Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 411

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Эрхэс /шүүгчийн туслах/,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Оточ овогт Цэмбэлдоржийн Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805021990500 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймагт төрсөн, яс үндэс халх, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Оюуны Ундраа сургуулийн биеийн тамирын багш ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 35в байрны 20 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Оточ овогт Цэмбэлдоржийн Б /РД:/.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ска” зочид буудлын “Бекс” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа зөөгч Б.Отгонзаяаг “цаг нь дуусаагүй байхад тооцоо нэхлээ” гэх шалтгааны улмаас болж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр найз нарын хамт “Ска” зочид буудлын в1 давхарт байрлах “Бекс” нэртэй лоунжийн караокед орсон. Тэгээд тооцоогоо нэхээд байхаар нь цаг дуусаагүй байна гэхэд явахгүй байсан. Би тооцоог хийх байсан ба тооцооны асуудлаас болоод шинээр ажилд орсон байсан зөөгчийг нүүрэнд нь нэг удаа цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Б.Отгонзаяа мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүрэг 18 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ска” зочид буудлын в1 давхарт байрлах “Бекс” нэртэй лоунжид зөөгч хийдэг. 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цаг 44 минутын орчим манай караокены 15 дугаартай өрөөнд үйлчлүүлж байсан зүс үл мэдэх 2 эмэгтэй 1 залуу хоорондоо хэрэлдэж муудалцсан уурнаасаа болж миний биеийн хацар болон шанаа хэсэгт хумсны сорви, үүдэн шүд гэмтээх зэрэг хөнгөн гэмтэл учруулсан тул гомдолтой байна. ..намайг цохисон эгчтэй явж байсан эгчтэй тооцоо нэхсэнээс болон жаахан маргалдсан юм. Түүнээс болон Б эгч яагаад намайг худлаа хэлсэн гээд байсныг би ойлгоогүй миний нүүрэн тус газар руу нэг удаа цохисон. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад дуудлага өгч байриулсан. ...би эмчилгээний зардал болох 150,000 төгрөгийг хүлээн авсан. Ц.Б эгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, санал гомдол байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ. /хх 6-7, 23-24/

 

Гэрч Ч.Түвшинжаргал мэдүүлэхдээ: “...Яг зодохыг нь хараагүй. Сүүлд Баас сонсоход би чамайг нөхөр Отгонбаяртай муудалцахаар нь уур хүрээд тооцоо хийхээр гарсан чинь замд зөөгч охинтой тааралдаад нүүрэн тус газар нь цохисон..” гэжээ. /хх 47/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4705 дугаар дүгнэлт: “Отгонзаяагын биед тархи доргилт, баруун шанаа, баруун хацарт зулгаралт, дээд үүдэн 1 шүд үл ялиг хөдөлсөн, зүүн гуяны дотор доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө.” гэжээ. /хх 26/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх 32, 33/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/

Хохирогч Б.Отгонзаяагын гомдол саналгүй гэх баримт /хх 49,52/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ска” зочид буудлын “Бекс” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа зөөгч Б.Отгонзаяаг “цаг нь дуусаагүй байхад тооцоо нэхлээ” гэх шалтгааны улмаас болж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Отгонзаяа /хх 6-7, 23-24/, гэрч Ч.Түвшинжаргал /хх 47/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4705 дугаар дүгнэлт /хх 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх 32, 33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/, хохирогч Б.Отгонзаяагын гомдол саналгүй гэх баримт /хх 49, 52/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, мөрдөн байцаалтанд хохирогч Б.Отгонзаяа шүүгдэгч Ц.Б нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 49, 52/ байх бөгөөд шүүгдэгч хохирогч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуульд нийцжээ.

 

Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Оточ овогт Цэмбэлдоржийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оточ овогт Цэмбэлдоржийн Быг 450  нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ