Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1027

 

 

 

 

 

      2024            09           10                                          2024/ДШМ/1027

 

Х.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оргилболд,

хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Галхүү,

шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Кадирбек,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/536 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Х-ийн өмгөөлөгч А.Кадирбекийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 1909017921237 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

............... овгийн Х............... Х..............., 19.. оны .... дугаар сарын ...-ний өдөр ........................ төрсөн, ... настай, э.эгтэй, .......... боловсрол....., ............ мэргэжил....., ам бүл ............................ хүүхдийн хамт ........................................................... оршин суух, улсаас авсан гавьяа шагнал...., урьд ял шийтгэл....., /РД: ...................../.

Шүүгдэгч Х.Х нь ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр ................. дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Д-гийн өмчлөлийн .............. дүүргийн .. дүгээр хороо, ............................................. хаягт байрлах ............ гэрчилгээний дугаар бүхий ... м.кв ... өрөө байрыг “үеэл ах Х.С нь оршин суух хаягаа шилжүүлэх болсон тул бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэрээгээ худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчилж өгөөч” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, тус байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн залилж, хохирогч Б.Д-д 92.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .................. овогт Х.......... Х-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 35.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 35.000.000 төгрөгөөр торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн 9.4.2 дахь заалт, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ...................... дүүргийн ........................................................... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн .......................... дугаартай ... м.кв 2 өрөө орон сууцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Д-гийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хохирогч Б.Д нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Х-ийн өмгөөлөгч А.Кадирбек давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн Х.Х-д холбогдох эрүүгийн хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүйгээс шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэрт гэрч Х.С, Н.Т нарын мэдүүлгээр Х.Х-ийн орон сууцны үнийг төлсөн гэх үндэслэлүүд нь бодит байдлаас зөрүүтэй, өөр бусад баримтуудаар нотлогдохгүй, мөн Мерседес Бенз маркийн автомашиныг зарж борлуулсан зөрүү мөнгийг байрны төлбөрт өгсөн гэх боловч уг нөхцөл байдал тодорхойлогдохгүй байх ба хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэвч дээрх дүгнэлт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Хохирогч Б.Д нь “үеэл ах С нь оршин суух хаягаа шилжүүлэх болсон тул бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэрээг худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчилж өгөөч гэж хууран мэхэлж, залилсан” гэх агуулга бүхий гомдол 1хх 3 талд гаргаагүй тул Х.Х-ийг буруутгаж буй гэмт хэргийн объектив үйлдлийг үгүйсгэж байна. Мөн хохирогчийн мэдүүлгүүд нь бодит үйл баримтыг худал мэдүүлсэн, эргэлзээтэй байна. Хэрэгт хохирогч, шүүгдэгч нарын хооронд хийсэн худалдах худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ авагдсан. Орон сууцыг Х.Х-ийн эгч хохирогчоос авсан байрыг бэлэглэл биш худалдах худалдан авах гэрээ болго гэх шаардлагын дагуу бэлэглэлийн гэрээг худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчилсөн. Түүнээс Х.Х нь үеэл ахынхаа хаягийг Улаанбаатар хот руу шилжүүлэхийн тулд хохирогчоос бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан орон сууцыг буцааж хохирогчид шилжүүлэн өгч, улмаар өөрөө дахин өөрийнхөө нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан зүйл байхгүй. Хэрэв хаяг шилжүүлэхээр байсан бол хохирогчоос зөвшөөрөл авах, түүнд байрыг нь буцаан шилжүүлэн өгч, дахин худалдах, худалдан авах гэрээгээр өөртөө шилжүүлэн авах ямар ч шаардлага байхгүй байсан.

Харин шүүгдэгч Х.Х нь энэхүү Б.Д-аас түүний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцны төлбөрийг тодорхой нөхцөлтэйгөөр төлөхөөр худалдаж авсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд хохирогч Б.Д-гийн 1хх 137, 2хх 48-49, 79-89 талд авагдсан мэдүүлгүүд, Б.Д-гийн Хаан банкны дансны хуулга 4хх 217 дугаар талд авагдсан ....................... данс руу Х.Х нь 2 удаагийн гүйлгээгээр байрны мөнгө гэх гүйлгээний утгаар мөнгө шилжүүлсэн. Мөн Х.Х нь Б.Д-гийн “...” ББСБ-д байгаа зээлийн төлбөрт 9.200.000 төгрөг шилжүүлсэн. Дахин Б.Д руу 15.000.000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдоно.

Үүнээс гадна 1хх 35-38 талд авагдсан Х.Х нь Б.Д-д байрны төлбөрт 50.000.000 төгрөгийг ... ББСБ-аас зээл авч төлсөн болох нь ... ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ, уг зээлийн гэрээгээр 150.000.000 төгрөгийг зээлж, уг зээл нь Б.Д-гийн дансанд орсон ба Б.Д нь цааш нь 130.000.000 төгрөгийг Б.Н гэх хүнд 6.5 хувийн хүүтэй зээлсэн үйл баримт хэрэгт авагдсан.

Энэхүү хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаас үзэхэд Б.Д болон Х.Х нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан "худалдах, худалдан авах гэрээний” эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Д нь өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг Б.Х-д “худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгч, Х.Х нь Б.Д-д нийт 89.900.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж үзэн хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Х.Х-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд процессын алдаа гарсан бөгөөд тус асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийх шаардлагатай байсан. Х.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэгт тухайн байрны метр квадратыг тооцсон үнэлгээ гарсан байдаг ба шинжээч хэмжилт хийгээгүй атлаа 56 метр квадрат гэж дүгнэлт үйлдсэн. Иймээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой асуудлууд бүрэн тогтоогдоогүй, эргэлзээ бүхий байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хуралдаанд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шинжлэн судалсан. Тус шийтгэх тогтоолоор Б.Д нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч А.Т-д 50.000 төгрөг, 100.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь тогтоогдсон. Мөн түүнийг аудитад нөлөөлж байсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан байхад ахан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх Х.Х-гийн үйлдлийг “Сүхбаатар дүүргийн .......................................................................... байрлах .... метр квадрат 2 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчилж” гээд “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулсан ашигласан” гэж дүгнэсэн боловч эдгээр хүмүүс урьд нь ямар харилцаатай байсан тухай хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Тухайлбал, анхан шатны шүүх уг хүмүүсийн урьдын харилцаа нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан харилцаа байсан уу, эсхүл бие биеэ өмнө нь таньдаг хүмүүс байсан уу гэдэг талаар хууль зүйн дүгнэлт гаргах шаардлагатай байсан боловч энэ талаар дүгнэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл, “дүүгээ гаргахын тулд 1 жил 6 сарын хугацаанд байрыг шилжүүлсэн” гэж үйл баримтыг ярьдаг боловч гэр бүл, хамтран амьдрагчийн асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлэх үү, эсхүл иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэх үү гэдгийг тогтоолгүйгээр “урьдын харилцаа” гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс эдгээр хүмүүсийн харилцааг Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.3-т заасны дагуу зохицуулагдах харилцаа гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинж байхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Х.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д-гийн үйл ажиллагаа явуулж байсан компани нь дампуурснаас болоод тэрээр байраа зарах шийдвэр гаргасан.” гэв.

 

Хохирогч Б.Д-ийн өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д болон шүүгдэгч нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг талууд харилцах тохиролцсон мэтээр тайлбарлаж байна. Гэтэл хэрэгт үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. 2 дугаар хавтаст хэргийн 98 дугаар хуудаст авагдсан Х.Х-ийн мэдүүлэгт “н.С ахаас мөнгө аваад Б.Д-д өгч, үүний барьцаанд байрыг нь авч, н.С-ийн нэр дээр шилжүүлсэн” гэж дурдагдсан байх боловч 2 дугаар хавтаст хэргийн 117-118 дугаарт хуудаст авагдсан н.С-ийн мэдүүлэгт энэ талаар огт дурдагдаагүй. Иймээс анхан шатны шүүх н.С-ийг Х.Х-д мөнгө зээлээгүй гэж дүгнэсэн. Мөн Х.Х “н.Ж гэх эгчээсээ 10.000 ам.доллар авсан” гэдэг боловч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн н.Баяраа гэх шинжээчийн дүгнэлтээр 5.000 ам.доллар зээлсэн болох нь тогтоогддог. Тус баримт нь 3 дугаар хавтаст хэргийн 4-6 хуудаст авагдсан. Өмгөөлөгч А.Кадирбек “н.Баяраа гэх шинжээчийн дүгнэлт нь А.Т гэх мөрдөгчийн ажиллагааны дүгнэлт учраас тус баримтыг нотлох баримтаас хасуулах нь зүйтэй” гэж тайлбарлаж байна. Гэвч 3 дугаар хавтаст хэргийн 2 дугаар хуудаст авагдсан баримтаас үзвэл 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөгч н.Ариунгэрэл нь н.Баярааг шинжээчээр томилсон байна. Иймээс тус баримт нь А.Т-тэй хамааралгүй бөгөөд анхан шатны шүүх шинжээч н.Баяраагийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.” гэв.

 

Хохирогч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд нийцээгүй, буруу” гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахаас өмнө өмгөөлөгч А.Кадирбек “5 хоногийн завсарлага авъя. 20.000.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэж байсан атлаа давж заалдах гомдолдоо “мөнгө өгсөн” гэж бичсэн байна. Миний бие энэ хүнээс ямар ч мөнгө аваагүй. Би энэ хүнтэй хамтран амьдарч байгаад хууртагдаж, түүний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр байраа шилжүүлсэн. Х.Х “тус байрыг н.С рүү шилжүүлээд өг” гэсэн. Гэвч Иргэний хуулийн дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгө нь өөрт этгээд рүү шилжиж болдоггүй учраас Х.Х тус байрыг миний нэр дээр буцаан шилжүүлж, улмаар дахин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дараа нь н.С гэх ах руугаа шилжүүлсэн. Иймээс миний бие эдгээр хүмүүсийн ярьж буй зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Х.Х-д “чи энэ байрыг авчих. Дараа нь мөнгөө цуглуулаад өг” гэж хэлсэн зүйл байхгүй. Өмгөөлөгч А.Кадирбек 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бичсэн амлалтын талаар ярьж байна. Х.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу шинэ жилийн үүрээр хүчээр намайг гэрт авчирч, тэрээр “би 80.000.000 төгрөг өгнө” гэж амлалт бичсэн. Энэ амлалтын бичиг нь хэрэгт авагдсан. Би түүний хэлсний дагуу амлалт бичсэн. Миний бие энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд болон өгсөн мэдүүлэгтээ тайлбарласан. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Б.Д нь 150.000.000 төгрөгийг өөртөө ашигласан” гэж ярьж байна. ... ББСБ-аас тус 150.000.000 төгрөгийг зээлсэн. Х.Х нь өөрийн найздаа зээлдүүлэх зорилгоор миний амьдардаг 4 өрөө байр, одоо яригдаж буй 2 өрөө байр зэргийг барьцаанд тавьж, 150.000.000 төгрөгийн 3.5 хувийн хүүтэй зээл авсан. Уг мөнгийг нь миний бие өнөөдрийг хүртэл бүрэн төлж чадаагүй, 90 хувийг нь өөр хүнээс зээл авч төлсөн. Миний дансанд дээрх мөнгө орсон боловч Х.Х тус мөнгийг бэлнээр гаргуулж, өөрийнхөө дансанд “орлого” гэж хийгээд н.Н гэх найздаа зээлдүүлсэн.” гэв.

 

Прокурор Б.Оргилболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Х нь урьдын харилцааны явцад олж авсан хамтын амьдралын итгэлцэлд тулгуурлан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэн. Хохирогч Б.Д-гийн байрны өмчлөх эрхийг олж авахын тулд үнэнд үл нийцэх зүйлийг үнэн болгож, худалдан авсан мэтээр өөрийн санаа, зорилгыг идэвхтэй хэрэгжүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул Х.Х-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Тодруулбал, хохирогч нь тус байрыг 2007 онд шударгаар өмчилж авсан. Харин эдгээр хүмүүсийн хамтын амьдрал нь 2017 оны 6 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд үргэлжилсэн. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн ямар учраас 2007 онд шударгаар өмчилсөн байр 2017 онд бий болсон хамтын амьдралын явцад шилжсэн талаар анхаарч үзэхийг хүсэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “нөлөөнд автсан” гэж тайлбарлаж байна. Энэ талаар хохирогч “энэ хүний нөлөөнд автаж, зодуулсны улмаас бичсэн” гэж илэрхийлсэн. Анхан шатны шүүх тус асуудлыг дүгнэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар нь тогтоогдохгүй гэж үзэж байна. Мөн мөрдөгчийн үйл ажиллагаатай холбоотой тайлбар хэлж байна. Анхан шатны шүүх энэ талаар “нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна” гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “28 метр квадрат байрыг 56 метр квадрат гэж үнэлсэн” гэж тайлбарлаж байна. Хэрэгт тус асуудалтай холбоотой “нийт үнэлсэн 92.400.000 төгрөгийн үнэ хэлбэлзэхгүй. Хуучин байр, шинэ байрны үнэлгээ нь ялгаатай болохоос биш адилхан үнэлгээтэй” гэж тогтоосон баримт авагдсан. Тус байр нь Иргэний шүүхийн шийдвэрийн дагуу барьцаанд байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тус байрны өмчлөх эрхийг хохирогчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх, ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч Б.Д-гийн “...төрсөн дүү Б.Б-г өөрийн байрнаасаа гаргах гэсэн чинь манай дүү “та намайг байрнаасаа хөөх гэлээ” гээд уурлаад байсан. Х.Х надад “би чамд тус болоод танай дүүг байрнаас нь гаргаж, өрнөөс салгаж өгч тусалъя, байраа миний нэр дээр шилжүүлчих” гэж хэлсэн. Х.Х манай дүүг байрнаас гаргах гээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж өгсөн. Манай дүүг байрнаас шүүхийн шийдвэрээр гаргасан. Надад хэлэхдээ Х.Х-гийн үеэл ах Х.С гэх хүнд хотын хаяг хэрэг болж байгаа учраас би чиний байрны ордерын нэрийг Х.С-т шилжүүлээд буцаагаад аваадахъя, чи надад худалдах, худалдан авах гэрээ хийгээд өгөх хэрэгтэй байна гэж надаас зөвшөөрөл хүссэн. 80.000.000 төгрөг бэлнээр авсан гэж худлаа бичүүлээд, нотариатаар бичиг хийлгээд худалдах, худалдан авах гэрээ хийлгэсэн. Х.Х нь Х.С-т миний байрны ордерыг шилжүүлж өгсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг 2хх 45-47,

 

гэрч Г.Г-ын “...Б.Д эгч “би байраа эзэмшилдээ авах гэхээр өөрөө нэхэмжлэл гаргаж болохгүй байна. Миний дүү учраас байрнаас гар гэхээр манай аав, ээж дургүй байна байх, тэгэхээр байраа би Х.Х-ийн нэр дээр шилжүүлээд Х.Х-гаар нэхэмжлэл гаргаж болох уу, тэртээ тэргүй би өөрөө ард нь байж байх юм чинь” гэсэн. Тэр үед нь би “болно, энэ бол таны асуудал” гэж хэлсэн. Б.Д эгч өөрийн байраа эзэмшилдээ авах гэж дүүгээ байрнаасаа гаргах арга хайгаад Х.Х гэх хүнд байраа шилжүүлж, түүгээр нэхэмжлэл гаргуулаад өөрийн дүүгээ байрнаасаа гаргасан асуудал. Түүнээс биш Х.Х худалдаж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг 2хх 112-113,

 

гэрч Б.Н-ийн “...Би Б.Д-г анх надад зээл авч өгөхдөө хаана, ямар банкнаас өгч байсан талаар мэдэхгүй, би анхны зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө тавьж байсан зээлийн мөнгө нь Х.Х-гийн данснаас миний данс руу орсон... ” гэх мэдүүлэг 2хх 114-115,

 

гэрч Х.С-ийн “...Х.Х нь манай ээжийн талын үеэл дүү байгаа юм. Би Х.Х-д их хэмжээний мөнгө өгсөн удаа байхгүй. Миний иргэний үнэмлэх дээрх албан ёсны хаяг нь Баян-Өлгий аймаг дээр байсан учраас хот руу шилжүүлж авах гээд тухайн үед Х.Х-ийн нэр дээр байсан тэр байрыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад, 2 долоо хоногийн дараа буцаагаад өгсөн... ” гэх мэдүүлэг 2хх 117-118,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Х.Х нь өөрийн төрсөн эгч Х.Ж-ээс 5000 доллар хүлээн авч, өөрийн “Хаан” банкны .................... тоот дансандаа 12.140.000 төгрөгт хөрвүүлэн хийсэн ба уг данснаас Б.Д-гийн ..................... тоот харилцах данс руу “байрны мөнгө” гэсэн утгатай 12.000.000 төгрөг шилжүүлсэн байна. Х.Х болон Б.Д нарын харилцах дансны хуулга дахь орлого, зарлагын гүйлгээнүүд нь шинжилгээгээр тогтоогдож байна.” гэх дүгнэлт 3хх 4-6,

 

“Хөрөнгө Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 6хх 145 зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

 

Шүүгдэгч Х.Х нь ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр .................... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Д-гийн өмчлөлийн ................................................................. тоот хаягт байрлах ............. гэрчилгээний дугаар бүхий ... м.кв 2 өрөө орон сууцыг “үеэл ах Х.С нь оршин суух хаягаа шилжүүлэх болсон тул бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэрээгээ худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчилж өгөөч” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, тус байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн залилж, хохирогч Б.Д-д 92.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Х-ийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, залилах гэмт хэрэг үйлдээгүй хэмээн гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийсэн байна.

 

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Б.Д нь ............................................... тоот орон сууцанд оршин суух төрсөн дүү болох Б.Б-ийг албадан гаргуулахаар шүүгдэгч Х.Х-ийн нэр дээр тус орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргуулснаар тухайн орон сууцыг буцаан өөрийн нэр дээр авсан.

Мөн түүний дараагаар гэрч Х.С-ийг орон нутгаас Улаанбаатар хотын хаяг руу шилжилт хөдөлгөөн хийлгэх нэрийдлээр Х.Х нь тухайн орон сууцыг хохирогч Б.Д-аас худалдах худалдан авах гэрээгээр авч цааш нь бэлэглэлийн гэрээгээр Х.С рүү, дараа нь түүнээс буцаан худалдах худалдах худалдан авах гэрээгээр авсан үйл баримт авагджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг сануулсны үндсэн дээр хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан ба хохирогч Б.Д нь “…Х.С-т хаягаа шилжүүлэхэд нь туслах үүднээс гэрээг худалдах, худалдан авах болгон хийсэн...”,

гэрч Х.С нь “…Миний иргэний үнэмлэх дээрх албан ёсны хаяг нь Баян-Өлгий аймаг дээр байсан учраас хот руу шилжүүлж авах гээд тухайн үед Х.Х-ийн нэр дээр байсан тэр байрыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад, 2 долоо хоногийн дараа буцаагаад өгсөн...” гэж мэдүүлдэг ба бусад гэрч нарын мэдүүлгүүдээр ч Б.Д нь Х.Х-д тус орон сууцыг худалдах хүсэл зориг байгаагүй, орон сууцны үнийн дүнг хэсэгчлэн төлөхөөр тохирсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Тодруулбал, Х.Х нь орон сууцны төлбөрт Х.С-ээс 15.000 ам.доллар, эгчээсээ 5.000 ам.доллар, Хонда фит машиныг зарсан 3.700.000 төгрөг, бенз машиныг илүү үнээр зарсан зөрүү мөнгө 15.000.000 төгрөгийг хохирогчид өгсөн мөн тус орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгт бодож байрны мөнгөнөөс 50.000.000 төгрөг хасуулахаар болсон гэх боловч анхан шатны шүүхээс түүний дээрх тайлбарын үндэслэлүүд нь бодит байдлаас зөрүүтэй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заан хохирлын хэмжээг тодорхойлсон тул гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Х нь хохирогч Б.Д-гийн эд хөрөнгийн эрхийн үнэлгээ болох 92.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь их хэмжээний хохиролд хамаарч байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, тухайн маргаан бүхий орон сууцыг хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй “Хөрөнгө-эстимэйт” ХХК-иар хийлгүүлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд үнэлгээг хийлгэх явцад тухайн байгууллагын үнэлгээчид хууль сануулсан, тэрээр гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээд байна.

 

Хохирогч Б.Д-гийн .................................................................... тоот хаягт байрлах ..................... гэрчилгээний дугаар бүхий ... м.кв 2 өрөө байрыг “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийн тайлан /6хх 145/-д 92.400.000 төгрөгөөр хохирлын үнэлгээг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.  

 

Мөн шинжээч Б.Батзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр хуучнаараа .... м.кв гэж явсан. .... м.кв дээр үнэ буурч, 56 м.кв дээр үнэ өснө гэсэн ойлголт байхгүй. ...хуучны байруудад харанхуй өрөө, тагтны м.кв үндсэн байрны м.кв ордоггүй...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Анхан шатны шүүхээс хохирлыг шийдвэрлэхдээ Б.Д болон Х.Х нар нь банк бус санхүүгийн байгууллагад маргаан бүхий орон сууцыг барьцаанд тавьж зээл авсан ба тухайн зээлийн харилцаа дуусгавар болоогүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлснээр хохирогч Б.Д-ийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Учир нь, хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/01332 дугаартай шийдвэрээр “... ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр бус зээлийн төлбөр болох 67.285.388 төгрөгийг Б.Д, Х.Х нараас гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүх мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Х-ийн бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Х.Х-д 35.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

 

Харин шүүгдэгч Х.Х нь хохирогч Б.Д-гийн байрны эрхийг шилжүүлэн авч залилсан учир шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “....их хэмжээний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг...” гэснийг “...их хэмжээний эд хөрөнгийн эрхийг...” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иймээс шүүгдэгч Х.Х-ийн өмгөөлөгч А.Кадирбекийн гэм буруугийн талаарх маргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/536 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

          1 дэх заалтын “...их хэмжээний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг...” гэснийг “...их хэмжээний эд хөрөнгийн эрхийг...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          2. Шүүгдэгч Х.Х-ийн өмгөөлөгч А.Кадирбекийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН