Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 315/ШШ2025/00265

 

 

 

 

 

 

2025 08 05 315/ШШ2025/00265

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багт 1987 оны 06 сараас 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 сарын 16-аас цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 сарын 03-нд цэргийн алба хааж ирээд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эх орны төлөө нэгдэлд 1990 оныг дуустал ажилласан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн нүүрний зургийг авсан учир шүүхээр баталгаажуул гэсэн. Иймд ******* намайг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багт 1987 оны 6 сараас 1988 оны 10 сарын 16 хүртэл, 1990 оны 10 сараас 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 11/178 дугаар цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 11/179 дугаар 1988 оноос хойших цалингийн баримт шилжиж ирээгүй талаарх албан бичиг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цэргийн батлах зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багт 1987 оны 6 сараас 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 сараас 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багт 1987 оны 6 сараас 1988 оны 10 сарын 16 хүртэл, 1990 оны 10 сараас 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 11/178 дугаар цалингийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цэргийн батлах,

4. Гэрч *******ын: ...Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм бригадад би 1983-2007 он хүртэл малчнаар ажилласан. Тэр үед *******д Дөхөм бригадад малчин хийж байсан.******* 5 дугаар ангиас сургуулиас гараад аав ээж дээрээ мал маллаж эхэлсэн. Айлын хамгийн бага хүүхэд байсан. Дөхөм бригадын ойролцоо Суга гэдэг задгай устай газар нутагладаг байсан. 1980-аад онд эхнэр авч тусдаа гарсан. Түүнээс хойш бригаддаа 1990 оныг дуустал мал маллаж байгаад хувьчлал эхэлсэн. 1988 онд цэрэгт яваад 1990 онд халагдаж ирээд мал малласан.Би 1983-2007 он хүртэл бригадад мал малласан. ******* одоо аймгийн зүүн хойно Гүнбулаг гэх газар мал малладаг. гэх мэдүүлэг,

5. Гэрч*******ын ... ******* 1986 оны 6 сараас эхлэн мал дээр гарч 1988 оны 10 сард цэрэгт явсан. 1990 оны 10 сард цэргээс халагдсан. Цэргээс ирээд 1990 оныг дуустал малчнаар ажилласан.Тухайн үед манай ээж аав мал малладаг байсан. Би аав ээж дээрээ мал малладаг байсан. Бид нэг бригадын саахалт айлын хүүхдүүд. *******гийн аав нь Дөхөм бригадад насаараа багийн дарга хийж байсан. 1990 онд ******* аймагт шилжиж ирээд малчин хийж байгаа.1990 онд зах зээл гарч ирээд мал хувьчлалаар малтай болсон гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

6. Иймд ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багт 1987 оны 6 сараас 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 сараас 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багт 1987 оны 6 сараас 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 сараас 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР