МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхдэлгэр, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгчөөр *******нийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******* ХХК /РД:5091578/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох,
Гуравдагч этгээд: Сонголон хайрхан ХХК /РД:5276764/-ийг оролцуулан
Нэхэмжлэлийн шаардлага: ...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр татгалзал хууль бус болохыг тогтоож,******* ХХК-ийн Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр багийн нутагт 4506102628 нэгж талбарын дугаартай 500 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн индексийн 114/2025/0022/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэлийн шаардлага:
- Нэхэмжлэгч******* ХХК нь анх шүүхэд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр татгалзсан шийдвэрийн******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,******* ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутагт 4506102628 нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр татгалзал хууль бус болохыг тогтоож,******* ХХК-ийн Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр багийн нутагт 4506102628 нэгж талбарын дугаартай 500 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах гэж тодруулж маргасан.
- Хэргийн үйл баримтын тухайд:
- Анх ******* ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжийн******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, аймгийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080100776 нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барила хот байгуулалтын газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
- Тус шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд гуравдагч этгээдээс******* ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргаж маргасныг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
- Үүнийг эс зөвшөөрч гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 191 дүгээр магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд тухайн захирамжуудын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
- Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс тухайн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221 дүгээр тогтоолоор тухайн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
- Шүүхийн шийдвэрээр хариуцагчийн 2016 оны А/227, А/491 дүгээр захирамжуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн хугацааг дуусахаас өмнө буюу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр******* ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргад 2023/019 дүгээр албан бичгээр ...шүүхийн шийдвэрийг биелүүлж, магадлалд дурдсан дээрх үндэслэлүүдээр******* ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт 4506102628 нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв газар эзэмших эрхийг сэргээж шинэ акт гаргаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна.
- Дархан-уул аймгийн Засаг дарга дээрх хүсэлтийг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй тул нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан ...******* ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
- Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн 20 дугаар гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2023 оны 126 дугаар захирамжаар уг 24 дүгээр шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсний дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1-10/169 дүгээр албан бичгээр******* ХХК-д ...захирамжуудын холбогдох хэсгүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хүчингүй болсон. Танай компанийн ирүүлсэн хүсэлтийг судлан үзэхэд Газрын тухай хуулийн 31.2, 31.3, 33.1.1 дэх заалтуудыг зөрчиж байгаа тул тухайн байршилд газар эзэмшүүлж шийдвэрлэх боломжгүй ба Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа танай хүсэлтийг шийдвэрлэх эрх нь нээлттэйг үүгээр уламжилж байна гэх хариуг өгснийг эс зөвшөөрч******* ХХК нь тус шүүхэд хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан байна.
- Нэхэмжлэгч******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...манай******* ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутагт 4506102628 нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв газрыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын А/227 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон.
- Тухайн газар эзэмших эрхийг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар хууль бусаар хүчингүй болсон тул тухайн захирамжийг хууль бус болохыг тогтоолгохоор Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болох Дархан-Уул аймгийн Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл,******* ХХК-д газар эзэмшүүлсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/227 дугаар захирамжийг хүчингүй болгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/441 дүгээр захирамжаа хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталсанаар тус асуудлаар хүчин төгөлдөр шийдвэртэй бөгөөд хариуцагч энэ талаар дахин маргах эрхгүй юм. Улмаар тус шүүгчийн захирамжийг биелүүлж Дархан-Уул аймгийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А/81 дүгээр захирамжийг гаргасан.
- Гэтэл ******* ХХК-ийн нэхэмжлэлээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус шаардлагын хүрээнд гуравдагч этгээдээр татагдсан******* ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гарган шүүхээр маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох баримт шүүхэд гаргаж өгөхдөө хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныг******* ХХК-аас цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, улмаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 229 дүгээр тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан тус газрын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 194 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архив, бичиг хэрэг, нярваар ажиллаж байсан Ө.Мягмарсүрэн нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын ирсэн бичгийн бүртгэл-ийн 190 дугаарт ******* ХХК-ийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16/12 дугаар захирамжийн хугацаа сунгуулах тухай гэсэн бичиглэлийг хийхдээ засварлаж тухайн бичгийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр уг газарт ирсэн мэт үйл баримтыг зохиомлоор бий болгосон нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр нотлогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох нь тогтоогдож байх боловч энэ гэмт хэрэгт нь тус гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр болох 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 3 жил өнгөрсөн байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр ...хаасугай гэж шийдвэрлэсэн. Улмаар тус эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж дуустал хугацаагаар түдгэлзсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлэн явагдсан.
- Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрт******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий захиргааны актууд болох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийг тус тус захиргааны байгууллага шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
- Магадлалд гаргасан хяналтын гомдлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221 дүгээр тогтоол гарснаар тухайн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хариуцагчийн шийдвэр гаргах шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа тоологдож эхэлнэ.
- Ийнхүү******* ХХК-ийн хувьд шүүхээс түдгэлзүүлсэн хугацаанд шийдвэр гаргуулахаар Дархан-Уул аймгийн Засаг даргад хандан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд бидэнд хариу өгөөгүй эс үйлдэл гаргасан. Тус эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргуулахыг даалгуулах нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар хүлээн зөвшөөрсөн боловч тус захирамжийг биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаснаар шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас гарган Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хүргүүлсэн. Тус газраас 2 жил шаардсаны эцэст Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр албан бичгийг гарган ирүүлсэн байна. Үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
- Хариуцагч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 191 дүгээр магадлалд заасан 3 сарын хугацаанд шийдвэр гаргах ёстой байсан боловч түүнийг гаргаагүй эс үйлдэхүй гаргасан болохоо хүлээн зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 24 дүгээр захирамж гарсан. Улмаар тус захирамжид үндэслэн явагдсан гүйцэтгэх ажиллагааны үр дүнд урьд гаргах ёстой байсан эс үйлдэхүйгээ зөвтгөж гаргаж буй шийдвэр нь дээрх магадлалын тогтоох хэсгийн 1-д заасан хэсгийг хэрэгжүүлж буй захиргааны акт юм. Хариуцагчийн хувьд шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шийдвэр гаргаагүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан үр дагаварт хүрч түдгэлзүүлсэн захиргааны акт хугацаа өнгөрснөөр хүчингүй гэх төлөвт цаг шилжинэ. Харин тус хугацаанд шинэ захиргааны акт гаргавал тэрхүү захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт бөгөөд түүнтэй эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд ердийн журмаар гаргах эрхтэй байдаг. Харин манай тохиолдолд шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ захиргааны акт гаргаагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохоо хүлээн зөвшөөрч түүнийг хожим нөхөн гүйцээж захиргааны акт гаргасан бөгөөд тус шийдвэр нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж буй тул маргах эрхтэй юм.
- Магадлалд дурдсан хугацаанд шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй гаргасныгаа******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хожим биелүүлж буй шийдвэр тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан үр дагаварт бол хүрэхгүй. Харин тус хугацаанд ******* ХХК хүсэлт, нэхэмжлэл гаргаагүй тул ******* ХХК-д газар олгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/491 дүгээр захирамжийн хувьд уг хуулийн зохицуулалт буюу хүчингүй болсон үр дагаварт хүрсэн.
- Магадлалын 2.8, 2.11, 2.13-д зааснаар шүүхээс хариуцагчид өөрийн шийдвэрийг эргэн харж давхцалыг арилган, хуульд нийцүүлж хэргийн оролцогчийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүйгээр бодит нөхцөлд тохируулан шийдвэр гаргах үүргийг 3 сарын хугацаа тогтоон олгосон. Хариуцагч ийнхүү үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд энэ талаар******* ХХК хүсэлт гарган улмаар эс үйлдэхүйтэй холбогдуулан маргасан. Харин ******* ХХК нь тус шүүхээс тогтоосон хугацаанд ямарваа нэгэн хүсэлт гаргаагүй, мөн маргаагүй тул тус компанийг өөрт газар эзэмших эрх олгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/491 дүгээр захирамжийг хүчингүй болгох үр дагаварт хүрч байгааг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
- Шүүхээс тогтоосон 3 сарын дотор шийдвэр гаргах гэх бүх нөхцөл нь******* ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх явдал юм. Учир нь шүүх ******* ХХК нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасан гэх баримт нь үндэслэлгүй гэдгийг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 229 дүгээр тогтоолд үндэслэж хийсэн. Өөрөөр хэлбэл, ******* ХХК болон хариуцагч нь хуурамч нотлох баримт үйлдэн улмаар шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн нь прокурорын тогтоолоор тогтоогдсон тул тухайн компанид эрх, хууль ёсны ашиг сонирхол гэж байхгүй. Тус компани энэ тухай мэдэж байсан тул бодит байдал дээр газар эзэмших эрхийг шүүхээс тогтоосон хугацаанд сэргээлгэх талаар идэвхитэй үйлдэл хийгээгүй, хүсэлт гаргаагүй тул бодит байдал, хуульд нийцүүлэн******* ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэлтэй юм. Гуравдагч этгээдийн хувьд Дархан-Уул аймгийн Засаг даргад 2023 оны 06, 11 саруудад хүсэлт гаргаж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь хариуцагчид хүргэгдээгүй болох нь шүүхийн үзлэгээр мөн л тогтоогдож байна.
- Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр татгалзал хууль бус болохыг тогтоож,******* ХХК-ийн Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр багийн нутагт 4506102628 нэгж талбарын дугаартай 500 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
- Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
- Нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдээр татагдсан******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд******* ХХК-д газар эзэмших эрх олгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227, ******* ХХК-д газар эзэмших эрх сэргээсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжуудыг дахин хянаж, шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Аймгийн Засаг дарга магадлал хүчин төгөлдөр болсноос хойш ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул тус захирамж нь хүчингүй болсон.
- Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4506102628 дугаартай нэгж талбар бүхий газрыг 2016 оноос хойш газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаагүй болно. Учир нь шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тул төлөвлөгөөнд тусгах боломжгүй юм.
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 191 дүгээр магадлалаар захирамжуудын холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шүүхээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн хугацаанд захиргааны шинэ акт гаргах эсэх нь захиргааны байгууллагад олгосон эрхийн асуудал бөгөөд дахин шинэ акт гаргах боломжийг нээсэн боловч хариуцагчид акт гаргахыг албадаж, үүрэг болгосон биш харин акт гаргахгүй байх боломжийг ч мөн олгосон байна.
- Шинээр акт гаргах нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчихөөр байсан тул хууль болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хүрээнд шинэ акт гаргах шаардлага байхгүй гэж үзсэн.
- Баясах түшээ ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргад хандан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтийг хүлээн аваад хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалган тогтоосон. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан шаардлагыг хангаагүй болох нь Дархан-Уул аймгийн Дархан сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөгөөр нотлогддог. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж байгаа нь ******* ХХК-ийн маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон захирамжийн биелэлтийг шүүхээс түдгэлзүүлсэн хугацаа дуусаагүй байсан буюу ******* ХХК-ийн захирамжийн холбогдох хэсэг хүчингүй болоогүй байсан. Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан шаардлагыг хангаагүй болох нь Дархан-Уул аймгийн Дархан сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан тул аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй юм.
- Даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй тул түүнийг хангаж шийдвэрлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
- Гуравдагч этгээд ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...тус компани нь анх 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар захирамжаар Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны баруун урд Од зочид буудлын зүүн урд талд байрлах 500 м.кв газрыг төсөл сонгон шалгаруулалтад орж комиссын шийдвэрээр шалгарч дээрх газрыг 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулж, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 000301189 дүгээр гэрчилгээ олгогдсоноор тус газрыг эзэмшиж эхэлсэн. Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А/181 дүгээр захирамжаар манай газрыг газар эзэмших гэрээ дууссан, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Манай компанийн эзэмшил газартай давхцуулан******* ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр А/227 дугаар захирамжаар газар эзэмшүүлж бидний эрх ашгийг зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан юм.
- ******* ХХК-д Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар Дархан-Уул аймаг Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны баруун урд Од зочид буудлын зүүн урд талд байрлах 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай нийтийн орон сууц барьж байгуулах зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулж эзэмшиж байсан.
- Баясах түшээ ХХК-д эзэмшүүлсэн газар нь манай компанийн эзэмшиж буй газартай 211,5 м.кв газар давхцан олгогдсон байсныг эс зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* ХХК нь Дархан сум 9 дүгээр багт 2 газар эзэмшиж А корпусын эхний барилгыг барьж, 2015 оны I улиралд ашиглалтад оруулсан. Б корпус буюу Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг 4/3 байрны баруун урд байрлах маргаж буй газрыг 2 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Захирамжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ авч, кадастрын зураг, Барилга хот байгуулалтын яамны зураг төслийн баримт бичгийн магадлал ерөнхий дүгнэлт 60 айлын орон сууцны төслийн баримт бичгийн ерөнхий магадлалын дүгнэлт, 10 давхар Б орон сууцны барилгын талбайн инженер геологийн дүгнэлт зэрэг холбогдох газруудтай хийсэн төслийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг барилгын зураг төслийн ажлыг хийлгэсэн.
- Тус компанийн хувьд газраа төсөл сонгон шалгаруулалтын дагуу гэрээ байгуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрлөө авч тодруулах хуудсаа батлуулан хууль дүрмийн дагуу ажиллаж байсан. Ингээд 2018 онд барилгын улирлын ажил эхэлж байгаа тул барилгаа эхлүүлэхээр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад******* ХХК нь газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон, танай эзэмшлийн газартай давхцаж байгаа тул гэрчилгээ олгох боломжгүй гэх хариуг өгсөн.
- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/227 дугаар захирамж хууль бус тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд******* ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр магадлалаар дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар маргаан бүхий актуудын холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
- Шүүхийн шийдвэрийг бодит байдлаар хэрэгжүүлэх, ингэхдээ манай компанид газар эзэмших эрх олгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар олгосон газар эзэмших эрхийг сэргээж өгөх, газраа зориулалтын дагуу ашиглах, бид дээрх газарт хөрөнгө оруулалт хийсэн байгаа гэх хүсэлтүүдийг удаа дараа аймгийн Засаг даргад гаргаж байсан. ******* ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг дарга болон мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан 2023 оны 06 дугаар сарын 27, 2023 оны 11 дүгээр сарын 16, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хүсэлт гаргаж байсан.
- Тухайн газруудаас Газрын тухай хууль болон газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа таны хүсэлтийг шийдвэрлэх нь нээлттэй гэсэн хариуг өгсөн байдаг тул бид төрийн байгууллагыг хүндэтгэн шүүхэд гаргаагүй болно. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
- Иргэдийн төлөөлөгч *******нэ шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- Баясах түшээ ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр татгалзал хууль бус болохыг тогтоож,******* ХХК-ийн Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр багийн нутагт 4506102628 нэгж талбарын дугаартай 500 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
- Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд ажиллагаа хийгээгүй тул манай компанийн зүгээс хугацаа дуусахаас өмнө хүсэлт гаргасан, уг хүсэлтийг гаргаснаар нэхэмжлэгчийн хувьд шүүхийн шийдвэрээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/227 дугаар захирамжийн холбогдох хэсэг хүчингүй болох үр дагаварт хүрэхгүй, гуравдагч этгээдийн хувьд шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрх хүчингүй болсон, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр албан бичгээр өгсөн хариу нь хууль бус,******* ХХК-д газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй... гэж, хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 191 дүгээр магадлалаар хариуцагчид дахин шинэ акт гаргах эрхийг олгосон ч заавал гаргах үүргийг хүлээлгээгүй, уг газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх нь зүйтэй гэх үндэслэлээр дахин шинэ акт гаргаагүй, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргах нь Газрын тухай хуулийн холбогдох заалттай нийцэхгүй,******* ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтэд хариуцагчийн зүгээс хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй нь буруу боловч нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын эрхийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болоход саад болохгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж тус тус тайлбарлан маргасан.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4-д тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх учиртай.
- Өөрөөр хэлбэл, хэргийн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэх, хариуцагчийн татгалзсан шийдвэр буюу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр албан бичиг хуульд нийцсэн эсэх, үүний нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай юм.
- Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн хувьд:
- Нэхэмжлэгч******* ХХК анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны баруун урд байрлах 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшиж, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгосон бөгөөд мөн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлээгүй нь ...ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн гэх үндэслэлээр уг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчаас ...Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийгээгүй, процессын алдаа гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Тухайн шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А/81 дүгээр захирамжаар дээрх аймгийн Засаг даргын 2016 оны А/441 дүгээр захирамжийн******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
-
- Гуравдагч этгээд ******* ХХК-ийн хувьд анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Дархан сумын 9 дүгээр баг 4/3 байрны баруун урд талд байрлах 500 м.кв газрыг 2 жилийн хугацаатайгаар нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшиж, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.
Улмаар хариуцагч 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А/181 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх үндэслэлээр гуравдагч этгээдийн дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Үүний дараа Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар ...******* ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байхад газрын гэрчилгээг цуцалсан гэх үндэслэлээр дээрх 2016 оны А/181 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
-
- Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэх тухайд ...4.5. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь уг маргаан бүхий газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй, тухайн сумын Засаг даргын саналыг аваагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдсон ба Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасантай нийцээгүй байна. Тодруулбал, Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр нь газар эзэмшүүлэхэд баримтлах дээрх хуулийн зохицуулалт, хуульд заасан журмыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж дүгнэхээр байна гэж,
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр магадлалаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэх талаар ...2.8. ... ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасантай холбоотой баримтуудыг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна. Учир нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажилтан ...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж тус газрын ирсэн бичгийн бүртгэлийн 190 дугаарт бүртгэлийн агуулгыг өөрчилсөн гэх гомдлыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн 191800580 дугаартай хэрэг нээн шалгаж, тус аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгчээс хуулийн хугацаанд хүсэлтээ гаргасан гэх баримт үнэн зөв гэж үзэх боломжгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон гэж тус тус дүгнэсэн байна.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримт буюу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн гэж үзэх боломжгүй, тэдгээрийн эзэмшиж буй газар 211 м.кв газраар давхцалтай талаар нэгэнт дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул түүнийг дахин нотлохгүй юм.
- Нэхэмжлэгч******* ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2013/019 дүгээр албан бичгээр Дархан-Уул аймгийн Засаг даргад ...шүүхийн шийдвэрийг биелүүлж, магадлалд дурдагдсан дээрх үндэслэлүүдээр******* ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4506102628 нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв газар эзэмших эрхийг сэргээж шинэ акт гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд ...шинээр газар эзэмших хүсэлтийг гаргаагүй, харин хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу магадлалын дагуу манайх хүсэлт гаргасан учраас нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн дахин шинэ акт гаргах ёстой хэмээн тайлбарлан маргасан.
- Дархан-Уул аймгийн Засаг дарга дээрх нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй тул******* ХХК нь түүнд холбогдуулан ...Баясах түшээ ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
- Хариуцагчаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариу өгөх ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсний дагуу Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- Ийнхүү нэхэмжлэгчээс гаргасан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийн дагуу тус шүүхийн 2023 оны 20 дугаар гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2023 оны 126 дугаар захирамжаар дээрх тухайн шүүхийн шүүгчийн 2023 оны 24 дүгээр захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсний дагуу хариуцагч 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1-10/169 дүгээр албан бичгээр ...аймгийн Засаг даргаас магадлал хүчин төгөлдөр болсноос хойш ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн аймгийн Засаг даргын А/227 дугаар захирамж, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжуудын******* ХХК, ******* ХХК-д холбогдох хэсгүүд ...хүчингүй болсон. Танай компанийн ирүүлсэн хүсэлтийг судлан үзэхэд Газрын тухай хуулийн 31.2, 31.3, 33.1.1 дэх заалтуудыг зөрчиж байгаа тул тухайн байршилд газар эзэмшүүлэх боломжгүй ба Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа танай хүсэлтийг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг үүгээр уламжилж байна гэх хариуг******* ХХК-д өгчээ.
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 656 дугаар магадлалын Хянавал хэсгийн 2.7-д ...тухайн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй албан бичиг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үйлдэгдсэн эсэхийг тодруулж, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай... гэж дурдсаны дагуу нэхэмжлэлийн шаардлагаар хууль бус болохыг тогтоолгохыг хүсч буй Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр албан бичиг нь тус шүүхийн шүүгчийн 2023 оны 24 дүгээр захирамжийг биелүүлэх хүрээнд гарсан хэдий ч нэхэмжлэгч тухайн үед газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргуулах-ыг хүсэж бус өөрийн гаргасан өргөдөлд л хариу өгөхийг даалгуулах-аар нэхэмжлэл гаргасан, энэхүү албан бичгийн улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэх агуулгаар маргаж буй хэргийн энэ тохиолдолд уг албан бичгийг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэх боломжгүй юм.
- Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа маргаж буй газрыг Амины орон сууц, үйлчилгээ, авто үйлчилгээний зориулалтаар баталсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дахин тусгагдаагүй, ямарваа нэгэн байдлаар өөрчлөгдөж, хүчингүй болоогүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдох ба******* ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн атлаа 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр албан бичгээр ...газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа танай хүсэлтийг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй ... гэх зөрчилтэй хариуг өгсөн нь үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзсан шийдвэр хууль бус байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
- Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр магадлалаар ...эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрхийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт давхцуулж олгосон байгаа нь хууль бус бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж засч залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир гаргасан шийдвэрээ хэргийн оролцогч нарын эрх ашгийг хөндөхгүйгээр бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь зүйтэй... гэх дүгнэлтийг хийж, хариуцагчаас******* ХХК-д маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамж, ******* ХХК-ийн тус газрыг эзэмших эрхийг сэргээсэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжуудыг дахин хянаж, шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай ба энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх үндэслэлээр тухайн захирамжуудыг Дархан-Уул аймгийн Засаг даргаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж заасны дагуу хэргийн оролцогч нар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийг хүлээх ба хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж захиргааны акт гаргаагүй үндэслэлээ ...хэн хэн нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хэнийх нь ч эрх ашгийг хөндөхгүйгээр дахин сонгон шалгаруулалтаар олгох нь зүйтэй гэж үзээд захиргааны шинэ акт гаргаагүй, тухайн шийдвэрээр заавал шинэ акт гаргахыг хариуцагчид үүрэг болгоогүй гэж тайлбарлаж буйг буруутгах боломжгүй төдийгүй энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан зарчимтай нийцсэн байна гэж үзлээ.
- Нэхэмжлэгчээс ...шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа дуусаагүй байхад******* ХХК нь хүсэлт гаргасан, гуравдагч этгээдийн хувьд тухайн газраа авах хүсэлтийг гаргаагүй, шүүхэд гаргаж өгсөн 2023 оны 6, 11 сард гаргасан хүсэлт нь ирсэн бичгийн бүртгэлд байхгүй тул ******* ХХК-ийн газар эзэмших эрх хүчингүй болсон тул газрын давхцал яригдахгүй гэх үндэслэл гаргаж маргасан.
- Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагчаас дахин шинэ акт гаргах 3 сарын хугацаа дуусахаас өмнө******* ХХК нь өмнө дүгнэсэнчлэн газар эзэмших эрхээ сэргээлгэх тухай хүсэлтийг гаргасан, гуравдагч этгээд ******* ХХК-аас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн түүний Дархан-Уул аймгийн Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 0/40, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0/73 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтүүд нь хариуцагчид хүргэгдээгүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдох боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шийдвэрийг шүүхээс гаргасан тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхээс тогтоосон хугацаанд хүсэлт гаргаснаар тухайн захиргааны байгууллага, албан тушаалтнаас шийдвэр гаргах хугацаа сунгагдах, түүний эрх, ашиг сонирхлыг сэргээсэн шийдвэрийг гаргах ёстой гэж үзэх боломжгүй юм.
- Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 191 дүгээр магадлал Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221 дүгээр тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах 3 сарын хугацаа тухайн өдрөөс тоологдож, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуусжээ.
- Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 656 дугаар магадлалын Хянавал хэсгийн 2.8-д ...нэхэмжлэгч газар эзэмших эрхээ сэргээлгэхээр хариуцагчид хандахдаа өмнө газар эзэмших эрхийг цуцлах болон дээрх үндэслэлүүд буюу газрын давхцал арилсан эсэх, дуудлага худалдааны үнийг төлсөн талаарх нотлох баримтыг цуглуулах гэж заасан ба нэхэмжлэгчийн хувьд газрын дуудлага худалдааны үнийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан ...төлбөрийн даалгаврыг хариуцагчаас үүсгээгүй тул нэхэмжлэгчийн хувьд төлөх боломжгүй гэх тайлбараар нотлогдох бөгөөд нэхэмжлэгчийг хүсэлт гаргах үед гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хүчинтэй, газрын давхцал арилаагүй төдийгүй хариуцагчаас тухайн хүсэлтийг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэх үед******* ХХК болон ******* ХХК-ийн газар эзэмших эрх шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон үр дагавар үүссэн гэж үзэхээр байна.
- Иргэдийн төлөөлөгчөөс шүүхэд ...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэх дүгнэлт гаргасан бөгөөд дээрх бүхнээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, хариуцагчийн татгалзсан шийдвэр хууль бус боловч түүний улмаас******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул тухайн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй төдийгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох ...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр татгалзал хууль бус болохыг тогтоож,******* ХХК-ийн Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр багийн нутагт 4506102628 нэгж талбарын дугаартай 500 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.МӨНХДЭЛГЭР
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ