Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 116

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Б.Мээпам 

Шүүгдэгч Ц.Б  нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц. Бд холбогдох эрүүгийн 1712002170009 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ц.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын ...оршин суух иргэн Ц.Э-ын 13 тооны хонийг хулгайлсан  гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Ц.Э-ын өгсөн: ...2017 оны 10 сарын 29-ний өглөө 10 цагийн үед би хонин дотроо хуц тавих гээд хонио хаштал хонь дутуу юм шиг байхаар нь хонио хашиж байгаад тоолж үзтэл нийт 338 хонь байхаас 30 хонь дутсан. Тэгтэл бие нь нилэнхүйдээ ус болчихсон нэг ямаа мөн нэг норсон хонь байсан. Тэгээд өөрийн төрсөн ах Ц.Аийн хамтаар зүүн голоор буюу Орхон гол дагуу айлуудын хониор явж үзтэл манай хонинууд байхгүй байсан. 2017 оны 10 сарын 30-ны өглөө 10 цагийн үед гэрийнхээ ойр орчмоор ямар нэгэн ул мөр байна уу гэж эрж хайж үзтэл манай гэрийн урд байх Орхон голын гармаар тууж гарсан ул мөр байсан. Нэг морьтой хүн нөгөө морьтой хүн нь морио хөтлөөд явган туусан мөр байсан. Морио хөтөлж хонь туусан хүний гутлын мөр нь иржгэр нарийхан хээтэй гуталтай хүний мөр байсан. Энэ гутлын мөрийг би гар утсаараа зургийн авсан.Тэгээд төрсөн ах Ц.А бид хоёр хонь хулгайд алдагдсан нь тодорхой болсон учраас ойр хавийн айл өрхөөр хонио хайсан боловч олдоогүй. 2017 оны 10 сарын 31-ний өдөр сумынхаа хэсгийн төлөөлөгчид 30 хонь алдсан талаараа хэлсэн Хэсгийн төлөөлөгч надад Дойт багийн урьд нь  малын хулгай хэргээр шалгагдаж байсан 5 хүний нэр гэрийн хаягийг өгсөн. Төлөөлөгч аймагт ажилтай байсан болохоор би ах Ц.Аийн хамтаар төлөөлөгчийн хэлсэн сэжигтэй хүмүүсийн малд хонио үзтэл Дойт багийн Дөрвөлжинд байдагБийн хонинд манай хулгайд алдсан хониноос 13 хонь нь байсан. Тэгээд Б гэдэг хүнээс “манай хулгайд алдсан хонинууд танай хонинд байна. Яагаад танай хонинд байгаа юм бэ?” гэхэд Ц.Б  Ц.Б нар шөнө тууж манайд авчраад дараа ирж авна гээд морьтой ирээд морьтойгоо буцаад явсан гэж хэлсэн. Манай хонинууд дандаа охин төлөгнүүд эр хонинуудаа зах зээлд борлуулаад дандаа охин төлөг байсан. Им нь хоёр чих нь хулгар имтэй хурга байхад нь хоёр чихний үзүүрийг нь тастаж им тавьсан. Зарим нь буруу чих урдаасаа догол имтэй зөв чих нь араасаа догол имтэй хонинууд нөгөө им нь буруу чих нь хулгар зөв чих нь урдаасаа цуулбар имтэй ийм 3 янзын имтэй 13 хонь алдсан.Бийн гэрээс манай гэр ойролцоогоор 6 км зайтай байдаг дундуураа Орхон голоор зааглагддаг. Нэмж ярих зүйл гэвэл тухайн үед би хонио хашаагүй тоолоход 30 хонь дутаад байсан. Сүүлд төрсөн ах Ц.Аийн хамтаар хонио хашиж байгаад тоолоход нийт 13 тооны хонь дутсан нарийвчлан дахин дахин тоолоход мөн л 13 хонь дутсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд эхлээд хонио сайтар тоолоогүй байхдаа 30 хонь хулгайд алдсан гэж утсаар ярьсан сайтар хонио тоолсон чинь 13 хонь дутаж байсан. Алдсан 13 хонио олоод авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12  хуу/

 

Гэрч Г.Б-ийн өгсөн: ...2017 оны 10 сарын 28-ны орой шөнийн 24 цагийн орчим над руу Ц.Б  “Б ахаа танай хонинд хэдэн хонь тавиадхий” гээд утсаар ярихаар нь би тэг гэж хэлсэн. Удалгүй утсаар ярьснаас хойш ойролцоогоор 30  минутын дараа манай гэрийн гадаа хонь туугаад Ц.Б  морьтой бас нэг хүн хамт явсан. Хамт явсан хүн нь багавтар насны эрэгтэй залуу байсан. Мөн морьтой ирсэн энэ хүнийг би харвал одоо танина. Тэгээд Ц.Б  хамт ирсэн залуутайгаа манай гэрт орж цай уугаад удалгүй явсан. Хэдэн хонь тууж авчирсан юм бэ? гэхэд Ц.Б  13 хонь тууж авчирч нийлүүлсэн гэж хэлсэн. 2017 оны 10 сарын 31-ний өдөр үдээс хойхон Ц.Э- Ц.А нар манайд ирээд хулгайд алдсан хонинууд маань танай хонинд байна. Хэн танайд авчирсан гэхээр нь би Ц.Б  манайд шөнө морьтой тууж авчирсан гэж хэлсэн. Удалгүй Ц.Э- Ц.А хоёр хонио ялгаж аваад явсан. Урьдчилан тохирсон зүйл бол огт байхгүй. Ц.Б г хонь тууж манайд нэг залуугийн хамт ирэхэд манай гэрт манай эхнэр Я.Э хоёр настай зээ охин нар унтаж байсан өөр хүн байгаагүй. Надад 2-оос 3 хоногийн дараа ирж авна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

Насанд хүрээгүй гэрч Ц.Б-гийн өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 23:00 цагийн үед манай ах Ц.Б- намайг гол дээр хүрээд ирээч гэж утсаар дуудсан. Тэгээд би морио унаад голын эрэг дээр яваад очсон чинь Ц.Б- ах голын эрэг дээр хонь шахаад цааш нь гол гаргах гэж байгаа бололтой зогсож байсан. Тэгээд Ц.Б- ах намайг ахтайгаа хамт энэ хонинуудыг гол гаргаад өгөөч гэхээр нь би хамт туугаад гол гаргаад цааш явж байгаад нэг айлын гадаа аваачиж өгсөн. Тэгээд би гэртээ ирээд унтсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Зүгээр л хонь туулцаад гол гаргалцаад өгөөч гэж байсан. Бид хоёрыг хонь тууж байхад харсан хүн байхгүй. Тухайн үед харанхуй болчихсон байсан. Ц.Б  ах надад хулгайн хонь гэдгийг хэлээгүй. Ахдаа эдгээр хонийг голоор туулцаад Г.Б-ийнд хүргэлцээд өгөөч гэж утсаар хэлж гуйсан. Тэгээд хамт туусан. Хулгайн хонь гэдгийн би мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21, 26 хуу/

 

Ц.Б гийн яллагдагчаар өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих орой 19:00 цаг өнгөрч байхад би үхрээ хурааж явж байгаад Өгийнуур сумын Орхон гол Булын дэнж гэх газарт эзэнгүй айлын ойролцоо хонь нь бэлчиж байхаар нь би харчихаад орой 21:00 цагийн үед тэр айлд очоод хониноос нь хэсэг хонь тастаж аваад Орхон гол руу туугаад гол гаргах гэсэн чинь ганцаараа хүчрэхгүй байхаар нь Б гэх дүүгээ дуудаад бид хоёр хонио тууж гол гаргаад голын баруун талд байдаг Б гэх айлд аваачаад би хүнээс хэдэн хонь авсан юм маргааш орой ирээд авна гэж хэлээд үлдээсэн. Тэгээд 3 хоногийн дараа цагдаад баригдсан. Надад мөнгө хэрэгтэй байсан юм. Тэгээд эзэнгүй айл байхаар нь хонийг нь хулгайлах санаа төрсөн юм. Би Б-т юу ч хэлээгүй зүгээр л энэ хонийг хамт гол гаргалцаад өгөөч ганцаараа хүчрэхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед орой болчихсон харанхуй болчихсон байсан болохоор харсан хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

 

Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр: 13 толгой охин төлөгний үнэлгээг 2017 оны 10 дугаар сарын байдлаар 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 29 хуу/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40-41 хуу/

Оролцогч нарт хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 45-46 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн нутаг дэвсгэр Арал гэх газраас иргэн Ц.Э-ын 13 тооны хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Ц.Б  нь өөрийн үйлдэл болон хулгайлан авсан малын тооны хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ц.Э-, гэрч Г.Б,  Ц.Б нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Б  нь иргэн Ц.Э-ын 13 тооны хонийг нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б г бусдын 13 тооны хонийг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Б г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч  Ц.Э- нь ...“Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд эхлээд хонио сайтар тоолоогүй байхдаа 30 хонь хулгайд алдсан гэж утсаар ярьсан сайтар хонио тоолсон чинь 13 хонь дутаж байсан. Алдсан 13 хонио олоод авсан” гэж мэдүүлэг /хх-ийн 12 хуу/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

ТОГТООХ нь:

 

1. Б овгийн Ц. Бг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.  Шүүгдэгч Ц.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

5. Тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ