Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2026/0355

 

 

 

 

 

   2026         04           13                                       128/ШШ2026/0355

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.Г******* /РД:*******/;

            Хариуцагч: Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч*******, гэрч А.Э*******, Б.Ц*******, Т.Г*******, Б.Г*******, Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: “Монгол Улсын Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйлгүй.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Дотоод Хэргийн Их Сургуулийн захиралд хандан иргэнээс 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, нэхэмжлэгч Б.Г*******эд холбогдуулан “... миний охин Т.Г*******ад хууль бус шаардлага тавьж, суралцах сургуулийн орчинд бэлгийн шинжтэй дарамт үзүүлсэн” гэх агуулгатай гомдол гаргасан байна.

2.2.Дээрх гомдлын дагуу тус сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас “Албаны шалгалт” нэртэй шалгалт явуулан, Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар Б.Г*******эд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

2.3.Б.Г******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.4.Нэхэмжлэгч Б.Г*******ийн Албан тушаалын тодорхойлолтоор түүний албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТТ-5-д хамаарч байх тул энэхүү нэхэмжлэл нь  захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн байна.

2.5.Иргэний гаргасан гомдолд холбогдох Б.Г*******ийн ёс зүйн зөрчил гэгчийг тус сургуулийн дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь шалгаагүй,  дүгнэлт гаргаагүй, харин зөвхөн нэг албан тушаалтны явуулсан ажиллагааг үндэслэн тус сургуулийн дээд албан тушаалтан нь ёс зүйн зөрчил мөн гэж үзэж, сахилгын шийтгэл оногдуулсан учраас  энэхүү маргааныг Ёс зүйн дэд хорооны дээд шатны Ёс зүйн хороогоор шалган шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

2.6.Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан байна.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлдээ:

“Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай тушаал нэхэмжлэгчийн эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн үндэслэл:

Миний бие Б. Г******* нь 2023 оны 10 дугаар сарын ...-ны өдрөөс Дотоод Хэргийн Их Сургуулийн Хилийн албаны сургуулийн, Хилийн боомтын аюулгүй байдлын тэнхимийн ахлах багшаар томилогдсон ажиллаж байсан боловч Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай "Б.Г*******эд сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар надад төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсны улмаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсанд гомдолтой байна.

Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай тушаалыг би 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гардан авч, эс зөвшөөрөн уг тушаалд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 04/42 дугаартай "Гомдлын хариу хүргүүлэх тухай" албан бичгээр "... Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргааны харьяалалд хамаарахгүй тул гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандана уу" гэсэн хариуг өгсөн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тоот тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гол үндэслэл нь "... албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж тус сургуулийн зарим албан хаагч, багш, сонсогчтой албан бус хувийн харилцаа тогтоох, бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ёс бусаар харьцаж, сэтгэл санааны дарамтад оруулах, эрхшээлдээ байлгах үйлдэл нь албаны шалгалтаар тогтоогдсон" гэсэн байна.

Миний бие хэн нэгэн хүнд дарамт үзүүлэн, зүй бусаар харьцсан зүйл байхгүй бөгөөд албаны шалгалтын явцад Дотоод Хэргийн Их Сургуулийн Хилийн албаны сургуулийн Холбооны тэнхимийн багш, дэслэгч Б.Ц*******тай зүй бус харьцсан гэх, мөн Хилийн албаны сургуулийн шалган нэвтрүүлэх ангийн нэгдүгээр дамжааны сонсогч Т.Г*******ын ар гэрийн зүгээс надад холбогдуулан хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ёс бусаар харьцаж, бэлгийн дарамт учруулсан байх магадлалтай гэсэн агуулга бүхий гомдол гаргасан тухай сүүлд мэдсэн.

Миний хувьд Дотоод Хэргийн Их Сургуульд ажиллах хугацаандаа "Багш, албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм", "Багш, албан хаагч, ажилтны сахилгын дүрэм" зэргийг чанд мөрдөн ажиллаж байсан бөгөөд багш, дэслэгч Б.Ц*******тай "Хилчдийн баяр"-ын өдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 17-ны баярын үйл ажиллагааг манай тэнхимээс зохион байгуулах болсонтой холбогдуулан олон нийтийг хамарсан арга хэмжээнд шинэ залуу боловсон хүчний хувьд идэвх, санаачилгатай оролцож байгаарай гэж хэлсэн, тухайн үед бидний хооронд ямар нэгэн харилцааны зөрчил гараагүй.

Мөн 2025 оны 11 дүгээр сарын дунд үеэр манай ажлын өрөөний хажууд байрлах Шалган нэвтрүүлэх мэргэжлийн нэгдүгээр дамжааны сонсогч нар хичээлгүй байх үед нь цэвэр бичигтэй хүүхэд байвал багшдаа журналын нэрс бичээд өгөөч гэхэд Т.Г******* гэх эмэгтэй сонсогч гараа өргөж надад туслахаар болж сонсогч Т.Г******* манай өрөөнд журналын нэрс бичсэн. Тухайн үед Т.Г*******ын анги даасан багш, манай тэнхимийн дэд профессор, хурандаа Ч.О нь манай өрөөнд Т.Г******* бид хоёртой хамт байсан. Би энэ үед Т.Г*******аас хаанахын хүүхэд болох, хичээлийн явц байдлын талаар асуухад "Орон нутгаас ирсэн, хотод айлд суудаг, хичээлийн ачаалал их байгаа" тухай ярьж байсан. Миний хувьд сонсогч Т.Г*******тай албан бус хувийн харилцаа тогтоох санаа зорилго огт байгаагүй бөгөөд хувийн харилцаа ч үүсгээгүй. Энэ талаар албаны шалгалтын явцад мэдүүлсэн.

Гэтэл 2025 оны 11 дүгээр сарын дунд үеэр Дотоод хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Э******* нь намайг өрөөндөө дуудаж "таны буруутай нөхцөл байдал тогтоогдсон" гээд надад холбогдуулан хийсэн албаны шалгалтын сонсох ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зуруулсан. Харин шалгалтын материалыг шалгалт эхэлснээс хойш надад огт танилцуулаагүй. Миний хувьд сонсох ажиллагааны тэмдэглэлд сахилгын шийтгэл оногдуулах санал тусгагдсан байсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгасан.

Ингээд надад холбогдуулан явуулсан албаны шалгалт нь хэт нэг талыг баримтлан шалгасан, бодит байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үзэн өөрийн эхнэр Т.А, дэд профессор, хурандаа Ч.О нар болон бусад хамтран ажилладаг хүмүүсээс тайлбар авхуулах ажиллагааг хийлгэх хүсэлтийг Дотоод Хэргийн Их Сургуулийн захирал, хошууч генерал Т.Сод бичгээр гаргасан.

Гэтэл Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Г нь намайг өөрийн алба хаагч А.Э*******гаар дуудуулан өрөөндөө оруулж чи ажил албан тушаалгүй болно гудамжинд гаргана, чамайг хална хэн ч биш болно гэж ширээ шааж авч сүрдүүлэн дайрсан нь анхнаасаа санаа зорилготой байсан учир миний хүсэлтийг хүлээж аваагүй мөн "чи хүсэлт гаргасан байна, одоо чи ямар нэгэн хүсэлт гаргах шаардлагагүй, чиний одоо юу гэх ямар ч хамаагүй, чамайг зайлуулна" гээд хүсэлтийн минь дагуу ямар ч нэмэлт ажиллагаа хийж гүйцэтгүүлэлгүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт заасныг зөрчиж, миний нэмэлтээр хийлгэх ажиллагаануудыг хийж гүйцэтгэлгүй хэт нэг талын баримтлан шалгасан, бодит байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, мөн тус журмын 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасныг зөрчиж холбогдох баримт материалыг танилцуулаагүй албаны шалгалтын дүнг үндэслэн надад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасан "Төрийн албанаас халах сахилгын шийтгэл"-ийг оногдуулсан Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын  2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тоот тушаал нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт тул гомдолтой байна.

Иймд Монгол Улсын Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Миний бие 20 гаруй жил хилийн цэрэгт алба хаасан. Алба хаах хугацаанд хилийн зурвасаас эхлэн өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгэсэн. Тусгай албанд ажиллагсад 36 сарын тэтгэмж авах хүлээлттэй байдаг бөгөөд гэр бүл, хувь хүний хувьд ч ийм зорилго тавьдаг. Гэтэл намайг албанаас халснаар энэ боломжийг бүрэн хааж, өөр байгууллагад үргэлжлүүлэн ажиллаж тэтгэвэрт гарах нөхцлийг үгүй хийсэн. Өмгөөлөгчийн хэлснээр төрийн албанд дахин ажиллах эрхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Мөн ёс бус хэллэг хэрэглэсэн гэх заалтыг удаа дараа эсэргүүцэж, холбогдох удирдлагад тайлбарласан боловч хүлээж аваагүй. Өөрийн өвчний талаар бодит мэдээлэл өгч, шалгуулах хүсэлт гаргасан ч холбогдох албан тушаалтан судалж танилцуулна гэж хэлээд хэрэгжүүлээгүй. Хүний нөөцийн шугмаар ямар эмчээс, ямар лавлагаа авсныг мэдэгдээгүй. Би 20 гаруй жил ажилласан хөдөлмөрийнхөө үр шимээр 36 сарын тэтгэмж авч, эрүүл мэнддээ зарцуулах зорилготой байсан ч энэ боломжийг үгүйсгэсэн. Шалгалт хийсэн этгээд хариу өгөөгүй, нотолгоогүй гэсэн үндэслэлээр асуудлыг хаасан. Намайг шууд албанаас чөлөөлж, дараагийн өдөр нь тушаал гарган, шүүхэд хандах боломжийг хүртэл хязгаарласан нь гомдолтой байна. Энэ асуудлаар удирдлагад олон удаа хандсан ч шийдвэрлээгүй. Дотоод хяналтын даргад өвчний түүхээ үндэслэн хүсэлт гаргасан боловч шийдвэр гарснаас хойш ч үндэслэлгүй гэж буцаасан. Боловсон хүчин, удирдлагын ийм хандлага нь олон хүнийг хохироож болзошгүй гэж үзэж байна. Шалгалтын ажиллагаа анхнаасаа буруу зарчмаар явагдсан бөгөөд миний эрх ашгийг хамгаалах талаар гаргасан хүсэлтүүдийг үл тоомсорлосон. Энэ байдлыг шүүх хурал дээр тодорхой болсон гэж үзэж байна. Иймд 20 гаруй жил төрийн албанд ажилласан хөдөлмөрийн үр шим, тэтгэвэр, тэтгэмж авах боломжийг сэргээж, цаашид ажиллах, амьдрах нөхцөлийг хангах шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Шударга шүүх үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байнагэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Сахилгын шийтгэл оногдуулсан зөрчил нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийг баримтлаад шийдэж байгаа шийдвэр нь сахилгын шийдвэр. Энэ асуудалд ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзээгүй гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Гэтэл үндэслэл болсон ёс зүйн дүрэм. Ёс зүйн зөрчил гэдэг нь бусадтай ёс бусаар харьцсан бэлгийн дарамт учруулах байдлаар оюутан, сурагч, ажилчидтай харьцсан байна гэдэг нь тогтоогдлоо гэдэг байдлаар сахилгын шийтгэл оногдуулсан байна. Сахилгын шийтгэлийн ямар үндэслэлээр тогтоох вэ гэвэл сахилгын шийтгэлийн үндэслэл нотлогдож тогтоогдсоны үндсэн дээр сахилгын шийтгэл оногдуулах ёстой. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ганцхан албаны шалгалтаар тогтоосон байгаа бөгөөд албаны шалгалтыг 1 хүн явуулсан байна. Үүнийг хуулиар хуульчлаагүй байна. Хууль шинэчлэгдэж гарч ирсний дараа тушаал шийдвэр гарсан байгаа учир хуульд захирагдах ёстой байгууллага. Гэтэл хууль шинэчлэгдээгүй байсан. Бид дүрэм, журмаа шинэчлээгүй байсан гэх тайлбар хэлж байна. Энэ тайлбар үндэслэлгүй байна. Албаны шалгалт явуулж байгаа нөхцөл байдал, албаны шалгалтаар гаргаж байгаа санал, дүгнэлт, сахилгын дүрэм, сахилгын журам зэрэг дотоод бичиг баримт дээрээ заасан зөрчлийг энэ хүн үйлдсэн байна гэж үзэж байж яагаад сахилгын хороогоор шийдүүлээгүй юм бэ? Сахилгын хороо нь төрийн албан хаагчийн сахилгатай холбоотой Төрийн албаны тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан зөрчилтэй холбоотой асуудлаар санал, дүгнэлт гаргана, хурлаараа хэлэлцэнэ гэж Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлд болон 8.1-д тодорхой заасан байдаг. Энэ хуульд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл хамаарч байна. Ёс зүйн зөрчил гэж үзээд байна. Энэ асуудал бол сахилгатай холбоотой асуудал, ёс зүйн зөрчил биш. Хэрэв ёс зүйн зөрчил байсан бол ёс зүйн зөрчил хүлээлгэсэн акт гаргах байсан гэх хууль зүйн үндэслэлгүй тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ хүнийг зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй байгаа. Гэтэл хяналт шалгалт хийсэн албаны хүний мэдүүлгээс үзэхэд субьектив байдлаар энэ асуудалд хандсан гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Би бусад хүмүүсийг хамгаалахын тулд, дахин ийм үйлдэл гаргах магадлалтай учир таслан зогсоосон гэдэг байдлаар тайлбар өгч байна. Шалгалт хийсэн бүрэлдэхүүн гэж байхгүй 1 хүн шалгалт хийсэн байгаа. Тухайн шалгалт хийсэн хүн нэгдүгээрт бичлэг, хоёрдугаарт чат, гуравдугаарт мэдүүлэг судалгааг үндэслэл болгосон гэж тайлбарлаж байна. Гэтэл төрийн албан хаагчийн баталгаа гэж байгаа. Мөн төрийн албан хаагчийн хориглосон зүйл гэж байгаа бөгөөд үүнд төрийн албан хаагчийг хуульд зааснаас өөр үндэслэлээр халахыг хориглоно гэж заасан байдаг. Төрийн албан хаагч ёс зүйн дүрэм, ёс зүйн зөрчил гаргасан бол Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дагуу энэ хүнийг ёс зүйн зөрчил гаргасныг нь Ёс зүйн зөвлөл тогтооно. Ёс зүйн зөвлөлийн тогтоосныг үндэслэж тушаал гаргах ёстой байтал 1 хүн шалгаад өөрийн субьектив байдлаар дүгнэлт гаргасныг нь үндэслэж дүгнэлт гаргаад энэ хүн гэм буруутай, ёс зүйн зөрчил гаргасан байна мөн бэлгийн шинжтэй дарамтын үйлдэл гаргасан байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байгаа бөгөөд хэт нэг талыг барьсан зөрчил гаргасан байна. Гэрч Б.Э******* албаны шалгалтыг ганцаараа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ёс зүйн зөрчлийг яагаад зөвлөл шийдэх ёстой вэ гэвэл 1 хүн хүн субьектив байдлаар хандаж хүний ёс зүйг дүгнэхгүй үүднээс хурлаар шийдэж хурлын тэмдэглэл, тогтоолд тусгаж олонхоороо энэ асуудлыг шийддэг учир зөвлөл дүгнэнэ гэснийг хуульчилсан байгаа. Гэтэл энэ хууль манай байгууллагад хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг зөрөөтэй байна. Гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд Б.Г******* нь бусдад биеэр хүрч, бэлгийн шинжтэй дарамт үзүүлсэн, эсхүл ингэхгүй бол ингэнэ гэх мэт заналхийлсэн үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Бэлгийн дарамт гэдэг нь үгээр болон үйлдлээр шууд илэрч, тодорхой шаардлага, заналхийлэл дагалдсан байх ёстой. Харин багш сурагчдаа хоол авч өгье гэж ярьсан зэрэг нь бэлгийн дарамтад хамаарахгүй, харин дотоод дүрэм зөрчсөн асуудал байж болохоос бэлгийн шинжтэй дарамт гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн тухайн оюутан нь Б.Г*******ийн хичээл заадаг сурагч биш, багш шавийн харилцаа тогтоогдоогүй байхад шавьдаа дарамт учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хүрэхэд нь эвгүй санагдсан гэх тайлбарыг нь бэлгийн дарамт учруулсан болох нь тогтоогдож байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Чаттай холбоотой нотлох баримтын хувьд уг чат нь Б.Г*******ийнх мөн эсэхийг тогтоогоогүй, үзлэг шинжилгээ хийгдээгүй болох нь гэрчийн мэдүүлгээр илэрсэн. Иймд уг чат нотлох баримтын шаардлага хангахгүй. Мөн бичлэгийн тухайд нууц өрөөнд хийгдсэн гэх атлаа хэрхэн бий болсон нь тодорхойгүй, тухайн бичлэг дээр Б.Г*******ээс тодруулга аваагүй, үнэн зөв эсэхийг шалгаагүй байна. Б.Ц мэдүүлэгт дурдсан “эвгүй санагдсан” гэх тайлбар нь бэлгийн шинжтэй үйлдэл гэж дүгнэх үндэслэл болохгүй. Байгууллагын дотор хүмүүсийн энгийн харилцааны хүрээнд яригддаг зүйлсийг буруугаар ойлгосон байж болзошгүй. Гар барих зэрэг энгийн үйлдлийг хүртэл бэлгийн шинжтэй гэж үзсэн нь тухайн хүний субьектив хандлагыг илэрхийлж байна. Мөн гомдол гаргасан эсэх дээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь анхаарал татаж байна. Анх гомдол гаргаагүй, цаашид гаргана гэж мэдүүлсэн атлаа дараа нь өөрөөр тайлбарласан нь нотлох баримтын үнэн зөв байдалд эргэлзээ үүсгэж байна. Хэрэв тухайн үед ноцтой зөрчил байсан бол удирдлага түүнийг үл тоомсорлох үндэслэлгүй. Бусад албан хаагчдаас бэлгийн дарамтын талаар гомдол, мэдээлэл ирээгүй, өмнө нь шалгаж зөрчилгүй гэж үзсэн асуудлыг дахин сөхөж, сахилгын шийтгэлийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн Т.Г*******тай холбоотой асуудлаар ч бүрэн шалгалт хийгдээгүй, холбогдох хүмүүсээс тайлбар аваагүй, утасны дуудлагын баримтыг цуглуулаагүй байна. Иймд нотлох баримтыг бүрэн, бодитой шалгаж тогтоогоогүй, зөвхөн нэг талын мэдүүлэгт тулгуурлан Г*******ийг буруутгаж, бэлгийн дарамт үзүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Түүнд төрийн албанд дахин ажиллах эрхгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн шаардлага хангахгүй байна. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг эрх бүхий байгууллага буюу Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлж, тогтоосон шийдвэр байхгүй байхад зөрчил тогтоогдсон мэт үзсэн нь буруу. Хуульд заасан журмын дагуу шалгаж тогтоогоогүй, үндэслэл бүхий дүгнэлтгүйгээр гаргасан тушаал, шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд уг тушаал, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Г*******ээс нэхэмжлэлийн шаардлага гаргасантай танилцан Дотоод Хэргийн Их Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д "Шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх" үүргийн хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна.

Тус их сургуулийн Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Б.Г******* нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж тус сургуулийн зарим албан хаагч, багш, сонсогчтой албан бус хувийн харилцаа тогтоох, бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ёс бусаар харьцаж, сэтгэл санааны дарамтад оруулах, эрхшээлдээ байлгах үйлдэл нь албаны шалгалтаар тогтоогдсон тул 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар "Төрийн албанаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан.

Нэхэмжлэлдээ "Миний бие хэн нэгэн хүнд дарамт үзүүлэн, зүй бусаар харьцсан зүйл байхгүй бөгөөд албаны шалгалтын явцад Дотоод Хэргийн Их Сургуулийн Хилийн албаны сургуулийн Холбооны тэнхимийн багш, дэслэгч Б.Ц*******тай зүй бус харьцсан гэх, мөн Хилийн албаны сургуулийн шалган нэвтрүүлэх ангийн нэгдүгээр дамжааны сонсогч Т.Г*******ын ар гэрийн зүгээр надад холбогдуулан хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ёс бусаар харьцаж, бэлгийн дарамт учруулсан байх магадлалтай гэсэн агуулга бүхий гомдол гаргасан тухай сүүлд мэдсэн" гэжээ.

2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дотоод Хэргийн Их Сургуулийн бичиг хэрэгт иргэн Д.Чанцалмаа гэх хүнээс "Хилийн албаны сургуулийн, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн багш, дэд хурандаа Б.Г******* нь миний охин Т.Г*******ад хууль бус шаардлага тавьж суралцах, сургуулийн орчинд бэлгийн шинжтэй дарамт үзүүлсэн үйлдэлд өртсөн тул ар гэрийн зүгээс албан ёсоор гомдол гаргаж байна" гэсэн гомдлыг гаргасан.

Уг гомдлын дагуу Дотоод Хэргийн Их Сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас Албаны шалгалтыг явуулсан.

Албаны шалгалтын хүрээнд холбогдох алба хаагчдаас тайлбар, илтгэх хуудас тодруулга гаргуулан авч, шаардлагатай эрх зүйн баримт бичиг, тушаал шийдвэр, үүрэг чиглэлүүдтэй нэг бүрчлэн танилцаж нөхцөл байдлыг тодруулан ажилласан.

Албаны шалгалтын явцад Б.Г******* нь тус их сургуулийн Хилийн албаны сургуулийн шалган нэвтрүүлэх ангийн 1 дүгээр дамжааны сонсогч Т.Г*******ыг Журналын нэр бичүүлэх шалтгаанаар дуудаж "найз залуутай эсэх, утасны дугаар, хаана төрсөн, төгсөөд хаана ажиллах, дадлага хаана хийх гэх мэтээр хувийн мэдээллийг асууж, "Манай найз Замын-Үүдийн боомтод ажилладаг, чи тэнд очоод амраад ирж болно эсвэл 14 хоног дадлага хийгээд хүрээд ир, чиний завтай үед уулзаж хоол идэж болох уу? Дүнгийн асуудал хэр байна, болохгүй юм байвал урьдчилан хэлээрэй, наана, цаана болгож өгье, мөнгөний асуудал байвал орж ирээрэй" гэх зэргээр ярьж, давуу эрх, боломж эдлүүлэх болзол, уулзах санал тавьж улмаар утас руу нь залгах, вайбраар дуудлага хийх, чат бичих, бугуйнаас барих зэргээр дарамт үзүүлж, сэтгэл зүйн хувьд айдас түгшүүрт автуулсан нь тайлбар, чатын нотлох баримтаар,

Мөн Хилийн албаны сургуулийн мэдээлэл технологийн багш, дэслэгч Б.Цэцэгдарийг өрөөндөө дагуулан орж "... Би мундаг, удахгүй албан тушаал томрох болно. Найз залуутай юу? Найз залуутай бол найз залуугаасаа салах хэрэгтэй, учир нь чи эрх мэдэлтэй, мэдлэг боловсролтой хүмүүстэй найзалж нөхөрлөх хэрэгтэй, амьдралын чинь найз залуу байя, нэг завинд хамт суугаад чамайг зөв чиглүүлээд аваад явмаар байна. Чи чадах уу, мэдээж үнэгүй байх болно, чамд хувь хувьсгалын ямар нэгэн асуудал гарвал над дээр ирж бай, дараа тухтай газар орж сууя, илүү дотно танилцмаар байна, би чамд хэлэх гэсэн саналаа 100 хувь ойлгуулсан гэж бодож байна, хамтрах уу? Нэг завинд хамт суусан гэж ойлгож болох уу? гэх мэтээр бэлгийн сэдэлтэй үйлдлийг давуу эрх, боломж эдлүүлэх болзол болгон тавьсан нь тайлбар, дуу бичлэгээр,

Хилийн албаны сургуулийн эмэгтэй албан хаагчдын биед хүрэх, нуруу, гуя, бөгс илэх, үнсэх гэж оролдох, хөх, өгзгийг базах, юбка доогуур нь гараа хийх, чат бичих, хамт юм ярьж суух уу? Гадуур тухай газар суух уу? нэг завинд хамт суух уу? гэх мэтээр яриа өгүүлэл гаргадаг утас, вайбраар залгадаг нь эмэгтэй алба хаагчдын өгсөн тайлбараар тус тус тогтоогдсон.

Мөн албан шалгалтын хүрээнд Хилийн албаны сургуулийн эмэгтэй албан хаагчдаас авсан "Ажлын байран дахь бэлгийн шинжтэй хандлага, үйлдэл"-ыг тодруулах судалгааны "Хэрэв тийм гэж хариулсан бол бэлгийн шинжтэй ёс бус хандлага, үйлдэл гаргасан хүний албан тушаал, нэрийг бичнэ үү? гэсэн асуултад 5 алба хаагч буюу 25.0 хувь нь Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Б.Г******* гэсэн хариултыг өгсөн байна.

Дээрхээс үзэхэд Б.Г*******ийн гаргасан хууль бус үйлдэл нь сонсогч, албан хаагчдын болон өөрийнх нь өгсөн тайлбар, нотлох баримтаар тогтоогдож сонсогч, албан хаагчдад бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, тэдэнд бие махбод, сэтгэл санааны хохирол учруулсан, учруулж болзошгүй үйлдэл гаргасан нь бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх, багш, албан хаагч, ажилтан, суралцагч, сонсогчдыг ажиллах, сурч боловсрох хүсэл эрмэлзэлгүй болгох, айж эмээх, бие, сэтгэл санааны дарамтад оруулах, байгууллагын соёл, эрхэмлэвэл зохих үнэт зүйл, нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүй, дэг журмын хэм хэмжээ алдагдах, албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүссэн тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Их сургуулийн дүрмийн 40 дүгээр зүйлийн 40.2.9, Дотоод Хэргийн Их Сургуулийн багш, албан хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн 5.6.3, 6.1, 6.5, 6.7.4, 6.7.9 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар "Төрийн албанаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан.

Б.Г******* нэхэмжлэлдээ "2025 оны 11 сарын дунд үеэр дотоод хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Э******* нь намайг өрөөндөө дуудаж "Таны буруутай нөхцөл байдал тогтоогдсон" гээд надад холбогдуулан хийсэн албаны шалгалтын сонсох ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зуруулсан. Харин шалгалтын материалыг шалгалт эхэлснээс хойш надад огт танилцуулаагүй. Миний хувьд сонсох ажиллагааны тэмдэглэлд сахилгын шийтгэл оногдуулах санал тусгагдсан байсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгасан гэжээ.

Ингээд надад холбогдуулан явуулсан албаны шалгалт нь хэт нэг талыг баримтлан шалгасан, бодит байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үзэн өөрийн эхнэр Т.А, дэд профессор, хурандаа Ч.О нар болон бусад хамтран ажилладаг хүмүүсээс тайлбар авхуулах ажиллагааг хийлгэх хүсэлтийг Дотоод Хэргийн Их Сургуулийн захирал, бригадын генерал Т.Сод бичгээр гаргасан гэжээ.

Б.Г******* нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Их сургуулийн захирлын нэр дээр "Албаны шалгалт явуулсан мэдүүлэгт нэмэлт тайлбар, мэдүүлэг өгөх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасны дагуу Б.Г*******ээс 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт тайлбар авсан нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.7-д заасан "Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй" гэсэн зохицуулалтыг бүрэн хангасан нь баримтаар нотлогдож байна

Тус их сургууль нь "Төрийн албанаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчдыг бүрэн хамруулж, тухайн ажиллагаанд хамаарах бүхий л бодит нөхцөл байдлыг тогтоон, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримтыг цуглуулан, үнэлэх, тайлбар санал авах, сонсох ажиллагаа явуулах гэх мэтээр хуульд заасан арга хэмжээг авч ажилласан болно.

Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар "Төрийн албанаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь эрх зүйн зөрчилгүй захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Г*******ийн гаргасан хууль бус үйлдэл нь сонсогч, алба хаагчдын мэдүүлэг, өөрийн тайлбар, нотлох баримтаар тогтоогддог. Сонсогч албан хаагчийг хүсээгүй байхад нь бэлгийн сэдэлтэй үг хэллэг, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн. Мөн сэтгэл санааны хохирол учруулсан учруулж болзошгүй үйлдэл гаргасан нь бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх, багш, албан хаагч, ажилтан, суралцагч, сонсогч нарын ажиллах, сурч боловсрох хүсэлт эрмэлзэлгүй болгох, аялгаж ичээх, сэтгэл санааны дарамтад оруулах, байгууллын соёл, эрхэмлэвэл зохих үнэт зүйл, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дэг журмын хэм хэмжээ алдагдах, албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зэрэг үйлдэл эрсдэл агуулсан тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Их сургуулийн дүрэм, Их сургуулийн албан хаагчийн сахилгын дүрэм зэргийг удирдлага болгон Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг удирдлага болгон албаны шалгалт явуулж албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Ц******* 2 өөр зүйл ярьсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Б.Ц******* болсон асуудлаа арга зүйчид хэлээд арга зүйч бүрэлдэхүүн сургуулийн захиралд мэдэгдсэн боловч бүрэлдэхүүн сургуулийн захирал алба хаагчаа бодоод энэ асуудлыг цааш ярихгүй орхисон байна. Албаны шалгалтын явцад Б.Ц******* би өмнө нь бүрэлдэхүүн сургуульд гомдол гаргасан гэж тайлбарласан байгаа. Үүнийг зөвөөр ойлгоно уу. Т.Г*******ын эхээс тусгайлан мэдүүлэг аваагүй нь учиртай бөгөөд тэрээр шууд дарамтад өртсөн гэж гомдол гаргаагүй, харин охиндоо үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, охиноос нь тайлбар авахыг хүссэн. Иймд нэмэлт тайлбар авах шаардлагагүй гэж үзсэн. Б.Г******* нь албаны шалгалтын явцад хоёр удаа тайлбар өгсөн бөгөөд тодорхой хэмжээнд өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн. Мөн сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх хүсэлт гаргасан нь үүнийг нотолно. Харин суралцагчдын нэмэлт тайлбар тодорхой бус байсан ч нийт нөхцөл байдлыг үгүйсгэхгүй гэж үзсэн. Түүнчлэн Б.Г******* нь 36 сарын тэтгэмж авах сонирхлоор байгууллагаа болон алба хаагчдыг үндэслэлгүйгээр буруутгаж байна гэж дүгнэсэн. Ёс зүйн зөвлөлийн тухайд гомдлын үндсэн дээр ажилладаг бөгөөд энэ тохиолдолд гомдол нь сургуулийн захирлын нэр дээр гарсан тул холбогдох журмын дагуу дотоод хяналт шалгалтад шилжиж, албаны шалгалт явагдсан. Албаны шалгалтыг заавал бүрэлдэхүүнтэйгээр явуулах шаардлагагүй бөгөөд нэг шалгагч томилогдон явуулах боломжтой. Харин бүрэлдэхүүнтэй шалгалт нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөгүй хяналт шалгалтад хамаарах тусдаа журамтай. Эцэст нь бэлгийн дарамт нь зөвхөн биеэр хүрэх үйлдлээр хязгаарлагдахгүй бөгөөд сэтгэл санааны дарамт учруулах, ойртохыг оролдсон үйлдэл ч хамаарна. Суралцагч айж эмээн хичээлдээ явахаас зайлсхийх, утсаар залгахад айж утсаа салгах, мөн Б.Ц******* айдас, түгшүүрийн улмаас ээлжийн амралт авсан гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн байдаг” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн эсэх” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1. Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн багш, дэд хурандаа Б.Г*******ийг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тус сургуулийн албан хаагч, багш, сонсогчтой албан бус хувийн харилцаа тогтоох, бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ёс бусаар харьцаж, сэтгэл санааны дарамтад оруулах, эрхшээлдээ байлгах үйлдэл нь албаны шалгалтаар тогтоогдсон” гэж үзээд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

            2.2.Дотоод Хэргийн Их Сургуулийн захирал нь тус сургуульд суралцагчийн ээжээс багш Б.Г*******эд холбогдуулан гаргасан “... өөрийн охин Т.Г*******тай хувийн харилцаа тогтоох зорилгоор удаа дараа биечлэн болон утсаар мессеж бичиж хандсан, сургууль хамт олны дунд  нэр төрийг сэвтүүлсэн, сэтгэл санааны хүнд цочролд оруулсан, суралцах орчинд айдас, дарамт үүсгэсэн, ёс бус харилцаа хандлага гаргасан” гэх гомдлын дагуу, тус сургуулийн  Дотоод хяналт шалгалт хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Э******* /цаашид “Шалгагч” гэх/-аар  “Албаны шалгалт” нэртэй шалгалтыг хийлгэсэн байна./ХХ-1-ийн 24-27 дахь тал/

            2.3.Шалгагч нь уг ажиллагааны хүрээндээ сургуулийн захиралд хандаж гомдол гаргагч буюу хохирсон гэх Т.Г*******, гомдлоо  аливаа байдлаар гаргаж байгаагүй багш Б.Ц*******, ажилтан Б.Б нараас  мэдүүлэг, хэний утас болохыг нь бүрэн шалгаж тогтоогоогүй боловч Sukhee гэсэн нэртэй гар утасны дэлгэцийн хуулга, мөн Хилийн албаны сургуулийн эмэгтэй багш, алба хаагчдаас авсан судлагааны үр дүнгийн тухай илтгэх хуудас нэртэй баримт, Б.Ц гар утсандаа нууцаар бичиж авсан бичлэг гэх СД зэрэг баримтуудыг  /ХХ-1-ийн 29-31, 63-65, 66-67, 68-69, 70-74 дэх талууд/ нотлох баримтаар цуглуулсан байна.

            2.4.Албаны шалгалтын хүрээнд Шалгагч нь нэхэмжлэгч Б.Г*******ээс тайлбар авахдаа “Т.Г*******ын утсыг хаанаас авсан, дахин уулзсан уу, эмэгтэй багш, албан хаагч нартай ямар харилцаа хандлагатай, биед нь зөвшөөрөлгүй хүрч байсан уу, багш Б.Ц*******тай уулзаж байсан уу” гэх асуултыг асууж, хариулт авсан байгаа боловч нэхэмжлэгчийн  эдгээр асуултанд өгсөн хариулт зөрчлийн нөхцөл байдлыг бүрэн тогтоосон гэж үзэхээргүй байна./ХХ-1-ийн 61-62 дахь тал/

            2.5.Харин Албаны шалгалт гэгчийн хүрээнд гэрч Т.Г*******аас гаргасан “Б.Г******* нь надаас найз залуутай юу, аав, ээж нь Хилийн цэрэгт байдаг уу, утасны дугаараа хэл дээ, төгсөөд хаана ажиллах бодолтой, дадлагаа хаана хийх вэ, манай найз Замын-Үүдийн боомтод ажилладаг, чи тэнд очоод амраад ирж болно, эсвэл 14 хоног дадлага хийгээд ир, хоёулаа чиний завтай үед уулзаж юм ярингаа хоол идэж болох уу, дүнгийн асуудал хир байна, болохгүй бол заавал урьдчилж хэлээрэй, наана, цаана болгож өгч болно шүү, мөнгөний асуудал байвал орж ирээрэй, намайг хоёулхнаа байх үедээ битгий багшаа гэж дуудаж бай, би чи гээд шууд дууд, чи маргааш завтай юу, юу хийх гэж байна, чиний завтай үед хоолонд ормоор байна гэж ярьсан” гэх тайлбар, /ХХ-1-ийн 63-65 дахь тал/

2.6.Гомдол гаргаагүй боловч албаны шалгалтын хүрээнд  тайлбар өгсөн гэх багш  Б.Ц “Б.Г******* найз залуутай юу, найз залуутай бол найз залуугаасаа салах хэрэгтэй, ... амьдралын чинь залуу би байя, нэг завинд хамт суугаад чамайг зөв чиглүүлээд явмаар байна, ... асуудал гарвал над дээр ирж бай, мэдээж өдрийн цагаар биш шүү, хүмүүс буруугаар ойлгоно гэж ярьсан” гэх тайлбар, /ХХ-1-ийн 66-67 дах тал/

2.7.Мөн тус сургуулийн ажилтан Б.Бээс “Б.Г******* миний биед дураараа хүрэх, ... гэж оролдох үйлдлийг гаргасан[1]” гэсэн  тайлбаруудыг баримтжуулж авсан байна. /ХХ-1-ийн 68-69 дэх талд тайлбар бүрнээр байгаа/

2.8.Шалгагч нь дээрх тайлбаруудыг авч, бичгээр тэмдэглэл үйлдсэнээс гадна, Т.Г*******ын утсан дээрх дэлгэцийн хуулга, Б.Ц нууцаар бичсэн ярианы бичлэг гэх баримтуудыг эдгээр иргэдээс гаргуулж авснаас өөр шалгах ажиллагааг хийгээгүй гэдэг нь Албаны шалгалтын материалаар тогтоогдож байгаа ба эдгээр баримтад үндэслэн, сонсох ажиллагааны явуулсан, нэхэмжлэгчид энэ талаар танилцуулсан байх боловч Б.Г******* “Дээрх үндэслэлүүдийг зөвшөөрөхгүй, зөрчил гаргасан үйлдэл байхгүй” талаараа гараар бичиж, тэмдэглэлд тусгажээ. /ХХ-1-ийн 78-79 дэх тал/

2.9.Шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгч нь “Журналын нэр бичих хүүхэд асуухад Т.Г******* би бичье гээд манай өрөөнд надтай хамт орж ирсэн, өмнө таньдаггүй байсан” гэх тайлбар нь гэрч Т.Г*******ын  “Г******* манай ангид орж ирээд Г*******  гараад ир гэж миний нэрээр дуудаж гаргаад журналын нэр бичүүлсэн, манай ангийнхан гэрчилнэ, би өрөөнд нь орж байсан болохоор миний нэрийг мэдсэн байх”  гэх агуулгатай мэдүүлэгтэй, түүнчлэн нэхэмжлэгчийн “Т.Г******* над руу утасдаж багшаа манай маргааш тэмцээн дээр хоол авмаар байна, та өгч чадах уу гэхээр нь би хоол өгөхөөр залгасан” гэсэн гэх агуулгатай тайлбар нь гэрч Т.Г*******ын “надад Г******* рүү залгах ямар хэрэгцээ байгаа юм, би залгаагүй” гэх агуулгатай мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байгаа учраас  нэхэмжлэгч нь гомдол гаргагчтай хувийн харилцаа тогтоох гэж оролдсон эсэх нь нотлогдохгүй байгаа тул энэхүү тайлбар, мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай байна. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/

2.10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд “Хилийн албаны сургуулийн эмэгтэй албан хаагчдын биед хүрэх, нуруу, гуя, бөгс илэх, үнсэх гэж оролдох, хөх, өгзгийг базах, юбка доогуур нь гараа хийх, чат бичих, хамт юм ярьж суух уу? Гадуур тухтай газар суух уу? нэг завинд хамт суух уу? гэх мэтээр яриа өгүүлэл гаргадаг, утас, вайбраар залгадаг нь эмэгтэй алба хаагчдын өгсөн тайлбараар тус тус тогтоогдсон” гэж, “Ажлын байран дахь бэлгийн шинжтэй хандлага, үйлдэл"-ийг тодруулах судалгаагаар  хэрэв “тийм” гэж хариулсан бол бэлгийн шинжтэй ёс бус хандлага, үйлдэл гаргасан хүний албан тушаал, нэрийг бичнэ үү? гэсэн асуултад 5 алба хаагч буюу 25.0 хувь нь Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Б.Г******* гэсэн хариултыг өгсөн” гэж тайлбар гаргасан боловч  үүнийгээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

2.11.Мөн шүүхэд гэрчээр асуугдсан А.Э******* нь “сахилга, ёс зүй” гэсэн ойлголтуудыг ялгаж тайлбарлаж чадахгүй байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан үйлдэлд  үндэслэлтэй дүгнэлт өгсөн гэж үзэхээргүй байгаа зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.           

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 10.4-т “Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Ёс зүйн хороо хуралдааны дэгээ өөрөө тогтоож болно” гэж, мөн зүйлийн 10.5-д “Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны шийдвэр дүгнэлт хэлбэртэй байна” гэжээ.

3.2.Мөн хуулийн  13 дугаар зүйлийн 13.3-т “Ёс зүйн дэд хороо төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй” гээд мөн хэсгийн 13.3.1-т “энэ хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах” гэж, 14 дүгээр зүйлийн 14.3-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг дараах харьяаллын дагуу шалгаж, шийдвэрлэнэ” гээд мөн хэсгийн 14.3.1-т “Ёс зүйн дэд хороо өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны” гэжээ.

3.3.Хуулийн дээрх заалтын дагуу төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд холбогдох гомдол мэдээллийг тухайн байгууллагын байгуулсан Ёс зүйн дэд хороо шалган шийдвэрлэх эрх, үүрэгтэйн зэрэгцээ төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гаргасан гомдлыг болон шалгаж тогтоогдсон гэж үзсэн үйл баримтыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх журамтай байна.

3.4.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Б.Г*******ийн гаргасан үйлдэл ёс зүйн зөрчил биш сахилгын зөрчил тул манай албаны шалгалтын хүрээнд, Дотоод хяналт шалгалт хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, ахмад А.Э*******  шалгаж, тогтоосон” гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

3.5.Өөрөөр хэлбэл,  гомдол гаргагчийн Б.Г*******эд холбогдох гомдол нь “ёс зүйн асуудлыг хөндсөн, харин төрийн албан хаагчийн сахилга, дэг журам гомдолд дурдагдаагүй” болох нь гомдлоос тодорхой байгаа  учраас  уг гомдлыг  Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу Ёс зүйн дэд хороо шалган дүгнэлт гаргах журамтай байна.

3.6.Иймд хариуцагч нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан журмаас гадуур “Албаны шалгалт” гэх нэртэй ажиллагаа явуулж,  шалгагч албан тушаалтан нь талуудын зөрүүтэй тайлбар, мэдүүлгийн зөрүүг өөр баримтаар шалгаж нягтлаагүй, мөн  хуульд заасан арга хэрэгслээр авагдаагүй буюу нууцаар бичсэн бичлэг гэх баримт, дан нэг талын мэдүүлэг, улмаар нэргүй судалгаанд үндэслэн  “нэхэмжлэгчийг багш, оюутантай хувийн харилцаа тогтоох, бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ёс бусаар харьцаж, сэтгэл санааны дарамтад оруулах, эрхшээлдээ байлгах зэрэг ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэсэн нь хууль дээдлэх ёсонд нийцэхгүй болно.

3.7.Тодруулбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 14.3-т заасан эрх бүхий этгээд гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгах ажиллагааг дараах журмаар гүйцэтгэнэ” гэж, мөн хэсгийн 15.1.2-т “шаардлагатай тохиолдолд гомдол, мэдээлэл гаргагчаас нэмэлт тайлбар, тодруулга, түүнчлэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мэдээ, баримтыг гаргуулан авах” гэж, 15.1.3-т “шаардлагатай тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулах” гэж, 15.1.4-т “цугларсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийх” гэжээ.

3.8.Энэхүү хууль зүйн зохицуулалтын дагуу эргэлзээтэй тайлбарыг нэмэлт тайлбар авах замаар тодорхой болгох, хүсэлт болгосон гэрчийг асуух, тусгай  мэдлэг шинжээч томилох зэрэг ажиллагаа явуулсны үндсэн дээр нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоож байж, төрийн албан хаагчийг ажлаас халах хүртэл арга хэмжээ авах ёстой.

3.9.Гэтэл Албаны шалгалт явуулсан гэх шалгагч нь шалгалтын явцад асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй болох нь нэхэмжлэгч Б.Г******* болон гэрч  Т.Г******* нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, мэдүүлэг зөрүүтэй байгаагаар тогтоогдож байгаа энэхүү зөрүүтэй байгаа нэхэмжлэгч “журнал бичүүлэхээр гэрчийг шууд нэр заан дуудсан, эсхүл  гэрч өөрөө би бичиж өгье гэж өрөөнд нь орсон эсэх,  мөн гэрч Т.Г******* нэхэмжлэгч рүү өөрөө залгаж байсан эсэх, Б.Г*******ийн эхнэр нь хоол хүргэж өгье гэж залгах үед хамт байж, энэ талаар мэдсэн эсэх” зэрэг асуудлыг тодруулах, эргэлзээт байдлыг мухарлан, эцэслэн тогтоох ажиллагаа явуулаагүй байна.

3.10.Шалгагч нь мөн гэрч Б.Цэцэгдариас “түүний Б.Г*******тэй ярилцах үедээ гар утсаараа нууц бичлэг хийсэн” гэх баримтыг авч, Албаны шалгалтын үед энэ бичлэгийн талаар нэхэмжлэгчид танилцуулаагүй, түүний ярьсан ярианы мөн эсэх, яриаг хүлээн зөвшөөрөх эсэх талаар ямар нэг тайлбар, тодруулга авсан зүйл байхгүй атлаа шууд уг баримтыг үндэслэн дүгнэлт  гаргасан хүний эрхийг зөрчсөн  хууль зүйн зөрчил болно.

3.11.Шалгагчаас Б.Г*******эд холбогдуулан гомдол гаргаагүй багш, ажилтнаас дуудаж тайлбар авсан үндэслэлээ “Хилийн албаны сургуулийн эмэгтэй багш, алба хаагчдаас авсан судлагаагаар 5 хүнээс багш Б.Г*******ийн нэрийг нэрлэсэн” гэж тайлбарласнаар хариуцагч нь “Нэргүй судалгаа”-г шийтгэл оногдуулах зарим үндэслэлээ болгосон гэдэг нь нотлогдож байгаа тул энэхүү судалгаанд үндэслэсэн шийтгэл оногдуулах ажиллагааг  хууль ёсны гэж үзэхгүй юм.

3.12.Шалгагч нь нэхэмжлэгчийн гаргасан гээд байгаа “бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ёс бусаар харьцсан” гэдэг нь ямар үйлдэл,  “эрхшээлдээ байлгах” гэдэг нь аль үйлдэлд хамаарч, “ёс зүйн зөрчил”, “сахилгын зөрчил” гэдгийн ялгааг  шүүхэд тайлбарлаж чадахгүй байгаа учраас түүний дүгнэлт үндэслэл бүхий гэдэг нь нотлогдоогүй./Шүүх хуралдааны тэмдэглэлд/

3.13.Түүнчлэн  гэрч нарын тайлбарлаж байгаа “найз залуутай юу, аав, ээж нь Хилийн цэрэгт байдаг уу, утасны дугаараа хэл дээ, төгсөөд хаана ажиллах бодолтой, дадлагаа хаана хийх вэ, манай найз Замын-Үүдийн боомтод ажилладаг, чи тэнд очоод амраад ирж болно, эсвэл 14 хоног дадлага хийгээд ир, хоёулаа чиний завтай үед уулзаж юм ярингаа хоол идэж болох уу, дүнгийн асуудал хир байна, болохгүй бол заавал урьдчилж хэлээрэй, наана, цаана болгож өгч болно шүү, мөнгийн асуудал байвал орж ирээрэй” гэх, “намайг хоёулхнаа байх үедээ битгий багшаа гэж дуудаж бай, би чи гээд шууд дууд чи маргааш завтай юу, юу хийх гэж байна, чиний завтай үед хоолонд ормоор байна” гэх,  “... найз залуутай бол найз залуугаасаа салах хэрэгтэй, ... амьдралын чинь залуу би байя, нэг завинд хамт суугаад чамайг зөв чиглүүлээд явмаар байна, ... асуудал гарвал над дээр ирж бай, мэдээж өдрийн цагаар биш шүү, хүмүүс буруугаар ойлгоно” гэх тайлбарууд нь бэлгийн сэдэлтэй үг хэллэг мөн эсэх, эдгээр асуултууд нь Б.Г*******ийн биеэр, эсхүл өөр хэлбэрээр гаргасан бэлгийн дарамт эсэх, бэлгийн ёс бус болоод эрхшээлдээ байлгах үйлдэлд хамаарах эсэх, энэ нь насанд хүрсэн хүнд сэтгэл зүйн дарамт, айдас үүсгэх эсэх талаар дүгнэлт өгөхөд тусгай мэдлэг чадвар шаардлагатай гэж шүүх үзсэн тул эдгээр үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

3.14.Иймд хариуцагчаас дээр тогтоогдсон зөрүүтэй мэдүүлгүүд, утасны дуудлага зэргийг шалгаж, тодруулах, нэхэмжлэгчийн багш, оюутантай ярилцсан яриа, түүнд агуулагдах асуулт нь бэлгийн сэдэлтэй үг хэллэг мөн эсэх, бэлгийн ёс бус харьцаанд хамаарч, энэ нь нэхэмжлэгчийн биеэр буюу өөр хэлбэрээр гаргасан үйлдэл мөн эсэх бөгөөд бусдыг сэтгэл санааны дарамтад оруулах, эрхшээлдээ байлгах санаа, сэдэлтэй байсан, энэ нь багш оюутанд сөрөгөөр нөлөөлсөн эсэхэд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасны дагуу мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр дахин шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн, дүгнэлт өгөх боломжгүй үйл баримт байна.

3.15.Энэхүү үндэслэлээр шүүх уг хэргийн нөхцөл байдлыг хариуцагч захиргааны албан тушаалтан өөрөө тодруулж, нэхэмжлэгч Б.Г*******ийг багш, ажилтан, оюутантай харилцахдаа ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудалд нь мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр шийдвэрлэхгүй бол энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс давсан, түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд дүгнэлт гаргах нь Дотоод Хэргийн Их Сургуулийн Ёс зүйн дэд хорооны бүрэн эрхэд хамаарч байгаа зэрэг байдлыг харгалзан маргаан бүхий захиргааны акт болох Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай тушаалыг хариуцагчаас шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.16.Шүүх нэхэмжлэгчийн зарим  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлд:

“Шүүхээс гэм буруутайг тогтоох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх” эрх зүйн зарчмын дагуу хариуцагч, түүний доод шатны албан тушаалтан нь нэхэмжлэгчийн гаргасан гэх ёс зүйн зөрчлийг шалган тогтоох хуульд заасан журмыг зөрчсөн, бүрэн шалгаж тогтоогоогүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа тул одоогоор нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан буруутайд тооцох хууль зүйн боломжгүй учраас, нэхэмжлэгчийг  урьд эрхэлж байсан Дотоод Хэргийн Их Сургуулийн Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 4 сар, 3 хоногийн хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

3.17.Энэ шийдвэрийн 3.13-т заасан “цалин хөлс” гэдэгт түүний үндсэн цалин, алба хаасан хугацааны нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл, цолны нэмэгдэл, онцгой нөхцлийн нэмэгдэл, нөхөх төлбөрийг хамааруулж тооцох шаардлагатай ба  нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүргийг хариуцагч хүлээж байгааг тэмдэглэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

4.2.Анхан шатны шүүх нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн “Б.Ц Б.Г*******тэй ярьсан яриаг гар утсандаа нууцаар бичсэн гэх ярианы бичлэг”-ийг хууль бус аргаар буюу нууц, далд аргаар цуглуулсан нотлох баримт гэж үзээд уг баримтыг нотлох баримтаар хэрэгт аваагүй бөгөөд үнэлээгүй болно.

4.3.Шүүхээс гэрч  Б.Г*******, Н.Н, Ч.О нарын мэдүүлэгт хэргийн нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай мэдээлэл байгаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй./ХХ-1-ийн 243-248 дахь тал, 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.11, 106.3.13  дэх хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.3, 13.3.1, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.3.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, 15.1.3-т заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу түүний ажилгүй байсан 4 сар, 3 хоногийн[2] цалин хөлс 18,531,567,66 /Арван найман сая таван зуун гучин нэгэн мянга таван зуун жаран долоон төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг нөхөн олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагч Дотоод Хэргийн Их Сургуулийн захиралд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн  107.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч  Дотоод Хэргийн Их Сургуулийн захирал нь шүүхийн тогтоосон 3 сарын хугацаанд шинээр захиргааны акт гаргаагүй бол  тус захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай тушаал хүчингүй болохыг заасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Г*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсантай нь холбогдуулан уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

[1] Хүний хувийн эмзэг асуудал тул шийдвэрт энэ тайлбарыг нэг бүрчлэн тодорхой бичих шаардлагагүй гэж үзсэн.

[2]Энд 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааг тоолсон.