Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 429

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин,

Шүүгдэгч Г.М,

Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.М, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбаяр нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганзоригтийн М, Боржигон овогт Жаргалмөнхийн М нарт холбогдох 1805001510237 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо 81-16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй Боржигон овогт Жаргалмөнхийн М /РД: /

 

Монгол улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мөнх ногоон мод ХХК-нд цэцэрлэгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 9-9 тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганзоригтийн М /РД: /

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Г.М, Ж.М нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2а дугаар байрны гадна М.Чингүүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэнтэй тохирч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэнтэй тохирч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч М.Чингүүн мэдүүлэхдээ: “...би 2017 оны 12 дугаар сарын 26-27 шилжих шөнийн 02 цагийн үед БГД-н 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны хажууд явж байсан. Өөдөөс хоёр хүүхэд ирж явсан би 2 найзтайгаа 3-лаа явж байсан. Хажуугаар зөрөхдөө би М гэх хүүхдийг мөрөлсөн. Тэгээд би М гэх хүүхэдтэй маргалдсан чинь хажууд байсан дэлгүүрээс нэг хүн гарч ирээд бол больцгоо гэж хэлсэн. Тэгээд уг дэлгүүрээс холдоод юм яриад байж байтал нэг хүүхэд нь шууд ирээд намайг цохисон тэгтэл манай Жамц очиод намайг өмөөрөөд цохисон. Тэгээд л бид хоёр шууд зодуулсан. Тэр хоёр хүүхэд бол М, М хоёр. Түрүүлж цохисон хүүхэд нь М. Миний дээд талын баруун үүдэн нэг шүд унасан, зүүн талын үүдэн шүдний тал нь үүрсэн. Баруун талын үүдэн шүдний хажуугын нэг шүд хөдөлсөн, зүүн талын үүдэн шүдний хажуугын шүд хөдөлсөн. Эрүү нүүрний төвд сувгын эмчилгээ, 3-н шүдээ тогтоолгох чиг тавиулсан. 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 450,000 төгрөг авсан. Үүдэн шүдэндээ эмпилан суулгах 3 сая 50 мянган төгрөг гэж хэлсэн. Нэг жилийн дараа тухайн 3-н шүдэнд апрад суулгана гэсэн тэрний үнийг судлаагүй нэг сая 800 мянган төгрөг-д суулгадаг гэж хэлсэн...” гэжээ. /хх 5-6/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 706 дугаар дүгнэлт: “1. М.Чингүүнийн биед нүүр биеэр олон тооны цус хуралт, зулгаралт, хамар яс хугарсан, дээд эрүүний 1 шүд унасан, тархи доргилттой гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. 5.Шүдний эмчийн үзлэг онош байхгүй тул дүгнэлтэнд тусгаагүй болно” гэжээ. /хх 20/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 149 дугаар дүгнэлт: “1. М.Чингүүний биед дээд эрүүний 11-р шүд булгарсан, 12,21-р шүд суларсан гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэжээ. /хх 23/

 

Эмчийн магадлагаа, гэрэл зураг /хх 27,28,29/

Хохирлын баримтууд /хх 31-34/

КТГ оношлогоо /хх 35/

ЭХО оношлогоо /хх 36-38/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44,48/

Төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54, 55/

Нийт хохиролд 4,350,000 төгрөг өгсөн гэх баримт /хх 57/

Гомдол саналгүй гэх баримт /хх 74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.М, Ж.М нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2а дугаар байрны гадна М.Чингүүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.Чингүүн /хх 5-6/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 706 /хх 20/, 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 149 дугаар дүгнэлт /хх 23/, эмчийн магадлагаа, гэрэл зураг /хх 27, 28, 29/, хохирлын баримтууд /хх 31-34/, КТГ оношлогоо /хх 35/, ЭХО оношлогоо /хх 36-38/, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44, 48/, төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54, 55/, хохиролд 4,350,000 төгрөг өгсөн гэх баримт /хх 57/, гомдол саналгүй гэх баримт /хх 74/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч Боржигон овогт Ганзоригтийн М, Боржигон овогт Жаргалмөнхийн М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх хангалттай бичгийн баримт байхгүй тул тэдгээрт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаагүй, хэрэгт эд мөрийн баримт байхгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганзоригтийн М, Боржигон овогт Жаргалмөнхийн М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Мыг  120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Мод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэх, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ