээгүй, гамшгийн аюулын тухай мэдээг нуун дарагдуулж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн.

Улмаар, Гамшгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн үйл ажиллагаа дараах арга хэмжээнээс бүрдэнэ: 15.1.1.гамшгийн харилцаа холбоо, зарлан мэдээллийг зохион байгуулах, 15.1.2.голомтын бүсийг тогтоох, 15.1.5.гамшгийн хор уршгийг арилгах”,

хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Гамшиг болон аюулын тухай мэдээ, мэдээллийг цуглуулах, холбогдох шийдвэрийг төрийн болон нутгийн захиргааны байгууллагад хүргэх...” гэж,

хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:32.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх, 32.1.2. гамшгаас хамгаалах алба...байгуулах, 32.1.4.гамшгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дээд шатны болон онцгой байдлын байгууллагад мэдээлэх, мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа, дэмжлэг авах, 32.1.6.нэрвэгдэгсдэд санхүүгийн болон эд материал, сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, 32.1.7.гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах...” тус тус зааснаар “улаан бурхан” өвчин гарч “гамшгийн аюулт үзэгдэл” бий болсон үед эрх бүхий байгууллага болон Борнуур сумын Засаг дарга нараас хуульд заасан арга хэмжээг явуулах, иргэд олон нийтийг гамшгийн аюулт үзэгдлээс хамгаалах үйл ажиллагаанд саад учруулсан ёс зүйн зөрчил гаргасан байна.

Иймээс түүнийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт “...үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, ... хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэгт “Төрийн албан хаагчид... дараах үйл ажиллагааг хориглоно: 8.2.4. албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах” гэж заасныг үндэслэн албан тушаалаас нь чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцсэн байна.

3.4. Хариуцагч нь тус сумын Ес зүйн дэд хорооны дүгнэлт гараагүй байхад М.Ц-ийг албан тушаалаас нь халсан байх боловч Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн албаны хаагчийн ёс зүйн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль... энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “... энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн...дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна: 16.1.4.Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах” гэж заасан бөгөөд,

            Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Төрийн албанд... дараахь зарчмыг баримтална: 7.1.1.ард түмэнд үйлчлэх” гэж,

37 дугаар зүйлийн 37.1.-т “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1-т .Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-т “.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4.төрийн албанаас халах” гэж заасны дагуу “...ард түмэнд үйлчлэх” үндсэн зарчмыг зөрчсөн төрийн үйлчилгээний албан хаагчид өөрийн бүрэн эрхийн хүрээнд “ажлаас халах” хариуцлага хүлээлгэсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Иймд, маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

3.5. Маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг “...удаа дараа албан тушаалын тодорхойлолтын дагуу чиг үүргээ хэрэгжүүлээгүй...” гэж буруутгасан бөгөөд нэхэмжлэгчид ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул шүүхээс нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд, дээр дурдсанаар дүгнэлт өгч шийдвэрлэсэн болно.

 Дөрөв. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараах журмаар түр орлон гүйцэтгүүлнэ: 43.3.1.байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх, 43.3.2.дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх, 43.3.3.энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх, 43.3.3. бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх” гэж, 43.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч М.Ц нь Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаагүй, мөн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцоогүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “түр томилогдсон албан тушаалдаа буцаан томилуулах” хүсэлтэй гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 1.1-т “Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх, төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, шатлан дэвшихтэй холбогдсон харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү журмаар зохицуулна.”, 2.1.3-т  “Төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт: 2.1.3.2.төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт”, 3.3-т “Төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг доор дурдсан харьяаллын дагуу зохион байгуулна: 3.3.4.аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдах төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл” гэж тус тус заасанд нийцнэ.

            Тав. Дээрх үндэслэлүүдээр Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Б/25 дугаар захирамж нь нэхэмжлэгч М.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 43 дугаар зүйлийн 43.3.3, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2.4, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ц-ийн “Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговорт 24,840,743 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ОДСҮРЭН

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.ЗОРИГТБААТАР

                       ШҮҮГЧ                                    Б.ОДОНТУ

 

[1]  Хавтаст хэрэг-1, 23 дахь тал,

[2] Хавтаст хэрэг-1, 24 дэх тал,

[3] Хавтаст хэрэг-1, 24 дэх тал,

[4] Хавтаст хэрэг-2, 40 дэх тал,

[5] Хавтаст хэрэг-1, 69-71 дэх тал,

[6] Хавтаст хэрэг-1, 104 дэх тал,

[7] Хавтаст хэрэг-1, 105 дах тал,

[8] Хавтаст хэрэг-1, 48 дахь тал,

[9] Хавтаст хэрэг-1, 22 дахь талд,

[10] Хавтаст хэрэг-1, 45-46 дахь талд,

[11] Хавтаст хэрэг-1, 237-238 дахь талд,

[12] Хавтаст хэрэг-1, 62 дахь талд,

[13] Хавтаст хэрэг-1, 63 дахь талд,