Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 211/МА2022/00010

 

 


                            


          БУДЦГХЗ-ны нэхэмжлэлтэй
         иргэний хэргийн тухай


       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 
2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 129/ШШ2022/00088 дугаар шийдвэртэй 
БУДЦГХЗ-ны нэхэмжлэлтэй 
Б.А-д холбогдох
40.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө, Б.Г нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов. 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БУДЦГХЗ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Б.А нь дархан цаазат газрын адууг маллахдаа 58 тооны адуу дутаасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зөрчин хамгаалалтын захиргаанд 40.400.000 төгрөгийн хохирол учруулсан. Дээрх үйлдэлд Төв аймгийн Цагдаагийн хэлтэст тус хамгаалалтын захиргаанаас гомдол гаргасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 192200345 дугаартай хэрэг нээснийг Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, БУДЦГХЗ өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн тогтоол гарсан. БУДЦГХЗ-ны даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Адуун сүрэг хүлээн авах ажлын хэсэг томилох тухай” А-43 тушаалаар ажлын хэсэг очиход адуучин Б.А 58 тооны адууг алдсан тухай хамгаалалтын захиргаанд мэдэгдсэн. Мэдээллийн дагуу хамгаалалтын захиргаанаас Төв аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Иймд Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт заасныг үндэслэн БУДЦГХЗ-нд учирсан 40.400.000 /дөчин сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гэм буруутай этгээд Б.Аээс гаргуулан улсыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь 58 тооны адуу дутаасан байгаа. Сая хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримттай танилцахад 40.400.000 төгрөгийг хэрхэн гаргасан талаар хариулт хүсэж байх шиг байна. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай өмч хамгаалах зөвлөлөөр 5, 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг адуу малыг дахин үнэлсэн байдаг. Нийт 58 тооны алдсан адууг нас, зүсээр нь үнэлж өртгийг нь гаргасан. Өмнөх шүүх хуралдаан дээр би ганцаараа ирж оролцож байхад би Богдхан уулын мал харж байгаагүй гэж ярьж байсан. хх-18 хуудаст буюу 98 дугаар тогтоолд Б.А нь “би Богдхан уулын малыг хариуцаж байгаагүй” гэсэн утгатай юм ярьсан. Б.А нь өөрөө чих хатуу хүн байгаа. Хавтаст хэргийн 13 дугаар хуудаст Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаартай тогтоол дээр “56 тооны адууг итгэмжлэн хариуцуулж маллуулж байсан нь тогтоогдож байна” гэж тогтоосон байдаг. Ийм учраас манай байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэжээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж тайлбарлах зүйл байхгүй байна.” гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.А миний бие БУДЦГХЗ-ны дарга н.Д-ээс 2017 оны 09 дүгээр сард 56 тооны адуу хүлээж авсан бөгөөд 79 тооны адууг хүлээж аваагүй. 2018 оны өвөл 01 дүгээр сард өөрийн нутаглаж байсан Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Доной худаг гэх газар бүх адуугаа шуурганд уруудуулж алдсан. Тэрнээс хойш хайсаар байгаад Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгаас 12 тооны адуу олсон. Чойр, Баянтал хоёрын дундаас бас 5-6 тооны адуу олсон. Мөн ганц нэг үхсэн адууны сэгтэй таараад тэр даруй хамгаалалтын захиргааны дарга н.Д-д адуу шуурганд бүгдийг нь уруудуулсан талаар биечлэн хэлж байсан. Тэгээд 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө дахин н.Д-ийн адуутай олж, 18 тооны адуугаа хамтад нь шуурганд уруудуулж алдаад Төв аймгийн Баянцагаан сумын Чойр, Баянтал сумаас  нийт 90 тооны адууг олсон. Тухайн үед н.Д-ийн адуунаас 20 тооны адуу, БУДЦГХЗ-ны адуунаас 5-6 адуу дутсан. Үлдсэн 13 тооны адууг би хүлээлгэж өгсөн. Би БУДЦГХЗ-ны адуунаас зарж үрж хүнд өгөөгүй. Адуугаа хайж явахдаа хатгалгаа аваад хүндээр өвдөж байсан. Хариу тайлбар өгөх хугацаанд ээж, эгчийн нөхөр нас бараад Хашаат сум руу ажил явдал гарсан учир хариу тайлбар цаг тухайд өгч чадсангүй.” гэжээ. 
Хариуцагч Б.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2008 оны 01 дүгээр сард алдсан адуу байгаа. Би адуу мал алдсан талаар тухайн үед даргад нь хэлж байсан. Би адууны араас үхтлээ явсан бөгөөд өөрөө хатгаа аваад үхэхээ шахсан. Намайг үхэх гээд хэвтэж байхад очиж авахгүй л байсан. Би аргаа бараад таньдаг ахыгаа гуйж Улаанбаатар хот руу явж, эмчилгээ хийлгэж байсан. 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үлдсэн 13 адууг нь хүлээлгэж өгсөн байгаа. Үхсэн 7, 8  адууны зургийг нь авч өгсөн. Бусад адууг нь хайгаад олоогүй.” гэжээ.
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 129/ШШ2022/00088 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 101 дүгээр зүйлийн 101.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч БУДЦГХЗ-ны хариуцагч Б.А-д холбогдуулан гаргасан 58 тооны адууны үнэ 40.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч БУДЦГХЗ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө, Б.Г нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 129/ШШ2022/00088 дугаар шийдвэрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. 
Тус шийдвэрт “...Нэхэмжлэгч БУДЦГХЗ-аас 2017 оны 09 дүгээр сард хариуцагч Б.Аэд 56 тооны адуу хүлээлгэн өгч, хариуцагч нь 2019 онд 13 тооны адууг буцаан хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд адууг биечлэн маллаж, нэхэмжлэгч байгууллага ажлын хөлс төлж байсан болох нь БУДЦГХЗ-ны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/33 дугаартай “Гэрээт ажилтан авах тухай тушаал” /хх-110/, “Байгууллагын адуу хүлээлцсэн тухай” 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудас /хх-114/, гэрч н.Дуламсүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-203/, Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “56 тооны адууг итгэмжлэн хариуцуулан маллуулж байсан нь тогтоогдож байна” гэж тогтоосон 98 дугаартай тогтоол /хх-13/, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч БУДЦГХЗ, хариуцагч Б.А нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ бодит байдлаар байгуулагдсан байна гэж тогтоосон. 
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.7 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талаас хариуцагчтай байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5 дугаартай “Гэрээт ажилтан ажиллуулах тухай” гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 3.6 дахь хэсэгт “байгууллагын эд хөрөнгийг хариуцах”, “ажилтны буруугаас ажил олгогчид учруулсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан үндэслэл, журмаар нөхөн төлүүлнэ” гэж, БУДЦГХЗ-аас 2017 оны 09 дүгээр сард хариуцагч Б.А-д 56 тооны адуу хүлээлгэн өгч, хариуцагч нь 2019 онд 13 тооны адуу буцаан хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд адууг биечлэн маллаж, нэхэмжлэгч байгууллага ажлын хөлс төлж  байсан болохыг тус шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан нь шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна” гэжээ. 
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ. 


ҮНДЭСЛЭХ нь:


Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч БУДЦГХЗ нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандаж, хариуцагч Б.А-ээс дархан цаазат газрын адууг маллахдаа 58 тооны адуу дутаасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зөрчин хамгаалалтын захиргаанд 40.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр  40.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлд БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 сарын 09-ний өдрийн А/95 дугаарын Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар, БУДЦГХЗ-ны даргын 2019 оны 11 сарын 13-ны өдрийн А/43 дугаарын Адуун сүрэг хүлээн авах ажлын хэсэг томилох тухай тушаалын хуулбар, Адууны тооцоо бодсон актын хуулбар, БУДЦГХЗ-ны адуу хүлээлцэх ажлын хурлын тэмдэглэлийн хуулбар, Б.А-ээс адуу хүлээлцэх актын хуулбар, Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 98 дугаарын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, БУДЦГХЗ-ны 2020 оны 08 сарын 03-ны өдрийн 1744 дугаарын албан тоот зэрэг нотлох баримтыг хавсаргажээ. 

Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, БУДЦГХЗ-ны 79 тооны адууг хүлээж аваагүй, 56 тооны адуу хүлээж авсан,  2018 оны өвөл 01 дүгээр сард бүх адуугаа шуурганд уруудуулж алдсан, хамгаалалтын захиргааны дарга Д-д адуу шуурганд бүгдийг нь уруудуулсан талаар биечлэн хэлж байсан, үлдсэн 13 тооны адууг би хүлээлгэж өгсөн, адуунаас зарж үрж хүнд өгөөгүй гэж хариу тайлбар гаргасан байна. 
Анхан шатны шүүх нэхэмжлэгч БУДЦГХЗ-аас Б.Аэд 56 тооны адуу хүлээлгэн өгч, ажлын хөлс төлж байсан, хариуцагч Б.А БУДЦГХЗ-ны адууг маллаж байсан, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан,  хариуцагч Б.Аийн хариуцан маллаж байсан адуу байгалийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас шуурганд уруудаж алга болсон нь тогтоогдсон гэж дүгнэн, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 88 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 101 дүгээр зүйлийн 101.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч БУДЦГХЗ-ны хариуцагч Б.Аэд холбогдуулан гаргасан 58 тооны адууны үнэ 40.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч БУДЦГХЗ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө, Б.Г нар “Анхан шатны шүүх Иргэний хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, БУДЦГХЗ-аас 2017 оны 09 дүгээр сард хариуцагч Б.Аэд 56 тооны адуу хүлээлгэн өгч, хариуцагч нь 2019 онд 13 тооны адуу буцаан хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд адууг биечлэн маллаж, нэхэмжлэгч байгууллага ажлын хөлс төлж  байсан болохыг тус шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах гомдлын шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

БУДЦГХЗ-ны даргын 2017 оны 09 сарын 08-ны өдрийн Б/33 дугаарын гэрээт ажилтан ажилд авах тухай тушаалаар Б.Аийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн байгууллагын адуучин, гэрээт ажилтнаар томилон ажиллуулж, адуучнаар томилогдсон Б.Аэд 450.000 төгрөгийн цалин олгохоор шийдвэрлэсэн байна. 

Энэ дагуу Б.А БУДЦГХЗ-ны адууг маллаж, цалин хөлс авч байснаас үзэхэд тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх тул энэхүү харилцаатай холбоотой маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй болно.

Харин нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч БУДЦГХЗ, хариуцагч Б.Аэд анх хэдэн тооны адуу хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, адуу хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт авагдсан БУДЦГХЗ-ны адуу хүлээлцэх ажлын хурлын тэмдэглэлд /хх-ийн 7/ нягтлан бодогч С.О-ийн асуултад адуучин С.Б 56 тооны адуу хүлээлгэж өгөөд 5 тооны адуу надад үлдсэн гэж хариулсан нь тусгагдсан, мөн хариуцагч Б.А 56 тооны адуу хүлээж авсан гэсэн тайлбар гаргасан, 2019 оны 11 сарын 14-нд Б.Аээс 13 тооны адуу хүлээн авсан акт /хх-ийн 8/ зэргээс үзэхэд Б.А БУДЦГХЗ-ны 56 тооны адууг хүлээн авсан, түүнээс 13 тооны адууг буцаан хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

Хэрэгт 2017 оны 09 сарын 02-ны өдрийн 5 дугаартай гэрээт ажилтан ажиллуулах гэрээ /хх-ийн 112/ авагдсан, тухайн гэрээний 3.6-д ажилтны буруугаас ажил олгогчид учруулсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан үндэслэл журмаар нөхөн төлүүлнэ гэж заасан боловч тухайн гэрээнд зурагдсан гарын үсэг Б.Аийн гарын үсэг биш болох нь хариуцагч Б.Аийн тайлбар, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 038 дугаарын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул БУДЦГХЗ, Б.А нарын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

Тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 1354-т ажилтантай ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан.

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар ч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохироогүй бол ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан бол ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.

    Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 98 дугаарын тогтоолоор /хх-ийн11-14/ Б.Аийг БУДЦГХЗ-ны өмчлөлийн адууг бусдад зарж борлуулж ашиг олсон, хувийн хэрэгцээнд ашиглаж завшсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр адуун сүргээс адуу дутааж, хохирол учруулсан нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байдаг.

    Түүнчлэн 2018 оны 01 сард Төв аймгийн нутагт хэд хоног үргэлжилсэн цасан шуурганаар хариуцагч Б.А хариуцан маллаж байсан БУДЦГХЗ-ны адууг алдаж, энэ талаар өмчлөгчид мэдэгдэж, эрж хайсны эцэст 13 тооны адууг олсон болох нь гэрч А.Д, Прокурорын тогтоолд тусгагдсан гэрч Ч.Э, М.Б, Д.Ц, М.Н нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...тухайн үед адуугаа шуурганд уруудуулчихлаа гээд А ажил дээр явж байсан гэж нягтлан ярьж байсан...“ гэсэн тайлбараар тогтоогдсон талаар, мөн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцахаар хуульд заасан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

     Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч БУДЦГХЗ-ны 56 тооны адууг хариуцагч Б.А хүлээн авсан, 13 тооны адууг буцаан хүлээлгэж өгсөн, 43 тооны адуу дутагдсанд Б.Аийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй, ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

    Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
     
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атал нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн нь буруу байна.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр  заасны дагуу нэхэмжлэгч БУДЦГХЗ-ны нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

    Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон дүнгээс тооцон улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх нь үндэслэлтэй болно.
    
    Мөн нэхэмжлэгч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн бөгөөд давж заалдах гомдлын 40.400.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаагүй тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч БУДЦГХЗ-аас улсын тэмдэгтийн хураамжид 359.950 төгрөгийг гаргуулан, орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
    
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 129/ШШ2022/00088 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 101 дүгээр зүйлийн 101.7-д” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 131 дүгээр зүйлийн 131.1.2-т” гэж, 2 дахь заалтын “Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэснийг “Нэхэмжлэгч БУДЦГХЗ-аас улсын тэмдэгтийн хураамжид 359.950 /гурван зуун тавин есөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч БУДЦГХЗ-аас улсын тэмдэгтийн хураамж 359.950 /гурван зуун тавин есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.              

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Т.ДАВААСҮРЭН

       ШҮҮГЧИД             В.ЦЭЦЭНБИЛЭГ
     
                                    Н.ЭНХМАА