Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 670

 

Г.Б, Ц.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч М.А, хохирогчийн өмгөөлөгч Д.Содномдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаар магадлалтай, Г.Б, Ц.Н нарт холбогдох 1838007130426 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч М.А, түүний өмгөөлөгч Д.Содномдорж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бугат овогт Гийн Б,

2.Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хөхийнхөн овогт Цын Н нар нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Ц.Н нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жил 2 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ц.Н нараас тус бүр 4.290.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Аэд 8.400.000 төгрөг, хохирогч Д.Бд 180.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “1.Шүүгдэгч Г.Б, Ц.Н нарын 72 тооны бог хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтын “хөрөнгөгүй” гэсний дараа “бусдад төлөх төлбөргүй” гэж нэмж, шийтгэх тогтоолын 1, 2, 3 дахь заалтыг 2, 3, 4 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч М.А болон түүний өмгөөлөгч Д.Содномдорж нар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “Шүүгдэгч Г.Б, Ц.Н нар бусдын 81 тооны бог мал хулгайлсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба 72 тооны бог мал хулгайлсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч нарын 72 тооны бог мал хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж үзсэнд гомдолтой байна. Хохирогч М.А нь хэрэг учрал болсон талаар бодит үнэн зөв мэдүүлгийг удаа дараа өгсөн. Мөн хэдэн тоо малтай тухай А дансаа нотлох баримтаар гаргаж өгөөд байхад хохирогчийг худал мэдүүлэг өгсөн мэт магадлал гаргасанд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хохирогч М.А хохирсон талаараа удаа дараа үнэн зөв мэдүүлэг өгсөн.

Шүүгдэгч Г.Б, Ц.Н нарын үйлдсэн хэрэгт Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хуульд нийцсэн шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна.

Хөвсгөл аймгийи Мөрөн суманд мах нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3-4 компани байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Б, Ц.Н нар нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байж болох эрхтэй. Тэгэхээр Г.Б, Ц.Н нар Мөрөн суманд байрлах мах нядалгааны компаниудад зарж борлуулсан байх бүрэн боломжтой. Гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд “2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 11 цагийн үед санаж байна. Би хойд тал дээр машинтайгаа хониндоо явж байсан чинь тал дээр нэлээн их хонь туусан 2 залуу явж байхаар нь мэнд мэдэх гээд яваад очтол тэр хоёр залуу хонь ямаа худалдаж авах уу гэж асуусан” гэх мэдүүлэг өгсөн байдаг. Шүүгдэгч нар нь хохирогч М.Аийн 153 хонийг хулгайлж явсан тухайн үедээ гэрчээс хонь, ямаа авах уу гэж асууснаар тогтоогдсон гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь хохирогч М.А хэдэн толгой малтай эсэхийг А данс болоод хохирогчийн мэдүүлгээр тогтоосон байдаг. Иймд Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан гомдолдоо: “...Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Г.Б, Ц.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулаагүй, 153 тооны мал хулгайлсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг юм. Ц.Н, Г.Б нар нь бусдын 12 тооны алдуул малыг завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд М.А, Д.Б нарын 153 тооны хонь ямаа алдуул мал гэдэг нь гэрч Хын “...манай хонинд нийлээд 2, 3 хоносон 69 тооны хонь аваад явсан" гэх мэдүүлэг, хохирогч М.Аийн “...Хын хониноос 24 тооны хонь авсан, Цийн хониноос 45 хонь авсан” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Бийн “...нохой хэсэг ямаа хөөж явсныг салгаад...” гэх мэдүүлэг, яллагдагч Ц.Нийн “...тэгээд нөгөө ямаа манай хонь руу нийлсэн” гэх мэдүүлэг, хохирогч Д.Бын “...Баяр эх гэх газар байх айлын хониноос 60 хурга, 9 эм хонио авсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Энэ алдуул малнаас 12 ямааг Ц.Н, Г.Б нар завшсан.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь нохой хөөж явсан 12 тооны ямаа ижлээсээ тасраад иргэн Цын хонинд нийлсэн 45 тооны хонь, Хадбаатарын хонинд нийлсэн 24 тооны хонь, нийт 69 тооны хонь, хохирогчийн огт олдоогүй гэх 72 тооны мал, нийт 153 тооны малыг шүүгдэгч Ц.Н, Г.Б нарыг хулгайлсан гэж үзэж үндэслэлгүйгээр шийтгэх тогтоол гаргасан.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хохирогчийн олдоогүй байгаа 72 тооны малыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан боловч ижлээсээ тасарч иргэн Цогтбаяр, Хадбаатар нарын хонинд нийлсэн 69 тооны малыг Ц.Н, Г.Б нар хулгайлсан гэж дүгнэж шийдвэрлэсэн. Иргэн Ц, Х нарын малд нийлсэн 69 тооны малыг Ц.Н, Г.Б нар хулгайлсан гэж үзэх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байхад олон тооны мап хулгайлсан гэж буруутгаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Г.Б, Ц.Н нарын алдуул 12 тооны мал завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Содномдорж хэлсэн саналдаа: “Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаар магадлалаар хохирол 72 тооны малын үнэлгээ болох 8.400.000 төгрөгийг хасаж тооцсоныг эс зөвшөөрч гомдол гаргасан. Учир нь шүүгдэгч нар тухайн өдөр хулгайлсан малаа зарахыг оролдсон тухай гэрч н.Халтар мэдүүлдэг бөгөөд хохирогч М.А нь ойр орчмын айлуудад зарсан, тасалж орхисон малыг олсон байдаг. Мөн 5 тооны ямааг нядалсан байсан. Хохирогчийн зүгээс хэдэн тооны малтай байсныг нотлох баримт болох А дансыг гаргаж өгсөн. Мөн хохирогч Д.Б хоёр тооны хонио олоогүй. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн магадлал нь хохирогчийг буруутан болгож байгаа нөхцөл байдал харагдаж байна. Хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор үнэн зөв шийдсэн гэж үзэж байна. Тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан үйл баримтыг тогтоож зөв дүгнэлт хийсэн байна. Хохирогч нар мэдүүлгээ эхнээсээ тогтвортой өгсөн бөгөөд мал тооллогын А данс, хохирогчийн мал тооллогын бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр 153 тооны мал алдсан болох нь тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх 81 тооны бог малыг хулгайлсан, 72 тооны мал хулгайлсан нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч М.А, түүний өмгөөлөгч Д.Содномдорж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Б, Ц.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Б, Ц.Н нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 5-наас 6-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг “Хужиртын давааны ам” гэх газраас хохирогч М.Аийн 151 бог мал, хохирогч Д.Бын 2 тооны бог мал, нийт 153 тооны бог малыг бэлчээр дээрээс нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Г.Б, Ц.Н нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь зөв байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Ц.Н нарт тус бүр 2 жил 2 сар хорих ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан 2 жилээс 8 жил хүртэл хорих ялаас доод хэмжээний ялыг сонгож оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн бусдын 153 тооны буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээнд илтэд тохироогүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Б, Ц.Н нарт холбогдох хэргээс 72 тооны бог мал хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нараас нийт 8.580.000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хохирогч М.А, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас гадна шүүгдэгч Г.Б, Ц.Н нарыг бусдын 12 тооны алдуул мал завшсан үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх зүйлчлэх талаар өмгөөлөгч Б.Ганчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б, Ц.Н нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б, Ц.Н нарт холбогдох 1838007130426 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН