Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар   2024/ДШМ/888

 

 

 

 

 

 

 

2024              08              08                                       2024/ДШМ/888

 

 

             Б.О, С.Н, А.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

яллагдагч Б.О-ын өмгөөлөгч Х.Г, П.Г,

яллагдагч С.Н-ийн өмгөөлөгч О.А, З.Х,

яллагдагч А.Э,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/947 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.О, С.Н, А.Э нарт холбогдох эрүүгийн 1808053640578 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Г овгийн Б.О, 1962 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “У” ХХК, “А” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн … дугаар хороо, О хотхоны …. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:……………………/,

2. Г овгийн С.Н, 1984 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “А” ХХК-д гүйцэтгэх захирал, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн … дугаар хороо, … дугаар байр … тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:…………………/,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгүүлсэн,

3. Ө овгийн А.З, 1980 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн … дугаар хороо, Н-ийн … дугаар байрны … тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:………………./, 

1. 2017 оны 11 дүгээр сар, 2018 оны 2, 5, 7 дугаар саруудад үргэлжилсэн үйлдлээр иргэн Н.М-ийг Баянзүрх дүүргийн Ө хотхоны … дугаар байрны … давхрын … тоотод байх 47,89 м.кв байрыг худалдана гэж хуурч залилан нийт 50.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн … дүгээр хороо, нарны зам … байрны … дугаар орц, … давхарт … тоотод байршилтай 47.38 м.кв талбайтай орон сууцыг П.С-т зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан давхардуулан зарж, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр П.С-аас 53.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

            2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн К.Г-д Баянзүрх дүүргийн … дүгээр хороо, Ө хотхоны ….. тоот байрыг зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар Сонгинохайрхан дүүргийн …. дугаар хороо, С хороололд байрлах ХААН банкны АТМ-ээс 5024………….. данс руу 25.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн 2018 оны 4 дүгээр сарын 03-наас 2018 оны 9 дүгээр сарын 03 хүртэл нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хувь лизинг гэж итгүүлэн 4.170.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 29.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 30, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр иргэн Ц.А-нд Баянзүрх дүүргийн … дүгээр хороо, Ө хотхон … байрны … тоот байрыг өөрийн байр гэж итгүүлэн 50.000.000 төгрөгөөр худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 50.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Б.А-д Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Ө хотхон байрны тоот байрыг худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Б.А-аас 20.000.000 шилжүүлэн авч хохирол учруулсан,

            2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Б-д Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Ө хотхоны байрны тоот 3 өрөө 84 м.кв орон сууцыг 84.000.000 төгрөгөөр худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 84.000.000 төгрөгийг залилан авч ноцтой, их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.Э-д Хан-Уул дүүргийн дугаар хороо, В таун …. дүгээр байрны тоот 70 м.кв хоёр өрөө байрыг 90 сая төгрөгөөр худалдахаар тохиролцон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдчилгаа болох 50.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн ХААН банкны 5024…………. тоот дансанд шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Е-д Тэмүүлэл хотхонд байр худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 38.000.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан,

            2018 оны 9 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Э” ХХК-ийн захирал Ц.М-тэй 17.814.000 төгрөгийн бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрийг барилгын хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт Б.С-р 720 м.кв шугаман суурийн 16.800.000 төгрөгийн ажил хийлгээд төлбөрийг барилгын хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн …. дугаар хороо, Гурвалжин барилгын материалын төвд иргэн Э.Б-өөс 16.440.000 төгрөгийн бараа материалыг “Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн аманд баригдаж байгаа Энхжин нэртэй хотхонд хүргүүлж очоод бараа материалаа хүлээн авч буусны дараа материалын мөнгө өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөртөө шилжүүлэн авч иргэн Э.Б-д 16.440.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Э” хотхоны дугаар байрны тоот 38 м.кв байрыг иргэн Б.Б-т худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 50.000.000 төгрөг авч их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 12 сарын эхээр Сүхбаатар дүүргийн дугаар хороо, …… тоотод оршин суух Т.Б-ын Баянзүрх дүүргийн дугаар хороо, Х ХХК-ийн хашаанд байх агуулахаас 13.058.000 төгрөгийн үнэ бүхий барилгын замаскийг байрны бартер хийнэ гэж авч мөнгийг нь өгөлгүй залилсан, 

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт З.Т-өөс 125 м.куб бетон авч барилгын зардлын мөнгө болох 17.950.000 төгрөгийг барилгын хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 17.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч А.Э-той бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Н.Б-г Баянгол дүүргийн …-р хороо, Т хотхоны …. байрны давхарт тоот 51.5 мкв байрыг урьдчилгаа 35 сая төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг нь 60 сарын хугацаатай хувь лизинг хийж болно гэж итгүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдчилгаа 35.000.000 төгрөгийг залилан авч 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 

Яллагдагч С.Н-тэй бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт “У” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас арматур оруулж ирдэг” гэж хуурч “С” ХХК-ийн захирал Б.Э-тай Армартур нийлүүлэх гэрээ байгуулж буюу гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ж.С-ийн өмчлөлийн 305.725.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн дүгээр хороо, С …. байр тоот 105 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээ байгуулах нэрийдлээр иргэн Ч.Р-ын нэр дээр итгэмжлэл хийлгүүлэн шилжүүлэн авч залилан бусдад нийт 846.957.000 төгрөгийн буюу ноцтой, их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

2/ Яллагдагч А.Э нь Б.О-тай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Н.Б-г Баянгол дүүргийн -р хороо, Т хотхоны байрны давхарт тоот 51.5 мкв байрыг урьдчилгаа 35.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг нь 60 сарын хугацаатай хувь лизинг хийж болно гэж итгүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдчилгаа 35.000.000 төгрөгийг залилан авч 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3/ Яллагдагч С.Н нь Б.О-тай бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт "У" ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас арматур оруулж ирдэг гэж хуурч "С" ХХК-ийн захирал Б.Э-тай Арматур нийлүүлэх гэрээ байгуулж буюу гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ж.С-ийн өмчлөлийн 305.725.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн дүгээр хороо, С …. байр тоот 105 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээ байгуулах нэрийдлээр иргэн Ч.Р-ын нэр дээр итгэмжлэл хийлгүүлэн шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан,

Ганцаараа 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Г-д Хово маркийн тээврийн хэрэгсэл хямд үнээр худалдана гэж худал хэлж зохиомол зүйлийг зориуд бий болгоод өөрийн Хаан банкны 5069…………… тоот дансаар 9.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Г.А-д 38.. улсын дугаартай Ниссан Патрол маркийн автомашиныг 170 сая төгрөгт бартер хийж, арматур төмөр нийлүүлнэ гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж хуурч мэхлэн Ниссан патрол маркийн автомашиныг бусдад 107.000.000 төгрөгөөр зарж 170.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан,

            2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Э.Г-д G500 маркийн автомашиныг 550.000.000 төгрөгөнд бартер хийж арматур төмөр нийлүүлнэ бодит байдпыг нууж төөрөгдөлд оруулж хуурч мэхлэн Ниссан патрол маркийн автомашиныг бусдад 370.000.000 төгрөгөөр зарж 550.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан,

            2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим өөрийн М фейсбүүк хаягаас Кран эзэмшигчдийн нэгдсэн групп-д 25 тонны даацтай Зүүмлойн маркийн авто кранн хямд худалдан борлуулна..." гэх зар тавьж бусдад худалдах кранн байхгүй байхад хохирогч С.С-ыг төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн ХААН банкны 5069……… дугаарын дансаар 50.000.000 төгрөг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан,

 Бусдад худалдах арматур төмөр байхгүй байхад зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж “В” ХХК-д 31.414 тонн арматур төмрийг бартерт оролцуулан 87.959.200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож улмаар 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “В” ХХК-аас “А” ХХК-ийн Голомт банкны 1405…………… тоот дансаар 40.000.000 төгрөг 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “В” ХХК- аас “А” ХХК-ийн Голомт банкны 1405………… тоот дансаар 7.959.200 төгрөг шилжүүлэн авч хохирогчоос нийт 47.959.200 төгрөгийг шилжүүлэн авахдаа гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилго сэдэлтээр үйлдлээ хэрэгжүүлж бусдад 47.959.200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн дугаар хороонд байрлах Нисдэг машин төв дотор иргэн Г.Т-нд "Арматур төмөр нийлүүлнэ" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бартерт нь хохирогч Г.Т-ийн эзэмшилд байх улсын дугааргүй Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг С.О-ийн нэр дээр шилжүүлэн авч 24.450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Найман шарга төв дээр иргэн Т.З-аас Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хямд цемент оруулж ирж нийлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хуурч, 360 тонн цементийн урьдчилгаа мөнгө 32,362,900 төгрөг буюу 10,000 ам долларыг бэлнээр, 9,660,000 төгрөгийг Э-ийн Хаан банкны данснаас өөрийн данс руу шилжүүлэн авч, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн зардалд 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Фейсбүүк, цахим хэрэгслийн “Цемент нэгдсэн зар” гэх группт тавигдсан зарын дагуу худалдан авах ажиллагааг зуучилж буй Д.Б-т 100 тонн цемент зах зээлийн үнээс хямдаар зарах буюу нэг тонн цементийг 370.000 төгрөгөөр зарна, эхний ээлжинд 49.8 тонн цемент ачсан байна гэж өөрт байхгүй зүйлийг амлах хэлбэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Хан-Уул дуургийн дүгээр хороо, Хүннү молл худалдааны төвд байхдаа Д.Б-ийн 17.178.000 төгрөгийг 5069001894 дугаарын дансаар шилжүүлэн авч залилж, хохирогч М.Б-д хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дуургийн дугаар хороо айлд байрлах Хаан банкны ард талын нотариат дотор хохирогч А.Ч-д ”Zoomilion 5/31“ маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн краныг худалдахаар тохирч, улмаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан хуурч, Хаан банкны 5069…………. тоот дансаар 8 удаагийн гүйлгээгээр нийт 40.000.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан

2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн дугээр хорооны нутаг дэвсгэрт Алтайн гудамжны тоотод хохирогч Ц.Х-тай 20,1 тонн арматур төмрийг тонн тутмын үнийг 2.700.000 төгрөгөөр нийт 54.270.000 төгрөгөөр бусдад худалдаж өгөхөөр тохиролцож, улмаар 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 12,5 тонн төмрийг М.Б-д өгөх ёстой 30.000.000 төгрөгийн өрөнд тооцож өгсөн, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 7,6 тонн арматур төмрийг Ц.А гэх хүнд тонн тутмыг 2.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон шилжүүлэн өгч хохирогч Ц.Х-аас нийт 20,1 тонн арматур төмрийг авч нийт 48.843.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр фэйсбүүкэд ”цемент бааз зарна” гэх зар байршуулж уг зарын дагуу холбогдон Сүхбаатар дүүргийн дүгээр хороо П үйлчилгээний төвийн тоот өреенд хохирогч Э.Ү-нд ”цемент бааз” худалдах талаар өөрт байхгүй эд зүйлсийг байгаа мэтээр ойлгуулан, худалдах талаар хэлэлцэн тохиролцож …. дугаартай ”Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулж улмаар урьдчилгаа болон тээврийн хэрэгслийг авч ирэх замын зардал гэх мэтээр хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Ү-оос бэлнээр 1.500.000 төгрөг, Хаан банк ХХК дахь өөрийн 5069……… тоот дансаар 4 удаагийн шилжүүлгээр 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогчид нийт 11.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О төвийн …. тоотод үйл ажиллагаа явуулдаг ”Э” ХХК-ийн захирал Т.Г-т арматурын төмөр нийлүүлнэ гэж итгүүлэн хуурч, тус компаний оффисоос нягтлан Г.Б-ийн шилжүүлсэн 200.216.400 төгрөгийг өөрийн ”А “ ХХК-ны 1405..... дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан,

2023    оны 09 дугээр сарын 13-ны өдөр ”Armotur hudaldaa tumor hudaldaa” гэх фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан ”А” ХХК-н ажилтан Б.Б-тай холбогдон “арматур төмөр худалдана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар Баянзүрх дүүргийн дугаар хороо П худалдааны төвийн давхарт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас ажилтан Б.Б-ын шилжүүлсэн 116.618.000 төгрөгийг Хаан банкны 5166………….., 5114……………….. тоот данснуудаар дамжуулан шунахайн сэдэлтээр авч бусдад их Хэмжээний хохирол учруулан залилсан,

2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дуургийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Б.О-тай 100.000.000 төгрөгийн үнэ бүхий барилгын арматур төмөрөөр солихоор тохиролцон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний өмчлөлийн ….. УЕВ улсын дугаартай “К “ маркийн автомашиныг өөрт шилжүүлэн авч 91.875.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

            Кибер орчин, интернет сүлжээнд ”барилгын материал, арматур төмөр худалдана” гэх утгатай хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Баянзүрх дүүргийн дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Т “ ХХК-ий гүйцэтгэх захирал Ц.Б-тай 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ”Худалдах худалдан авах” гэрээг байгуулж гэрээнд тусгагдсаны дагуу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 435 тонн арматур төмрийг нийлүүлнэ гэж итгэл төрүүлэн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ”Голомт" банк дахь 1405……….. дугаарын дансаар 8.661.500 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр банк дахь өөрийн эзэмшлийн 5069............. дугаарын дансаар 55.000.000 төгрөг, хохирогчоос нийт 63.661.500 төгрөгийг Баянзүрх дүүргийн дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах компаний оффиссоос шилжүүлүүлэн хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад ноцтой их хэмжээний хохирол учруулж залилж, бусдад нийт 1.794.049.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, А.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн1, С.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас яллагдагч Б.О, С.Н, А.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг “шүүх хуралдаанаар гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Б.О нь хохирогч Л.Е, Д.Г, Д.Б, П.С нарыг залилахдаа яллагдагч А.Э-той, хохирогч Л.Б-г залилахдаа яллагдагч С.Н-тэй бүлэглэсэн, тухайн хохирогч нар анх А.Э, С.Н нартай тэдний орон байр зарах сурталчилгаа, харилцах утасны дугаар, цахим хэрэгслээр холбогдож мэдээлэл авсан, уулзаж ярилцсан, улмаар А.Э, С.Н нар тухайн хохирогч нарыг Б.О-тай уулзуулсан, үүний дараа тэд мөнгөө Б.О удаа дараа өгсөн, шилжүүлсэн зэрэг баримт, сэлт мэдээлэл авагдсан байхад залилах гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл оролцоог орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Б.О нь А.Э-той бүлэглэсэн, Б.О нь С.Н-тэй бүлэглэсэн, А.Э, С.Н нар Б.О-тай бүлэглэж бусдыг залилсан тус тусын үйлдэл оролцоог зөв тодорхойлох зайлшгүй шаардлагатайгаас гадна хэн хэн, хэдэн иргэнийг ганцаараа болон бүлэглэсэн хэдэн удаагийн гэмт үйлдлээр нийт ямар хэмжээний төгрөг, эд хөрөнгийг залилан авсан гэх тухайн тохиолдолд яллагдагчийн амьдралын эх сурвалж, чанарт нөлөөлөх чадамж, түвшин хийгээд тэдгээр нь ямар хэмжээний мөнгийг өөрийн өмч адил захиран зарцуулсан нөхцөл байдал зэрэгт ”байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр” болгосон эсэх, хэргийн зүйлчлэл тохирч буй эсэхэд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зуйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ”шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэсэн хэргийг прокурорт буцаах хуулийн үндэслэл болж байна. Нөгөөтэйгүүр хяналтын прокурорын яллах дүгнэлт нь яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн талаархи хамгийн товч, тодорхой, ойлгомжтой, хөдөлбөргүй нотлох баримт дурдсан “толь” мөн болохын хувьд яллагдагч нарын үйлдэл холбогдолыг цаг хугацааны дарааллаар эрэмбэлэн эмх цэгцтэйгээр бичвэл зохино.

Шүүхээс яллагдагч Б.О, С.Н, А.Э нарт холбогдох хэргийг дээрхи үндэслэлээр прокурорт буцаасан тул хэргийн оролцогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүсэлт гомдлоо гаргаж болохын хувьд санал хусэлтүүдээ мөрдөгч, прокурорт гаргаж шийдвэрлүүлбэл зохино гэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.О С.Н А.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

            Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон бичгийн баримтуудаар яллагдагч А.Э нь “У” ХХК-нд борлуулалтын менежер хийж байхдаа яллагдагч А.О-нд хохирогч нарыг холбож зуучилж өгсөн байх боловч дээрх хохирогч нарын мөнгийг өөртөө аваагүй, захиран зарцуулаагүй, өөртөө авах санаа зорилгыг агуулаагүй, Б.О-ын хохирогч нартай ямар гэрээ хэлцэл хийсэн талаар мэдээгүй, Б.О-тай хохирогч Л.Е, Д.Г, Д.Б, П.С нарыг идэвхтэй үйлдлээр хуурч гэрээ байгуулах замаар мөнгийг нь шилжүүлэн авсан үйлдэл нь шууд Б.Од хамаатай байх тул яллагдагч А.Э-ыг яллагдагч Б.О-тай бүлэглэн залилж дээрх нэр бүхий хохирогч нарыг залилсан гэж үзэх үндэслэлгүй өөрөөр хэлбэл борлуулалтын менежер гэх ажлыг хийж гүйцэтгэж байхдаа Б.О-тай зуучилж өгснөөс өөрөөр ятгасан, хуурсан, хохирогчийн эд зүйлийг нь өөртөө шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байхгүй, хохирогч нарыг уулзуулснаас хойш яллагдагч Б.О-тай дээрх нэр бүхий хохирогч нар нь ямар тохироо хийж, гэрээ байгуулж, хэдэн төгрөг авсан талаар огт мэдэхгүй, түүнээс ашиг аваагүй юм. Хохирогч Л.Б-ийн “Би С.Н-дмөнгө өгөөгүй, орон сууц захиалгын гэрээг Б.О-тай байгуулсан, орон сууц захиалгын төлбөр болох 84.0 төгрөгийг Б.О бэлнээр өгсөн. Намайг орон сууцны захиалга өгөхийг нэг их ятгасан зүйл байхгүй. Оюун гэдэг хүнтэй уулзахад Өгөөмөр хотхоны заслын ажлыг хийгээд оронд нь байр авсан түүнийгээ зараад ажилчдын цалин хөлс өгөх гээд 1 мкв-г 1.000.000 төгрөгөөр буюу 84 мкв-г 84.000.000 төгрөгөөр зарахаар тохирч Сонгинохайрханы нотариатч дээр очиж мөнгө шилжүүлсэн гэрээ хийгээд Баянгол дүүргийн өргөө кинотеатрын Хаан банкин дээр очиж 5134………… данснаас 5 удаагийн үйлдлээр 84.000.000 төгрөгийг шилжүүлсэн” /28-р хх 151/ гэсэн мэдүүлгийг өгсөн. “Б.Б-гаас Б.О Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Ө хотхон байрны дугаар орц, давхар тоотыг худалдан авсан 84.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай хэлцэл /5-р хх 98/, Депозит дансны хуулга /15-р хх 100/ зэрэг баримтууд авагдсан.

Яллагдагч Б.О нь Баянзүрх дүүргийн Ө хотхоны байрны төсөлд туслан гүйцэтгэгчээр орж ажиллаж байсныг гэрч Г.Г “Б.О нь 2017 онд манай М ХХК-тай буюу надтай гэрээ хийж Ө хотхоны байрны ажилд гүйцэтгэгч компаниар орж ажилласан” гэж мэдүүлсэн. Хохирогч Л.Б “Анхнаасаа ээж, охин гэдгээ хэлээгүй. С.Н, Оюун нар булэглэн зохион байгуулалтай залилсан гэж бодож байна. С.Н нь анхнаасаа ээжтэйгээ нийлж надаас мөнгө авах бодолтой байсан гэж бодож байгаа” гэж мэдүүлсэн. Яллагдагч С.Н нь яллагдагч Б.О-ыг Баянзүрх дүүрэгт байрлах Ө …………… байранд туслан гүйцэтгэгчээр орж, ажлын гүйцэтгэлд авахаар тохироо хийснийг мэддэг байсан, энэхүү төслөөс байр бартерт авахаар үндсэн гүйцэтгэгч компанитай тохиролцож, гэрээ байгуулсан байсан нь бодитой энэ нь гэрч Г.Г-ийн мэдүүлгээр тогтоогддог, яллагдагч С.Н нь хохирогч Б.Б-г хэдийгээр яллагдагч Б.О-тай уулзуулсан боловч хохирогч Б.Б, яллагдагч Б.О нарын хооронд уг төслийн барилгаас аль тоот дугаартай байрыг худалдан авахаар тохиролцсон буюу ямар тохироо хийж, хэдэн төгрөг өгөх, авах талаар яриа өгүүлэл болсон, яаж хуурсан талаар мэдэхгуй, гэрээ хийх үед нь С.Н хамт яваагүй, дансаараа мөнгө аваагүй, яллагдагч Б.О нь дангаараа хуурах үйлдэлд нь идэвхтэй оролцоогүй, хохирогч мэдүүлэгтээ яллагдагч С.Н, яллагдагч Б.О нар нь ”Анхнаасаа ээж, охин гэдгээ хэлээгүй, би бүлэглэн залилсан гэж бодож байна" гэж бодлоо л мэдүүлсэн, яллагдагч С.Н-ийг хохирогч Б.Б-д Ө хотхоны …. тоот байрыг худалдахаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 84.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт шууд хамтран оролцсон гэж дүгнэх хууль зуйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугээр зүйлийн 1-д ”Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ" гэж хуульчилсан. Хохирогч Б.Б нь мэдүүлэгтээ “яллагдагч С.Н дамжуулан яллагдагч Б.О-тай уулзсан талаар л мэдүүлсэн болохоос яллагдагч С.Н нь тоот байрыг зарах гэж байгаа гэж өөрийг хуурсан талаар огт мэдүүлээгүй, өөрөөр хэлбэл яллагдагч С.Н, Б.О нар нь Ө хотхоны …. тоотыг зарахаар хохирогч Б.Б-г бүлэглэн хуурч, эд зүйлийг бүлэглэн залилсан гэж үзэх үндэслэлгүй, энэхүү үйлдэлдээ идэвхтэй үйлдлээр бүлэглэн санаатай нэгдэж, гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. Прокурорын хяналтын явцад хэргийн оролцогч нарын зүгээс прокурорын байгууллагын шат шатанд гаргаж байсан хүсэлт, гомдлуудыг тухайн бүрт нь хуулийн дагуу шийдвэрлэж хариуг өгч байсан, энэхүү хүсэлт, гомдол хариу мэдэгдэх хуудас, тогтоолууд хэрэгт хавсаргагдсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зуйлийн 2-д “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэсний дагуу хэргийн хохирогч Б.Б, Б.Н, Б.А, Ч.М, Н.Б,  Э.Ү, Г.Т, Т.Г, Д.Д, Ц.Х, Б.Б, Б.О, К.Г, Т.З, Э.Г, М.Н, Л.Е, Б.С, Н.О, Ө.Г, Д.Б, Н.Э, Ц.А, Н.М, Т.Б, С.С, яллагдагч Б.О, С.Н, А.Э нарт хэргийн материал танилцуулсан тэмдэглэлийг 30 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр талаас 87 дугаар талд хавсаргаж, шүүхэд шилжүүлсэн талаар мэдэгдсэн. Яллагдагч Б.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн З дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ял сонсгон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад түүний үйлдэл нь хохирогч Б.А, Н.М, П.С, К.Г, Ц.А, Б.А, Б.Б, Н.Э, Л.Е, Ц.М, Б.С, Э.Б, Б.Б, Т.Б, З.Т, Н.Б, Б.Э нараас эд зүйлийг нь залилсан гэх үйлдлүүд нь цаг хугацаа, давтамжийн хувьд байнгын гэх шинжийг хангахгүй байсан тул прокуророос 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн еренхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн /30-р хх 216/. Мөн яллагдагч С.Н-д Эрүүгийн хуулийн еренхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн З дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ял сонсгон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад түүний үйлдэл нь 2019 оны 6, 2021 оны 8, 9 сар, 2022 оны 6, 7, 9, 10 саруудад үйлдэгдсэн, 2023 оны 09 сард залилах гэмт хэргээ үйлдсэн, хохирогч нараас шүлжүүлэн авсан эд хөрөнгө, мөнгийг ахуйн хэрэгцээндээ буюу амьдралын хэрэгцээнд зарцуулж амьдралын эх үүсвэр болгосон болох нь хангалттай тогтоогдохгүй тул түүний үйлдлийг 2024 оны 04 дугээр сарын 10-ны өдөр сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн еренхий ангийн 3.7 дугаар зуйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн. /З0-р хх-ийн 210/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дугээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дугнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд хүсэлт, гомдлоор дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж зааснаар шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан.

Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан 17 асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж тодорхой заасан байхад шүүгч хэлэлцүүлэгт тухайн хэргийн үйл баримт, яллагдагч нарын үйлдсэн гэм буруутай тохирч байгаа эсэх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолоор сонсгосон ял үндэслэлтэй эсэх, прокурорын хэргийн зүйлчлэл зөв хийгдсэн эсэхийг хэлэлцэж шүүхээс хэргийн зүйлчлэл тохироогүй, прокуророос сонсгосон ялыг хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай гэж үзэн буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан ухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн, мөн шүүхийн шийдвэрийн нь үндэслэл нь “шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх” гэх заалтад агуулгын хувьд хамааралгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зарим холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ”Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн заалт шинээр нэмэгдсэн. Энэ хуулийн заалтыг тухайн хэргийн зүйлчлэл тохироогүй, сонсгосон ял, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол шүүхийн шатанд прокурорт даалгаж, хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэхээр зохицуулсан нь шүүгчийн захирамжинд тусгагдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаахгүй гэсэн үзэл санаа гэж ойлгож байна.

            Гэтэл шүүгч дээрх хуулийн зохицуулалтыг ”яллагдагчийн амьдралын сурвалж, чанарт нөлөөлөх чадамж, түвшин хийгээд тэдгээр нь ямар хэмжээний мөнгийг өөрийн өмч адил захиран зарцуулсан нөхцөл байдал зэрэгт “Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон эсэх, хэргийн зүйлчлэл тохирч буй эсэхэд үндэслэл бүхий эрх зуйн дүгнэлт хийх нь зуйтэй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийй захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийн хүрээнд 17 асуудлыг хэлэлцэх ёстой байтал шүүх хэргийн зүйлчлэл хийсэн нь гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасан. Гэтэл нотлох баримт шинжлэн судлаагүй атлаа гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн прокурорын шатанд яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, тогтоолдоо дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн талаарх асуудлыг авч хэлэлцсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас 2 өөр агуулга харагдаж байна. Өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг нотлох баримт шинжлэн судалсны дараа дүгнэлт хийнэ гэсэн атлаа прокурорын хувьд нотлох баримт шинжлэн судлахгүйгээр шууд гэм буруугийн асуудлыг дүгнэж, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй асуудлыг хэлэлцсэн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна...“ гэв.   

Яллагдагч Б.О-ын өмгөөлөгч Х.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль хэрэглээний хувьд зөрчилтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээг зөрчсөн гэсэн прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан 17 асуудлын хүрээнд хэргийн оролцогч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн боловч шүүх хүсэлтүүдийг яагаад хангаагүй талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хуульд заасан нөхцөлүүдээр амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 60 хүртэл хоногоор хойшлуулна. Гэтэл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж хууль зүйн дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн. Өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт гаргасан. Энэ хэрэгт анхнаас нь Б.О-ын өмгөөлөгчөөр оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчоор тогтоогдвол зохих этгээд тогтоогдоогүй. “С” ХХК-ийг хохирогчоор тогтоосон. Гэтэл маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь Ж.С-ийн өмчлөлд байдаг. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл хохирогчоор тогтоох ёстой байсан. Шүүхээс шийдвэр гарахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан хохирогчийн эрх зөрчигдөх асуудал яригдах тул зайлшгүй зөвтгөх шаардлагатай. “С” ХХК болон “У” ХХК-ийн хооронд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 150 тонн арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ бартерын гэрээнд Хан-Уул дүүргийн дүгээр хороонд байрлах орон сууцыг 241.500.000 төгрөгөөр тооцож өгсөн. Гэтэл энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоолгох хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Иймд хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж байна” гэв.

Яллагдагч Б.О-ын өмгөөлөгч П.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг зөв тооцож чадаагүй. Хохирогч нар “Загарсүрэн гэж хүний хэлснээр Б.О мөнгө өгсөн, Б.О мөнгийг ажилчдын цалин, хоол хүнсэнд тарааж өгсөн тул Загарсүрэнг хэрэгт татаж оролцуулах хүсэлтэй байна” гэсэн санал гаргадаг. Гэтэл Загарсүрэнг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Давж заалдах шатны шүүх энэ асуудалд дүгнэлт хийж өгнө үү” гэв. 

Яллагдагч С.Н-ийн өмгөөлөгч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх өмгөөлөгч нарын нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд шүүгчийн захирамжид прокурорт хүсэлт гаргаж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэх боломжтой талаар заасан агуулга харагддаг тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Учир нь, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтүүдээ анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж чадаагүй тул прокурорын шатанд хүсэлтүүдээ дахиж гаргах боломжтой гэж үзэж байна. Хохирогч Э.Г-ийн G500 маркийн автомашинтай холбоотой асуудалд Э.Г “G500 маркийн автомашины 550.000.000 төгрөгийг Нэргүй гэх хүн авсан” гэж мэдүүлсэн тул Нэргүй гэх хүнийг яллагдагчаар татуулах, яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзвэл иргэний хариуцагчаар татуулах хүсэлтийг бүх шатны прокурорт гаргасан боловч авч хэлэлцээгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөн энэ талаар ярьсан боловч шийдвэрлээгүй. Иймд тухайн хүсэлтээ дахин прокурорын шатанд гаргах тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч С.Н-ийн З.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хэлэлцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүх “өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хэлэлцэх нь зүйтэй” гэсэн заалтыг магадлалд тусгаж өгнө үү.

Хүсэлт гомдлыг хянан хэлэлцэж хангасан, эсвэл хангаагүй гэдэг шийдвэрийн аль нэгийг гаргаагүй хэрнээ “хүсэлт гомдлыг хангаагүй явдал нь гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Шүүгчийн захирамжийн Б.О нэр бүхий 4 хүнийг залилахдаа А.Э-той, хохирогч Б-г залилахдаа С.Н-тэй бүлэглэсэн гэх хэргийн үйл баримтын талаар нэмэлт мөрдөн шалгах ажилагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн хэсгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор эсэргүүцэлдээ олон баримт дурдаж, энэ асуудлыг бүхэлд нь шалгасан гэж байгаа боловч энэ нь зөвхөн яллах талын хэргийн үйл баримтад хийж буй дүгнэлт байна. Шүүгчийн захирамжийн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх талаар заасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Прокурорын хяналтын шатанд прокурор хэрэгт авагдсан баримт, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн байхад шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтад дүгнэлт хийж, хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн нь өмгөөлөгч нарын хүсэлтийг нотлох баримт шинжлэн судлаагүй байхад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна гэж дүгнэсэнтэй нь зөрчилдөж байх бөгөөд шүүх ойлгомжгүй, эсрэг дүгнэлтүүд хийсэн гэж үзэж байна. “С” ХХК-ийн цаана байсан өмчлөгчийг тогтоогоогүй. “С” ХХК нь хуулийн этгээдийн нэр, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн, мөн төлөөлөх эрхтэй этгээд өөрчлөгдсөн талаарх хүсэлтийг мөрдөгчид гаргаж байсан боловч энэ талаар ажиллагаа хийгээгүй. Мөрдөн байцаалтын шатанд С.Н дэлгэрэнгүй мэдүүлэг өгөхдөө хохирогч Э.Г-ийн мөнгийг Нэргүй гэх хүн авсан тул Нэргүй гэх хүнийг яллагдагчаар, эсвэл иргэний хариуцагчаар татуулах хүсэлтийг мэдүүлгийн тэмдэглэлд тусгах замаар гаргасан боловч энэ ажиллагаа хийгдээгүй тул бүхэлдээ буцааж байгаа шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч нарын гаргасан нэмэлт ажиллагаа хийлгэх талаар заалтыг оруулж, шүүгчийн захирамжид заасан бусад үндэслэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Яллагдагч А.Э тус шүүх хуралдаанд: “хэлэх тайлбаргүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэдшүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай” дараах үндэслэл байх тул хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Үүнд:

1. Хэргийн бодит байдлыг тогтооход нотолбол зохих зарим асуудлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн бус хийгдсэн байгааг зөвтгөх боломжгүй.   

1.1. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдох зарим үл хөдлөх хөрөнгө, тухайлбал, Хан-Уул дүүрэг, -р хороо, -р байрны тоот 105 мк талбай бүхий 3 өрөө байрны үнэлгээ нь илтэд зөрүүтэй тухайн тохиолдолд тусгай мэдлэгийн хүрээнд дахин үнэлгээ гаргуулах, түүнчлэн зөрүүтэй үнэлгээ гаргасан асуудлыг шалгах ажиллагаа хийхгүйгээр тусгай мэдлэгтэй мэтээр “их эсхүл бага үнэлгээ бүхий баримт”-ын аль нэгийг таамаглах байдлаар нотолгооны чадвартайд тооцох боломжгүй.  

Тухайлбал, тухайн орон сууцны үнэлгээний талаар 241.500.000 төгрөг, 276,500,000 төгрөг /8хх-48-50, 138, 208/, мөн 305.725.000 төгрөг /8хх-59-69/ зэрэг зөрүүтэй байдал илэрчээ.    

1.2. Тус хэрэгт иргэн Ж.С-ийн орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийн эрх зөрчигдсөн гэж үзэхүйц нөхцөл байдал үүссэн байхад Ж.С-г хохирогч, иргэний нэхэмжлэгч эсхүл бусад оролцогч эсэх талаар шалгаж тогтоогоогүйг зөвтгөх боломжгүй.   

Тухайлбал, яллах дүгнэлтэд, яллагдагч Б.О, С.Н нар бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн …. дугаар хорооны нутаг дэвсгэрт “У” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас арматур оруулж ирдэг” гэж хуурч “С” ХХК-ийн захирал Б.Э-тай армартур нийлүүлэх гэрээ байгуулж буюу гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ж.С-ийн өмчлөлийн 305.725.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн дүгээр хороо, C байр тоот 105 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээ байгуулах нэрийдлээр иргэн Ч.Р-ын нэр дээр итгэмжлэл хийлгүүлэн шилжүүлэн авч залилсан гэж бичигдсэнээс үзэхэд иргэн Ж.C-ийн эрх ашиг зөрчигдсөн эсэх талаар түүнээс мэдүүлэг авах, мөн холбогдох бусад баримтыг цуглуулж, бэхжүүлсний эцэст хамааралтай нотлох баримтуудыг бүрэн харьцуулан шалгахгүйгээр нэг талыг барих, эх сурвалж хангалтгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй.

            Тухайлбал, “С” ХХК-ийн захирал Б.Э нь Ж.С-тай ямар хэлцэл хийсэн нь тодорхойгүй, Б.Э, Б.Э нар нь Ж.С-тай ямар хамааралтайг тогтоогоогүй, тус хэрэгт “С” ХХК-ийн захирал Б.Э гэх баримт авагдсан бөгөөд тэрээр анх гомдол гаргасан /8хх-31-36, 43-44, 54/, С ямар байр суурьтай, сэдэлтэй эсэх нь тодорхойгүй /8хх-115-116/ зэргээс үзэхэд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийх шаардлага үүсчээ.      

1.3. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж (энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний бүх шинж)-ийг нотлох, гэмт хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох нь нотолбол зохих байдлын хүрээнд мөрдөгч, прокурорын хүлээх чиг үүрэгт хамааралтай.   

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 1.5, 32.10 дугаар зүйл зэрэгт заасан прокурорын хянан шалгах, шийдвэр гаргах чиг үүрэгт хамаарах үндэслэл, журмын утга агуулгаар тодорхойлогдоно.     

Яллах дүгнэлтээс үзэхэд яллагдагч Б.О нийт 16 удаагийн үйлдлээр бусдыг залилж нийт 866.957.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч С.Н нийт 16 удаагийн үйлдлээр нийт 1.794.049.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба /31хх-1-72/ тухайн яллагдагч нарт бусдад учруулсан их хэмжээний хохирлыг хэрхэн яаж зарцуулсан,  тэдний болон хамаарах бусад этгээд хооронд ямар хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн буюу орлого, зарлагын гүйлгээнд хамаарах баримтыг цуглуулж, бэхжүүлэх, бусад этгээдээс мэдүүлэг авах зэргээр бүрэн шалгаж тогтоосны эцэст “амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг зөв шийдвэрлэх шаардлагатай, харин амьдралын эх үүсвэрт хамааралтай гэдгийг үгүйсгэн няцаасан баримтыг бүрэн тогтоогоогүй атлаа зөвхөн яллагдагч нарын “эх сурвалжгүй мэдүүлэг”-т хөтлөгдөх боломжгүй.            

Прокурорын эсэргүүцэлд “...яллагдагч Б.О, С.Н нарын үйлдлүүд цаг хугацаа, давтамжийн хувьд байнгын гэх шинжийг хангахгүй...” гэсэн нь үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Яллах дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал, яллагдагч Б.О, С.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяалах шүүхэд хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн боловч тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 гэж зөрүүтэй бичигдсэн, яллаж байгаа гэмт хэргийн товч утга, агуулга хэсэгт Б.О гэж бичигдээгүй, мөн яллагдагч тус бүрийн дангаар болон бүлэглэн үйлдсэн үйлдлүүдийг нотолж буй гэх нотлох баримтуудыг тэдгээрийн дангаар болон хамтран үйлдсэн хэрэг тус бүрт хамаатуулан ялгаа заагтайгаар буюу төрөлжүүлж бус харин холимог байдлаар эмх замбараагүй бичсэн нь яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрийг нотлох баримтыг шүүгч, бусад зарим оролцогч нар өөрсдөө түүвэрлэн олж мэдэх, шалгах үүрэгтэй мэт ойлгомжгүй, төвөгтэй нөхцөл байдал үүсгэсэн зэргийг анхаарвал зохино.       

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн  5, 6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу прокурорт даалгавар өгөх хүрээнд “мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх” боломжгүй тул тухайн хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх асуудлыг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах үндэслэл, журмын хүрээнд шийдвэрлүүлэх  үндэслэлтэй болохыг тэмдэглэж байна.

Иймд прокурорын бичсэн “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/1120 дугаар захирамжийг хэвээр үлдээв.  

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн боловчт зарим алдаа гаргасныг дурдахад :     

Урьдчилсан хэлэлцүүлгийг “хэргийг прокурорт буцаах хүсэлтүүдийн дагуу” явуулсан  гэх атлаа нотлох баримт шинжлэн судлагдах боломжгүй тул хэлэлцэн шийдвэрлээгүй болно гэсэн нь буруу. Зүй нь хүсэлтүүдийг бүрэн эсхүл хэсэгчлэн хангах, хангахгүй талаарх үндэслэлээ тодорхой байдлаар дүгнэсэн байх нь хуульд нийцнэ.  

Мөн яллагдагч Б.О, С.Н, А.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ДШМ/784 дүгээр магадлалд заасан зарим шалгавал зохих асуудлыг /21хх-208-217/ хуулбарлан бичсэн нь учир дутагдалтай болжээ. Тухайн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанууд зохих ёсоор хийгдсэн байтал тухайн ажиллагаа гүйцэд эсэхийг бүрэн нягтлан шалгахгүйгээр бичигдсэнийг зөв хэмээн үзэхгүй.    

Нөгөө талаас, зарим өмгөөлөгч нарын урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр гаргасан хүсэлт /31хх-107-109/, мөн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн талаарх тодорхой эх сурвалжгүй буюу хийсвэрлэсэн шинж, агуулга бүхий байдлаар санал, хүсэлтээ илэрхийлсэн гэж үзэхээр байна. Учир нь, тухайн хэрэгт нотолбол зохих байдлын зарим хэсэг нотлогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн эсэхэд хамаарах зөрүүтэй, зөрчилтэй нотлох баримтын агуулгыг иш татан огт мэдээлээгүй, мөн шүүхийн өмнөх шатанд хүсэлтүүд хэрхэн гаргасан эсэх, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх, оролцогчийн эрхийг зөрчсөн зэрэгт хамаарах ямар баримтууд байгаа эсэх зэргийг холбогдох эрүүгийн хавтас болон хуудасны дугаарын хамт иш татах, хамаарах үйл баримтуудын агуулгыг нь тодотгох, харьцуулан шалгаж дүгнэх зэргээр “зохих нотлох баримтын эх сурвалж бүхий үндэслэл”-ийг тодорхой байдлаар илэрхийлээгүй байх тул тухайн тохиолдолд аливаа хүсэлт бүхий асуудлыг зөв, бодитой шийдвэрлэх боломж хангагдахгүй бөгөөд шүүгчээс оролцогч талуудын хүсэлтийг шийдвэрлэхийн тулд тэдний өмнөөс хэрэгт авагдсан бүхий л үйл баримтыг шалгах, нотлоогүй болон зөрчилтэй үйл баримт, алдаа зөрчлийг эрэн хайж олох, илрүүлэх эрх, үүрэг хүлээхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :  

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/947 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР