Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/1069

 

 

 

 

 

      2024            09           18                                          2024/ДШМ/1069

 

Т.Б, Н.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Д.Энхбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, Ш.Оюумаа,

яллагдагч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Баясгалан,

яллагдагч Т.Б-ийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1823 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2206056350088 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................ овгийн Н.............. Б................, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр .................................... төрсөн, .... настай, э.эгтэй, ....... боловсрол...., ........................... мэргэжил...., ........................................... ажил......, ам бүл .......................... хамт, .................................................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа......., /РД: ...................../.

2. ................ овгийн Т................... Б............, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр .................................... төрсөн, .... настай, э.эгтэй, .......... боловсрол...., .................................... мэргэжил...., “................................. ажил...., ам бүл ....................... хамт, .......................................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа...., /РД: ...................../.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар “ОНӨААТҮГ”-н Зүүн түгээх төвийн засварын инженер Т.Б нь Барилга хот байгуулалтын яамны сайдын 2006 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар тушаалаар баталсан “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” II хэсэг “Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-04-06-ийн 5.7, 5.9, 5.10, 5.12-д заасан аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй, БД 12-101-05 “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-ын 1.4, 1.5, 1.9, 1.10-д заасан зөвлөмж, ОСНААУГ ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/161 тушаалаар баталсан Ажлын байр /Албан тушаал/-н тодорхойлолтын засварын инженерийн Ажлын байрны тодорхойлолт: 1, 2, 6 дугаар зорилтын хүрээнд заасан үргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, хариуцсан эрх бүхий албан тушаалтны хувьд ажлын байранд зохих ёсоор хяналтыг тавиагүйн улмаас “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-н “Зүүн түгээх төв” болон “Бум Үр” ХХК-ийн хооронд хэлцлээр тохирсон, “Бум Үр” ХХК-ийн бохирын шугам буюу инженерийн шугам сүлжээг холбох ажлыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Өгөөмөр” захын хойд талд хийж гүйцэтгэж байхад бохирын шугам суурилуулах зориулалтаар ухсан нүхэнд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-н “Зүүн түгээх төв”-н шугамын засварчин С.М, Б.И нар нь хөрсний гадаргууг тэгшлэх зорилгоор ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа ухсан нүхний хана хэсгийн нуралтаас үүссэн шороонд дарагдаж С.М нь цээж, хэвлий дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлт, Б.И нь цээж хэвлий дарагдах хэлбэрийн механик амьсгал бүтэлтэд орж нас барсан буюу хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хоёр хүний амь насыг хохироосон”,

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-н “Зүүн түгээх төв”-н хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн Н.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан “Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

27.3.3/ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/,

27.3.4 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;

27.3.5 ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;

27.3.7 хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг,... гэж заасныг,

Мөн “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/161 тушаалаар баталсан Ажлын байр /Албан тушаал/-н тодорхойлолтын 1, 2, 3, 4 дүгээр зорилтын хүрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-н “Зүүн түгээх төв” болон “Буман Үр” ХХК-ийн хооронд хэлцлээр тохиролцсон, “Бум Үр” ХХК-ийн бохирын шугам буюу инженерийн шугам сүлжээг холбох ажлыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Өгөөмөр” захын зүүн хойд талд хийж гүйцэтгэж байхад бохирын шугам суурилуулах, зориулалтаар ухсан нүхэнд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-н “Зүүн түгээх төв”-н шугамын засварчин С.М, Б.И нар нь хөрсний гадаргууг тэгшлэх зорилгоор ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа ухсан нүхний хана хэсгийн нуралтаас үүссэн шоронд дарагдаж С.М нь цээж, хэвлий дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлт, Б.И нь цээж, хэвлий дарагдах хэлбэрийн механик амьсгал бүтэлдэж орж нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Б, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” буюу нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна.

Орон сууцны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 7, 71, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт тус тус зааснаар тухайн байгууллагын талаар орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь Орон сууцны тухай хуульд заасан ямар статустай байгууллага болох, хэрхэн байгуулагддаг, хууль болон дүрэмд заасан ямар эрх эдэлж, үүрэг хүлээдэг байгууллага болох, мөн бусадтай гэрээ байгуулж, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх, санхүүгийн эх үүсвэр нь хэрхэн бүрддэг эсэх, байгууллагын дарга эсхүл салбар төвийн дарга хэн нь бусадтай гэрээ хэлцэл байгуулах эрхтэй эсэх талаар шалгаж тодруулах шаардлагатай. Хэрвээ “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь дүрмээрээ ашиг олох зорилгоор ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрхтэй бол “Зүүн түгээх” төв нь “Бум Үр” ХХК-тай хэзээ, хэрхэн, хэний шийдвэрээр гэрээ байгуулсан нь тодорхой байх шаардлагатай юм. Энэ талаар тус байгууллагын даргын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/285 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Хэлтэс нэг, түгээх төвийн гүйцэтгэсэн ажил болон төлбөртэй үйлчилгээний орлого хуваарилах журам”-д /3хх-ийн 167 дахь тал/ зохицуулжээ. Учир нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн дагуу ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд тус журмын дагуу “Бум Үр" ХХК-тай хэлцэл байгуулсан эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн шуурхай хуралдаанаар ажил, үүргээ хуваарилж гүйцэтгэсэн гэх боловч ямар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр уг ажлыг хийж гүйцэтгэсэн талаар шалгалгүй орхигдуулсан байна.

2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.5 дугаар зүйлд тус тус зааснаар яллагдагч Н.Б нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан стандартад заасан сургалтад хамрагдсан эсэх талаарх асуудлыг тодорхойлох шаардлагатай байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан нийтлэг үүргээр ажил олгогч нь тухайлсан нарийн мэргэжил, мэргэшил шаардлагатай ажлын байранд шаардлага хангасан мэргэжилтнийг ажиллуулах үүрэг хүлээх учиртай. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4, 22.1.5 дахь заалтуудад зааснаар дээрх асуудлуудыг тодруулах зорилгоор хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тодруулж нэг сарын курст суусан хүн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ажиллах боломжтой эсэх, тухайн нэг cap суусан курс нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батламжилсан сургалт байсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай юм.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхой заасан. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг давхардуулан тогтоож, тэдгээр оролцогчдын хооронд үл ойлголцох нөхцөлийг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эдлэх эрхийг мөрдөн байцаалтын шатанд давхардуулан эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ нь нөгөөтээгүүр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон эдлэх эрхэд хязгаарлалт тавьж буй хэрэг юм. Иймд хяналтын прокурорт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарыг тус бүрт нь тогтоож ирүүлэхийг даалгаж шийдвэрлэхээр тогтов.

Дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Сүхчулуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад “Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар” ОНӨААТҮГ-н улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байдал, үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрлийн төрөл, хэмжээ, хугацааг нотолсон нотлох баримтууд, бүртгэлийн баримтууд, тусгай зөвшөөрлийн хуулбар зэргийг гаргуулан авч бүрэн хавсаргасан бөгөөд эдгээр баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх, үнэлэхгүй бол ямар үндэслэлээр үнэлэх боломжгүй байгаа талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй байна. “Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар” ОНӨААТҮГ-н даргын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 6/2469 дугаартай тушаалаар Н.Б-ийг тус газрын “Зүүн түгээх төв”-н Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнээр томилж, ажил олгогч болон ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд “Ажлын байр /Албан тушаал/-ын тодорхойлолтын III дугаар бүлэг “Албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага”-д, ...дээд боловсролтой, бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч, цахилгааны инженер, ус дулааны инженер, сантехникийн инженер мэргэжилтэй байх шаардлага тавьсан, уг шаардлагыг яллагдагч Н.Б нь эзэмшсэн боловсрол, мэргэжлийн хувьд бүрэн хангаж байна. Мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн чиглэлээр тодорхой сургалтад хамрагдаж байсан талаар яллагдагч болон гэрч нар тодорхой мэдүүлэг өгсөн байна.

“Бум Үр” ХХК-ий захиалга, хүсэлтийн дагуу “Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар” ОНӨААТҮГ-н “Зүүн түгээх төв”-н удирдлага, эрх бүхий албан тушаалтнууд харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Өгөөмөр” худалдааны төвийн хажууд бохирын шугам буюу инженерийн шугам сүлжээ солих ажлыг гүйцэтгэхээр болсон талууд хоорондоо гэрээ байгуулаагүй, ажлыг талууд амаар тохиролцож хийсэн, дээрх ажлыг хийж гүйцэтгэх үүргийг “Зүүн түгээх төв”-ийн ерөнхий инженерээс байгууллагын өглөөний шуурхай хуралд өгч ажилтан албан хаагчдыг хуваарилсан зэрэг бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоосон бөгөөд энэ талаар оролцогч нарын өгсөн мэдүүлэг, хуралдааны тэмдэглэл зэрэг баримтууд хэрэг, хангалттай цугларсан байна.

Хохирогч, хууль ёсны төлөөлөгчийг давхардуулан тогтоосон гэх маргааны хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх тогтоол, шүүгчийн захирамжаар хянан шийдвэрлэх боломжтой, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд үндэслэлгүйгээр хохирогч, хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон гэж үзвэл шүүхийн шатанд шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх нь хуулиар олгогджээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1823 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ийн өмгөөлөгч Д.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд буцаахаар шийдсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдаж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх байсан боловч дахин шалгах шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2 хүн оруулсан нь хуульд заасан үндэслэлээр эргэлзээтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Холбогдох хуульд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ямар хүн байхыг тодорхой заасан байх тул хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Энхбаатарын тайлбартай санал нэг байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн процесс ажиллагааг сайн мэдэхгүй байна. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би нөхөртэйгөө 16 жил цуг амьдарсан. 14 настай охинтой, албан ёсоор хамтран амьдарч байсан эхнэр, нөхөр гэдгийг хууль шүүхийн байгууллагаар тогтоолгосон.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хууль ёсны үндэслэл бүхий байна. Хуульд зааснаар хууль ёсны төлөөлөгч гэж төрсөн ээж, аав, төрөл садан байна гэж заасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан иргэний хариуцагчаар “Зүүн түгээх төв” болон “Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар”-ыг тогтоогдсон нь үндэслэлтэй. Амь хохирогчийн ээж Б.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох нь зөв гэж үзэж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “...Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг солих бүрэн боломжтой. Амь хохирогчийн ээж болон эхнэр хоёрын хооронд үл ойлголцол үүсэж байна. Өмгөөлөгчийн зүгээс хууль ёсны төлөөлөгчийг үнэн зөв, хуульд заасан дарааллын дагуу шүүх шийдвэрлэх боломжтой учраас хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжтой.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний талийгаач хүүхдийн хувцсыг эхнэр нь гадаа хог дээр гаргаж хаясан. Энэ асуудлаас болж маргаан үүссэн. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байгаа. Би төрсөн хүүхдийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр яагаад тогтоогдож болохгүй юм.” гэв.

 

Яллагдагч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг тодруулах шаардлагатай гэж шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн. “Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар”-ыг иргэний хариуцагчаар тогтоосон нөхцөлд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж болох уу, иргэн, хуулийн этгээдтэй төлбөр аваад гэрээ байгуулаад ажиллаж болох уу, амаар хэлцэл хийж болох эсэх асуудлуудыг нотлогдвол зохих асуудлын хүрээнд шалгуулах нь үндэслэлтэй байна. Гэрээ байгуулсан бол хэн гэрээ байгуулсан. Мөн хэрэгт ам хэлэлцээр хийсэн талаарх асуудал тодорхойгүй байна. Гэм буруугийн асуудлыг шийдэхийн тулд хэн буруутай вэ гэдгийг олж тогтоох шаардлагатай. Иргэний хариуцагч гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох нь чухал тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Яллагдагч Н.Б хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад суусан нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар шүүгч захирамждаа дурдсан. 1 сарын хугацаанд суусан сургалт нь яамнаас батламжлагдсан сургалт мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгах шаардлагатай байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгчийн зүгээс гэрээ хэлцэл бичгээр байгуулагдаагүй энэ ажил халтуурын ажил гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Журмын дагуу байгуулагдсан гэрээ хэлцэл биш байна. Мөн прокурор хэлсэнчлэн 20.000.000 төгрөгөөс доош үнийн дүнтэй бол гэрээ байгуулахгүй гэх заалт журамд тусгагдаагүй. Энэ ажлыг хийлгэх болсон шалтгаан нөхцөлийг зайлшгүй шалгаж тогтоосны дараа шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.” гэв.

 

Яллагдагч Т.Б-ийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг давхардуулж тогтоосон. Үүнээс үүдээд шүүгдэгч нар хохирол төлбөрийг хэнд төлөх талаарх асуудал ойлгомжгүй, тодорхойгүй учраас шүүгдэгч хохирол төлбөрөө төлөхгүй шүүх хуралдаанд оролцож, түүний эрх зүйн байдал доордуулах нөхцөл байдал үүсэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх шийдвэр гаргаж шийдвэрлэх боломжтой боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох юм бол хохирол төлбөрийн асуудал шийдэгдэнэ.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар “ОНӨААТҮГ”-н “Зүүн түгээх төв”-ийн засварын инженер Т.Б, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-н “Зүүн түгээх төв”-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн Н.Б нарыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хоёр хүний амь насыг хохироосон” хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс “....Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь Орон сууцны тухай хуульд заасан ямар статустай байгууллага болох, хэрхэн байгуулагддаг, хууль болон дүрэмд заасан ямар эрх эдэлж, үүрэг хүлээдэг байгууллага болох, мөн бусадтай гэрээ байгуулж, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх, санхүүгийн эх үүсвэр нь хэрхэн бүрддэг эсэх, байгууллагын дарга эсхүл салбар төвийн дарга хэн нь бусадтай гэрээ хэлцэл байгуулах эрхтэй эсэх талаар шалгаж тодруулах шаардлагатай.

            - Гэрээ байгуулах эрхтэй бол “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-н “Зүүн түгээх төв” нь “Бум Үр” ХХК-тай хэзээ, хэрхэн, хэний шийдвэрээр гэрээ байгуулсан нь тодорхой байх шаардлагатай. Мөн хэний шийдвэрээр уг ажлыг хийж гүйцэтгэсэн талаар шалгаагүй байна.

           - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны 1 сарын курст суусан хүн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ажиллах боломжтой эсэх, тухайн 1 сарын курс нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батламжилсан сургалт байсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг давхардуулан тогтоосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарыг тус бүрт нь тогтоож ирүүлэхийг прокурорт даалгах нь зүйтэй...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь, Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад, “Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар” ОНӨААТҮГ-н улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байдал, үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрлийн төрөл, хэмжээ, хугацааг нотолсон нотлох баримт мөн “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ”-ын даргын “хэлтэс, нэгж, түгээх төвийн төлбөртэй үйлчилгээний орлогыг хуваарилах, зардлыг санхүүжүүлэх журмыг шинэчлэн батлах тухай” 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/185 дугаартай тушаал авагджээ.  

 

Дээрх баримтуудаар төрийн өмчийн байгууллага болох “Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар” ОНӨААТҮГ-ыг ашгийн төлөө бусадтай хамтран ажиллах эрх нь хуулийн хүрээнд боломжтой гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус зааснаар мөрдөгч, прокурор нь хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэн “Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар” ОНӨААТҮГ-ыг холбогдох хуульд заасан ямар статустай байгууллага болохыг шалгаж тодруулах шаардлагатай. 

 

“Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ”-ын даргын “хэлтэс, нэгж, түгээх төвийн төлбөртэй үйлчилгээний орлогыг хуваарилах, зардлыг санхүүжүүлэх журмыг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтын 1.2, 2.2 дахь заалтад “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ” нь аж ахуйн нэгж, түгээх төвүүд нь өөрийн үйлчилгээний хүрээндээ иргэнтэй гэрээ эсхүл төлбөртэй үйлчилгээний хуудсаар үйлчилгээ үзүүлэх ба тухайн гэрээг ОСНААУГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтэс, Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, хуулийн зөвлөхөөр хянуулахаар заасан атал албан ёсны гэрээ эсхүл төлбөртэй үйлчилгээний хуудасгүйгээр, өөрийн үйлчилгээний хүрээнд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байгууллагад ажилтнуудыг ажиллуулсан нь амь хохирогч нарыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил албан үүргээ гүйцэтгэж байсан хэмээн дүгнэх боломжгүй байна.  

 

          Түүнчлэн, шүүгчийн захирамжид заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлын байранд 1 сарын курст суусан хүн тухайн албан тушаалд ажиллах боломжтой эсэх, “Алтан боломж” сургалтын төвийн явуулж буй 1 сарын курс нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батламжилсан сургалт байсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай гэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

          Тодруулбал, Н.Б нь яллагдагчаар “...2022 оны 9 дүгээр сард Алтан боломж сургалтын төвд суралцаж Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэшил олгох сургалтад 30 хоног сууж төгссөн...” гэх 3хх 137 мэдүүлгээр тухайн сургалтыг хэзээ төгссөн нь тодорхойгүй байхад түүнийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/2469 дугаартай тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр ажилд авсан баримт авагдсан. Гэвч Н.Б-ийг тус сургалтын төвийг төгссөн эсэх талаарх гэрчилгээ хэрэгт хавсаргагдаагүй байна.  

 

          Дээрхийг нэгтгэн дүгнэвэл тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэх талаар гэрээ болон төлбөртэй үйлчилгээний хуудасгүй, өөрийн үйлчилгээний хүрээнд хамрагдах байгууллага байсан эсэх нь тодорхойгүйгээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтнийг ажилд томилохдоо тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан хүнийг томилсон эсэхийг шалган тогтоосноор “Зүүн түгээх” төв ОСНААУГ-ын удирдах албан тушаалтны буруутай үйлдэл байгаа эсэх нь тогтоогдоно.  

          Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, Б.Б нараас гаргасан хохирлын баримтуудыг ялгаа заагтай хэрэгт бүрдүүлж, хавсаргах нь шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хэнд нь хэдэн төгрөгийн хохирлыг олгохоор шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

          Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулж, хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоовол зохино.

 

          Анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт яллагдагч нарын холбогдсон хэргийн талаар тодорхой тусгаагүй мөн шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэх боловч дээрх хуулийн заалтад 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр "түүний" гэснийг "хохирогч, тэдгээрийн" гэж өөрчлөлт орсон байхад өөрчлөлтөөс өмнөх хуулийн заалтыг хэрэглэсэн байгааг буруутгаж байна.

 

Прокурор М.Сүхчулууны бичсэн “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1823 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1823 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Сүхчулууны бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН