Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1046

 

 

 

 

 

      2024           09          12                                        2024/ДШМ/1046

 

С.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Т.Мөнхбадрах,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/561 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2411013810433 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

.............. овгийн С............. А.............., 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр, ............................ төрсөн, ... настай, э.эгтэй, .................... боловсрол...., ......... мэргэжил...., ам бүл .................... хамт, ........................................... оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа....., хэрэг хариуцах чадвартай, /РД: .................../.

С.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ..... оны .. дугаар сарын ...-ны өдөр .... цаг .... минутын орчимд .......... дүүргийн .... дугаар хороо .... дугаар сургуулийн урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ (др-3.42%) Тоёота Приус (Toyota Pirus) маркийн .......... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: С.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .............. овогт С.............. А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, түүнийг яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хувиараа буюу ............... дүүргийн нутаг дэвсгэрийн .... дүгээр хороо ........ тоот хаягт байрлах “ ..........” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, 150 м.кв ажлын байр түрээслэн ажил хөдөлмөр эрхэлдэг. Ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, ажилладаг байгууллагын хаяг, очиж ажиллах газрын байршил зэрэг баримтуудыг тогтоож өгөлгүй шүүхээс 2 жилийн хугацаанд оршин суугаа газраасаа гарахыг хориглож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломжгүй боллоо. Миний бие ажил хөдөлмөр эрхлэн ипотекийн байрны зээл төлдөг, оюутан хүүхдийн сургалтын төлбөрийг төлж, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэг байсан. Энэ бүхэн маань боломжгүй боллоо. Миний бие гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт үйлдлээ ухамсарлан ойлгож байна. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчлөн оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч С.А-ийн өмгөөлөгч Т.Мөнхбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзаж үзээгүй. Давж заалдах шатны шүүх түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад хохирол учруулаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон ар гэрээ авч явдаг, хувийн байдлыг нь харгалзан үзэж 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өөрчилж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Цэрэнбалжир шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А-д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч нь урьд удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан. 2024 онд хамгийн сүүлд тээврийн хэрэгсэл жолоодохдоо 3,42 согтуурлын зэрэгтэй байсан бөгөөд тухайн үед цагдаагийн алба хаагч таслан зогсоогоогүй байсан бол бусад хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахыг үгүйсгэхгүй нөхцөл байдалд байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

            С.А-ийн яллагдагчаар өгсөн “...1 шил Хар экс гэдэг нэртэй архи хувааж уугаад тэгээд би өөрийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн .......... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Зурагтын эцсээс Баянбүрдийн 5-р сургуулийн хажуу талын байр руу очих гээд 5-р сургуулийн урд явж байхад зам дээр цагдаа зогсоод намайг драгер багаж үлээлгэхэд 3,42 хувийн согтолттой гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 42/,

 

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-2, 12/,

 

            асап сангийн лавлагаа /хх 13-24/,

 

            жолоочийн нэгдсэн сан, автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн С.А-ийн жолоочийн эрх хасагдсан тухай лавлагаа /хх 3, 54-66/,

           

            С.А-ийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн материалын хуулбар /хх 54-66/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

 

            С.А нь өмнө 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 0571315 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа .... оны .. дугаар сарын ...-ны өдөр ... цаг .. минутын орчимд ............. дүүргийн ..  дугаар хороо .. дугаар сургуулийн урд замд “Toyota Prius” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.А-ийн үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

 

Шүүгдэгч С.А-гээс “...анхан шатны шүүхээс ажил эрхэлдэг байдлыг минь харгалзаж үзэлгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулсанд гомдолтой байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

 

Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал, боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүйг дурдвал зохино.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус зааснаар мөрдөгч, прокурор нь хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж, С.А-г холбогдуулан шалгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай гэмт хэрэгт түүний хувийн байдал болох ажил эрхэлдэг эсэх байдлыг тогтоох талаарх ажиллагааг огт хийгээгүйг буруутгаж байна.

 

Дээрх ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүйгээс анхан шатны шүүх С.А-д 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон байдлаар тогтоосон нь түүний хувийн байдалд тохироогүй байна.

 

            С.А-ийн ............... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.............” ХХК-д ажлын байртай гэх тайлбар нь байгууллагын түрээсийн гэрээгээр нотлогдож байх тул түүний зорчих эрхийг хязгаарлах ялын нутаг дэвсгэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.   

 

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээн шүүгдэгч С.А-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/561 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            4 дэх заалтын “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс...” гэснийг “...Сонгинохайрхан дүүргийн 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч С.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН