| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00332/И |
| Дугаар | 315/ШШ2025/00258 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 315/ШШ2025/00258
2025 07 31 315/ШШ2025/00258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Миний бие 1991 оны 6 сараас 1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад малчнаар ажиллаж байсан. Ажиллаж байсан хугацааны баримт, материалууд аймгийн архиваас гарч ирэхгүй байхгүй байх тул 1991 оны 6 сараас 1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 109 дугаар тодорхойлолт, 1992-1993 онд Дөхөм бригадын хурал дээр авхуулсан фото зургууд, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 11/219 дугаар 1988 оноос хойших цалингийн баримт шилжиж ирээгүй талаарх албан бичиг, цэргийн батлах, Баяндэлгэр сумын Дөхөм бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан Ж.Эрдэнэцогтын тодорхойлолт, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, нэгдлийн гишүүний үнэмлэх, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Баяндэлгэр сумын мал эмнэлэг, үржлийн албаны диплом, 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ноос тушаасан падаан зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад 1991 оны 6 сараас 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад 1991 оны 6 сараас 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 109 дугаар тодорхойлолт, 1992-1993 онд Дөхөм бригадын хурал дээр авхуулсан фото зургууд, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, нэгдлийн гишүүний үнэмлэх, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Баяндэлгэр сумын мал эмнэлэг, үржлийн албаны диплом, 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ноос тушаасан падаан,
4. Гэрч*******ын: ...Бид хоёр нэг бригадынх. ******* нь 8 дугаар анги төгсөөд мал маллаж эхэлсэн. 1988 оны 10 сард цэрэгт яваад 1990 оны 10 сард цэргээс халагдаж ирсэн. Сүръеэтэй гээд хэдэн сарыг дутуу хаасан. Цэргээс халагдаж ирээд эмчилгээнд яваад 1991 оны 6 сараас мал маллаж, 1993 оныг дуустал мал малласан гэх мэдүүлэг,
5. Гэрч ******* ...******* нь 1986 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 8 дугаар анги төгсөөд хөдөө малчнаар илгээлтээр гарсан. Саяхан 1986 оноос ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж ажилласан жилээ тогтоолгосон боловч 1991 оноос хойших ажилласан жилээ дутуу тогтоолгосон тул дахин тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.******* нь Дөхөм бригадад 1986 оны 6 сараас 1993 оныг дуустал малчнаар ажилласан. Бидний аав ээж нэг бригадад малчин хийдэг, нэг бригадын айл саахалт байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
6. Иймд******* Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад 1991 оны 6 сараас 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад 1991 оны 6 сараас 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР