Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1045

 

 

 

 

      2024             09          12                                          2024/ДШМ/1045

 

Г.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Хилчинбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/831 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Хилчинбаатарын бичсэн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2406020831170  дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

......................... овогт Г................. Б..................., 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........................... төрсөн, ... настай, э.эгтэй, ........ боловсрол...., ......... мэргэжил....., ......................... ажил....., ам бүл .................... хамт ......................................................... оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй боловч ................................................................ оршин суух, ял шийтгэл...., /РД: ................../.

 

Г.Б нь ..... оны .. дугаар сарын ...-ний өдөр ................. дүүргийн ... дугаар хороо, .......................... төвийн ............ Супермаркет дэлгүүр дотор хохирогч Л.Т-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогч Л.Т руу кассын тусгаарлагч төмөр авч шидэн биед нь “зүүн сарвуунд хатгагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .................. овогт Г................ Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, тэрээр энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-оос 3.107.900 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Т-д олгуулж, хохирогч Л.Т нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал болон хийж гүйцэтгээгүй ажлын цалин хөлс, баримтын дэлгэрэнгүй гэх баримтад авагдсан төлбөрийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Б-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Хилчинбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Тухайлбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж заасан. Мөн Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас (мөрдөн шалгах, прокурор, шүүх) хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог гэж тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан зэрэг бүхий л талаараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогч Л.Т-ийн баримтаар гаргаж нэхэмжилсэн бодит хохирлыг шүүгдэгч Г.Б нь төлж барагдуулсан, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болов гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь шүүгдэгч Г.Б нь хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг төлөх талаар бодитой хүсэлт гаргаагүй, хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлээгүй байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй ... гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж тус тус заасан хохирол, хор уршгийн талаар огт хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч Г.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх гол үндэслэлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал хамаарах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгах үүрэг нэгэн адил хамаарна.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг “...би өөрөө ажил хийж байгаа учраас сэтгэл санааны хохирлыг төлж чадахгүй...” гэх мэдүүлгээр түүнийг хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд зөвхөн “торгох” ял оногдуулахаар заагаагүй байх тул анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Г.Б-ыг “...эрхэлсэн тодорхой ажилгүй...” гэж дүгнээд ялаас чөлөөлсөн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан бусад ял болох нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялуудын аль нэгийг сонгон оногдуулж болох байжээ.

 

Дээрхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан үндэслэлд хамаарч байна гэж дүгнээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/831 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН