Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын МАХН-ын зуутын дарга Д.Рэгзэдийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад,

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын МАХН-ын зуутын дарга Д.Рэгзэд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Бидний хүсэлт, нэхэмжлэл нь сонгох, сонгогдох эрхээ сэргээх чиглэлээр гомдол гаргасан боловч цаг хугацаа алдагдсан тул бид маргалдах гэж гомдол гаргаагүй учир бид гомдлоосоо татгалзлаа. Хуралд оролцох шаардлагагүй гэж бид шийдвэрлэв гэжээ.

Үндэслэх нь:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын МАХН-ын зуутын дарга Д.Рэгзэд нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сонгуулийн хороонд холбогдуулан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын МАХН-ын 11 нэр дэвшигчийг хуулийн дагуу бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын МАХН-ын зуутын дарга Д.Рэгзэд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын МАХН-ын зуутын дарга Д.Рэгзэдийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сонгуулийн хороонд холбогдох “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын МАХН-ын 11 нэр дэвшигчийг хуулийн дагуу бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ОДБААТАР