Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00065

 

Х.З-ын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02067 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч Х.З-

хариуцагч АТҮТ ТӨҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21,892,992 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, З.Хүрэлсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, түүний өмгөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

1.Нэхэмжлэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэлийн шаардлага: а) АТҮТ ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох,

б) ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах;

в) нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхгэх;

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл:

1.2.а) Миний бие АТҮТ ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвд тээвэр зохицуулагчаар 2017 оноос эхлэн ажиллаж байгаад 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 тоот тушаалаар ажлаас халагдсан. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд таван удаа нийт 4,999,200 төгрөгийн орлогыг дутуу тоолуулж дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил гаргасан нь холбогдох баримтаар тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халсан. Хэрэгт авагдсан тооллогын баталгааны хуудас, болон шүүхээс хийсэн үзлэг дэх баримтуудаас харвал Х.Золжаргал дутаасан гэдэг тодорхойгүй, зөрчил нотлогдохгүй байна. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар тус байгууллага дотоод хяналт шалгалтын нэгжтэй байх боловч үүнийгээ хэрэгжүүлсэн баримтгүй, хяналт шалгалт хийгдээгүй. Хэрэгт баримтаар 4,999,200 төгрөг, 5,026,200 төгрөг дутуу, дараа өдөр тушаасан гэсэн өөр өөр дүн байгаагаас гадна санхүүгийн баримтууд нь нягтлан нярав тооцоог хийж бичсэн тул Х.Золжаргал биш нягтлан, нярав хариуцлага хүлээх ёстой. Мөн 2019 онд сахилгын арга хэмжээ хууль бусаар авсан, сахилгын арга хэмжээ авсан талаар мэдэгдээгүй. Иймд АТҮТ ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт тушаал гарсан өдрөөс өнөөдрийн хуралдаан хүртэлх хөлстэй тэнцэх олговорт 21,892,992 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

2.1.а) Х.Золжаргал 2019 оны 9 дүгээр сард кассын орлогыг дутуу тушааж сахилгын шийтгэл хүлээсэн. 2020 онд кассын орлого 3,631,650 төгрөг дутуу тушаасан. Тухайлбал, 01 дүгээр сарын 29-ний өдөр 1,128,000 төгрөг, 02 дугаар сарын 12-ны өдөр 758,300 төгрөг, 02 дугаар сарын 13-ны өдөр 877,400 төгрөг, 02 дугаар сарын 18-ны өдөр 370,300 төгрөг, 02 дугаар сарын 20-ны өдөр 3,954,000 төгрөг, 03 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус дутуу тушаасан. 2-3 хоногийн дараа нөхөж тушаасан. Тооллогын баримтыг Х.Золжаргал зөвшөөрч гарын үсгээ зурсан. Х.Золжаргал нь хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.2, 11.6.7, 11.6.11-д заасныг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн гэжээ.

3. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Х.Золжаргалыг АТҮТ ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвд тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 19,588,923 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 2,304,069 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 255,894 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хөдөлмөрийн гэрээний 4.3-т ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ба дараах зөрчлүүдийг Ноцтой зөрчил-д тооцно. Үүнд: 1. Байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан, 2. Эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа хэрэглэж завших, үрэгдүүлэх зэргээр захиргааны итгэл алдагдуулах гэж заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох тухайлан заасан ноцтой зөрчил гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл эс үйлдэхүй гаргасан.

Тус үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.2, 11.6.7, 11.6.11 дэх заалтуудыг зөрчсөн. Мөн талууд дотоод хяналт шалгалтын дүгнэлттэй маргаагүй хүлээн зөвшөөрсөн, дотоод хяналт шалгалтаар Х.Золжаргал нь тээвэр зохицуулалт хийж билет бичилт хийхдээ ноцтой зөрчил гаргаж үйлдвэрийн газрын орлогоос удаа дараа дутагдуулж байсан. Энэхүү ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл нь удаа дараагийн тооллого болон кассад мөнгө тушаасан баримт (баримтад өөрийн гарын үсэгтэй)-аар тогтоогдож байгаа.

Мөн шүүх хурлын явцад нэхэмжлэгч холбогдох баримтуудад зурсан гарын үсэг нь өөрийнх гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч шүүхэд худал мэдүүлж ... би хэзээ ямар баримтад зурснаа мэдэхгүй байна... гэх зэргээр мушгин гуйвуулж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд өгсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хариуцагчийн хувьд 18 цагт ажил тарж нягтлан бодогч, нярав явснаас хойш билетийн касс ажиллах бөгөөд цугларсан орлогыг дараа өдөр нь тушаадаг асуудлыг зөвшөөрсөн санхүүгийн албан ёсны дэглэм мөн. Х.Золжаргалын гаргасан үйлдэл, эс үйлдэхүй энэ дэглэмээс ямар ялгаатайг баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчийг буруутгаж байгаа үйлдэлд санхүүгийн холбогдолтой чиг үүрэг хэрэгжүүлдэг хэд хэдэн албан тушаалтан оролцсон, гаргаж өгсөн баримтад нярав Б.Лхагвасүрэн гарын үсэг зурсан. Х.Золжаргалыг ажлаас халсан тушаалд 4,999,000 төгрөг дутаасан гэх боловч баримтаар нотлоогүй. Орлого дутуу тушаасан нь нэхэмжлэгчээс эсхүл нягтлан бодогч, нярав, бусад этгээдээс хамааралтай эсэхийг ялгаж зөрчлийг тогтоогоогүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргажээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

НэхэмжлэгчХ.З- нь хариуцагч АТҮТ ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21,892,992 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийг ажлаас халсан хариуцагч байгууллагын захирлын тушаалын үндэслэлд түүний гаргасан гэх зөрчлийг 4,999,200 төгрөгийн кассын орлогыг дутуу тоолуулж, дараа өдрийн орлогоор нөхөн тушаадаг гэж, хэрэгт авагдсан АТҮТ ТӨҮГ-ын дотоод аудитын дүгнэлтэд 5,026,200 төгрөгийн кассын орлогыг дутуу төлж, дараа өдрийн орлогоор нөхөн тушаасан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 3,631,650 төгрөг гэх зэргээр мөнгөн дүнгийн хэмжээ зөрүүтэй байна.

Талууд Х.Золжаргал нь зөрчил гаргасан эсэх асуудлаар маргаж, мөнгөн гүйлгээний баримтад нэхэмжлэгч дутаасан мөнгөө буцааж төлсөн гэх боловч Б.Лхагвасүрэн гэх хүний гарын үсэг бүхий бэлэн мөнгөний орлого тушаасан баримтууд хэрэгт авагдсан байна. /2хх-ийн 96-107 /

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2021/00623 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн ба уг тогтоолд ...ажил олгогч дээрх тооцооны алиныг ямар үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болгосон, дутуу тушаагдсан мөнгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй эсэх, үүрэгтэй бол хэдийд буцаан төлсөн болох, энэ нь ямар баримтаар нотлогдсон, орлогыг өдөрт нь тушаагаагүй шалтгаан ... тодорхойгүй, ... шүүх тодруулаагүй... гэж дүгнэжээ. /2хх-ийн 12/

Гэтэл энэ талаар буюу ажил олгогчийн тушаалд заасан зөрчлийг шалгасан гэх нягтлан бодогч Б.Уянга, дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Э.Амарбат нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байхад шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2020/08072 дугаар захирамжаар хэрэгт хамааралгүй үндэслэлээр хангахгүй орхисон нь буруу байна. /хх-ийн 77, 92-94 /

Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч АТҮТ ТӨҮГ нь давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ