| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01805/И |
| Дугаар | 307/ШШ2025/01381 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2025/01381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар *******, 5 дугаар *******, 4 дүгээр *******, ******* тоот хаягт оршин суух, Ц******* овогт Д*******ийн А******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар *******, ******* , 1 дүгээр *******, ******* тоот хаягт оршин суух, Б овогт Аы М /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 64,394,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Э,
Хариуцагч: А.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Г оролцож, тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.А******* нь хариуцагч А.Мт холбогдуулан гэрээний үүрэгт 64,394,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Д.А******* нь А.Мтой 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нийт 899 тн нүүрс нийлүүлснээс 270 тн нүүрсийг хорогдолд хасаж, зөрүү 629 тн нүүрсний 1 тн-ыг 90,000 төгрөгөөр тооцож бэлтгэн нийлүүлсэн ба худалдан авагч А.М нь нүүрсний үнэ 56,610,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.
Гэвч А.М нь нийт нүүрсний үнэ *******,410,000 төгрөгөөс 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 10,000,000 төгрөг төлж, үлдэх 44,410,000 төгрөгийг төлөлгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлж, элдэв шалтаг шалтгаан заасаар төлөлгүй өдийг хүрсэн.
Бид гэрээндээ гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн хэмжээгээр алданги төлөхөөр тусгасан.
Иймд А.Моос үндсэн төлбөрийн дүн 44,410,000 төгрөг, алданги 19,984,000 төгрөг, нийт 64,394,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие А.М нэхэмжлэгч Д.А*******тэй 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-г байгуулж, гэрээний дагуу 1 тн нүүрсийг 90,000 төгрөгөөр тооцож, 629 тн нүүрсийг 56,610,000 төгрөгөөр тооцож, бэлтгэн нийлүүлж, төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон нь үнэн. Гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ар гэрт хүндэтгэн үзэх гарснаас үүдээд төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Үлдэгдэл төлбөр болох 44,410,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алданги болох 19,984,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 497,922 төгрөг төлсөн баримт, Худалдааны хамтын ажиллагааны гэрээ, нэхэмжлэгч Д.А*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, Ц.Иийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч А.Мтой 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 629 тн нүүрсийг 1 тн-ыг 90,000 төгрөгөөр тооцож нийлүүлсэн. Хариуцагч А.М нь нүүрсний үнэ *******,410,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлсөн боловч үлдэх 44,410,000 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч А.Моос үлдэгдэл төлбөр 44,410,000 төгрөг, алданги 19,984,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 44,410,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би нэхэмжлэгч Д.А*******тэй 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-г байгуулж, гэрээний дагуу 1 тн нүүрсийг 90,000 төгрөгөөр тооцож, төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон нь үнэн. Гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ар гэрт хүндэтгэн үзэх гарснаас үүдээд төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Үлдэгдэл төлбөр болох 44,410,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алданги болох 19,984,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Д.А*******, хариуцагч А.М нар нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 001 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.А******* нь А.Мын шохойны уурхайд 31 машин буюу нийт 899 тн нүүрс, үүнээс хорогдол 270 тн-ыг хасаад 629 тн нүүрс нийлүүлж, А.М нь нүүрсний 1 тн тутмыг 90,000 төгрөгөөр тооцож, нийт 56,610,000 төгрөгөөс тээврийн зардал 2,200,000 төгрөгийг хасаж, үлдэх *******,410,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д.А******* нь уг гэрээний дагуу 899 тн нүүрсийг хариуцагч А.Мт нийлүүлж, хариуцагч А.М нь гэрээний үнийн дүн *******,410,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 44,410,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон.
Гэрээний зүйлийг шилжүүлэн авсан худалдан авагч тал болох хариуцагч А.М нь гэрээгээр тохиролцсоны дагуу үнийг заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргээ зохих ёсоор биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч А.М нь шүүх хуралдаанд нүүрсний үлдэгдэл төлбөр 44,410,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хариуцагчаас 44,410,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
4.2. Харин нэхэмжлэгч Д.А*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 19,984,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, Худалдаа хамтын ажиллагааны гэрээ-ний 6.1-т заасан Гэрээгээр хүлээсэн төлбөрөө хугацаандаа биелүүлээгүй бол хоногийн 0,5%-ийн алданги бодно. гэх заалт нь 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, алдангийн тооцоолол нь ойлгомжгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх агуулгаар тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч Д.А******* нь хариуцагч А.Мыг 10,000,000 төгрөгийг хэзээ төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хэдэн төгрөгөөр тооцож, хэдий хугацааны алданги нэхэмжилсэн нь тодорхойгүй байна.
5. Дээрх үндэслэлээр, хариуцагч А.Моос 44,410,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,984,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ.
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч А.Моос 44,410,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,984,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497,922 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ