Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/887

 

 

 

 

 

 

 

 2024              08              08                                       2024/ДШМ/887

 

 

Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Т.М,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/471 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2305000001880 дугаартай хэргийг шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Д.Т, 1998 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн ……. сум, баг, дугаар гудамж, тоотод оршин суух хаягтай боловч Багануур дүүргийн дүгээр хороо, …. дугаар гудамж, тоотод түр оршин суух, /РД:.........................../,

Урьд: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. 

Шүүгдэгч Д.Т нь:

1. 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” худалдааны төвийн цахилгаан барааны тасгаас “Д” брэндийн, 14 инчийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.З-д 2.499.900 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Р” худалдааны төвийн дугаар давхрын компьютерын тасгаас “dell inspiron 7430” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Н-д 4.699.900 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” их дэлгүүрээс “asus vivo” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Г-д 3.599.990 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн …….. сумын Алаг толгой багт үйл ажиллагаа явуулах “Б” худалдааны төвийн дугаартай лангуунаас “samsung А21S” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Д-д 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн ……. сумын нутаг дэвсгэрт байрлах “west” гэх нэртэй паб дотроос насанд хүрээгүй хохирогч А.Э-ны эзэмшлийн “Редми К-40” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гар утас” худалдааны төвөөс хохирогч Б.О-ийн эзэмшлийн “Самсунг Галакси Эс-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн …. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” худалдааны төвийн давхарт байрлах гар утасны лангуунаас хохирогч Ц.Г-ын эзэмшлийн “Самсунг Эс-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн дугаартай лангуунаас хохирогч Ж.М-ны эзэмшлийн “Айфоне 11" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 825.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” төвийн .. давхарт үйл ажиллагаа явуулах “К” түргэн хоолны газраас хохирогч О.Н-ийн “I phone 12 mini” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийг хохирол учруулсан,

10. 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” хороололд үйл ажиллагаа явуулах “ гар утас худалдааны төв” дотроос хохирогч М.Ү-ийн эзэмшлийн “Самсунг Нөүт 9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” кинотеатрын урд талд байрлах “Г” худалдааны төвийн тоот лангуунаас хохирогч Т.Т-ийн эзэмшлийн “Самсунг А71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан “Хулгайлах” гэмт хэрэгт, мөн

1. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн давхарт “... зарж байгаа гар утаснаас үзье, 500.000 төгрөг дотор гар утас сонирхож байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “Самсунг А71 5 жи” загварын гар утсыг авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” зочид буудлын давхарт үйл ажиллагаа явуулах гар утасны лангуунаас “... 500.000 төгрөгт гар утас үзье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.М-ийн эзэмшлийн “Самсунг Эс-10 50” загварын гар утсыг авч 410.000 төгрөгийн хохирол учруулсан “Залилах" гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Хасаг овогт Д.Т-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Т-д 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Т-ийн цагдан хоригдсон 131 /нэг зуун гучин нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ээс 6.544.900 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Р” худалдааны төвд (хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З) 2.499.900 төгрөг, хохирогч Б.О-д 700.000 төгрөг, хохирогч Ц.Г-д 500.000 төгрөг, хохирогч Ж.М-нд 825.000 төгрөг, хохирогч О.Н-д 900.000 төгрөг, хохирогч М.Ү-д 350.000 төгрөг, хохирогч Т.Т-д 360.000 төгрөг, хохирогч М.М-нд 410.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Д.Т-ээс иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор нийт 1.330.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Бүргэд” барьцаат зээлийн үйлчилгээний газарт (Г.Ж-д) 800.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Х” барьцаат зээлийн үйлчилгээний газарт (Д.Б-нд) 230.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч иргэн С.Ч-т 300.000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 8 ширхэг СD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн дахин мөрдөн шалгах шатанд буцаах хүсэлтэй байна.  Учир нь, би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа биш хоёул хамт үйлдсэн. А.Х-тай хамт үйлдсэн нь камерын бичлэг байдаг. 9 дүгээр сарын 16, 26-ны өдрүүдэд хамт үйлдсэн бичлэг байгаа. Хулгайлсан эд зүйлээ А.Х-тай хамт ломбарданд тавьж, 5855…………. гэсэн Хаан банкны дансанд 1,500,000 төгрөг шилжүүлж авсан банкны хуулга байдаг. Уг камерын бичлэг дансны хуулгыг мөрдөгч Л.П үзэж шалгасан боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй ганцаараа хэргээ хүлээ гэж үг зааж өгч, зодож дарамталж, мэдүүлэг авсан. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Хохирогчид учруулсан хохирлоо хамтран үйлдсэн хүнтэйгээ хуваан төлж барагдуулах хүсэлтэй байна...” гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд мөн энэ талаар яригдсан. 6 сиди бичлэг байдаг бөгөөд түүний 2 сиди бичлэгт нь нэг эмэгтэй байдаг. Д.Т тухайн эмэгтэйг Х гэж хэлж байгаа боловч бид нар тэр хүнийг танихгүй тул тухайн хүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэж, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн байр суурьтайгаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Д.Т гэмт хэрэгт хамтран үйлдсэн талаараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлээгүй бөгөөд хэрэг шүүхэд шилжсэний дараа гэр бүлийн хүн болох Х-тэй хамт гэмт хэрэг үйлдсэн талаараа шалгуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Гэм буруугийн шүүх хуралдаанд ч энэ талаараа хэлж байсан. 2 сиди бичлэгийн нэгт нь “Н” дэлгүүрээс компьютерыг авч явангуут тухайн эмэгтэй хажууд нь байсан компьютерыг суурин дээр нь шилжүүлж тавиад, хоёул цувралдаад гарч явж байгаа нь бичигдсэн. Нөгөө бичлэгт нь Д.Т, тухайн эмэгтэй хоёр хамт явж байгаад 2 тийшээ салж гарч явдаг. Тухайн өдөр тэр дэлгүүрээс 2 компьютер хулгайлагдсан талаар баримт хэрэгт авагдсан. Х-тэй хамт гэмт хэрэг үйлдсэн талаар нь шалгаагүй. Иймд энэ асуудлыг шалгаж тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөгч Л.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Т-ээс “хяналтын камерын бичлэгт байгаа эмэгтэйг таних уу” гэж асуухад, “танихгүй, намайг гайхсан байдалтай хараад өнгөрсөн” гэж мэдүүлсэн. Х мөрдөн шалгах ажиллагааны явцад “над руу залгасан, би Багануураас ирээд ахындаа байсан, хороололд хүрээд ир гээд би очсон” гэж мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар шалгасан боловч тогтоогдоогүй. Анхан шатны шүүх яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Т-ийн үйлдсэн гэмт хэргээс 2 үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилсан хэмээн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул зөвтгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Тухайлбал, шүүгдэгч Д.Т нь : 

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” худалдааны төвийн давхарт “... зарж байгаа гар утаснаас үзье, 500.000 төгрөг дотор гар утас сонирхож байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “Самсунг А71 5 жи” загварын гар утсыг авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” зочид буудлын давхарт үйл ажиллагаа явуулах гар утасны лангуунаас “... 500.000 төгрөгт гар утас үзье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.М-ийн эзэмшлийн “Самсунг Эс-10 50” загварын гар утсыг авч 410.000 төгрөгийн хохирол учруулсан “Залилах" гэмт хэрэг үйлдсэн гэх боловч хэрэгт авагдсан :

- хохирогч Б.Б-ийн “... 2023 оны 12 сарын 07-ны өдөр БГД-ийн -р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн давхар, лангуу дээрээ ажлаа хийж байх үед 17 цагийн үед давхрын үйлчилгээний эхнэр, нөхөр бас нэг залуу миний лангууны урд талд ирсэн. Эхнэр нөхөр хоёрын хажуу талаас 25-30 орчим насны эрэгтэй надаас зарж байгаа утаснаас үзье, 500.000 төгрөг дотор утас сонирхож байна гэж хэлэхээр нь зарж байгаа утаснуудаа үзүүлсэн, Samsung A-71 5g загварын гар утас өгсөн. Энэ хооронд эхнэр, нөхөрт өөр утас үзүүлж байх хооронд нөгөө залуу гараад явчихсан байсан....” гэх мэдүүлэг /3-р хх 71-72/,

- шүүгдэгч Д.Т-ийн“... 2023 оны 12 сарын 07-ны өдөр БГД-н дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хархорин худалдааны төвийн …. давхар гар утас худалдааны хэсэгт байрлах нэг лангуу дээр очиж худалдагч эмэгтэйд гар утас сонирхоё, 500.000 төгрөгөнд утас сонирхож байна гэж хэлсэн. Тухайн худалдагч надад Samsung A71 5g загварын гар утас өгсөн. Намайг гар утас сонирхоод зогсож байх үед үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн миний хажууд ирээд мөн адил тухайн лангуунаас гар утас үзсэн. Лангууны худалдагч эмэгтэй тухайн хоёр хүнд гар утас үзүүлж байх хооронд би Samsung A71 5g гар утсыг нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх 98-99, 95-96/,

- хохирогч М.М-ийн “... Би 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б гүн зочид буудлын давхар дугаар лангуу нь дээр гар утас худалааны төвд ажлаа хийгээд байж байхад 11 цагийн үед нэг залуу орж ирээд 500.000 төгрөгөнд утас үзье гэхээр нь би 2 ширхэг гар утас аваад үзүүлж байсан. Тэгээд нөгөө хоёр гар утсаа үзэж байгаад нэг утсыг аваад гараад гүйсэн. Тэгээд би цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /3-р хх 192-193, 195, 197/,

- шүүгдэгч Д.Т-ийн “...Б гүн зочид буудлын давхарт үйл ажиллагаа явуулдаг гар утаас худалдааны төв рүү орсон. Тус төвийн дотор нилээд олон лангуу байсан тул нэг эмэгтэй худалдагчтай лангуун дээр очоод 500.000 төгрөгийн гар утас ямар байна гэхэд 2 ширхэг гар утас гаргаж ирээд надад үзүүлсэн. Үзээд зогсч байтал худалдагч нь өөр лангуу руу явсан. Энэ үед миний хажууд мөн 2-3 үйлчлүүлэгч гар утас худалдаж авах гээд худалдагчтай ярьж байх хооронд би худалагчийн нүдийг нь хариулж байгаад хаалгаар алхаад гарсан...”гэсэн мэдүүлэг /3-р хх 198-199/,

- гэрч М.Н-ын “...Өглөө би ажил дээрээ ирээд байж байхад манай хажуу талын лангуу болох 2 дугаар лангуун дээр суудаг эгч хүмүүст утас үзүүлж байсан. Тэгсэн нэг хүн гараад гүйсэн чинь тэр эгч араас нь гараад намайг лангуу харж байгаарай энэ хүмүүсээс тооцоог нь авчихаарай гээд тэр хүний араас гараад гүйсэн тэгээд уталгүй орж ирээд цагдаа руу залгаад дуудлага өгөөд хулгайд алдчихлаа гэж байсан...Үзэж байгаад аваад зугтаасан, гүйгээд гарсан лангууны эгч араас нь их хурдан гараад гүйсэн тэгсэн байхгүй байна гээд орж ирсэн...”гэсэн мэдүүлэг /3-р хх 206-207/ зэргээс үзэхэд шүүгдэгч Д.Т-ийн үйлдсэн тухайн 2 удаа гэмт үйдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь, залилах гэмт хэргийн хувьд 2 тал “тодорхой нөхцөл, болзлыг харилцан тохиролцсон”-ы үндсэн дээр хохирогч нь тухайн эд хөрөнгө, түүний эрхийг гэмт этгээдэд сайн дураар нэг мөр шилжүүлэн өгдөг, залилах гэмт үйлдэл хийх тухайн үед гэмт этгээд гэнэт алга болох, зугтаах шинж байдаггүй, харин 2 тал итгэлцэж, тохиролцсон шийдэлд хүрэх буюу үр дүнгээ дүгнэхээр хүсэл зоригоо харилцан илэрхийлж, эв эетэйгээр үйлдлээ төгсгөсөн байдаг зэрэг онцлог шинжийг агуулдаг, гэтэл тухайн шинж огт хангагдаагүй байна.

Харин шүүгдэгч нь тус хохирогч нарын худалдаалж буй гар утсыг худалдан авах мэтээр “үзье” гэж хэлэн түр авч, улмаар буцаан өгөхгүйгээр гэнэт зугтан явж, улмаар дур мэдэн захиран зарцуулсан тул шүүгдэгчийн гэмт үйлдэлд шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлийг үгүйсгэн няцаах үйл баримт тогтоогдоогүй байна.  

2. Мөн шүүгдэгч Д.Т-ийн үйлдсэн хулгайлах 11 удаагийн гэмт хэрэгт хамаарах нотлох баримтыг шинжлэн судлахад хулгайлах болон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжийг зохих шалгуур тус бүрээр шалгаж дүгнэх буюу субсумци хийхэд анхаарахыг тэмдэглэж байна.

Тухайлбал, - хохирогч Т.Т-ийн “... 2024 оны 01 дүгээр сарын 11-ний орой ажлаасаа гарах гэж эд зүйлээ хураах гэж байхад үл таних нэг эрэгтэй хүн хүрч ирээд гар утас сонирхоно гэж байсан. Би тухайн  хүний сонирхсон гар утаснуудыг бүгдийн гаргаж ирээд үзүүлэхэд тэр хүн үзээд, гэнэт гэдэс өвдчихлөө гэж хэлээд яваад өгсөн, камерын бичлэгээ шалгахад залуу тухайн гар утсыг үзэж байгаад халаасандаа хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх 213-214/,

- хохирогч М.Ү-ийн“...би 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо С хороолол .... дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг 21 гар утас худалдааны төвд байрлах ажил дээрээ байх үедээ 17 цаг 10 минутанд манай лангуунд 30-35 насны эрэгтэй хүн ирээд гар утас үзэж байгаад гар утас аваад явсан байсан...” /4-р хх 58/,  

- хохирогч Б.О-ийн “... 2023 оны 12 дугаар сарын 27-ны 12 цагийн  үед манай ажил болох Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай гар утас худалдааны төв рүү үл таних саарал өнгийн ноосон малгайтай залуу орж ирсэн, 650.000-700.000 төгрөгийн хооронд ямар гар утас байна гэж асуухаар нь “Samsung galaxy note 20, Samsung galaxy s21” загварын гар утас 2 ширхэг, “Samsung A52” зэрэг гар утас гаргаж үзүүлсэн, нэг гар утас дутаад, хяналтын камерын өрөөнд орж камер шүүхэд миний лангуунаас гар утас үзэж байсан залуу тухайн гар утсыг аваад явсан дүрс бичлэг бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх, 144-146/ зэргийг бусад үйл баримтын хүрээнд харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн хэргийн зүйлчлэлийг оновчтой, эргэлзээгүй байдлаар дүгнэх  

3. Тухайн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх буюу хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хангалтгүй биелүүлсэн шинж бүхий үйл баримт байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болох учраас энэ хүрээнд хамаарах зарим асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Тухайлбал, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Н”-ээс зөөврийн комьютер хулгайд алдсанд хамаарах “камерын бичлэг”-ийг хураан авч, бэхжүүлсэн атлаа таньж олуулах ажиллагаа хийгээгүй орхигдуулсан тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарт дурдагдсан асуудлыг анхаарч нягтлах шаардлага үүссэн байна.   

Хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээсэн мөрдөгч, прокурор нь нотолбол зохих байдлын хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн камерын бичлэгт буй “хангалттай сэжиг бүхий тохиолдол”-ыг мухарлан шалгаагүй орхисон гэж үзэх тохиолдолд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журам зөрчигдсөнд тооцохыг үгүйсгэхгүй. Өрөөр хэлбэл, нотолбол зохих байдлыг зарим талаар дутуу шалгасан байх нь Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 16.2, 32.3-т зааснаар мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй шалгагдах, хянагдах ёстой асуудалд хамаарна.  

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/471 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Харин шүүгдэгч Д.Т-ийн гаргасан “...би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа биш хоёул хамт үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо хамтран үйлдсэн хүнтэйгээ хуваан төлж барагдуулах, мөрдөх шалгахдаа дарамталж мэдүүлэг авсан” тухай агуулга бүхий давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Д.Т-нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/471 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

 

                             ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР