Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 439

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг,

хохирогч Ч.Буманцагаан

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Маналайр овогт Мөнхбатын Дт холбогдох 1705010660101 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Говь Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Говь-Алтай аймаг Есөнбулаг, 3-р баг, Жаргалант, 11 гудамж, 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Маналайр овогт Мөнхбатын Д/РД:/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

   Шүүгдэгч М.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах голден парк хотхоны 107 дугаар байрны гадаа иргэн Ч.Буманцагааны Самсунг эс 6 жи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар аван дээрэмдэж 290,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Буманцагаантай фейсбүүкээр харьцаж эхэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр уулзаад 10 дугаар хороололд хоолонд орсон. 31-ний өдөр дахин уулзаад караокед ороод орой нь утас цэнэггүй болчихлоо, найзтайгаа уулзах гэсэн юм гээд Буманцагаанаас утсыг нь гуйж авсан. Хохирогчоос уучлал гуйж байна. Утсыг нь авснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Буманцагаан мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 16-наас эхлэн фейсбүүкээр харилцаж эхэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хоолонд орсон. Тэгээд маргааш нь дахин уулзахаар болсон ба уулзаад гэрийн хажуу талын кафед орж сууж байгаад их удалгүй гараад би харьлаа гээд цуг гарсан. Тэгтэл нэг хүн рүү залгаад яриадахъя гэхээр нь би өөрийн утсаа өгөөд яриулсан. Дахиад хүн рүү ярьчихая гээд нэг эмэгтэй хүнтэй яриад дуусахаар нь утсаа авах гэтэл өгөхгүй байсан. Тэгтэл дүү маань залгахад яриулахгүй байсан ба спекер дээр нь тавиад яриулсан. Тэгж байгаад дахин дүү залгаад хаана байна очиж байна гэхэд Д шууд утас аваад зугатаасан” гэв.

 

Гэрч М.Хонгорзул мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед Д ах нэг танихгүй дугаараас залгаад чи хаана байгаа юм бэ, би очиж байна шүү гэсэн. Тэгээд орой нь хэдэн цагийн үед ирсэнийг нь санахгүй байна 13 дугаар хороололд байдаг үеэлийг гэрт ирсэн...” гэжээ. /хх 18/

 

Гэрч  М.Дашбазар мэдүүлэхдээ: “...22 цагийн үед Сүхбаатарын талбайн зүүн талд очиж Дтэй уулзсан. Тэгэхэд Д шар өнгийн самсунг С-6 гар утас гаргаж ирээд энэ утсыг ломбарданд тавиад өгөөч гэсэн тэгэхээр нь би Дийн аав, ээжтэй дотно танил учраас аавынхаа гар утсыг ломбарданд тавих гэж байгаа юм болов уу гэж бодоод ломбарданд тавьж чадахгүй ямар учиртай утас юм бэ хулгайн утас байвал баригддаг юм шүү гээд айлгасан чинь Д энэ утсыг олсон юм аа гэж байгаад сүүлдээ хаячихая гээд шидэх гээд байсан. тэр үед би сим кодыг нь хийлгэх гэтэл мэдэхгүй байсан...” гэжээ. /хх 20-21/

 

Гэрч Ч.Баасандорж мэдүүлэхдээ: “...өнөөдөр 21 цаг өнгөрч байхад төрсөн эгч Ч.Буманцагаан над руу хоолой нь чичирчихсэн сандарсан байдалтай чи хаана байна ирж байна уу гэхээр нь. Гэртээ байнаа одоо ингээд гарлаа гэтэл эгч утсаа салгачихсан....тэгээд би түгжирч байгаад Голден парк хотхоны тоглоомын талбай дээр очиход нэг эрэгтэй миний гар утсыг булаагаад зугатаачихлаа гээд цагдаад дуудлага өгсөн...” гэжээ. /хх 22/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх 9/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54/

Хохирогч Ч.Буманцагаан, шүүгдэгч М.Д нарын файсбүүкээр харилцаж байсан гэх баримтууд /хх 73-134/

Хохирогчийн ял шалгах хуудас /хх 145/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах голден парк хотхоны 107 дугаар байрны гадаа иргэн Ч.Буманцагааны Самсунг эс 6 жи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар аван дээрэмдэж 290,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Буманцагаан /хх 11-12, 14-16, 51, 141-142/, гэрч М.Хонгорзул /хх 18/, М.Дашбазар /хх 20-21/, Ч.Баасандорж /хх 22/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 9/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54/, хохирогч Ч.Буманцагаан, шүүгдэгч М.Д нарын файсбүүкээр харилцаж байсан гэх баримтууд /хх 73-134/, хохирогчийн ял шалгах хуудас /хх 145/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Дт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдлаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч М.Д нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Маналайр овогт Мөнхбатын Дийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч М.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 3 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

                                                                                                    

3. Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

   

            5. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ