Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 460

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

           нарийн бичгийн дарга Г.Урангуа,  

           улсын яллагч М.Мөнхзул,  

             Хохирогчийн өмгөөлөгч Д.Чинзориг,

 шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Нохойн тавагт овогт Дашдэлэгийн Дд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705013630165 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймаг Мөрөн хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, эрх зүйч, дорно дахины судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо Төмөрчиний гудамж 22-35 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан Нохойн тавагт овогт Дашдэлэгийн Д /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

   Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д.Одхүүгээс хамтран ажиллая гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 40,000,000 төгрөг залилан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “Улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл үнэн зөв байх тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Одхүү мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дүгээр сарын 10-15-ны хооронд би танил болох Пүрэвдорж гэх хүнтэй уулзаж байхад түүний танил Д гэх хүн надтай танилцаж байсан юм. Тэгээд тэр өдрөөс хойш надаас мөнгө зээлэх тухай яриад байсан. Тэгэхээр нь танилын танил хүн учир худлаа хэлэхгүй байх гэж бодоод 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 40,000,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн ба одоог хүртэл өгөхгүй, янз бүрийн худал зүйл яриад байгаа юм. Эсхүл утсаа авахгүй байгаа юм.

40,000,000 төгрөгийг найз болох Чулуунбаатараар дамжуулан Өргөө 1 кино театрын замын урд талын Хаан банкны салбараас шилжүүлсэн юм.

Би сайн танихгүй. Зүс мэднэ. Танилаараа дамжуулан танилцсан. 99117186, 88114786 гэсэн дугаартай. Хаан банкны 5007601612 гэсэн тоот Дашдэлэг овогтой Д гэх хүний дансруу шилжүүлсэн юм...

 

....2017 оны 11 дүгээр сарын 03-нд би өөрөө гэрт нь очиж эхнэртэй нь хамт уулзаж байгаад эхнэр нь 9 сая төгрөгийн цалингийн зээл аваад надруу 03-ны өдөр 1 саяыг дараагийн долоо хоногийн 1 дэх өдөр буюу 11 дүгээр сарын 06-нд 8 сая төгрөг шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 сая төгрөг миний Хаан банкны дансруу дахиад 11 сарын 27-ны өдөр 1 сая төгрөг, 11 сарын 29-ний өдөр 4 сая төгрөг, 12 сарын 12-нд 2 сая төгрөг өгсөн, 1 сарын 22-нд 1 сая төгрөг, мөн тэр өдрөө 1 сая төгрөг миний Хаан банкны 5007102136 дугаарын дансруу нийтдээ 19 сая төгрөг шилжүүлээд байна, мөн 2017 оны 12 дугаар сарын үед 6 сая төгрөг өгнө гэж байгаад 23 цагийн үед 2 сая төгрөг бэлнээр өгсөн, одоо 21 сая төгрөг миний хохиролоос барагдуулсан буюу надад 19 сая төгрөгийн хохирол үлдээд байна..” гэжээ./хх 6,14-15, 16, 54/

 

Гэрч А.Чулуунбаатар мэдүүлэхдээ: “...40 сая төгрөгийг Одхүү надад шилжүүл гээд би Дтай хамт явсан, явахын өмнө Одхүү бид хоёрт Д би яаруу байна та мөнгөө зам зууртаа шилжүүлчих гээд хэлэхээр нь хамт явж байгаад намайг Өргөөгийн урд талын Хаан банкны дээр буулгаад та хурдан мөнгөө шилжүүлчих би явлаа гэхээр нь би буугаад Хаан банкны Ды дансруу бэлэн 40 сая төгрөг шилжүүлсэн...” гэжээ. /хх 18/

 

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Одхүүгээс Д.Д руу 40 сая төгрөг шилжүүлсэн баримт /хх 32/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34,51/

Шийтгэх тогтоол /хх 52-53/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д.Одхүүгээс хамтран ажиллая гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 40,000,000 төгрөг залилан үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Одхүү /хх 6, 14-15, 16, 54/, гэрч А.Чулуунбаатар /хх 18/ нарын мэдүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Одхүүгээс Д.Д руу 40 сая төгрөг шилжүүлсэн баримт /хх 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34, 51/, шийтгэх тогтоол /хх 52-53/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Дд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах ба хохирогчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

 

Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялтай байдал дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Д.Даас 8.500.000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Номун хотхоны 39-7 тоотод суух хохирогч Уран овогтой Доржийн Одхүү /РД:ХЛ77041915/-д олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс хохирогчид 31.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нохойн тавагт овогт Дашдэлэгийн Дыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нохойн тавагт овогт Дашдэлэгийн Дыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Дыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.   

 

3. Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулах болохыг анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Даас 8.500.000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Номун хотхоны 39-7 тоотод суух хохирогч Уран овогтой Доржийн Одхүү /РД:ХЛ77041915/-д олгосугай.

 

            5. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

   

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ