| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2015/1017/Э |
| Дугаар | 390 |
| Огноо | 2018-05-22 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Урангуа,
Улсын яллагч Н.Мөнхцэцэг,
Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халтар овогт Батсайханы Дд холбогдох эрүүгийн 1802001950106 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, төрсөн ах, бэр эгч, тэдний 2 хүүхэд, эмээ нарынхаа хамтаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 70 дугаар байрны 14 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, Халтар овогт Батсайханы Д /РД: ............./
Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:
Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг дэвсгэрээс НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянгол дүүргийн 3 дугаар хороо 70 дугаар байрны урд байрлах грашнуудын дунд хууль бусаар хадгалж, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн орчимд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 4 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “2016 онд тэнд өвс ургадаг талаар мэдсэн. 2017 оны 8 дугаар сард ганцаараа Зүүнхараа ороод замын хажуу талд ургасан өвснөөс 1 бутыг авсан. Хотод ирээд яаж хэрэглэхээ мэдэхгүй гэрийн хажуу талын грашинд нуусан. Шинэ жилээр хэрэглэж үзэхэд надад нөлөөлөөгүй тул дахин хэрэглээгүй. 4 дүгээр сарын 04-ний өдөр үлдсэн өвсөө хэрэглэж үзсэн ба найз Идэрмөнхөд хэрэглэсэн талаар ярьсан ба нөлөөлөхгүй байна гэж хэлсэн. Тэр өдөр цагдаад баригдсан” гэв.
Гэрч Б.Билгүүн: “...Д надад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон талаараа хэлсэн ба би учрыг тодруулан асуухад сонирхолдоо хөтлөгдөөд хэргэлсэн гэж хэлсэн. Би уг яриаг нь анх сонсоод их гайхсан ба дүү маань ийм төрлийн зүйл хэрэглэх хүүхэд биш юмсан. Миний санаанд бууж өгөхгүй байгаа юм...” /хх 25-26/
Гэрч А.Идэрмөнх: “...Би Дтэй хамгийн сүүлд өчигдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн үед 10 дугаар хорооллын Алейка гэх байрны гадаа уулзсан юм. Д нь 17 цаг өнгөрч байхад надруу залгаад чи машинтай явж байна уу хамт тээврийн товчоо орж заал захиалъя гэсэн юм. Тэгээд би Дий Алейка гэх байрны гадаанаас аваад 25 дугаар эмийн сангийн урдуур төв замаар тээврийн товчооруу явж байх замдаа тамхи татмаар санагдаад төмөр замын арктай шар байранд байдаг дэлгүүрийн гадаа очоод бид хоёр машинаас буугаад би дэлгүүр ороод тамхи аваад ирье гэхэд Д би тэгвэл Гомбо ахтай уулзаад ирье гэсэн юм. Гомбо ах гэдэг нь Арктай шар байранд “Брэнд шоп” гэх хувцасны дэлгүүр ажиллуулдаг ах байдаг юм. Ер нь бол бид хоёр багаасаа төмөр замд өссөн учир төмөр зам ойр орчимыг дэлгүүр цайны газрыг эздийг таньдаг юм. Тэгээд би дэлгүүр орчоод тамхи, ундаа аваад машин дээрээ иртэл Д ирээгүй байсан тул хэсэг хугацаанд хүлээж байгаад ирэхгүй болохоор нь Брэнд шоп дэлгүүр орон Гомбо ахтай уулзан та Дийг харав уу таньтай уулзана гээд явсан гэхэд Гомбо ах сая Дийн цагдаагаас явж байна гээд 5 хүн ирээд бариад аваад явсан гэсэн. ...Би Дд хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл өгөөгүй..../ хх 27-28/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3969 дугаартай дүгнэлт, гэрэл зураг: 1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2.3. Ирүүлсэн №1 гэж дугаарласан цэнхэр өнгийн цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. АК2734931 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, 4 ширхэг цэнхэр өнгийн капсултай эм мэт зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэжээ. /хав 30,31-32 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3970 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг: 1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2.3 “Д” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол //-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. /хав 35, 36 хуу/
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 5-6, 7-9/
Хүний биед эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 10, 11-12/
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 13-14/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх 17, 18/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 43-44/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг дэвсгэрээс НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянгол дүүргийн 3 дугаар хороо 70 дугаар байрны урд байрлах грашнуудын дунд хууль бусаар хадгалж, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн орчимд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 4 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ хадгалсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Билгүүн /хх 25-26/, А.Идэрмөнх /хх 27-28/ нарын мэдүүлэг, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 5-6, 7-9/, хүний биед эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 10, 11-12/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 13-14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх 17, 18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3969 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хав 30,31-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3970 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хав 35, 36/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 43-44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 63/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Дийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдсэн хэргээ шудрагаар хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн цэнхэр өнгийн уутны хамтаар 4 грамм жинтэй хатаасан өвсийг устгуулахаар шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах” орон тооны бус комисст хүргүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.
Шүүгдэгч Б.Дд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халтар овогт Батсайханы Дийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Дийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг Б.Дд анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн цэнхэр өнгийн уутны хамтаар 4 грамм жинтэй хатаасан өвсийг устгуулахаар тус шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах” орон тооны бус комисст хүргүүлсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсогсоноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ