Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00065

 

Х.Ж-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/02696 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч Х.Ж-

хариуцагч Л.Б-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээд Жиашидэ ХХК-ийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс-Од, Л.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэвэлсүрэн, гуравдагч этгээд Жиашидэ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, түүний өмгөөлөгч Д.Батсүх, гуравдагч этгээд ХХБ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, 67.06 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох;

 

1.2. Нэхэмжлэлийн үндэслэл:

Нэхэмжлэгч Х.Ж- нь нөхөр З.Г- болон 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа, 13 дугаар гудамж, 81 тоот хашаа байшинд амьдардаг байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газартай орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох гэрээг байгуулж орон сууцны урьдчилгаа төлбөрт 28,500,000 төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газраас хүлээн авсан. Тус газраас тавьсан нөхцөл, шаардлагын дагуу Л.Б-гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. ХХБ- ХХК-тай орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ байгуулж үлдэгдэл 66,500,000 төгрөгийг төлж орон сууцны үнийг 100 хувь төлсөн тул 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж эзэмшиж ашиглаж байгаа.

Талуудын хооронд хийгдсэн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт нийцсэн бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан үйл баримт Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0676 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаар магадлалаар Жиашидэ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Эрдэнэзаяаг, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өмчлөгчөөр Л.Б-г тус тус бүртгэсэн бүртгэлүүдийг хууль бус байсан болохыг тогтоож, тус орон сууцны өмчлөгчөөр Х.Ж-ыг бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл болон уг үл хөдлөх эд хөрөнгийг ХХБ- ХХК-ийн барьцаанд тус тус бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн хувьд орон сууцны талаар бусад этгээд маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байсныг мэдээгүй. Иймд нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан, улсын бүртгэл нь худалдан авагчийн хувьд үнэн зөв гэж тооцогдох зарчимтай нийцэж байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Л.Б- нь А.Эрдэнэзаяад 2015 оны 04 дүгээр сард 40,000,000 төгрөг зээлүүлсэн. 3 жилийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл А.Эрдэнэзаяа уг үндсэн төлбөр, хүү, алдангийг төлөөгүй байсан. Ингээд зээлийн үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахыг санал болгосон. Л.Б- нь 45,000,000 төгрөгийг зээлийн үүрэгт тооцож нэмж 55,000,000 төгрөгийг бэлнээр өгч А.Эрдэнэзаяагаас уг маргаан бүхий орон сууцыг авсан. Улсын байгууллага бүртгэл хийж өгсөн. Энэ байрыг цаашид Х.Ж-т зарсан нь үнэн. Л.Б- нь орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан. Х.Ж-ын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь үндэслэлтэй гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Жиашидэ ХХК-ийн тайлбарын агуулга:

Жиашидэ ХХК нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 9 хаягт байрлалтай, 10 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай 37 дугаар байрны барилгад хөрөнгө оруулж, барилга барих ажлыг гүйцэтгэсэн. Барилгын ажлын гүйцэтгэлийн явцад орон сууцны барилгаас нийт 5,600 м.кв бүхий талбайг 75 хувийн гүйцэтгэлтэй байхад анх авч өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлэн барьж, 95 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлд бүртгүүлэн Ү-2205037507 дугаартай гэрчилгээ авч байсан. Орон сууцны барилгын нийт 5,600 м.кв бүхий талбайд маргаан бүхий Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц багтаж байсан бөгөөд энэ үндэслэлээр тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөгч Жиашидэ ХХК мөн болохыг тогтоож, өмчлөх эрх зөрчсөн захиргааны байгууллагын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0676 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаар магадлал гарсан байхад нэхэмжлэгч нь энэ асуудлаар дахин маргаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Гуравдагч этгээд ХХБ- ХХК-ийн тайлбарын агуулга:

Тус банк нь зээлдэгч З.Г-, Х.Ж- нартай 2018 оны 12 дугаар сарын өдөр 3r/RCC180921005-l дугаар орон сууцны зээлийн гэрээг байгуулж 20 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, 66,500,000 төгрөгийн орон сууцны зээлийг З.Г-, Х.Ж- нарт олгосон бөгөөд зээлдэгч Х.Ж- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3B/RCC180921005-1-1 дугаар үл эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан, тус зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Ү-2205058400 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болно. Ү-2205058400 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Х.Ж- бүртгэгдсэн байсан. Иймд Х.Ж- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч байна. Тиймээс нэхэмжлэгч Х.Ж- болон барьцаалагч ХХБ- ХХК-ийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Шүүх: Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Алаг адуу овогт Халтархүүгийн Жавзандолгорыг Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, 67,06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Б-гээс 632,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг хуульд нийцүүлэн дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Х.Ж-, Л.Б- нар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг заасан журмын дагуу Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах бичгээр байгуулж, улсын бүртгүүлсэн боловч энэ гэрээ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч Жиашидэ ХХК-ийн өмчлөх эрхийг зөрчиж хийгдсэн болох нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0676 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаар магадлалаар тогтоогдсон асуудлаар тухайн хэргийн оролцогч дахин маргаж нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

Х.Ж- болон Л.Б- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдсэн.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болох гол үндэслэл нь уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үед Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 00 тоот 2 өрөө орон сууцны өмчлөлтэй холбоотой маргаан эрүүгийн, иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нэгэн зэрэг явагдаж байсан.

Тухайлбал, Жиашидэ ХХК-ийн захирал С.Эрдэнээс гаргасан ...улсын бүртгэгч нар огноо, тамга, захирлын гарын үсэггүй баримтыг үндэслэн манай компанийн өмчлөлийн орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлсэн гэх гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол, Жиашидэ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан бөгөөд уг хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1077 дугаар захирамж, мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1787 дугаар дүгнэлтүүд улсын бүртгэлийн байгууллагад хадгалагдаж байсан болох нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр мөн нотлогдсон.

Гэтэл энэ талаар улсын бүртгэлийн байгууллага мэдсэн атлаа бүртгэлийг хийсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: , 4.1.4-т үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх гэж заасантай нийцээгүй гэх үйл баримтыг шүүх тогтоож, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, уг гэрээний үндсэн дээр хийгдсэн бүртгэлийг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Жиашидэ ХХК нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 9 хаягт байрлалтай, 10 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай 37 дугаар байрны барилгад хөрөнгө оруулж, барилга барих ажлыг гүйцэтгэсэн.

Барилгын ажлын гүйцэтгэлийн явцад орон сууцны барилгаас нийт 5,600 м.кв бүхий талбайг 75 хувийн гүйцэтгэлтэй барилгад хөрөнгө оруулж үргэлжлүүлэн барьж 95 хувийн гүйцэтгэлтэй Улсын бүртгэлд бүртгүүлэн Ү-2205037507 дугаартай гэрчилгээ авсан. Барилгын нийт 5,600 м.кв талбайд маргааны зүйл болсон 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц багтаж байсан бөгөөд энэ үндэслэлээр тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөгч Жиашидэ ХХК мөн болох, тус компанийн өмчлөх эрх зөрчигдсөн гэдгийг тогтоож өмчлөх эрх зөрчсөн захиргааны байгууллагын хийсэн бүртгэлийг бүгдийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй. Харин Х.Ж- нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

Нэхэмжлэгч Х.Ж- нь хариуцагч Л.Б-д холбогдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 37 байр, 00 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч Л.Б- бүхэлд нь зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. /хх-ийн 82-83/

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШЗ2021/07004 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Жиашидэ ХХК болон ХХБ- ХХК-иудыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулжээ./хх-ийн 88-89/

 

Гуравдагч этгээд ХХБ- ХХК 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Иргэдэд үйлчдэх автомашинаас үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг авч тусгай тэмдэглэл байгаа эсэхийг шалгахад уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.Ж- бүртгэгдсэн, өмчлөх эрхийг хязгаарлаагүй байсан тул зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хангах үндэслэлтэй гэсэн,

гуравдагч этгээд Жиашидэ ХХК Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0676 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 37 байр, 00 тоот хаягт 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Эрдэнэзаяг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, Л.Б-г 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өдөр, Х.Ж-ыг 2018 оны 12 дугаар сарынм 04-ний өдөр, уг үл хөдлөх эд хөрөнгийг ХХБ- ХХК-ийн барьцаанд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн тул дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч Х.Ж- болон хариуцагч Л.Б- нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Л.Б- нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 37 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Х.Ж- нь орон сууцны үнэ 95,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн талууд гэрээний 2.2-т Төлбөр төлөх нөхцөл: Урьдчилгаа 30 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийн санхүүжилтээр байрших ба үлдэгдэл мөнгийг банкны зээлээр төлж барагдуулна гэж тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-ийн-8/

 

Худалдан авагч Х.Ж- нь худалдагч Л.Б-д 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байрны урьдчилгаа утгаар 28,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь ХХБ- ХХК-ийн дотоод шилжүүлгийн маягт тогтоогдсон. Мөн З.Г-, Х.Ж- нар ХХБ- ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж орон сууцны үлдэгдэл төлбөрт 66,500,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх-13-17,26/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргий тус тус хүлээнэ гэж заасан. Иймд худалдан авагч Х.Ж- нь худалдагч Л.Б-д орон сууцны үнийг төлсөн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

Мөн нэхэмжлэгч маргааны зүйл болсон орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч, зээл, зээлийн хүүг төлж байгаа болох нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолтоор тогтоогджээ. /хх-ийн 30-31/

 

Нэхэмжлэгч Х.Ж- болон хариуцагч Л.Б- нар 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед уг орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийг давхардуулан салгаж бүртгэснийг мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар тэдний хувьд бүртгэл үнэн зөв гэж тооцно. Учир нь улсын бүртгэгч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 37 байр, 00 тоот хаягт байрлах орон сууцны хувийн хэрэгт авагдвал зохих баримтуудыг бүрэн хавсаргаж, баяжилт хийх үүргээ биелүүлээгүй, бүртгэлийн 2 өөр дугаарт давхар бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0676 дугаар шийдвэрээр тэднийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн-32-51/

 

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасан тул маргааны зүйл болсон орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Х.Ж- шударгаар олж авсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Ж-ыг Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, 67,06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0676 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаар магадлалаар маргааны бүхий орон сууцны улсын бүртгэлийг хийсэн захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн, харин өмчлөх эрхийн маргааныг шийдвэрлээгүй, гуравдагч этгээдүүд нь хүчин төгөлдөр худалдах, худалдан авах болон барьцааны зэрэг гэрээний үр дагаврыг хуульд заасан бусад хэлбэрээр арилгуулахаар шаардах эрхийг хөндөхгүй болохыг захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ дүгнэжээ. /хх-ийн 46/

 

Ийм учраас нэхэмжлэгч Х.Ж- болон хариуцагч Л.Б- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Х.Ж-, хариуцагч Л.Б- нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2020 оны 5 дугаар сараас оролцсон байдаг тул ...энэ талаар бүртгэлийн байгууллага мэдсэн атлаа бүртгэлийг хийсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4-т заасантай нийцээгүй үйл баримтыг шүүх тогтоож, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний үндсэн дээр хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

 

Гуравдагч этгээд Жиашидэ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд уг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэлт өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй.

 

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, мөн орон сууцны өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох хоёр шаардлага нь ижил үндэслэлтэй шаардлага биш юм. Иймд гуравдагч этгээд Жиашидэ ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан ...шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцны анхдагч өмчлөгч Жиашидэ ХХК мөн болохыг шүүх тогтоосон асуудлаар тухайн хэргийн оролцогч дахин маргаж нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт тус тус заасныг ноцтой зөрчсөн ... гэснийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/02696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Жиашидэ ХХК-ийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ