Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00005

 

5ЭҮ ТӨХКТӨҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалжшүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШШ2021/00283 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЭҮ ТӨХКТӨҮГ

Хариуцагч Ц М ХХК ХХК-д холбогдох

Урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 749 424 550 төгрөг, хохирол 1 108 318 000 төгрөг, нийт 1 857 742 550 төгрөг гаргуулах, ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцаан авахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, төлөгдөөгүй төлбөр 321 181 950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, Б.Анх-Эрдэнэ, А.Отгончулуун, З.Жаргалмаа, хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбаатар, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, прокурор Б.Ичинхорол, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

1.    Нэхэмжлэлийн агуулга

1.а Нэхэмжлэлийн шаардлага

1.а.1. Гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 749 424 550 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах;

1.а.2. Ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамыг өөрсдийн зардлаар буцаан авахыг хариуцагчид даалгах;

1.а.3 гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1 108 318 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах;

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл

1.б.1. ЭҮ ТӨХКТӨҮГ нь Ц М ХХК ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний 4.2, 4.3-т заасны дагуу Ц М ХХК ХХК-д гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 749 424 550 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь гэрээний 5.2.1-д заасан гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн, тоо хэмжээ, иж бүрдэл бүхий биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт заасан хугацаанд нийлүүлэх гэсэн үүргээ зөрчсөн. Тус үйлдвэрийн Техникийн зөвлөл 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж, Ц М ХХК ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй тул цаашид ашиглах боломжгүй гэж дүгнэн 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг дүгнэх шийдвэр гаргасан. Улмаар 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уг гэрээг дүгнэх ажлын хэсгээс Ц М ХХК ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг цуцлахаар шийдвэрлэсний дагуу "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ТБ-117-12/1052 тоот албан бичгээр 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах 2/304-18 тоот гэрээг цуцлах мэдэгдлийг Ц М ХХК ХХК-д хүргүүлсэн тул гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 749 424 550 төгрөгийг гаргуулж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т олгож өгнө үү.

1.б.2. ЭҮ ТӨХКТӨҮГ-ын Ерөнхий захирлын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №ТБ-105/12/1284 дугаартай албан шаардлага болон 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ТБ-39-12/1578 дугаартай албан бичгүүдээр Ган бөөрөнцгийн цехэд суурилагдсан ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг буулгаж, буцаан авч талбай чөлөөлөх шаардлагыг Ц М ХХК ХХК-д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл дээрх албан бичгүүдэд хариу ирүүлээгүй, тоног төхөөрөмжөө буцаан аваагүй. ЭҮ ТӨХКТӨҮГ-ын зүгээс үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 148 дугаартай шийдвэр гаргаж, Ц М ХХК ХХК-ийн суурилуулсан цувих шугамыг буулгах ажлын хэсэг байгуулж, 100 хувь өөрсдийн зардлаар буулгасан тул Ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгаж өгнө үү.

1.б.3. Ц М ХХК ХХК-ийн суурилуулсан шугамаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн. Энэ хугацаанд олон удаагийн эвдрэл гэмтлүүд гарч, шугам суурилагдсан хүчин чадалдаа хүрч ажиллаагүй. ЭҮ ТӨХКТӨҮГ нь Ц М ХХК ХХК-ийн суурилуулсан шугамын ган бөөрөнцгийн дутуу үйлдвэрлэлт болон бүрэн зогсож дараагийн шугам худалдан авах хүртэл /2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл/ үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахын тулд дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүдээс 40 мм, 80 мм, 100 м.м-ын диаметртэй ган бөөрөнцгийг худалдан авсан. Баяжуулах үйлдвэр Ган бөөрөнцгийн цехээс 13 901 тонн ган бөөрөнцөг авч хэрэглэхээр төлөвлөсөн боловч 6 289 тонн ган бөөрөнцөг авч 7 861 тонн ган бөөрөнцгийг гаднаас худалдан авсан. Ц М ХХК ХХК-ийн суурилуулсан шугам хэвийн ажиллаагүйгээс болоод 7 861 тонн ган бөөрөнцгийг 22 200 298 000 төгрөгөөр үйлдвэрлэх байсныг 23 308 188 000 төгрөгөөр худалдан авч, 1 108 318 000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1 108 318 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2.Хариуцагчийн тайлбарын агуулга:

2.а. Хариуцагч Ц М ХХК ХХК үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.б.1.Гэрээний дагуу нийлүүлсэн ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамын техникийн гэрээнд тусгагдсан тавигдах шаардлага, хүчин чадал, угсралт, ажиллуулах заавар зэрэг нь ЭҮ ТӨХКТӨҮГ-ын тендерийн бичиг баримтад дурдагдсан техникийн шаардлага, бусад нөхцлүүдтэй бүрэн нийцсэн. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээнд заасан цувих шугамыг Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны 6 дугаар төв агуулахад захиалагч Ган бөмбөлгийн цехийн төлөөллийг байлцуулан акт үйлдэж бүрэн хүлээлгэн өгсөн. Акт үйлдэн барааг хүлээн авах үед биет байдлын болон эрхийн ямар нэгэн доголдолгүй гэж үзэж барааг хүлээн авсан тул чанар стандартын шаардлага хангаагүй, биет байдлын доголдолтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1, 247.2 дах хэсэгт тус тус зааснаар нийлүүлсэн барааг хүлээн авснаас хойш бий болсон эрсдэл худалдан авагч талд шилжих тул нийлүүлснээс хойш бий болсон үр дагаврыг манай компани хариуцахгүй.

2.б.2.Ц М ХХК ХХК худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн гол үүргээ зохих ёсоор биелүүлж БНХАУ-аас ган бөмбөлгийн цехийн иж бүрэн цувих шугамын тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж улмаар хүлээлгэн өгсөн ба хүлээлцсэн акт хэрэгт нотлох баримтаар авагдсан. ЭҮ ТӨХКТӨҮГ уг цувих иж бүрэн шугамыг ашиглаж үйлдвэрлэл явуулан ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул буцаан авах боломжгүй юм. ЭҮ ТӨХКТӨҮГ худалдах, худалдан авах гэрээг цуцалж буй нь гэрээг цуцлах хүртэл үүргийн харилцаа хүчин төгөлдөр байсныг өөрсдөө нотолж буй хэлбэр юм. ЭҮ ТӨХКТӨҮГазар гэрээнээс татгалзаагүй байж худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулах, мөн иж бүрэн цувих шугамыг буцаан авахыг даалгах зэрэг шаардлага гаргах хууль зүйн боломж байхгүй байна. Өөрөөр хэлбэл, ЭҮ ТӨХКТӨҮГ гэрээнээс татгалзсан байсан бол харилцан буцаах үүргийн дагуу энэхүү шаардлагуудыг гаргах боломжтой байсан.

2.б.3. Хариуцагч Ц М ХХК ХХК Ган бөмбөлгийн цехийн иж бүрэн цувих шугамыг ЭҮ ТӨХКТӨҮГ-т хүлээлгэн өгсөн акт үйлдэж баталгаажуулснаар эрсдэлийг худалдан авагч тал хариуцах ёстой. Ган бөөрөнцөг үйлдвэрлэж үйлдвэрт ашигласнаар иж бүрэн цувих шугамыг хүлээн авсан болох нь нотлогдож байх тул үүнээс бий болсон хохирол, хор уршгийг худалдан авагч тал өөрөө хариуцах тул хохирол шаардсан нь үндэслэлгүй. Ган бөөрөнцгийн цехийн иж бүрэн цувих шугам болон халаалтын зуухыг хамт солих байсныг зөвхөн иж бүрэн цувих шугамыг сольж халаалтын зуухыг хуучнаар нь ашигласнаар эвдрэл, гэмтэл гарах болсон явдалд хариуцагч буруугүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдэл тул хохирол шаардах эрхгүй. ЭҮ ТӨХКТӨҮГ-т хохирол учирсан гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу буруу шийдвэр гаргасан этгээдээс уг хохирлыг шаардах эрхтэй.

3. Сөрөг нэхэмжлэл, үндэслэл:

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ган бөмбөлгийн цувих бүрэн шугам нийлүүлсэн. Гэрээний дагуу 2 удаагийн гүйлгээгээр гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 749 424 550 төгрөгийг манай компани авсан тул гэрээний дагуу авах үлдэгдэл санхүүжилт болох 321 181 950 төгрөгийг нэхэмжлэгч ЭҮ ТӨХКТӨҮГ-аас гаргуулах хүсэлтэй байна. Худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар бараа буюу гэрээнд заасан цувих шугамыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны 6 дугаар төв агуулахад захиалагч Ган бөмбөлгийн цехийн төлөөллийг байлцуулан акт үйлдэн бүрэн хүлээлгэн өгсөн. Гэрээний 6.2.2-т барааг бүрэн хүлээн авч акт үйлдэх, нийлүүлэгч талд төлбөрийг шилжүүлэх үүргийг захиалагч тал хүлээсэн. Нэхэмжлэгчээс ирүүлсэн гэрээг цуцлах талаарх мэдэгдэлд ...Ган бөөрөнцгийн цех нь 2019 оны 01 дүгээр улиралд 4 479 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр төлөвлөсөн хэдий ч цувих шугамын эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор 2 140 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж 48 хувийн гүйцэтгэлтэй ажиллан 2 339 тонн ган бөөрөнцөг дутуу үйлдвэрлэсэн... гэж тайлбарласнаар бидний нийлүүлсэн иж бүрэн шугамыг ашиглаж байгаа нь нотлогдсон, худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлснийг тогтоож хариуцагч ЭҮ ТӨХКТӨҮГазраас гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 321 181 950 төгрөгийг гаргуулан манай компанид олгож, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, үндэслэл:

Хариуцагч Ц М ХХК ХХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээний 3.1-д заасны дагуу Ц М ХХК ХХК нь тоног төхөөрөмжийг суурилуулж, туршилт тохируулгыг хийж, бүрэн ажиллагаанд оруулж, хүлээлгэж өгөх ба цувих шугамын тоног төхөөрөмжүүдийг 6 дугаар агуулахад буулгаснаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Тухайн үед Ц М ХХК ХХК-ийн угсарсан цувих шугамын эвдрэл гэмтэлтэй холбоотой талуудыг байлцуулан хийсэн олон удаагийн хурлын тэмдэглэл, хоорондоо харилцсан албан бичгүүд байдаг. Эдгээр тэмдэглэлээс үзэхэд Ц М ХХК ХХК нь цувих шугам, амраах зуухыг суурилуулснаас хойш техникийн бичиг баримтыг гаргаж өгдөггүй, цувих шугамыг суурилуулсан хойно ч гэсэн гэрээний 1.2, 3.1, 5.2.5 дахь заалт болох барааг нийлүүлэхдээ бүрдүүлэх баримт бичиг болох ачааны дагалдах бичиг, чанарын гэрчилгээг шаардаж байж хагас дутуу ирүүлсэн. Ц М ХХК ХХК-ийн 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил нь туршилтын явцад чанарын шаардлага хангаагүй, маш олон удаа эвдэрч цехийн үйл ажиллагаа зогсож байсан тул ЭҮ ТӨХКТӨҮГ-аас энэхүү тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн аваагүй. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар өмнө шилжүүлсэн бүх төлбөрийг ЭҮ ТӨХКТӨҮГ буцаан шаардах эрхтэй тул үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх үндэслэлгүй.

5.Прокурорын тайлбарын агуулга

Ц М ХХК ХХК ЭҮ ТӨХКТӨҮГ-ын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх гэрээ байгуулагдаж үүний дагуу тухайн тоног төхөөрөмжөө авч ирсэн байдаг. Тухайн хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж бол ЭҮ ТӨХКТӨҮГ-ын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор худалдан авсан. Гэтэл энэ хэрэгцээ шаардлага, стандартад нийцэж ажиллахгүй байсан гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах тухай шийдвэр гаргаж, мэдэгдэл хүргүүлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага бол өгсөн авсан зүйлээ буцаах мөн гэрээний үүрэгтэй холбоотой хохирлоо нэхэмжилсэн. ЭҮ ТӨХКТӨҮГ гэрээнээс татгалзах тухай мэдэгдлээ өгсөн. Тийм учраас ЭҮ ТӨХКТӨҮГ-аас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн дагуу буцаан шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй, хуульд нийцсэн. Үндсэн шаардлагын хувьд тухайн тоног төхөөрөмж зуухнаас болсон гэж хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дахин халаалтын зуух нь 100 хувь хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, бэлдцээ шаардлагатай температурт гаргаж чадахгүй байгааг нотолсон баримт хэрэгт байхгүй. Хариуцагч талын гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий нотлох баримтыг хэзээ, хаана хийсэн нь тодорхойгүй байна. Энэ нь тухайн компанийн суурилуулсан шугам мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед авагдсан халаалтын зуух, цувих шугамаар гарч байгаа бүтээгдэхүүнийг ганцхан энэ бичлэгээр дүгнэлт хийх боломжгүй.... Харин хавтаст хэрэгт авагдсан тооцооллууд байгаа. Энэ баримтуудаар дүгнэлт хийх бүрэн боломжтой гэж үзэж байна. Гэрээнд заасан тохируулга хийх, суурилуулах зэрэг үүргүүд биелэгдээгүй. Мөн эрхийн зөрчилтэй тоног төхөөрөмж нийлүүлсэн нь гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал олох ёстой байсан орлого, учирсан хохирлоо гаргуулахаар шаардсан. Харин өгсөн авсан зүйлээ буцаах мөн учирсан хохирлоо нэхэмжилж байгаа тул нэхэмжлэгчийн 3 дахь шаардлага болгож гаргасан цувих шугамыг тухайн компани өөрсдийн хөрөнгөөр буцаан авах үүргийг даалгаж өгөх шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Харин хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний үүргийг биелэгдсэн гэж үзэх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү .

6. Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц М ХХК ХХК-д холбогдох 1 857 742 550 төгрөг гаргуулах болон ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг даалгах тухай ЭҮ ТӨХКТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Ц М ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй ЭҮ ТӨХКТӨҮГ-т холбогдох 321 181 950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ЭҮ ТӨХКТӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 323 615 төгрөг, хариуцагч Ц М ХХК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 763 860 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч ЭҮ ТӨХКТӨҮГ-аас 1 763 860 төгрөг гаргуулж, хариуцагч Ц М ХХК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Б.Лхагвасүрэн нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1.ЭҮ ТӨХКХХК нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ц М ХХК ХХК-тай Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг 1 070 606 500.0 төгрөгөөр, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр худалдах худалдан авах 2/304-18 тоот гэрээ байгуулсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.16-д ...түлхүүр гардуулах гэрээ гэж барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулан, уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажил, бараа, үйлчилгээг бүхэлд нь хамарсан нэг гэрээг хэлнэ... гэж заасантай нийцсэн. Мөн хуулийн 5.1.11-т ...ажил гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг хэлнэ. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг барааны гэрээ гэж тооцно... гэж заасан тул уг гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн. Гэрээний 5.2-т ...тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах үед дотоодын инженерийн багийг хоёр долоо хоног ажиллуулах, гадаад мэргэжилтнийг тохируулга болон ашиглалтад оруулах ажиллагааг удирдуулж хяналт тавиулах ажлыг тус тус зохион байгуулна... гэж заасан. Уг гэрээгээр Ц М ХХК ХХК нь Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг ЭҮ ТӨХКТӨҮГ-т нийлүүлэхээс гадна 2/304-18 тоот гэрээний 5.27-д заасны дагуу угсарч суурилуулах, тохируулга хийх, ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Энэхүү гэрээний дагуу Ц М ХХК ХХК-ийн хүсэлтээр БНХАУ-ын 8 иргэн ЭҮ ТӨХКТӨҮГ-т орж ажиллаж байсан гэдгийг Орхон аймаг дахь Тагнуулын Ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 39/36 тоот албан бичгээр нотолж, шүүхэд гаргаж өгсөн. Түүнчлэн 2/304-18 тоот гэрээний 3.2-т зааснаар гэрээний хугацааг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хуанлийн 60 хоног байхаар талууд тохиролцсон. Энэхүү гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дууссан ба Ц М ХХК ХХК-ийн хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний хугацааг 2019 оны 3 дугаар сарын 01 хүртэл сунгасан. Шүүх шийдвэртээ Ц М ХХК ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам болон дулаан боловсруулалтын амралтын зуурны иж бүрдлийг хүлээн авсан тухай актыг үндэслэж, 2/304-18 тоот гэрээний дагуу цувих шугамыг ЭҮ ТӨХКТӨҮГ-т хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээлгэн өгсөн үүргээ биелүүлсэнд тооцсон нь учир дутагдалтай байна. Энэхүү акт нь манай үйлдвэрт мөрддөг албан ёсны, бараа, ажил хүлээлцсэн үед үйлддэг акт биш бөгөөд тухайн үед барааг үйлдвэрийн нутаг дэвсгэрт оруулж, энэ тухай үйлдсэн баримт байдаг. ЭҮ ТӨХКТӨҮГ-т бараа, ажил хүлээн авах үед захирлын тушаал, шийдвэр гарч ажлын хэсэг байгуулан, гүйцэтгэсэн ажил, нийлүүлсэн барааг шалган нягталж, албан ёсны акт үйлддэг бөгөөд энэхүү албан ёсны актыг жишээ болгож шүүхэд гаргаж өгсөн. Хэрэв Ц М ХХК ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цувих шугамыг хүлээлгэж өгөөд гэрээний үүрэг дуусах байсан бол талууд гэрээний хугацаагаа сунгах шаардлага байхгүй байсан. Ц М ХХК ХХК-ийг цувих шугамын тоног төхөөрөмжүүдийг 6 дугаар агуулахад буулгаснаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

7.2. Шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж ЭҮ ТӨХКТӨҮГ-ыг бараа материалыг хүлээн авч үйлдвэрлэл явуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь гэрчүүд болох Т.Нармандах, С.Сумъяабазар, Ж.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нарын мэдүүлэгт ...бараа материалыг хүлээн аваагүй, гэрээндээ угсарч суурилуулна гэсэн заалттай байсан, баглаатай том хайрцагтай зүйлүүд байсан, орлогод аваагүй, Тээвэр ложистикийн төвийн агуулахад хадгалж байгаад ган бөөрөнцөгийн цех рүү татаж авсан... зэргээр мэдүүлэг өгсөн байхад ...актаар хүлээн авсан байна... гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Түүнээс гадна гэрч Б.Чинзориг, Б.Одгарьд, Б.Чинбат нар уг цувих шугамыг хүлээж аваагүй, хүлээж авах процесс өөр байдаг, Чанар хяналтын хэлтсийн дүгнэлт гарч Ерөнхий захирлын тушаалаар томилогдсон комисс хүлээж авдаг талаар тодорхой зүйлүүдийг хэлсэн. Гэтэл шүүх гэрчүүдийн мэдүүлгээр цувих шугамыг хүлээж авсан мэтээр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй.

7.3. Мөн ...үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй ба хариуцагч талаас гэрээний зүйлийг нийлүүлж, суурилуулж, туршилт хийн гэрээний үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг хүлээн авч ган бөмбөлгийг үйлдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон гэсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан 2/304-18 тоот худалдах, худалдан авах гэрээнд туршилт хийх талаар огт заагаагүй байхад шүүх хэргийн үйл баримтаас хальж дүгнэлт хийсэн. Туршилт хийсэн бол тодорхой хугацаатай, гарсан үр дүнтэй байх ёстой. Гэвч талууд гэрээнд туршилт хийх талаар огт заагаагүй болно.

7.4. Шүүхээс Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт заасныг баримталж, ...хариуцагч Ц М ХХК ХХК-ийн нийлүүлсэн ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамын зарим эд ангид гарсан эвдрэл, гэмтэл нь тухайн эд хөрөнгийг бүхэлд нь доголдолтой байсан гэж үзэх боломжгүй... гэж дүгнэсэн. Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 тоот зөвлөмжид Иргэний хуулийн 251.1, 252 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн доголдол нь ноцтой биш бөгөөд уг эд хөрөнгө нь худалдан авагчийн зорилгыг бүрэн хангаж байвал эд хөрөнгийг доголдолтойд тооцохгүй гэсэн санаа байна. Худалдан авагч хүлээн авсан эд хөрөнгийг доголдолтой гэж үзэж, шаардлага гаргасан тохиолдолд гэрээний зүйл доголдолтой, эсвэл доголдолгүй эсэх талаар шүүх зохих эрх зүйн дүгнэлтийг зайлшгүй хийх ёстой гэжээ. Гэтэл шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй бөгөөд худалдан авагчийн хүссэн үр дүнд хүрээгүй, эвдрэл гэмтэл тогтмол гарч, маш их хэмжээний хохирол учирсан байхад шүүх хэргийн материалд цугларсан энэ талаарх баримтуудыг огт анхаарч үзээгүй байна.

7.5. Ц М ХХК ХХК-ийн нийлүулж суурилуулсан тоног төхөөрөмж нь гэрээний 5.2 дахь заалтад нийлүүлэгч тал болох Ц М ХХК ХХК-ийн үүргийг заасан ба 5.2.1-д ...гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн, тоо хэмжээ, иж бүрдэл бүхий биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт заасан хугацаанд нийлүүлэх... гэж заасан бөгөөд дээрх тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар тус үйлдвэрийн газрын Техникийн зөвлөл 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж, ...Ц М ХХК ХХК-ийн нийлүүлсэн Ган бөмбөлөг цувих шугам суурилуулах ажил нь чанарын шаардлага хангахгүй тул цаашид ашиглах боломжгүй... гэж дүгнэн, 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг дүгнэх шийдвэр гаргасан. Мөн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уг гэрээг дүгнэх ажлын хэсэг ...Ц М ХХК ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй... гэж дүгнэж, 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Гэтэл шүүх гэрээний дээрх заалтыг анхаарч үзээгүй, эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.

7.6. Нөгөөтэйгүүр, шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч ЭҮ ТӨХКТӨҮГ нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ТБ-117-12/1052 дугаартай албан бичгээр 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг цуцалж байгаа мэдэгдлийг Ц М ХХК ХХК-д хүргүүлсэн. Мөн "ЭҮ ТӨХКТӨҮГ-ын Ерөнхий захирлын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №ТБ-105/12/1284 дугаартай албан шаардлага, ЭҮ ТӨХКТӨҮГ-ын Ерөнхий захирлын орлогчийн Ц М ХХК ХХК-д хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ТБ-39-12/1578 дугаартай албан шаардлагуудаар Ган бөөрөнцгийн цехэд суурилагдсан ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг буулгаж, булаан авч, талбай чөлөөлөх шаардлагыг удаа дараа хүргүүлж байсан боловч тоног төхөөрөмжөө буцаан аваагүй. ЭҮ ТӨХКТӨҮГ-ын зүгээс үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд аргагүйн эрхэнд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 148 дугаартай шийдвэр гаргаж, Ц М ХХК ХХК-ийн суурилуулсан цувих шугамыг буулгах ажлын хэсэг байгуулж, энэ ажлыг өөрсдийн 100 хувийн зардлаар буулгасан. Шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталсан байх бөгөөд уг зүйл заалтад хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул энэ нь шийдвэрийг ойлгомжгүй болгожээ. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

8. Прокурор Ц.Мөнхтуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга

8.1. Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх зорилгоор өөрчлөн шинэчилж цувих шугамд доголдол гарч, үйлдвэрлэж буй ган бөмбөлөг нь хуучин ашиглаж байсан шугамын үйлдвэрлэлтийн 40-50 хувьд нь л хүрч зорилгыг хангахгүй нөхцөл байдалд хүрсэн тул гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Ц М ХХК ХХК-д хүргүүлсэн. Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж, худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн зөрчилгүй эд хөрөнгө гэж үзэх талаар Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 252 дугаар зүйлд тус тус заасан. Гэтэл Ц М ХХК ХХК-ийн нийлүүлсэн бараа нь дагалдах баримт бичиггүй, хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй эвдрэл гэмтэл удаа дараа гарч байсан болох нь 8 удаагийн техникийн зөвлөлийн хамтарсан уулзалтын хурлын тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Иймд биет байдлын хувьд доголдолтой бараа нийлүүлсэн тул гэрээгээ цуцалсан нь үндэслэлтэй байна. Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай. Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар заалтууд нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль ч үед хэрэглэгдэнэ. Иймд иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 227.4, 227.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардах эрхтэй, хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй байна. Иймд тус шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч ЭҮ ТӨХКТӨҮГ нь хариуцагч Ц М ХХК ХХК-д холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх 2/304-18 дугаартай гэрээг цуцалсан үндэслэлээр гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 749 424 550 төгрөг, гэрээг цуцалсантай холбоотой хохирол 1 108 318 000 төгрөг, нийт 1 857 742 550 төгрөг гаргуулах, ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцаан авахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ц М ХХК ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2/304-18 дугаартай гэрээнд заасан ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугам нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн үндэслэлээр гэрээний үлдэгдэл төлбөр 321 181 950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан.

 

3.Талууд гэрээний зүйл болох ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам чанарын шаардлага хангасан эсэх, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй эсэх талаар тус тус маргасан байхад анхан шатны шүүх маргааны зүйлийг үндэслэлтэй зөв тодорхойлж чадаагүй тул Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв хэрэглэсэн гэж дүгнэх боломжгүй.

 

Тодруулбал, маргааны зүйл нь хариуцагчийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийг цаашид ашиглах боломжтой эсэх, энэ нь гэрээний гол нөхцлийг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах үндэслэл болох эсэх талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ.

 

4. Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор буюу ...БНХАУ-ын үйлдвэрлэгч байгууллагын үйлдвэрээс тээвэрлэх үеэс авахуулаад Эрдэнэт үйлдвэрийн тээвэр ложистикийн албаны 6 дугаар төв агуулахад буулгах хүртэл, угсарч суурилуулан ашиглах үед ямар байдалтай байсныг нотлох.... ач холбогдолтой гэж тайлбарлаж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2 ширхэг аудио дүрс бичлэг бүхий сидиг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд шүүх хуралдаанаар уг аудио бичлэгийг шинжлэн судалсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 51 дүгээр зүйлд заасан журмын дагуу үзлэг хийж тэмдэглэл үйлдээгүй байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдсэн эсэх, эсхүл нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн баримтаас хассан эсэх нь тодорхой бус байна. /4хх-ийн 81-84, 5хх-ийн 64-65/

5. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн бичмэл нотлох баримтууд /2хх-ийн 94-103, 4хх-ийн 249, 250, 5хх-ийн 1, 2/ хэрэгт авагдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогч болох ЭҮ ТӨХКТӨҮГ-ын хуулбар үнэн тэмдэг дарсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эрхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэргийн оролцогчид хамаарахгүй юм.

Мөн хариуцагч талаас ирүүлсэн хуулбарласан бичгийн баримтууд /хх-ийн 80-91, 241-250, 2хх-ийн 1-23, 146-164/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад хэрэгт хавсаргажээ.

Нэхэмжлэгч байгууллагын архивын хуулбар үнэн дардас бүхий бичмэл баримтууд, хариуцагч талаас ирүүлсэн хуулбарласан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж эдгээр баримтад үндэслэж дүгнэлт хийх боломжгүй.

6. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Б.Одгарьдыг гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2, 51.6 дахь хэсэгт тус тус зааснаар уг тэмдэглэлд гэрч гарын үсэг зураагүйгээс хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх түүнийг үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг мөн зөрчсөн байна. /2хх-ийн 172-176, 5хх-ийн 92/

7.Шинжээчийн дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардагдах, хэрэгт ач холбогдол бүхий асуудлыг тодруулах зорилгоор шүүхээс томилогдсон эрх бүхий мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, мэргэшсэн ажилтны бичгээр гаргаж буй дүгнэлтийг хэлдэг.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, гарын үсгийн шинжилгээ хийлгэх зэрэг хамааралгүй асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргасан атлаа маргааны гол зүйл болох ган бөмбөлгийн цехэд нийлүүлсэн ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нь ашиглах боломжтой эсэхийг тодруулаагүй байна. Энэ талаар хариуцагч талаас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргаж байсан нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна. /4хх-ийн 77-78/ Тодруулбал, маргааны зүйл болох ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамын чанартай холбоотой асуудал үйлдвэрийн доголдолтой, эсхүл ашиглалтын явцад үүссэн гэмтэлтэй холбоотой болох нь бүрэн тогтоогдоогүй хэргийн нөхцөл байдалд Иргэний хуулийн 254, 255 дугаар зүйл, 225 дугаар зүйлийн 225.1, 225.4 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтуудыг хэрэглэх эсэхийг дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч талаас ЭҮ ТӨХКТӨҮГ-ын техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг бичмэл нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримт нь нэг талын баримт байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр суурьтай оролцож байгаа талуудын ашиг сонирхлоос ангид бөгөөд мэргэжлийн этгээдийн дүгнэлт гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн 22-27/

7. Нэхэмжлэгч талаас 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд прокурор оролцуулах тухай хүсэлт гаргасан. Тус иргэний хэрэгт талуудын хоорондын гэрээний үүрэгтэй шаардах эрх үүсэх эрх зүйн маргаан байгаа тохиолдолд прокурор оролцуулах ямар шаардлага үндэслэл байсан нь тодорхой бус байна. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг оролцуулснаар ЭҮ ТӨХКТӨҮГ-ын эрх ашгаас гадна төрийн ямар эрх ашгийг төлөөлж байгаа эсэх нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай. Прокурорын гаргаж байгаа тайлбар, хүсэлт, баримтууд нь нэхэмжлэгчийн эрх ашигтай холбоотой, эсхүл төр, нийтийн ямар эрх ашиг зөрчигдөж байгаа нь тодорхой бус байхад прокурорыг оролцуулах нь талуудын тэгш эрхийн зарчим, диспозитив зарчимд хэрхэн нөлөөлөхийг анхаарах шаардлагатай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасан тул зохигчдын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШШ2021/00283 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЭҮ ТӨХКТӨҮГ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 052 572 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ