Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 412

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Арай,

Улсын яллагч А.Баясгалан,      

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бэсүд овогт Наранцэцэгийн Эод холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805011070417 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, охины хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ХД 1 дүгээр гудамж, 17 тоотод түр оршин суух хаягтай, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт оршин суух бүртгэлтэй,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, Бэсүд овогт Наранцэцэгийн Э /РД: /.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Э нь согтуурсан үедээ 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-1 гудамж 17 тоотод П.Гарьдыг зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаагчид болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үеийн болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч П.Гарьд мэдүүлэхдээ: “...Э бид хоёрыг гэрийнхээ хаалганы хажууд зогсоож байгаад бид хоёрыг шанаа руу нэг нэг удаа цохисон. Тэгээд намайг түлхэхэд би газар унахад миний зүүн нүд рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд Гомбыг бас очиж цохиод байсан. би босоод ирэхэд Э миний толгой шанаа, нүд рүү гараа зангидаж байгаад цохиод байсан” гэжээ. /хх 5-6, 11/

Төрсний гэрчилгээний хуулбар /хх 14/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Гомбо мэдүүлэхдээ: “...Э Гарьдыг гэрийн хойд талын буланд байсан шүүгээний дэргэд зогс гэж хэлж байгаад зогсохоор нь нүүр рүү нь гараараа 4-5 удаа цохиод “чи намайг басаад байна уу” гэж Э Гарьдад хандаж хэлсэн. Э Гарьдыг сүүлийн удаа цохиход Гарьд газарт зүүн тийш харж унасан бөгөөд Эыг араас нь Нямаа нь татахад Э хөлөөрөө Гарьдын зүүн талын нүдний хэсэгт хөлөөрөө өшиглөсөн..” гэжээ. /хх 15-16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2547 дугаар дүгнэлт: “П.Гарьдын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн сарвуу, сарвууны 3-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэжээ. /хх 24/

 

Хохирлын баримтууд /хх 25-28/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40/

Шийтгэх тогтоол /хх 44-47, 48-53/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54/

Насанд хүрээгүй хохирогч П.Гарьдийн гомдол саналгүй гэх баримт /хх 70/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Э нь согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-1 гудамж 17 тоотод П.Гарьдыг зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч П.Гарьд /хх 5-6, 11/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 14/, насанд хүрээгүй гэрч Б.Гомбо /хх 15-16/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2547 дугаар дүгнэлт /хх 24/, хохирлын баримтууд /хх 25-28/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40/, шийтгэх тогтоол /хх 44-47, 48-53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54/, насанд хүрээгүй хохирогч П.Гарьдийн гомдол саналгүй гэх баримт /хх 70/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Э нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч П.Гарьд шүүгдэгч Н.Э нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 70/ байх бөгөөд шүүгдэгч хохирогч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Н.Эод холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч Н.Эод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тохиролцож ирүүлснийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бэсүд овогт Наранцэцэгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Наранцэцэгийн Эод 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Эод урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  

 

                    

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ