Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 452

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Эрхэс,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч П.А нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Пүрэвдоржын Аод холбогдох 1805017170457 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймаг Баянчандмань суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк хотхон 104-120 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овогт Пүрэвдоржийн А /РД: /.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч П.А нь 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 104-120 тоот гэртээ хамтран амьдагч Д.Болор-Эрдэнэтэй гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Д.Болор-Эрдэнийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А мэдүүлэхдээ: “2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 104-120 тоот өөрийн гэртээ эхнэр Д.Болор-Эрдэнэтэй гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан Д.Болор-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл учруулсан” гэв.

 

Хохирогч Д.Болор-Эрдэнийн: “...П.А намайг газар унагаад миний 2 гарыг бариад нуруу, бөгс хэсгээр шал мөргүүлээд байсан. Би тэр үед П.Аод болиоч, хүүхэд чинь зулбалаа шүү дээ гэж хэлсэн чинь П.А яадаг юм, зулбуул зулбаж байг гэж хэлсэн. Тэгэхээр нь би П.Аын цамцнаас нь зуурсан чинь цамц нь урагдсан. Тэгсэн П.А тэр уранхай цамцаараа миний хоолойг 7 секунд орчим боосон...” гэжээ. /хх 4-5, 14, 28-30,40-42/

Гэрч С.Батчимэг мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны үед байхаа би хүү П.Аын гэрт нь тэгтэл хүүхдүүд маань намайг хотод цагаан сараа хий гэсэн, ингээд би хүү Аын гэрт нь цагаан сараа тэмдэглэхээр болоод бид нар цагаан сарын бэлэг сэлт хоол хүнсээ цуглах талаар ярьж байгаад би Болор-Эрдэнэ маргасан, үүнээс болоод Атой маргаж хэрэлдээд Болор-Эрдэнэ, А хоёр хоорондоо зууралдаж Болор-Эрдэнэ Аын цамцнаас зуураад байсан би тэр хоёрын зодоон маргааныг хараад зүрх савлаад сандараад юу болсон хэн нь хаана яаж цохисон болохыг мэдэхгүй байна, П.Аын бага охин нь хараад айгаад уйлаад байхаар нь ач охиноо аваад нөгөө өрөөнд орсон, тэгээд л Аод гэрээсээ гараад явсан. Болор-Эрдэнэ цагдаад гомдол гаргасан...” гэжээ. /хх 44/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны 2163 дугаартай шинжээчийн дүгнэлт: Д.Болор-Эрдэнийн биед зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 7/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 15/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 16/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 26-27/

Хохирогч Д.Болор-Эрдэнийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх 14, 62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч П.А нь 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 104-120 тоот гэртээ хамтран амьдагч Д.Болор-Эрдэнэтэй гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар хохирогч Д.Болор-Эрдэнийг жирэмсэн болохыг мэдсээр байж биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 14, 62/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Болор-Эрдэнэ нь мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Атой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 14, 62/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан, шүүгдэгч П.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

Шүүгдэгч П.А нь хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хав 4-5, 14, 28-30, 40-42 хуу/, шинжээчийн 2163 тоот дүгнэлт /хх 7 хуу/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул П.Аыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч П.Аод 700,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржын Аыг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржын Аыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 16-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч П.Аын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ