МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ******* ХХК /РД:4269756/
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч *******д холбогдох
эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0058951-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдолтой, индексийн 114/2026/0009/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Анх шүүхэд ******* ХХК нь Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0058951-20 дугаар шийтгэврээр үндэслэлгүй оногдуулсан 1 000 000 төгрөгийн торгох шийтгэлийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0058951-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодруулан маргасан.
- Хэргийн үйл баримтын тухайд:
- Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын дарга 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 08-20-03/278/01 дүгээр хяналт шалгалтын удирдамжийг баталсны дагуу мал эмнэлгийн арга хэмжээ, хорио цээр, шилжилт хөдөлгөөн, эмийн хяналт, мал эмнэлгийн тасгийн хяналт хариуцсан мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч *******, Хүнсний нян судлал, мал эмнэлэг ариун цэвэр, магадлан шинжээч малын эмч ******* нар хамтран 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд мал эмнэлгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр хангалтгүй дүн үзүүлсэн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэн худалдаалж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, стандарт, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулахаар төлөвлөгөөт бус шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн зорилгоор ******* ХХК-ийн Дархан сумын Өргөө багт байрлах Шидэт гэр ХХК-ийн объектод төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхээр болжээ.
- Улмаар хариуцагч Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ******* дээрх удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад дотоод хяналтын журам батлаагүй, тайлагнаагүй гэх зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдэж, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ******* ХХК-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг 0058951-20 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан байна.
- Эрх бүхий албан тушаалтан дээрх шийтгэлийн хуудсыг тухайн өдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үйлдэж, гомдол гаргагчид 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр харилцаа холбооны хэрэгслээр танилцуулсан ба үүнийг эс зөвшөөрч ******* ХХК нь хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргажээ.
- ******* ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо болон түүний төлөлөгч *******, өмгөөлөгч ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ******* ХХК-ийг дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэсэн үндэслэлээр 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0058951-20 дугаар шийтгэврээр 1 000 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэврийг ******* ХХК-ийн захирал ******* нь 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, улмаар 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгч *******ын хамт зөрчлийн хэрэг шалгасан материалтай танилцсан юм.
- ******* ХХК нь 2014 онд мах, махан бүтээгдэхүүн борлуулах, худалдаа хийх чиглэлээр байгуулагдсан ба 2019 оноос мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, бэлтгэн гаргах зэрэг үйл ажиллагаа өргөжүүлж үйлдвэр, цех ажиллуулж эхэлсэнтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үүднээс үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн тус бүрт батлагдсан технологийн заавартай дотоод хяналтын журам тогтоож шаардлага хангасан дотоод хяналтын журамтай болсон ба одоо ч мөрдөж байгаа болно. Үүнээс хойш дотоод хяналтын журмыг үйл ажиллагаандаа тогтоон мөрдөж ажиллаж ирснийг тухайн үеийн мэргэжлийн хяналт, түүнчлэн Мал эмнэлгийн алба хэрэгжүүлж ажиллаж ирснийг мэдэж байгаа.
- Гэтэл Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ******* нь манай компанийн зүгээс өөрсдөө шинжлүүлэхээр өгсөн бүтээгдэхүүнээс хэн нэгэн хүн, хуулийн этгээд гомдол гаргаагүй байхад сөрөг дээж илэрсэн гээд үүнийг өөрсдөө илрүүлсэн мэтээр төлөвлөгөөт бус шалгалт манай байгууллагад явуулж, дотоод хяналт шалгалтын журам байхгүй гэж өрөөсгөл дүгнэн торгуулийн шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0058951-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
- Хариуцагч Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн улсын байцаагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...тус гомдолд өөрсдөө шинжлүүлэхээр өгсөн бүтээгдэхүүнээс сөрөг дээж илэрсэн гээд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн гэсэн байгаа нь үндэслэлгүй бөгөөд тус аж ахуй нэгжийн худалдан борлуулахаар мал эмнэлгийн лабораторид шинжилгээнд хамруулсан гахайн махны дээжид итгэмжлэгдсэн лабораторийн 26-33 дугаар шинжилгээний дүнгийн хуудсаар хоолны хордлого үүсгэгч нян илэрч эерэг дүн үзүүлсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж болох нөхцөл байдал үүссэн тул мал эмнэлгийн газрын дарга, улсын ахлах байцаагчийн баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжаар хяналт шалгалтыг хийсэн.
- Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор газар дээрх хяналт шалгалтаар ******* ХХК нь дотоод хяналтын журмыг батлан мөрдүүлээгүй, тайлагналт байхгүй зөрчил илэрсэн нь Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам-ын 1-д заасан зорилго, 1.3-д заасан зохицуулалтыг тус тус зөрчсөн.
- Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад ******* ХХК-аас нотлох баримтаар дотоод аудитын журам баталсан тушаал, дотоод аудитоор илэрсэн үл тохирлыг арилгуулсан талаар тайлан ирүүлсэн нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрэм-ийн 2.1-д зааснаар тус байгууллагын санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шалгах бөгөөд дотоод хяналтын журмаас өөр болно.
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.44 дэх хэсэгт мал эмнэлгийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 6.6 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 6.15, 7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 7.19 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.4, 10.25, 10.27, 10.29, 11.2, 13.5, 13.9 дүгээр зүйл, 13.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэврийн арга хэмжээг авсан.
- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад тус байгууллагын эрх бүхий албан тушаалтныг мэдүүлэг авах зорилгоор 3 удаа дуудсан бөгөөд холбогдогчид эрх, үүргийг тайлбарлан өмгөөлөгчтэй оролцох, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг удирдах эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах эрх зэргийг тайлбарласан бөгөөд тус аж ахуй нэгжийн захирал ******* нь мэдүүлэг өгөхөөс татгалзсан, мөн өмгөөлөгч *******тай хамт ирж шийдвэртэй танилцах, хэргийн материалтай танилцах, гаргасан хүсэлтийг биелүүлэх, гомдол гаргах эрх нээлттэй зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийг эрхийг бүрэн хангасан болно.
- Иймд ******* ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
- ******* ХХК-ийн Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хуулийн дагуу үүссэн эсэх, хариуцагчийн үйл ажиллагаа буюу шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд тус тус дүгнэлт хийх учиртай.
- Гомдол гаргагч ******* ХХК хувьд 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлд хүргүүлж, худалдаа үйлчилгээ, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, авто сэлбэг, тос тосолгооны материал, тоног төхөөрөмжийн худалдаа, барилга, сантехникийн материалын худалдаа, гадаад худалдаа, цайны газар, газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гомдол гаргагчийг мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг гэдэгтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй тул тус хуулийн этгээдийн хуулийн дагуу мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх эрх хуулийн дагуу үүссэн гэж үзэхээр байна.
- Хариуцагчийн үйл ажиллагаа буюу 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0058951-20 дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх тухайд:
- Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ ...хариуцагч удирдамжийн дагуу ажиллагааг явуулсан атлаа Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан, хэн нэгэн хүн, хуулийн этгээдээс гомдол гаргаагүй, хохирол учруулаагүй, манай байгууллага дотоод хяналт шалгалтын удирдамжтай байсан гэж, хариуцагч түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулсан, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах эрх эрх бүхий албан тушаалтанд байгаа, хүн амын эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байсан гэж тус тус тайлбарлан маргасан.
- Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын дарга 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мал эмнэлгийн арга хэмжээ, хорио цээр, шилжилт хөдөлгөөн, эмийн хяналт, мал эмнэлгийн тасгийн хяналт хариуцсан мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч *******, Хүнсний нян судлал, мал эмнэлэг ариун цэвэр, магадлан шинжээч малын эмч ******* нарыг хамтран 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд мал эмнэлгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр хангалтгүй дүн үзүүлсэн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэн худалдаалж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, стандарт, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулахаар төлөвлөгөөт бус шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ******* ХХК-ийн Дархан сумын Өргөө багт байрлах Шидэт гэр ХХК-ийн объектод төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлгүүлэхээр 08-20-03/278/01 дүгээр хяналт шалгалтын удирдамжийг баталжээ.
- Үүний дагуу хариуцагч ******* 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хүнсний нян судлал, мал эмнэлэг ариун цэвэр, магадлан шинжээч малын эмч *******, үйлдвэрийн менежер н.Ариунжаргал нарыг байлцуулан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж, ...хяналтын журмыг батлуулаагүй, тайлагналт байхгүй, Эбо холдинг ХХК-аас гахайн мах татан авдаг, Биоскан ХХК-тай хамтран ажиллах гэрээтэй, халдваргүйжүүлэлтийг улирал тутам хийлгэдэг гэх нөхцөл байдлыг тогтоож, ...холбогдох заавар журмыг баримтлах, дотоод хяналтын журам батлуулах гэх байцаагчийн санал, дүгнэлтийг тусгасан шалгалтын тэмдэглэлтийг хөтөлсөн байна.
- Үүнээс хойш 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад дотоод хяналтын журам батлаагүй, тайлагнаагүй гэх зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдэж, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээх хүртэлх хугацаанд дээрх удирдамжийн хүрээнд шалгалтыг, тодруулбал, дотоод хяналтын журамтай эсэхийг тодруулах, тухайн баримтыг ирүүлэх талаар гомдол гаргагчийн төлөөлөгчөөс шаардах, ирүүлсэн баримтыг авах, гахайн махны дээжид гэдэсний бүлгийн хоолны хордлого үүсгэгч нян илэрсэн шалтгаан нөхцөлийг тогтоохоор хэд хэдэн удаа дээж, арчидас авсан, төмөр хөрөөг лацдах зэрэг ажиллагааг хийсэн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид хяналт шалгалтын байгууллага гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна, 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана, 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ, 5.9-т Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана:, 5.9.1-д шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал;, 5.9.2-т улсын байцаагчийн санал, дүгнэлт;, 5.9.3-д шалгуулагч этгээдийн санал, хүсэлт, 5.11-д Улсын байцаагч шалгалтын тэмдэглэл болон үр дүнгийн талаар дээд шатны улсын байцаагчид тухайн шалгалт дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулна., 5.13-д Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана гэж тус тус заажээ.
- Дээрх хуулийн зохицуулалтаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага удирдамжийн дагуу хийх бөгөөд хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, санал, дүгнэлт, шалгуулагч этгээдийн санал, хүсэлтийг тусгасан тэмдэглэл үйлдэх ба тухайн шалгалт дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор дээд шатны улсын байцаагчид авсан арга хэмжээний талаар танилцуулах үүрэгтэй төдийгүй шалгуулагч шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн авсан арга хэмжээг дээд шатны улсын байцаагч хүчингүй болгох эрхийг эдлэхээр хуульчилжээ.
- Гэтэл хариуцагч дээд шатны улсын байцаагч буюу Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулсан боловч тухайн удирдамжид заасан хугацааг баримтлаагүй, мөн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн тэмдэглэлд ...холбогдох заавар журмыг баримтлах, дотоод хяналтын журам батлуулах гэх байцаагчийн санал, дүгнэлтийг гаргасан боловч удирдамжид заасны дагуу илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй төдийгүй дээд шатны улсын байцаагчид хуулиар олгосон эрхээ эдлэх боломжийг олгоогүй байна.
- Гэвч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12-т хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:, 1.1 дэх заалтад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:, 2.4 дэх заалтад зөрчлийн хэрэг нээх гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахаар хуульчилсаны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зөрчлийн шинжтэй үйлдэл ирүүлсэн тухай тэмдэглэж, 2618000247 дугаартай зөрчлийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллаагаг явуулсныг буруутгах боломжгүй юм.
- Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд:, 1.2 дахь заалтад дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу хариуцагч 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 0058951-20 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч хуулийн этгээдийг дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрх бүхий албан тушаалтан байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотойгоос бусад мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болох бөгөөд хэдийгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийг төлөөлөх эрх бүхий этгээд байгаагүй, тухайн хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч холбогдох баримт бичгийг гарган өгөөгүй боловч хэрэгт авагдсан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, ******* ХХК-ийн захирлын тушаалууд, дотоод хяналт шинжилгээ үнэлгээний журам, дотоод аудитын журам, дотоод аудитын 2025 оны тайлангууд, Арцад алтайн уулс ХХК-ийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...ISO 9001:2015 ЧМТ-ны олон улсын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд манай байгууллагын хэрэгжүүлэх ёстой маш олон журмын хэрэгжилтэд хяналт тавих дотоод аудитын журмын баталсан бөгөөд үүнд дотоод хяналтын журам багтаад хэрэгжиж байгаа гэх тайлбар, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 10-02-041/115, 2019 оны 10-02-007/173, 2021 оны 10-02-041/185 дугаар дүгнэлтүүд, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 4520070001 дүгээр шалгалтын тэмдэглэл, 2024 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийг шалгах хяналтын хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар гомдол гаргагчийг дотоод хяналт шалгалтын журам тогтоомж мөрдүүлээгүй зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байна.
- Хариуцагч шүүх хуралдаанд ...шалгалт явуулах үед тухайн дотоод хяналтын журам байгаагүй, гаргаж өгсөн баримтууд нь дотоод аудитын журам байсан бөгөөд энэ нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 1.1-д зааснаар санхүүгийн хяналт шалгалттай холбоотой гэх тайлбарыг гаргасан бөгөөд Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам-ын 1.5-д Энэхүү журмын 1.4-т зааснаас бусад тохиолдолд Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-ыг тухайн байгууллага, аж ахуйн нэгж өөрөө баталж мөрдөнө гэж зааснаар аж ахуй нэгж, байгууллага дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг өөрөө батлах ба жил бүр тухайн журмыг батлах талаар зохицуулаагүй тул дээрх бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдол гаргагч хуулийн этгээдийг дотоод хяналт шалгалтын журамгүй байсан гэж үзэхгүй юм.
- Мөн Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дотоод аудитын дүрэм нь төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч бүрийн дотоод аудитын хүрээний үйл ажиллагааны зорилго, хамрах хүрээ, зарчим, зохион байгуулалт, дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрх, үүргийг тодорхойлж, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах, хөндлөнгийн аудитын байгууллагатай хамтарч ажиллахтай холбогдох харилцааг зохицуулсан, тодруулбал дотоод аудитын дүрэм нь хүн, хуулийн этгээдэд бус төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч нарт хамааралтай гэж үзэх төдийгүй, ******* ХХК дотоод хяналтын журмаа багтаасан дотоод аудитын журам гэх нэртэйгээр бүх журмын хэрэгжилтыг хянан шалгаж байгааг буруутгаж, дотоод аудитын журам зөвхөн санхүүгийн асуудлыг шалгах ёстой гэж үзэх боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
- Иймд дээрх бүхнээс дүгнэн үзэхэд хариуцагчийн үйл ажиллагаа буюу 2026 оны 0058951-20 дугаар шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байх бөгөөд үүний улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Арцад алтайн уулс ХХК-ийн шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэлээ.
- Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор маргаж буй Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч *******гийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн 0058951-20 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болох бөгөөд ******* ХХК нь тухайн шийтгэлийн хуудсаар оногдуулсан 1 000 000 төгрөгийн торгох шийтгэлийг төлөхгүй ба эрх бүхий албан тушаалтан холбогдох мэдээллийн системд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон талаарх мэдээллийг оруулахыг үүргийг хүлээнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан ******* ХХК-ийн Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч *******гийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн 0058951-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулах ******* ХХК-д олгосугай.
- Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлалыг Үндэслэх хэсгийн 6-д заасан болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ