Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1064

 

 

 

 

 

 

  2024           09             17                                        2024/ДШМ/1064

 

 

Э.М , Т.Б  нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

  прокурор Б.Саруул-Ирээдүй /томилолтоор/,

яллагдагч Э.М , Т.Б ,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтүвшингийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1819 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн эсэргүүцлээр Э.М , Т.Б  нарт холбогдох эрүүгийн 2306 05911 0127 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Э.М , Т.Б  нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын Б гэх улсын тусгай хамгаалалттай дархан цаазат газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 5.8644 м3 хэмжээтэй, 176 ширхэг, хуурай Сибирь шинэс мод бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокуророос: Э.М , Т.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заажээ.

...Ю.Я , Х.Г  нарыг энэ хэрэгт хамтран оролцсон байх магадлалтай талаар мэдүүлж байх бөгөөд эдгээр мэдүүлгүүдэд хууль зүйн дүгнэлт хийж бүрэн бодитой хянаж шалгаагүй, хэргийн бодит байдлыг гүйцэд тогтоогоогүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж заасан бөгөөд энэ нь нэг гэмт хэргийг хоорондоо үүргээ хуваарилах, хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдлөлөө нэгтгэж зөвхөн өөрийн хүсэл зорилгоор үйлдэл хийж байгаа хүнийг хэлэх ба яллагдагч болон гэрч нарын дээрх мэдүүлгүүдээр Ю.Я , Х.Г  нарын үйлдэлд хамтран оролцсон хэлбэр байх тул тэдгээрийн үйлдэл оролцоог тодорхойлж, хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж шүүх үзсэн болно.

Хэдийгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нараас “...анх айгаад худал мэдүүлэг өгсөн, сүүлд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Таксигаар очсон, тухайн үед айсандаа болоод худлаа ярьсан. Тэгээд хэлчивэл хөнгөн гарчихна гэж бодсон учраас худлаа хэлчихсэн юм” гэх агуулга бүхий мэдүүлэг гаргаж байх боловч хавтаст хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, гэрчүүд болон яллагдагч нарын урьд өгсөн мэдүүлгүүдийг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт этгээдүүдийн үйлдэл оролцоог бүрэн шалгаж тогтоогоогүй байхад прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх гэм буруугийн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй ба гэмт хэрэгт хамтран оролцогчдыг бүрэн, зөв тогтоож оролцоог тодорхойлсноор гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шударгаар ял оногдуулахад чухал ач холбогдолтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь талд гэрч Х.Г ийн өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний “88228584” дугаарын утас руу Я  ах өөрийнхөө **** дугаарын утсаар залгаад “Постны гэрт түлэх мод бэлтгээд өгөх хүн байна уу, би өөрөө татаад авчихна” гэж хэлэхээр нь би түүнд “дүү рүүгээ яриад асуугаадхъя, завтай бол бэлтгээд өгчих байхаа” гэж хэлсэн юм...” гэж,

2 дугаар хавтаст хэргийн 131 дэх тал гэрч Ю.Я гийн өгсөн “...надад ****  гэсэн дугаараас өөр **** гэсэн дугаар байгаа. Энэ хос дугаараас өөр дугаар байхгүй” гэж мэдүүлжээ.

Гэтэл 2 дугаар хавтаст хэргийн 27 дахь талд Мобиком корпорацын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4/3145 дугаартай “...танай 14-5/1565 тоот албан бичгийн дагуу ****  дугаарын эзэмшигчийн мэдээлэл, 2024.01.01-2024.03.25-ны өдрийн хоорондох хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтын хавсралтаар хүргүүлэв. Техникийн нөхцөл байдлын улмаас 2024.01.01-ээс өмнөх хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг гаргаж өгөх боломжгүй болно.” гэх албан бичиг илгээсэн байна.

Дээрхээс үзэхэд Ю.Я гийн ****  дугаарын гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтын хавсралт хавтаст хэрэгт авагдсан ба тухайн байгууллагаас цаг хугацааны хувьд “2024.01.01-2024.03.25-ны өдрийн хооронд авагдсан байх бөгөөд 2024.01.01-ний өдрөөс өмнөх хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг техникийн саатлын улмаас гаргаж өгөх боломжгүй” гэх албан бичгээр хариу өгсөн байна.

Харин Х.Г  нь 88228584 дугаараас Ю.Я гийн өөр дугаар болох ****  дугаар луу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд залгасан эсэх, дээрх цаг хугацаагаар энэ хоёр утасны дугаарын гадагш гарсан, хүлээн авсан дуудлага болон илгээсэн мессежний жагсаалтыг огт шалгаагүй нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй байна.

Иймд яллагдагч Э.М , Т.Б  нарт холбогдох эрүүгийн 2306 05911 0127 дугаар хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тал бүрээс нь нэг мөр шалгаж тогтоогоогүй буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэрийг бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Э.М , Т.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Цэцэгмаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Прокуророос яллагдагч Э.М , Т.Б  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүх уг хэрэгт яллагдагчаар татагдаагүй хүн Х.Г , Ю.Я  нарын үйлдэл оролцоо байгаа эсэхтэй холбоотой мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 34.14 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд явагдах хуулийн заалтыг зөрчиж, хэрэг хянан хэлэлцэх хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн гэж үзнэ.

Түүнчлэн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Ю.Я д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, гэмт хэргийн хамтран оролцоог шалгуулж, мөрдөн шалгах ажиллагаагаар цугларч бэхжүүлэгдсэн баримтуудыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Ю.Я  нь дээрх гэмт хэргийг Э.М , Т.Б  нартай хамтран үйлдсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 19 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг Э.Мөнхсайхан, Т.Б  нар үйлдсэн, харин
тэдний хууль бусаар мод бэлтгэж буй газарт Х.Г  очих үед ойн хамгаалагч
М.Мэндсайхан нар ирсэн, энэ үед Х.Г  нь Ю.Я  руу гар утсаар залгаж, улмаар
Ю.Я  нь ойн байцаагч М.Мэндсайхантай гар утсаар ярьсан үйл баримт тогтоогдсон,
мөн “Скайтел” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24/4044 дугаартай
“Х.Г ийн ****  дугаарын утаснаас яллагдагч Ю.Я гийн ****  дугаарын
утас руу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16.46 минутад 10 минут ярьсан” гэх албан
бичиг хэрэгт авагдсан байгаа тул энэ талаар ажиллагаа хийлгүүлэх тухай шүүгчийн
захирамжийн заалт бүхэлдээ үндэслэлгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ёстой.

Гэтэл шүүхээс хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг төдийгүй, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүн таслах ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах болон гэм буруугийн зарчмыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл оролцооны талаар талууд мэтгэлцээгүй, нотлох баримт шинжлэн судлаагүй, өөрсдийн дүгнэлтийг нотлох, няцаан үгүйсгэх баримтыг шүүхэд танилцуулаагүй байхад урьдаас зарим хүнийг гэмт хэрэгт
хамтран оролцож, гэмт үйлдсэн мэтээр дүгнэлт хийж байгаа гэж үзэхэд хүргэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлах, талуудын мэтгэлцээний үндсэн хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагчийн гэм буруу шийдвэрлэх боломжтой байхад прокуророос яллах дүгнэлтийн үндэслэлийг нотлох, эргэлзээ бүхий зарим нотлох баримтыг няцаан үгүйсгэх баримтыг шүүхэд танилцуулаагүй байхад хэрэгт нэгэнтээ мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос шийдвэр гаргасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1819 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтууд заасан
үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Саруул-Ирээдүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос яллагдагч Э.М , Т.Б  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх уг хэрэгт яллагдагчаар татагдаагүй хүн Х.Г , Ю.Я  нарын үйлдэл оролцоо байгаа эсэхтэй холбоотой мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 34.14 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд явагдах хуулийн заалтыг зөрчиж, хэрэг хянан хэлэлцэх хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн гэж үзнэ. Түүнчлэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Ю.Я д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, гэмт хэргийн хамтран оролцоог шалгуулж, мөрдөн шалгах ажиллагаагаар цугларч бэхжүүлэгдсэн баримтуудыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Ю.Я  нь дээрх гэмт хэргийг Э.М , Т.Б  нартай хамтран үйлдсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 19 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг Э.Мөнхсайхан, Т.Б  нар үйлдсэн, харин тэдний хууль бусаар мод бэлтгэж буй газарт Х.Г  очих үед ойн хамгаалагч М.Мэндсайхан нар ирсэн, энэ үед Х.Г  нь Ю.Я  руу гар утсаар залгаж, улмаар Ю.Я  нь ойн байцаагч М.Мэндсайхантай гар утсаар ярьсан үйл баримт тогтоогдсон, мөн “Скайтел” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24/4044 дугаартай “Х.Г ийн ****  дугаарын утаснаас яллагдагч Ю.Я гийн ****  дугаарын утас руу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу гэмт хэрэг болох үед 16 цаг 46 минутад 10 минут ярьсан” гэх албан бичиг хэрэгт авагдсан байгаа тул энэ талаар ажиллагаа хийлгүүлэх тухай шүүгчийн захирамжийн заалт бүхэлдээ үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл оролцооны талаар талууд мэтгэлцээгүй, нотлох баримт шинжлэн судлаагүй, өөрсдийн дүгнэлтийг нотлох, няцаан үгүйсгэх баримтыг шүүхэд танилцуулаагүй байхад урьдаас зарим хүнийг гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт үйлдсэн мэтээр дүгнэлт хийж байгаа гэж үзэхэд хүргэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлах, талуудын мэтгэлцээний үндсэн хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагчийн гэм буруу шийдвэрлэх боломжтой байхад прокуророос яллах дүгнэлтийн үндэслэлийг нотлох, эргэлзээ бүхий зарим нотлох баримтыг няцаан үгүйсгэх баримтыг шүүхэд танилцуулаагүй байхад хэрэгт нэгэнтээ мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос шийдвэр гаргасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Мөн шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдааныг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан атлаа удирдлага болгосон заалт дээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр тодорхой буюу ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Э.М  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байх тул хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Яллагдагч Т.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Э.М , Т.Б  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч Э.М , Т.Б  нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын Б гэх улсын тусгай хамгаалалттай дархан цаазат газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 5.8644 м3 хэмжээтэй, 176 ширхэг, хуурай Сибирь шинэс мод бэлтгэсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, “хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тал бүрээс нь нэг мөр шалгаж тогтоогоогүй буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэрийг бүрэн шалгаж тогтоогоогүй” талаар дүгнэж, яллагдагч Э.М , Т.Б  нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж заасан бөгөөд энэ нь нэг гэмт хэргийг хоорондоо үүргээ хуваарилах, хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдлөлөө нэгтгэж зөвхөн өөрийн хүсэлт зорилгоор үйлдэл хийж байгаа хүнийг хэлнэ.

 

 Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан яллагдагч болон гэрч нарын мэдүүлгүүдээр Ю.Я , Х.Г  нарын үүрэг оролцоо буюу хамтран оролцсон хэлбэр байх тул тэдгээрийн үйлдэл оролцоог тодорхойлж, хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох нь хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тал бүрээс нь нэг мөр шалгаж тогтоогоогүй буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэрийг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Хэдийгээр прокуророос “энэ хэрэгт Ю.Я г холбогдуулан шалгасан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай зарим яллагдагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон мөн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг техникийн саатлын улмаас гаргаж өгөх боломжгүй гэх албан бичгээр хариу өгсөн байна.” гэж тайлбарласан боловч 1 дүгээр хавтаст хэргийн 34, 39 дүгээр талд авагдсан М.Мэндсайханы гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр Ю.Я , Х.Г  нарын үйлдэл оролцоог маш тодорхой заасан байгааг прокуророос эцэслэн шалгаж тогтоогоогүй байна. 

 

Дээрх үйлдлийн нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

 

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн, хэргийн нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1819 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР

                                                ШҮҮГЧ                                        С.БОЛОРТУЯА

                                                ШҮҮГЧ                                         Б.АРИУНХИШИГ